Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2019/0017

 

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлоос Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаагийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0167227 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.Далхаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаа нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Цаашид прокурорын газраас ирүүлсэн Заг сумын харъяат С.Болор-Эрдэнэ, О.Мянгантамга нарт холбогдуулан тавьсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёл Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаагийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0167226 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаа гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Далхаагийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0167226 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсоёлын гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА