| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01201/И |
| Дугаар | 142/ШШ2021/00774 |
| Огноо | 2021-09-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2021/00774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Бтэй 2007 онд гэр бүл болж, 2011 онд охин Б.С, 2014 онд хүү Б.Аыг төрүүлсэн. Бид 2007 онд Чех улс руу явж ажиллаж амьдарч байгаад 2019 онд Монголд буцаж ирсэн. Ж.Б нь нутагтаа ирснээс хойш архи ууж, ааш зан нь хувирч, гадуур хонох зэргээр нэг жилийн хугацаанд намайг маш их гомдоолоо. Эхлээд би за яахав нутаг орноосоо хол олон жил болсон, найз нөхөдтэйгөө уулзаж учирч яваа биз дээ гээд хүлээцтэй байдаг байсан. Сүүлдээ гадуур хонох хугацаа нь уртасч, гэрт ирсэн үедээ хэрүүл маргаан хийж, амгалан тайван байдал алдагдуулж байсан. Эхэндээ би хоёр хүүхдээ бодоод архи битгий уугаач гэж их хэлж, архинаас гаргадаг эм, тан авч өгч, засал хийлгэж байсан ч нэмэр болоогүй. Гэрээсээ яваад шөнө орой болох бүрт нь айгаад, би хоёр хүүхдээ авч түүний ихэр Ж.Х болон төрсөн дүүгийнд нь хүртэл хонодог байлаа. Нэг удаа Ж.Хийнд хоноод өглөө гэртээ ирэхэд Ж.Хийн өмнөх эхнэр Б.Сайнбилэгтэй гэртээ согтуу хоносон байсан. Миний нүдэн дээр хүүхнүүдтэй зочид буудалд хүртэл хонож байсан. Энэхүү байдал сунжирч үргэлжилсээр 7 хоног гэртээ ирэлгүй алга болохоор нь, араас нь хөөцөлдөөд очиход Өнөр хотхонд 2 хүүхэдтэй хүүхэнтэй хамт амьдрана гээд байж байсан. Ингээд би түүнд өөрийнхөө дураар амьдрах боломж олгож араас нь хөөцөлдөхөө больсон. Энэ нэг жилийн дотор ээж минь нас барж, үүнээс хойш нөхөр зангаа хувиргаж би их зовлон үзлээ. Намайг болон 2 хүүхдээ хайрлахаа болилоо. Гэртээ ирэхээрээ гэрээс хэрэгтэй юмаа аваад л гардаг болсон. Би ч дугарахаа больсон. Цагаан сараас хойш гэртээ ирэхгүй. Бидний дэлгүүр ажиллуулж байсан 6-10-95 тоот 1 өрөө байр байсан. Тэрийг засаад тэндээ нэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаа юм билээ. Нэгэнт бид одоо эхнэр нөхрийн ёсоор хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдлээ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг хуульд заасны дагуу хуваалгаж авна.
Дундын өмч гэвэл:
1. 6-20-39 тоот гурван өрөө орон сууцыг 2019 оны 5 сард 85 сая төгрөгөөр худалдаж авсан. Д.Э охин Б.Сын нэр дээр бүртгэлтэй байдаг.
2. 6-10-95 тоот 1 өрөө байрыг 2019 оны 11 сард 45 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ байр нь Ж.Бийн төрсөн ах Ж.Чийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ ах нь бидний Чехээс оруулж ирсэн Вольво маркийн ачааны машиныг худалдаж авахаар тохироод, дээрхи байрыг 45 сая төгрөгийн банкны барьцаанд тавьж, 18.5 сая төгрөгийг байрны үлдэгдэл төлбөрт төлөөд үлдсэн мөнгийг Ж.Б авч хэрэглэсэн. Тэгэхээр энэ 1 өрөө байр нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм.
3. Вольво маркийн ачааны машин 75 сая төгрөгийн үнэтэй. Үүнээс 18.5 сая төгрөгийг нь 1 өрөө байр авахад авч зарцуулсан тул үлдэгдэл 56.5 сая төгрөгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж үзэж байна. Энэ мөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваалгана.
4. Мөнгөн тоногтой эмээл, ташуур, хазаар. Энэ эмээлийг хүү Б.Ат 7 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Үүнийг хүүгийн өмч гэж үзэж авна.
Дээрхи эд хөрөнгийг дараах байдлаар хувааж өгнө үү.
1. 6-20-39 тоот орон сууцыг 2 хүүхэд болон өөртөө авна.
2. 6-10-95 тоот 1 өрөө орон сууцыг Ж.Бөд үлдээнэ.
3. Машины үнэ 56.5 сая төгрөгнөөс өөртөө болон 2 хүүхэддээ оногдох хэсэг болох 42 375000 төгрөгийг гаргуулж авна. Дундын өмчийн нийт дүн 186 500 000 төгрөг. Үүнээс 42 375 000 төгрөгийг Ж.Бөөс гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж овогтой Б нь 2007 онд Д.Этэй гэр бүл болж 2011 онд охин, 2014 онд хүүтэй болсон. 2007-2019 он хүртэл Чех улсад ажиллаж амьдарч байгаад 2019 онд Монголд ирсэн бөгөөд ирэх шалтгаан нь Д.Эийн ээж хүнд өвчтэй /элэгний хорт хавдар/ найдваргүй болсон гэж түүний төрсөн эгч болох Билгээ нь яриад бид 2 ярилцаад Монголдоо буцаж ирсэн. Монголд ирээд бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Үүний шалтгаан нь түүний ааш нилээд хувирсан ч ээж нь хүнд өвчтэй болохоор аргагүй дээ гэж бодоод би 2 хүүхдээ харж асарч байсан. Д.Эийн ах, эгч ойр дотны хүмүүс нь бидний амьдралд хөндлөнгөөс байнга орох болсон. Түүний эгч нь нөхөртэйгээ гэрт ирж элдвийн юм ярьж зочны өрөөн дэх миний цуглуулга болох зүйлсийг гаргаж хая гэхэд нь надад эвгүй байсан ч би дуугараагүй. Ер нь байнгын ах дүү нараас нь болж бидний дунд хэрүүл үүсдэг байсан. Байнга амьдралд орно хэлэхээр тэднийг өмөөрч намайг үгүйсгэнэ. Ингээд миний хувьд гэртээ байхад хэцүү санагдсан. Монголд удаан хугацаанд байгаагүй болохоор найз нөхөдтэйгээ хааяа уулзах тохиолдолдлууд байсан ч би ямар ч үед гэр рүүгээ ирдэг байсан. Э гэрт оруулахгүй хаалга онгойлгож өгдөггүй орцонд хонуулдаг байсан. Сүүлдээ бүр хаалганы голоо хүртэл сольж 7 хоног гэрт оруулдаггүй болсон. 2019 оны 9 сард манай найз хөдөө ажилладаг амралтаараа ирж бид нар улзсан. Тухайн үед 2 найз маань өөр өөрийн найз бүсгүйтэйгээ уулзаад намайг зочид буудалд дуудсан. Тэр үед түүний хүргэн ах Төгсөө нь харсан юм байна лээ тэгээд эхнэртээ хэлж Э ах эгчтэйгээ хаалга эвдэж дайран орж ирж хэрүүл зодоон хийсэн бөгөөд тухайн үед Э гар утсаараа бичлэг хийн орж ирсэн. Ямар ч учрыг нь ололгүй шууд л намайг буруутгаж олон хүний дунд эвгүй байдалд оруулж байсан. Надад гэр бүлээс гадуурх харилцаа байгаагүй. Энэ явдлын дараа бүр гэртээ орж чадалгүй арваад хоног ах дүү нарынхаа гэрээр хонож байсан. Тэр үед түүний төрсөн ах машиндаа дуудан уулзаж “Чи энэ гэрээс явчих, би 2 хүүхдийг чинь хангалттай харж хандана” гэж хэлсэн. Мөн төрсөн эгч нь “чамаас дүүгээ салгаж авна” гэсэн. Би юу ч хэлээгүй. Надад бүх зүйл утгагүй санагдаж яах учраа олохгүй байсан. Ингээд нэг бүсгүйтэй танилцаж хоорондоо ярилцдаг байсан. Үүнийг Э хайж олж мэдээд тэр эмэгтэйн гэрт нь очиж хэрүүл зодоон хийсэн. Ингээд байнга тэр хүнтэй хардаж хэрүүл хийж байсан. Удалгүй Д.Э нь төрсөн ахынхаа дэлгүүрт ажиллах болсон. Гэрт 2 хүүхэд үлдэж би байнга хүүхдүүддээ харж хандан хоол ундыг нь хийж өгдөг байсан ч тэр үед намайг элдвээр хэлж хөөж, би 2 хүүхдээ бодон үгийг нь тоолгүй хүүхдүүдээ харж байсан. Нэг өдөр би хоол хийх гээд гэртээ ортол гэнэт хэрүүл өдөн намайг чаддаг юм бол цохичих цохичих гээд байсан тэгснээ би утсаараа бичлэг хийж байна гээд зогсоо зайгүй даган хэрүүл хийсэн. Тэр үедээ цагдаа дуудсан байсан байна лээ. Би гараад найзыгаа дуудаад гэрийн гадаа 2 пиво уугаад ярилцаж нилээн сууж байгаад гэртээ ортол хаалгаа тайлж өгөөгүй гараад явтал цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэхэд хийгээд тэр оройдоо гэр бүлийн хүчирхийллээр өргөдөл бичин өгч байсан. Би тэр үед ямар ч танхайрсан зүйлгүй байж цагдаад гэр бүлийн хүчирхийллээр байцаагдсан. Үүнийг шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ер нь би байнга хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг маш их санаа зовдог хүүхдүүд маань бага насны юугаа ч мэдэхгүй учраас эргэж тойрдог. Ээж нь ахынхаа дэлгүүрт суудаг суух хугацаандаа хүүхдүүдийг гаднаас нь түгжин явдаг. Би гарч болох эрсдлээс айдаг түүнд хэлдэг боловч чамд хамаагүй гэдэг. Цаг гарвал хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Бидний дунд үл ойлголцол байгаа ч би 2 хүүхдээ өнчрүүлэхгүй хүсэлгүй байна. Би Д.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. 6-20-39 тоот 3 өрөө байр хэдийгээр Э болон охин Сын нэр дээр боловч бидний гэр бүлийн өмч болно. Олон жил гадаадад ажиллаж хөлс хүчээрээ хамтдаа босгосон тийм учраас 4 хуваалгах хүсэлтэй байна.
2. Байрыг тохижуулахад гэрийн тавилгыг би өөрөө Гуанжугаас захиалан авсан. Нийт өртөг ойролцоогоор 15 000 000 төгрөг үүнийг мөн бидний гэр бүлийн өмч учраас 4 хуваалгах хүсэлтэй байна.
3. Мөнгөн тоногтой эмээлийг би өөрөө алт, мөнгөний дарханаар 7 хоног хажууд нь сахин хийлгэж байсан. /Үнэлгээ 10 сая төгрөг/ энэ эмээл нь бүрэн тоноглолтой хазаар ташууртай/ нийт 86 лан ажпын хөлс нь 2 000 000 төгрөг үүнийг үнэлүүлэн мөн 4 хуваалгах хүсэлтэй байна.
4. 6-10-95 тоот ах Чийн өмч учраас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг байр нь банкны барьцаанд байдаг ба банкны зээлийн гэрээ төлөлт бүгд Ж.Чийн нэр дээр байдаг /үл хөдлөхийн эзэмшигчийн гэрчилгээ, зээлийн гэрээг хавсаргав/
5. Вольва маркийн ачааны машин ах Чийн өмч учраас бас хүлээн зөвшөөрөхгүй байна. /тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргав/ гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ж.Б нь Д.Этэй 2011 оноос гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болцгоосон. Бидний гэр бүл амьдарч буй 6-20-39 тоот 3 өрөө байр нь бидний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө юм. Манай гэрийн эд хогшил болох зочны өрөө, унтлагын өрөөний сонгодог иж бүрдэл, хүүхдийн өрөөний иж бүрдэл, гал зуухны ширээ сандал ком, индукцен плитка, комбайн зэрэг эд хогшлууд нь бидний хамтран өмчлөх эд хөрөнгө тул оногдох хувь хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ж овогтой Б нь миний хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа 6-20-39 тоот хэрэглэж байгаа зочны өрөөний иж бүрдэл гал зуухны ширээ, сандал, плитка, комбайн зэргийг нэхэмжилсэн байна. Эдгээр зүйлс нь бидний хэрэглээ учир өгч чадахгүй. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүүхдийн тэтгэмжийг олгохоор тогтоогдсон боловч 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутанд орой 1 000 068 төгрөг дансанд орж ирлээ. Ийм учраас Бийн хүсэлтийг зөвшөөрөхгүй учир дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дугарсүрэн овогтой Э миний бие нь Ж овогтой Бөөс 10 000 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлэсэн. Иймд бидний дунд эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гуравдагч этгээд, гэрч, өмгөөлөгч Д.Оюунчимэгийг оролцуулах, шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул шүүх хуралдааныг зарлаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ж овогтой Б миний бие Дугарсүрэн овогтой Эт 10 000 000 төгрөг өгч дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлэсэн болно. Иймд дундын эд хөрөнгийн ямар нэг маргаангүй болно. Мөн өмгөөлөгч О.Сарантуулаас татгалзаж байна. Эд хөрөнгийн маргааны асуудлаар шинжээч томилохоос татгалзаж байна. Д.Эт холбогдох сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ж.Бөд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Эийн Хаан банкны 5090321726 тоот дансанд шилжүүлж дундын эд хөрөнгийн талаар зохигчид эвлэрсэн ба хариуцагч Ж.Б гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Гэрлэгчид 2007 онд танилцаж хамтран амьдарсан ба 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий байгууллагад 494 дүгээрт гэрлэлтээ бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээ авсан байна.
