| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 155/2023/00847/И |
| Дугаар | 001/ХТ2024/00082 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2024/00082
Р.Дийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2023/00972 дугаар шийдвэр,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 225/МА2024/00002 дугаар магадлалтай,
Р.Дийн нэхэмжлэлтэй,
Ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,639,160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Р.Д, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Д, өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р.Д нь “Х” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,639,160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2023/00972 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 2022.04.06-ны өдрөөс 2023.07.24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,639,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Дид олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Дийн ажилгүй байсан 2022.04.06-ны өдрөөс 2023.07.24-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Х” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас тэмдэгтийн хураамж 251,146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Дид олгож шийдвэрлэжээ.
3.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 225/МА2024/00002 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2023/00972 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын ...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс гэснийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс гэж, 18,639,160 төгрөг гэснийг 1,519,700 төгрөг гаргуулж, 17,119,460 хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс гэснийг ...2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс гэж, 3 дахь заалтын ...251,146... гэснийг ...39,265 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Р.Д, өмгөөлөгч Б.М нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тул чөлөөний хугацаа дуусан үе болох 2022.04.06-ны өдрөөс 2023.07.24-ний өдрийг хүртэлх цалин хөлсөө тооцон нэхэмжилж байна...” гэснийг буруутгах боломжгүй байна. Учир нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шийдвэрт “...хувийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох тухай өргөдлийг ажил олгогчид гаргасаар байтал түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагч “Х” ХХК-ийн захирлын эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтгаж үзнэ... хэмээн дүгнэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоожээ” гэж нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэрийг гаргасан.
Гэтэл давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэх зарчмыг гажуудуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх хуулийн заалтыг үл хэрэгссэн болно.
Тодруулбал, нэхэмжлэгч Р.Д миний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн шүүгч Б.М нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “хувийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох тухай өргөдлийг ажил олгогчид гаргасаар байтал түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагч “Х” ХХК-ийн захирлын эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтгаж үзнэ” гэж дүгнэж, ажилгүй байсан хугацааг дээр дурдсан хугацаанаас хойш тооцож, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон. Мөн шийдвэрт үндэслэн анхан шатны шүүгч Г.Д нь миний ажилгүй байсан хугацаанд нийцүүлэн цалин хөлстэй тэнцэх олговрыг хангаж шийдвэрлэсэн нь зүйд нийцсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүх нь ажилгүй байсан хугацааг эргэлзээгүйгээр нарийн тодорхой тооцож тогтоосон нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дахин дүгнэлт хийх замаар магадлалын үндэслэх хэсэгтээ “...Р.Дийн тухайд “Х” ХХК-ийн ахлах диспетчерийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх үйл баримт, мөн 2022.04 дүгээр сараас 2023.06 дугаар сар хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй... 2023 оны 648 дугаартай шийдвэр нь Р.Дийг ажилд томилсон буюу өөр эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр...” гэх мэтээр ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн болно.
Түүнчлэн, дээр дурдсанаар нэхэмжлэгч миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгааг ажилд эгүүлэн тоггоох нэхэмжлэлийн шаардлагаас тэс өөр ангид буюу өөр эрх зүйн маргаан хэмээн гэж дүгнэх боломжгүй, дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Мөн магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн... шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр... гомдол гаргах эрхтэй...” гэсэн байна.
Гэвч дээрх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023.05.03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023.12.15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, УИХ-ын 2023.06.08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн байгааг давж заалдах шатны шүүх анзаарсангүй.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгч Р.Д, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.04-ний өдрийн 001/ШХТ2024/00389 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7.Нэхэмжлэгч Р.Д нь “Х” ХХК-д холбогдуулан өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,639,160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... хариуцагч байгууллагад ахлах диспетчерээр ажиллаж байгаад 2021.04.06-ны өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилийн чөлөө авсан. 2022.03.25-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ ... гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсан тул шүүхэд хандсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаартай шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Иймд чөлөө дуусаж ажилд эргэн орох хүсэлт гаргасан 2022.04.06-ны өдрөөс ажилд томилсон 2023.07.24-ний өдрийг хүртэл хугацаан дахь олговор гаргуулж, зохих шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Р.Д нь 2022.04.06-ны өдрөөс олговор шаардсан нь үндэслэлгүй, ажилд эргэж орох хүсэлт гаргаад дахин ирээгүй нэг жилийн хугацаанд яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Нэхэмжлэгч нэг жил эмчилгээ хийлгээд ирсэн гэж байгаа ч хаана ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, ажлаас нь халсан, хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр ажил олгогчоос гараагүй. Ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр энэ хэрэгтэй хамааралгүй. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу ажилд орохыг түдгэлзүүлсэн, энэ хугацаанд л шүүхэд хандсан байдаг. Ажил олгогчийн буруу байхгүй.” гэж тайлбарласан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт ... хувийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох тухай өргөдлийг ажил олгогчид гаргасаар байтал түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагч “Х” ХХК-ийн захирлын эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтгаж үзнэ гэж дүгнэсэн байна, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилтанг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, иймд 2022.04.06-ны өдрөөс 2023.07.24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нэг өдрийн дундаж цалин хөлс 58,450 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 319 өдрийн олговорт нийт 18,639,160 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргуулж олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Шүүх ... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,...нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн 2023.06.13-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2023.07.24-ний өдрийг хүртэл ажлын нийт 26 хоног ажилгүй байсан гэж үзэхээр байна... Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан гэх үйл баримт Р.Дийн тухайд тогтоогдоогүй,... иймээс нэхэмжлэгчийн 26 хоног ажилгүй байсан хугацааны цалинд 1,519,700 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэж дүгнэжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ зөрүүтэй дүгнэлт хийсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэв.
12.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Р.Д нь “Х” ХХК-д ахлах диспетчерээр ажиллаж байгаад 2021.04.06-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилийн чөлөө авсан талаар зохигч маргаагүй байна.
12.1.Тэрээр 2022.03.25-ны өдөр чөлөөний хугацаа дууссан гэж ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг хариуцагч “Х” ХХК-д гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, 2023.01.30-ны өдөр дахин хүсэлт гаргахад эмчилгээний баримт шаардсан, 2023.05.02-ны өдөр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00648 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, 2023.07.24-ний өдөр ажлаа гүйцэтгэж эхэлсэн үйл баримт тогтоогдсон байна.
13.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
14.Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг баримталж, нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дууссан 2022.04.06-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2023.07.24-ний өдрийг хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлсний хэмжээтэй тэнцэх олговрыг олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “ажлаас халах”, “ажлаас халсантай адилтгаж үзэх” гэх тохиолдлуудын ялгаа заагийг анхаарсангүй.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь гагцхүү түүнийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон хугацаанаас ажилд эгүүлэн томилсон хугацаанд нэхэмжлэгч олговор шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв боловч зайлшгүй хийх ёстой дүгнэлтийг бүрэн хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.
15.Хэдийгээр 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00648 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн чөлөөний хугацаа дууссаны дараа хариуцагч ажилд аваагүйг ажлаас халагдсантай адилтган үзнэ гэж дүгнэж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон, уг шийдвэрт хариуцагч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсноор түүнийг ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үр дагавар үүссэн боловч уг шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан ...олговрыг бүхэлд нь гаргуулах үр дагаврыг шууд үүсгэхгүй, тухайлбал, энэ хэргийн нөхцөл байдал ажил олгогч нь ажилтанг 2022.04.06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2023.06.13-ны өдөр хүртэл ажилгүй байлгасан гэм буруутай гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийг эдийн засгийн хувьд хохироосон, иймээс олговор /хохирлыг/ төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
16.Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд үйлчлэх зарчмууд, тухайлбал, гэрээний талууд гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэх, ажилтан цаг хугацаандаа цалин хөлсөө бүрэн хэмжээгээр авах эрх, үүргийн хүрээнд хууль тогтоогч хэрэв ажил олгогчийн буруугаас ажилтан үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй бол ажилгүй байсан хугацаанд дахь олговрыг ажил олгогч олгох үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хүлээлгэсэн.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаж, тухайн шийдвэр нь эрх зүйн хувьд алдаатай байсныг эрх бүхий этгээд тогтоосон бол ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн буруутай гэж нэг талаас эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй нь ажил олгогчоос шалтгаалсан хүндэтгэн үзэх нөхцөл байдал тул түүний эдийн засгийн алдагдлыг нөхөн төлж байгаагаар олговор төлөх үндэслэл болох юм.
