Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/395

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2305000002566 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.22

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ******* дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” бааранд байхдаа хохирогч “Айфоне 12 про макс” загварын гар утсыг олоод бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 01-02 цагийн үед манай найз Чинзориг Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fire” бааранд байна гэж хэлсэн. Би бааранд орохдоо зүүн талын урд халаасандаа “Айфоне 12 про макс” маркийн гар утсаа хийгээд орсон. Хэсэг сууж байгаад гарахдаа баарны үүдэнд очоод утсаа үзэхэд байгаагүй. Тэгээд би баарны зохион байгуулагч болон хамгаалагч нарт хэлээд камер шүүхэд юу ч харагдахгүй, мэдэгдэхгүй байсан. Би утасныхаа “Find my phone” асаасан байсан учраас найзынхаа утсаар ID кодоо хийгээд хайтал миний утас GPS нь тухайн бааранд зааж байсан. Энэ хугацаанд миний утас дуудаж байсан боловч огт аваагүй. Хэсэг хугацааны дараа шалгахад хорооллоос хойш гэр хороолол руу өгсөөд явчихсан байсан. Ингээд би цагдаа дуудчихсан байсан болохоор цагдаа нар ирээд нэг айлын хашаанд очсон. Тухайн хашаанд 3 гэр байсан ба хашааны гадаа зогсож байтал нэг гэрээс нь хоёр эмэгтэй бие засахаар гарч ирэхээр нь тухайн айл руу ороод дуут дохиог ашиглан дуугаргахад гэрт байсан 2 залуугийн нэг залуугийнх нь куртикний халааснаас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Гэрч :

“...Манай найз залуу ******* 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурай ах Алтаншагайн гэрт очиж уулзахаар болоод оройн 19 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Тэгээд би ******* рүү залгахад гар утсаа авахгүй байхаар нь фейсбүүк хаяг руу нь залгахад нэг үл таних эмэгтэй хүн аваад Алтаншагай, ******* хоёр найзуудтайгаа уулзана гээд гарсан. Удалгүй дахин залгахад нөгөө хоёр чинь ирээгүй байна, чи манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би гараад Алтаншагайн гэрт очиж эхнэр Энхүүнээтэй нь танилцаад байж байхад гаднаас 01 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирсэн. ******* найзуудтайгаа үлдсэн би найзуудтай нь маргалдах гээд байхаар нь түрүүлээд ирлээ гэж хэлсэн Би *******гийн 868667** дугаарт залгахад за одоохон очлоо гэж хэлсэн. Удалгүй шөнийн 02 цагийн үед байхад ******* ирсэн. ******* цагдаа дээр очсоны дараа би үл таних хүний айфоне 12 про макс загварын гар утсыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт байх үед нь сандал дээр байж байхаар нь Долгион найзынхаа утастай андуураад авчихсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37 дах тал/,

Гэрч :

“...2023 оны 11 дүгээр сарын 14-ний 02 цаг өнгөрч байхад бааран Долгион, ******* нарын хамт ороод нэг ширхэг 0,7 литрийн Эден гэх нэртэй архи аваад ууж байтал Долгион найзуудтайгаа уулзана гээд гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Гэрч :

“...Тухайн өдөр би найз Отгонбаатартай хамт ******* дүүрэгт байхдаа ******* рүү залгахад ахындаа байна гэхээр нь бид хоёр очоод хамтдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар ахуйн үйлчилгээний орчим нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг караокед ороод 0,7 литрийн Эдэн гэх нэртэй архи аваад ууж байтал манай нэг найз хорооллын эцэст ирчихсэн байна гэхээр нь гарч уулзаад буцаад баар луугаа ороод шатаар өгсөж байтал өөдөөс ******* гадуур хувцсаа өмсчихсөн бууж ирэхээр нь чи хаашаа явах гээ вэ гэхэд “манай ээжийн бие өвдөөд байна гэнээ би гэр лүүгээ явахгүй бол болохгүй байна гэхээр нь энэ баар угаасаа удахгүй хаах гэж байна хамт жаахан суугаад явъя гэж хэлээд буцаж суугаад хэсэг бүжиглэж байтал ******* явчихсан байсан. Би тухайн үед айфоне Хr загварын хар өнгийн гадуураа хар өнгийн кейстэй гар утас бөгөөд би гар утсаа байнга энгэрийн халаасанд хийчихдэг. Бааранд ороод гар утсаа ил гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн БГ2-23-1876 дугаартай дүгнэлтэд iphone 12 рrо max загварын гар утсыг 1.950.000 төгрөг...” гэсэн тайлан/ хавтаст хэргийн 19-20 дэх тал/

Эд зүйл хурааж авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх дуудлага хүлээн авч бүртгэлд оруулсан тэмдэглэл, Хохирогч “...Би тухайн үед сууж байсан ширээнийхээ сандал дээр тавьсан байхаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. ямар ч байсан шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо Файр бааранд гар утсаа алдлаа гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч гар утсаа алдсан гэх эрэгтэй “Би файр бааранд гар утсаа алдсан юм. Утасныхаа байршил тогтоогчийг асаасан чинь ойрхон заагаад байна гэхээр нь гар утасны байршил заагч төхөөрөмжөөс газрын зураг дээр харьцуулж байгаад Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Усан сангийн ойролцоо нэг газарт байршил нь зааж байхаар нь дэслэгч Төгөлдөрийн хамт тэр газарт очсон. Тухайн байршилд очоод гар утасны эзэн гар утас руугаа олон удаа залгаж байхад утсыг нь таслаад байсан бөгөөд хашаан дотор хоёр Монгол гэр байсны баруун талын гэр лүү хамт ороход 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Утасны эзэн гар утасныхаа дохиоллыг асаахад нэг эрэгтэйн куртик дотор утас дуугартал уг куртикээ дотроос хар өнгийн айфон 12 про макс загварын хар өнгөтэй гар утас гарч ирсэн. Дэслэгч Төгөлдөр тэнд байсан хүмүүсээс энэ хэний куртик вэ гэж асуухад тэнд байсан эмэгтэй энэ манай дүүгийн куртик гэж хэлсэн. Тэр залуу жаахан согтуу байхаар нь чи хаана архи уусан юм гэхэд тэр залуу “би файр бааранд архи уусан гэж хэлсэн” тэгээд гар утас авсан гэх эрэгтэйг жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Хашаанд хоёр монгол гэр байсан бөгөөд баруун талын гэрт ороход 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Утасны эзэн гар утасныхаа дохиоллыг асаахад нэг эрэгтэйн куртикэн дотор утас дуугарахад куртикэн дотроос айфоне 12 про макс загварын гар утас гараад ирсэн. Тэнд байсан нэг эмэгтэй энэ манай дүү энэ куртикийг өмсөж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би тэр эрэгтэйд хандан “энэ чиний куртик мөн үү гэж асуухад” тэр залуу “энэ миний куртик биш” гэж хэлсэн. Тэр залуу жаахан халамцуу байхаар нь чи хаана архи уусан юм гэж асуухад би файр бааран дархи уусан гэж хэлсэн. Би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мэдэгдэж тэр гар утас авсан гэх эрэгтэйг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” бааранд байхдаа хохирогч “Айфоне 12 про макс” загварын гар утсыг олоод бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч , гэрч , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн БГ2-23-1876 дугаартай тайлан, эд зүйл хурааж авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д 1.950.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч ******* нь “хохирогч гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч явсан эсэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоох” зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасныг дагуу шүүх хуралдааныг хойшлуулж дээрх ажиллагааг нэмж хийхийг даалгасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийхэд хохирогчийн гар утсыг эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч явсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000002566 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