Тэдний дундаас охин Б.С 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, хүү Б.А 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар, Согоот багийн Засаг даргын тодорхойлолт, Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Б.Сын 0515771 №43 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Аын 0986927 Г-168 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцаа, гуравдагч этгээдийн дотно харилцаанаас үүдэлтэйгээр үл ойлголцол, бие биедээ үл итгэж маргалддаг бөгөөд 2020 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, хариуцагч хамтран амьдрагчтай болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа болон шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд эхийн асрамжинд үлдээх талаар талуудын тохиролцсон байдал, шүүхэд гаргасан охин Б.Сын санал, хүүхдүүдийн насны байдал, өсч торних дассан орчин нөхцөл, эцэг эхийн ёс суртахууны байдал зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.С, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.А нарыг эх Д.Эийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Ж.Бөөс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин Б.С, хүү Б.А нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Э гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-20-39 тоот гурван өрөө орон сууцыг иж бүрэн тавилгын хамтаар 2 хүүхэд болон өөртөө үлдээнэ, Согоот багийн 6-10-95 тоот нэг өрөө орон сууцыг Ж.Бөд үлдээнэ, мөнгөн тоногтой эмээлийн ташуур, хазаар манайд байгаа дундын эд хөрөнгийн оногдох хэсэг 42 375 000 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж 10 000 000 төгрөгт эвлэрсэн гэж,
Хариуцагч Ж.Б 10 000 000 төгрөгийг Д.Эт шилжүүлэн өгсөн ба өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-20-39 тоот гурван өрөө орон сууцыг иж бүрэн тавилгын хамтаар 2 хүүхэд болон Д.Эт үлдээхийг зөвшөөрч, дундын эд хөрөнгөөс өөрийн хэрэглэж байгаа телевизор, шарах шүүгээг болон мөнгөн тоногтой эмээлийг авах, бусдад төлөх өр төлбөргүй, банкны зээлгүй гэснээр талууд эд хөрөнгийн талаархи үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар эвлэрсэн байх тул эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй.
Согоот багийн 6-10-95 тоот нэг өрөө орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Чийн өмчлөлд байдаг боловч нэхэмжлэгч Д.Э уг орон сууц нь дундын эд хөрөнгө гэж нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон, хариуцагч Ж.Б уг орон сууцанд амьдарч байгаа тул түүнд үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Зохигчид өмгөөлөгч нараасаа болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ч, гэрч Б.М, шинжээч томилуулах хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 566 975 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бөөс 245 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 70 674 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Э Ж.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.С 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.А нарыг эх Д.Эийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.С, хүү Б.А нарыг тус тус 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ж.Бөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад үүрэг болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-20-39 тоот гурван өрөө орон сууцыг иж бүрэн тавилга, мөнгөн тоногтой эмээлийн ташуур, хазаарын хамтаар Д.Э, Б.С, Б.А нарын өмчлөлд үлдээх, Согоот багийн 6-10-95 тоот нэг өрөө орон сууцыг Ж.Бөд телевизор, шарах шүүгээ, мөнгөн тоногтой эмээлийн хамтаар үлдээх, дундын эд хөрөнгийн оногдох хэсэг 42 375 000 төгрөг гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч багасгаж 10 000 000 төгрөг болгон бууруулсныг хариуцагч бүрэн шилжүүлэн өгч зохигчид эвлэрсэн байх тул гэр бүлийн дундын эд хөрөнгийн оногдох хэсэг гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 566 975 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бөөс 245 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 70 674 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
8. Зохигчид өмгөөлөгч нараасаа болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ч, гэрч Б.М, шинжээч томилуулах хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг баталсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