| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/00769 |
| Дугаар | 142/ШШ2021/00721 |
| Огноо | 2021-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2021/00721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б овгийн Н.Г холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 509 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “3ээлдэгч Н.Г 2018 оны 02 дугаар 08-нд тус хоршооноос 2 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 4.5%-ийн хүүтэйгээр зээлдэж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд тохирсон ёсоор төлбөр тооцоогоо хийхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Н.Гээс үндсэн зээлд 2 000 000 төгрөг, зээлийн хүү 2 347 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 162 000 төгрөг нийт 4 509 800 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа бөгөөд зээлдэгч Н.Г зээл авсан цагаасаа хойш 802 200 төгрөгийн төлбөр төлсөн учир төлөх төлбөрөөс нь хасаж тооцсон болно.
Жич: Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулийн 3-р зүйлийн 3.1-д Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна" Мөн хуулийн 4-р зүйлийн 4.1.1-д "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг хэлнэ гэжээ. Энэ хуулийн 7.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно” гээд 7.1.1-д "зээл"-ийн үйл ажиллагаа гэжээ. Санхүүгийн зохицуулах хороо Орхон аймаг дахь "Э" ХЗХ-нд 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 129 дугаартай тогтоолоороо "хадгаламж зээлийн" үйл ажиллагааг эрхлэн явуулах тухай тусгай зөвшөөрөл анх олгож байсан. Иймд зээлдэгч Н.Гээс Иргэний хуулийн 452, 453-р зүйлүүдэд зааснаар үндсэн зээл, хугацааны болон хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4 509 800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Э” ХЗХоршооноос Н.Г нь 2018 оны 05 дугаар сарын 08-нд 2 000 000 төгрөгийг, 9 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэй зээлж авсан.Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 08-нд дууссан.Зээлийг хугацаанд нь төлж чадаагүй. Худалдаа хөгжлийн банкинд зээлийн төлбөр төлдөг байсан.2020 оны 09 дүгээр сард тэтгэвэрээ тогтоолгосон, тэтгэвэрээс өөр орлого байхгүй.Харин 2021 оны 06 дугаар сараас ажил хийх болсон тул зээлж авсан мөнгөө хувааж төлнө.Хэдийгээр зээлдэгч Н.Г зээлээ хугацаанд нь төлж чадаагүй боловч хадгаламж зээлийн хоршоо хүүг ахиу тооцож авах гэж 2 жил 6 сарын хугацаанд шүүхэд хандалгүй өдийг хүргэсэн.Одоо нэхэмжилж байгаа зээлээс үндсэн зээл 2 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Харин хүү гэж 2 347 000 төгрөг нэхэмжилснээс зээлийн гэрээн дэх хугацааны хүүг төлнө.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж өгнө үү... 2 347 800 төгрөгийг төлөхгүй гэдгээ дэмжиж байна. ...зээлдэгчид зээлийн хугацаа, дүнг урьдчилан сануулаагүй, барьцааны хөрөнгийг хамгаалалтандаа авах, зээлээ зориулалтын дагуу хэрэглэж байгаа эсэхэд газар дээр нь очиж хяналт тавих үүргээ хоршоо биелүүлээгүй, үүрэг гүйцэтгүүлэгч зээл төлөгдөхгүй байгаа, зээл төлөгдөх эсэх нь найдваргүй байгаа бол зайлшгүй барьцаа хөрөнгийг хамгаалалтандаа аваад үүргийн гүйцэтгэлээ хангуулах байсан. Үнэхээр тэр хүн төлөх боломжгүй байхад нь 2 жил 6 сар хүлээх шаардлага байхгүйгээр зээлийн гэрээнд зааснаар зээлийн ажилтан тодорхой үйл ажиллагааг явуулж болох байсан. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хуулинд заасан арга хэмжээг аваагүйгээс шалтгаалж хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.Иймд хүүг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХЗХ талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн хариуцагч Н.Гэд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 2 347 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 000 төгрөг, нийт 4 509 800 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч маргасан.
Зээлдэгч Н.Г 2 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, хувийн хэрэгцээнд зээлж, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Э” ХЗХ-той №18-05/08-31 дугаартай зээлийн гэрээг байгуулжээ.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Н.Г 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Э” ХЗХ-той №18-05/08-31 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байна.
Тодруулбал, хариуцагч Н.Г №18-05/08-31 дугаартай барьцааны гэрээгээр ОРО 86-72 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг “Э” ХЗХ хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 1 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 000 төгрөг, нийт 3 242 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 267 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдүүлэгч “Э” ХЗХ хэтэрсэн хугацааны буюу 35 сарын хүү 3 150 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 802 200 төгрөгийг хасч үлдэх 2 347 800 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Хэдийгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хэтэрсэн хугацааны хүү шаардаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-д гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч зөрчсөн, биелүүлээгүй, зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар муудсан тохиолдолд өөрийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, зээл, хүүг барагдуулахыг шаардах эрхтэй гэж, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан.
Хариуцагч Н.Г 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээл авснаас хойш 2018 оны 09, 12 саруудад 2 удаа нийт 802 200 төгрөгийн зээл төлсөн, үүнээс хойш буюу 2019 оны 01 дүгээр сараас хойш зээл төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
“Э” ХЗХ-ны зээлийн эдийн засагч М.Маргад зээлдэгч Н.Гтэй 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд утсаар ярьсан талаарх тэмдэглэлийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх ба уг тэмдэглэлээс дээрхи хугацаанд зээлдэгч Н.Гийн санхүү, төлбөрийн чадвар муудсан байгаа нь тодорхой байхад зээлдүүлэгч “Э” ХЗХ гэрээний 3.1.2-д заасны дагуу өөрийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, зээл, хүүг барагдуулахыг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсаар 2 жил 4 сарын дараа шүүхэд хандсан тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн 35 сарын хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүүг 1 жилийн хугацааны буюу 12 сараар тооцож / 2 000 0000₮х4,5%хүү=90 000₮ нэг сарын хүү/ 1 080 000 төгрөгөөр хүүг тооцон хариуцагчаас нийт үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 1 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 000 төгрөг, нийт 3 242 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 267 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн хүүд төлсөн 802 200 төгрөгийг хасаж тооцон нэхэмжлэл гаргасан тул хариуцагчаас гаргуулах 3 242 000 төгрөгөөс дахин дээрх дүнг хасах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 3 242 000 төгрөгт тохирох 66 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.Гээс 3 242 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 267 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гээс 66 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА