Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2021/00719

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д овгийн М Л-Н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б овогт Д Н холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Л, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б намайг Д.Н танилцуулсан. Ө.Б нэр дээр байдаг “б” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байсан. Ө.Б нь манай компанид хөрөнгө оруулах юм бол барилгын тендерийн ажил аваад мөнгөө хэд нугалж олох боломж байна гэж санал тавьсан. Тендерийн ажил аваад хийхэд танил талгүй амжилт олохгүй, тиймээс таныг 3-4 хүнтэй танилцуулж өгье гээд намайг Улаанбаатар хот руу дагуулж явсан. Улаанбаатар хот руу дагуулж яваад н.У Д.Н н.Н  нартай танилцуулсан. Би энэ хүмүүсийн дансанд 53 000 000 төгрөг шилжүүлсэн. Би ажил бүтээлгэх зорилгоор Д.Н дансанд мөнгө шилжүүлсэн. Ө.Б намайг хууран мэхлээд 5 хүнд 53 000 000 төгрөг шилжүүлүүлсэн гэдгийг цагдаагаар явж байхдаа мэдсэн. Цагдаагийн Ерөнхий газар өргөдөл гаргасан энэ хэрэг дуусаагүй явж байгаа. Эдгээр мөнгө шилжүүлсэн баримтууд нь хэргийн 151 дүгээр талд байгаа. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Д.Н Хаан банкны дансанд 10 000 000 төгрөг хийсэн. Энэ хүнээс миний мөнгийг өгчихөөч гэж их явсан. Мөнгөө авъя гэхээр Ө.Б ав гэж яриад байгаа. Ө.Б нь энэ хүнд мөнгө өгсөн юм бол яагаад Ө.Б гээд гарын үсгээ зураагүй юм. Ө.Б бол Шүүхийн шийдвэрт зартай баахан өртэй, нийлээд хүний мөнгө луйварддагаараа зартай хүн юм байна лээ. Энэ хүнээс мөнгөө авах гэж олон жил явж байгаа. Дансны хуулга, баримтуудтай байхад мөнгөө өгөхгүй яваад байгаа нь энэ хүн. Д.Н бусад хүмүүс нь мөнгөө өгсөн. Миний өгсөн мөнгийг буцаагаад өгчихөөч гэж гуйж байна. Би анх 12 000 000 төгрөг нэхэмжилж байсан одоо нэхэмжлэлийн шаардлагыг бууруулаад 10 000 00 төгрөг болгосон” гэв.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн намайг тендер авна гэж мөнгө авсан гэж ярьж байгаа. Харин тендерийг авах гэж байгаа гэж Ө.Б надаас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөг зээлдэж авсан. Энэ мөнгөө би Ө.Б 2014-2016 он хүртэл нэхсэн. 2016 оны 03 дугаар сарын 23-нд Ө.Б “...Н эгч таны данс руу 10 000 000 төгрөг хийчихлээ” гэсэн. Тэгээд 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь Ө.Б-ийг мөнгөө шилжүүлчихлээ гэж бодсон. Тэгсэн гэнэт энэ хүн гарч ирээд миний данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн. Би М.Л танихгүй, М.Л миний дансыг Ө.Б аваад мөнгө шилжүүлсэн байх. Би энэ хүнд дансаа өгөөгүй. Өнөөдрийг хүртэл цагдаа, шүүхээр олон явж байна. Иймээс энэ хүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л хариуцагч Д.Н холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Н Хаан банк ХХК-ийн 5914076498 дансанд 10 000 000 төгрөг шилжүүлсэн баримтанд үндэслэн, Д.Н үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч Д.Н Хаан банк ХХК-ийн 5914076498 дансанд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг М.Л шилжиж орсон асуудлаар хариуцагч маргаагүй ба тэрээр дээрхи мөнгийг “...би М.Лгаас мөнгө зээлж аваагүй, энэ 10 000 000 төгрөгийг Ө.Бийг надаас зээлсэн мөнгөө буцаан өгч байна гэж ойлгосон” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч Д.Н 10 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансанд хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6., 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших үүргийн харилцаа үүсээгүй байна.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Ө.Б гэрчээр оролцуулж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг авахад тэрээр “...М.Л ярьж тохиролцоод Д.Н данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн,..зээлийг төлөх зорилгоор биш, харин ажил хөөцөлдүүлэх зорилгоор өгсөн.Шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг Д.Нас буцаагаад авсан” гэсэн тайлбар өгсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч М.Л нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрч Ө.Бтэй зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон бол хариуцагч Д.Н үүнээс өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Бтэй зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байсан, зээлдэгч буюу гэрч Ө.Б ийнхүү зээлдүүлэгч Д.Нд буцаан төлөх ёстой зээлийг нэхэмжлэгч М.Лгаас авч, төлөхдөө нэхэмжлэгчээр хариуцагчийн дансанд орлогын гүйлгээ хийлгэжээ.

Энэхүү үйл баримтын талаар Ө.Б нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ дурьдсан ба тэрээр М.Лгаас зээлсэн гэх 45 000 000 төгрөгөөс Д.Нямлагвад 10 000 000 төгрөг, н.Дөлөөд 15 000 000 төгрөг, н.Уянгад 10 000 000 төгрөгийг өгч, үлдэх хэсгийг татвар болон нийгмийн даатгалд төлсөн гэжээ.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно, 211 дүгээр зүйлийн 211.1.Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211.2.Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч М.Лгаас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.Н дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг төлбөрийг хариуцагчид гэрч Ө.Б төлөх ёстой байсан, гэрч өөрийн гүйцэтгэх ёстой энэхүү үүргээ нэхэмжлэгчээр гүйцэтгүүлж, хариуцагчийн дансанд орлогын гүйлгээ хийсэн ба тэрээр энэ тухай Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ “...би Л-д тухайн үед Д.Н дансыг мэсэжээр явуулж, 10 000 000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Лгаас гэрч Ө.Бтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 45 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй боловч түүний зөвшөөрснөөр эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцох ба Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн Ө.Бийн “...би М.Лд 10 000 000 төгрөгийг Д.Н дансанд шилжүүл гэж хэлсэн” гэх, мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн “...би Д.Нас 10 000 000 төгрөгийг авсан юм чинь М.Лд төлнө, гэхдээ “Батжин-Ундрах” ХХК-ийн 45 хувийн хувьцааг өөр лүүгээ шилжүүлж авчихаад өгөхгүй байгаа, хувьцааг шилжүүлж өгсний дараа 10 000 000 төгрөгийг төлнө гэсэн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч М.Л нь гэрч Ө.Бд мөнгө зээлдүүлэлхдээ түүний хүсэлтээр 10 000 000 төгрөгийг хариуцагч Д.Н дансанд шилжүүлсэн байна.

Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч Д.Н нь 10 000 000 төгрөгийг гэрч Ө.Бээс авах ёстой байсан, нэхэмжлэгч М.Л гэрч Ө.Бийн хүсэлтээр түүнд зээлдүүлэх 45 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх тул зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэж нэхэмжлэгч М.Лгийн Д.Нд холбогдуулан гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Лгийн хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 222 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний      хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.ҮҮРИЙНТУЯА