17.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь биеэ эмчлүүлэхээр нэг жилийн чөлөө авсан ба энэ хугацаанд түүний ажлын байрыг хадгалах үүргийг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12, 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар хүлээнэ. Харин чөлөөний хугацаа дуусмагц ажилтан ажилдаа ирж, ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх үүрэгтэй. Ажлаа гүйцэтгэсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу цалин хөлсөө авах эрх үүснэ.
18.Нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө буюу 2022.03.25-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргахад ажил олгогч хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан аливаа шийдвэр гаргаж тодорхой хариу өгөөгүй нь буруу боловч энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч ажилдаа очсон нь тогтоогдоогүй, харин 2023.01.30-ны өдөр хүсэлт гаргахад 2023.03.22-ны өдөр “...эрүүл мэндийн хувьд тухайн ажил албан тушаалд ажиллахад эрүүл байх ёстой, энэ шаардлагыг хангасан, эдгэрсэн эсэхээс хамаарч өөр тэнцэх ажил албан тушаалд томилоход зайлшгүй эмнэлгийн баримт шаардлагатай” гэсэн хариуг өгсөн, эдгээр байдал нотлогдсон байна.
19.Нэхэмжлэгч ажилдаа орохыг хүссэн 2022.03.25-ны өдрөөс хойш 10 сарын дараа ажил олгогчид дахин хандсан энэ талаар нэхэмжлэгч “ ...ажил олгогчийг харсан байдалтай байсан” гэсэн, хариуцагч “...өргөдөл өгсөн боловч ажилдаа ирээгүйгээс шийдвэрлэж чадахгүйд хүрсэн, ... 2023.01.30-ны өдөр хүсэлтээ дахин ирүүлсэн, удаан хугацаанд эмчлүүлэх болсон талаарх баримтыг болон хүнд өвчнөөс эдгэрсэн талаарх баримтыг, эдгэрэлтийн байдлаас шалтгаалж өөр албан тушаалд шилжиж ажиллуулж болох талаар ажил олгогчид байх ёстой мэдээллийг шаардахад ирүүлээгүй, хожим худал баримт гаргаж чөлөө авсныг тогтоосон” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.
20.Дээрх тайлбар, талуудын мэтгэлцээнээс үзвэл, нэхэмжлэгчийн 2022.03.25-ны өдөр гаргасан ажилдаа орох хүсэлтийг ажил олгогч шийдвэрлээгүй бол тухайн цаг хугацаанд энэ асуудлыг шийдвэрлүүлэх, улмаар цалин хөлсөө мөн шаардах боломжтой байсан боловч нэхэмжлэгч идэвхитэй үйлдэл хийж энэ эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар 10 сарын дараа дахин ажил олгогчид хандсан байдалд өөрийн буруу нөлөөлсөн гэж үзэхээр байна.
21.Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ажил олгогчийн үйлдэл / эс үйлдэхүй/-тэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг ажилтан 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч энэ хугацаанд цалин гаргуулах шаардлагыг аль ч байгууллагад гаргаагүй, шаардлага гаргах эрх 2022.04.06-ны өдрөөс үүссэн ба уг хугацаанаас хойш хуульд заасан эрх бүхий байгууллагад хандах хугацаа өнгөрчээ.
22.Анхан шатны шүүх дээрх байдлыг харгалзалгүй, нэхэмжлэгч нь 2022.04.06-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.
23.Харин нэгэнт нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүнд уг шийдвэр гарснаас хойш шийдвэр биелэгдэх хүртэл хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасантай нийцэх ба нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
24.Энэ хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 225/МА2024/00002 дугаар магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр ... хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж, 172.2.3 дахь заалтыг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг тус тус өөрчлөн найруулсан тул цаашид хуулийн агуулгыг магадлалд зөв тусгахыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 225/МА2024/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Д, өмгөөлөгч Б.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024.03.05-ны өдөр төлсөн 251,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА