Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 25

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга  Б.Чанцалдулам,

Улсын яллагч  Б.Мөнхдөл,

Шүүгдэгч  Б.Дамдинпүрэв, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

Хохирогч  Г.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Р.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их монгол овгийн Батнасангийн Дамдинпүрэвт холбогдох эрүүгийн 201708000011 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1962 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Хөндлөн шанд гэх газар түр оршин суух хаягтай, хөлсөөр мал малладаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Их монгол овгийн Батнасангийн Дамдинпүрэв /РДЕТ62010213/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

            Шүүгдэгч Б.Дамдинпүрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 2-12 тоотод иргэн Г.Ганзоригийг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан, архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, хүч хэрэглэн түүний нүүр рүү шидэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

1.1. Шүүгдэгч Б.Дамдинпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

Бид нар айлд архи уусан. Хохирогч анх байцаалт өгөхдөө хэн чамайг юугаар цохьсон юм бэ? гэж мөрдөн байцаагч асуухад миний хажууд сууж байсан хүн намайг архины шилээр цохьсон гэж мэдүүлсэн байсан. Гэрч нар болохоороо Б.Дамдинпүрэв шидсэн гэж мэдүүлсэн байсан. Үүн дээр эргэлзэж байна. Хохирол төлбөрт 500000 төгрөг өгч барагдуулсан... гэв.

 

1.2. Хохирогч Г.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  

2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Цоорхой рашаанаас Мөнхбаатартай хамт бензин авах гэж Шивээговь суманд ирсэн. Бензинээ авчихаад дэлгүүр орж 1 пиво, 1 шил архи аваад Баясгаланбаатар ахын гэрийн ард очоод зогстол  Мөнхбат, Дамдиндүрэв нар гарч ирсэн. Тэгээд би Дамдинпүрэвээс Баясгаланбаатар ах гэртээ байна уу гэж асуухад гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ гэрт нь ороод 0.75 грамын архийг би аягалаад, Мөнхбат пиво аягалаад гэрийн хойд талд суусан. Мөнхөө миний хажууд суугаад бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Дамдинпүрэв гэрийн хойно сууж байгаад босч ирээд  ширээн дээр байсан архийг аваад намайг эргээд хартал шууд шидсэн. Би босоод  Бүрэнцэцэг рүү очтол цусан дээр дарсан. Цус тогтохгүй байхаар нь Мөнхбаатарыг аваад мотоцикльтой  эмнэлэг явсан. Шивээговь сумын эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад Говьсүмбэр аймгийн эмнэлэгт иртэл намайг тархиндаа гэмтэл авсан байж магадгүй Улаанбаатар явж үзүүл гэсэн. Улаанбаатар хотод очиж хуучин оёдлоо авахуулаад дахиж шинэ оёдол хийлгэсэн. Эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан  гэмт хэргүүдийн талаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

