Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2021/00767

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б холбогдох,

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1996 онд Д.Бтай гэр бүл болж 2006 онд гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас 1996 онд хүү Д.Ц, 1999 онд охин Д.О, 2001 онд охин Д.Б,  2007 онд хүү Д.Г нар тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж байнгийн хэрүүл шуугиантай байх болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү Д.Гыг өөрийн асрамжинд авч хүүхдүүдийнхээ эхээс тэтгэвэр тогтоолгохгүй. Том хүү Д.Ц хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улсад ажиллаж байгаа. Удаах охин Д.О Соёл урлагийн сургуулийн төгсөх курсын оюутан. Удаах охин Д.Б Солонгос улсад сурч байгаа. Бага хүү 17 дугаар сургаальд 9 дүгээр ангид элсэн орно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Дтэй 1996 онд гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1996 онд хүү Д.Ц, 1999 онд охин Д.О, 2001 онд охин Д.Б, 2007 онд хүү Д.Г нар мэндэлсэн. Сүүлийн жилүүдэд хоорондоо таарч тохирохгүй болж цаашид амьдрах боломжгүй байгаа нь үнэн. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Д.Гыг хүүгийнхээ хүсэлтийн дагуу аав Г.Дгийн асрамжинд үлдээж, ээж Д.Б би хүүдээ өөрийн боломжоороо сар бүр тэтгэж өгнө. Аав Г.Д, ээж Д.Б бидний дундын хөрөнгө болох хашаа байшингаа хүү Д.Гдаа өвлүүлэн өгнө. Нөхөр Г.Д надад арван таван сая төгрөгийг бэлнээр өгнө гэж тохирсон. Иймд бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Том охин Д.О нь Соёл урлагийн сургуулийн төгсөх курсын оюутан. Төлбөрийг нь бид хоёр 50 хувиар хувааж төлнө. Иймд бидний санал хүсэлтийн дагуу гэрлэлтийг цуцалж, бага хүү Д.Гыг эцгийнх нь асрамжинд үлдээж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Д.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 1996 онд танилцан хамт амьдарч, 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 540 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү Д.Ц 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, охин Д.О 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, охин Д.Б 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, хүү Д.Г 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн зохион байгуулагчаас олгосон ам бүлийн тодорхойлолт, хүү Д.Г эрүүл өсөж байгаа талаар хүний их эмч П.Алтанзаяагийн тодорхойлолт, гэрлэгсдийн 0048186 /540/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Д.Ц, охин Д.О, охин Д.Б нарын овог эцгийн нэр өөрчилсөн тухай гэрчилгээний хуулбар, хүү Д.Гын Г-449 /0003962/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос байнгын хэрүүл маргаантай байсан бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Ц, 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.О, 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Б нар нь 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай болсон тул асран хамгаалагч тогтоох шаардлагагүй байна.

2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Г нь төрсөн цагаасаа эцэг эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд санал нэг байж хүүгийнхээ шүүхэд гаргасан саналыг дэмжиж байх тул хүү  Д.Гыг эцэг Г.Дгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Г.Д хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж, хариуцагч Д.Б хүүгээ сар бүр өөрийн бололцоогоор тэжээн тэтгэж явна гэж тайлбарлаж байх тул хуульд заасан хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэх тэтгэмж гаргуулах асуудлыг энэ удаад шийдвэрлэхгүй орхиж, тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэдий ч гаргах боломжтой талаар нэхэмжлэгчид тайлбарлах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгохоор заалаа

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хольдог овогт Г.Д Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Г эцэг Г.Дгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