2.1. Гэрч М.Мөнхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 

Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чойрт эмчилгээ хийлгэж байгаад Шивээговь суманд ирээд Баясгаланбаатар түүний эхнэр Бүрэнцэцэг, Дамдинпүрэв нартай Баясгаланбаатарын гэрт нь архи уусан. Бид нар 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй дөрвүүлээ хувааж уусан. Ууж дуусаад Дамдинпүрэв хөдөө явна гээд би түүнтэй хамт Баясаагийнхаас гараад Дамдинпүрэвийн очих айлруу Баясгаланбаатарын арын гудамжинд алхаад явж байтал Мөнхбат Ганзориг 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд бид хоёроос Баясаа, Бүрнээ 2 байна уу гэхээр нь байна гэхэд тэр 2 тэднийх рүү орохоор нь дагаад тэднийд орсон. Ганзориг архи, пиво ил барьчихсан явж байсан. Тэгээд бид нар Ганзоригийн авчирсан архийг хувааж ууцгаасан. Ганзориг архи аягалсан бөгөөд гэрийн баруун урд сандал дээр сууж байсан. Гэрийн хойд хэсэгт байх орон дээр Баясгаланбаатар, хойд орны өмнө газар Дамдинпүрэв, зүүн урд хэсэгт сандал дээр Мөнхбат, зуухны өмнө эхнэр нь, би харин Ганзоригийн өмнөөс хараад жижиг сандал дээр суучихсан юм яриад байж байхад Дамдинпүрэв Ганзоригт хандаад чи мянгат малчин байж хүнд ганц нэг юм өгч чадахгүй гэсэн утгатай юм яриад байсан. Тэгэхэд Ганзориг та чимээгүй би тантай юм яриагүй байна гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй Дамдинпүрэв босч ирээд Ганзоригийн аягалж байсан шилтэй архийг аваад буцаад байрандаа суусан. Намайг харахад Дамдинпүрэв архи аягалах гэж байх шиг байсан. Тэгснээ нөгөө архитай шилээ Ганзоригийн өөдөөс Дамдинпүрэв шидсэн бөгөөд Ганзориг тонгойгоод нүүрээ дараад өмнөө унасан байсан шилтэй архийг ширээн дээр авч тавихад л түүний нүүрнээс цус гоожсон. Тэгээд тэнд байсан хүмүүс зүгээр байгаа хүнийг ингэдэг нь яаж байгаа юм бэ гэхэд Дамдинпүрэв дуугарахгүй байсан. Бүрэнцэцэг түүний цусыг тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан. Тэгээд Ганзоригийг Мөнхбат аваад эмнэлэг явсан мэдүүлэг /х.х-ийн 16-17 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Л.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 

2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Шивээговь сумаас зүүн хойш 12 км газар байдаг Цоорхойн рашаан гэх газар нутагладаг Ганзоригийнд байж байгаад өөрийнхөө мотоцикльтой Ганзоригийг сундлаад Шивээговь суманд бензин авахаар 16 цагийн үед ирсэн. Тэгээд бид 2 колонк орж бензин авчаад Ганзориг дэлгүүр орьё гээд сумын төвийн дэлгүүр орсон. Ороод гарч ирэхдээ 0.75 литрийн архи 1 шилийг, нэг том пивотой аваад гараад ирсэн. Тэгээд Ганзориг гэр байранд Баясаагийнд очьё гэсэн. Тэгээд би Баясаагийнх руу эргээд тэдний арын гудамжинд давхиж явтал Мөнхүү, Дамдинпүрэв 2 явж байхаар нь зогсоод тэр 2-той уулзахад Ганзориг миний араас Баясаа, Бүрнээ 2 гэртээ байна уу гэж асуухад тэр 2 байна гэж хэлсэн. Тэгээд Ганзориг бид 2 мотоциклио хашааных нь гадаа тавиад ороход Мөнхүү, Дамдинпүрэв 2 бидэнтэй хамт Баясаагийнх руу орсон. Тэднийд ороод Ганзориг дэлгүүрээс авчирсан архи, пивоо гаргаад архийг нь өөрөө аягалаад гэрийн баруун урд талд суусан. Тэднийд ороод би архи уугаагүй аягалж байсан пивоноосоо ганц хоёр удаа уусан. Тэгээд архи уугаад сууж байхад Дамдинпүрав Ганзоригт хандаад хэрүүлийн чанартай юм яриад байсан. Би яг юу ярьж байсныг нь сайн санахгүй байна. Тэгэхэд Ганзориг тоохгүй Мөнхүүтэй юм яриад суугаад байсан. Тэгээд Дамдинпүрэв хойд орны урдаас босч ирээд ширээн дээр Ганзоригийн аягалж байсан архийг аваад буцаад суухаар нь аягалах гэж байгаа юм байх гэж бодтол Ганзоригийн өөдөөс нь ямар нэг юм хэлэлгүй шидээд нүүрэнд нь оночихсон. Архины шил дотроо талаараа шахуу архитай байсан бөгөөд шил хагараагүй. Ганзоригийн архины шилээр цохиулсан газраас нь цус гоожоод Бүрэнцэцэг тогтоох гээд чадаагүй. Тэгээд Ганзориг бид 2 эмнэлэг явсан мэдүүлэг /х.х-ийн 18-19 дүгээр хуудас/

 

2.3. Гэрч Х.Баясгаланбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ

2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Бүрэнцэцэг, Мөнхүү бид нар манай гэрт 2 шил архи хувааж уусан. Дуусаад Мөнхүү, Дамдинпүрэв 2 манайхаас 18 цагийн үед гараад явсан. Удалгүй эргээд Дамдинпүрэв, Мөнхүү хоёр Ганзориг, Мөнхбат хоёртой орж ирсэн. Ганзориг орж ирэхдээ 1 том пиво, 0.75 литрийн Ерөөл архитай орж ирсэн. Тэгээд архийг нь бид хэд үргэлжлүүлээд ууцгаасан бөгөөд Ганзориг архи аягалаад гэрийн баруун урд талд ширээний хажууд сандал дээр сууж байсан. Гэнэт л Дамдинпүрэв Ганзориг руу юм шидэх шиг болсон. Юу шидсэнийг нь харахад ууж байсан архитай шил шидсэн байсан бөгөөд түүний нүүрэн хэсгээс цус гоожоод байсан. Яагаад архины шил шидсэнийг нь би мэдээгүй. Манайд ямар нэг хэрүүл маргаан болоогүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 дүгээр хуудас/

 

2.4. Гэрч Д.Бүрэнцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ

2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт Дамдинпүрэв, Баясгаланбаатар  бид нар 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Ууж дуусаад нөхөр бид 2 гэртээ үлдээд, Дамдинпүрэв, Мөнхүү 2 манайхаас гараад явсан. Бид нар бүгдээрээ архиндаа халамцсан байсан. Тэгээд тэр 2 гарч яваад удалгүй Ганзориг, Мөнхбат хоёртой буцаад ороод ирсэн. Ганзориг орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн Ерөөл, 1 том пивотой орж ирсэн. Тэгээд архийг нь бид хэд үргэлжлүүлээд хуваагаад ууцгаасан бөгөөд Ганзориг өөрөө архиа аягалаад гэрийн баруун урд сууж байсан. Харин би зуухныхаа урд сууж байсан. Дамдинпүрэв гэрийн зүүн хойд хэсэгт орны өмнө сууж байсан. Тэгээд архиа тойруулаад явж байтал Дамдинпүрэв Ганзоригт хандаад мянгат малчин байж хуншгүй зантай гэсэн утгатай юм яриад байсан. Харин Ганзориг Мөнхүүтэй юм яриад суугаад байсан. Тэгээд Дамдинпүрэв Ганзоригийн аягалж байсан шилтэй архийг аваад буцаад сууж байсан. Байрандаа суугаад архи аягалах гэж байна уу даа гэтэл Дамдинпүрэв нөгөө шилтэй архийг шууд Ганзориг руу шидээд нүүрэнд нь оносон. Тэгээд Ганзоригийн нүүрний хөмсөг орчмоос цус гоожоод байсан. Би цусыг нь тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй байсан. Тэгээд Мөнхбат түүнийг эмнэлэг аваад явсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 дугаар хуудас/

 

2.5. Гэрч Р.Энхтүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ

2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сумын эрүүл мэндийн төвийн байранд шилжих хөдөлгөөн хийгээд би эмнэлэг дээр байж байсан юм. Уг нь амралтын өдөр байсан юм. Тэр өдрийн жижүүр эмч Энхсаруул дуудлаганд явсан хойгуур 16-17 цагийн хооронд байх манай сумын Ганзориг гэдэг хүн согтуу архи үнэртүүлчихсэн, алчуураар нүүрээ дарчихсан, хамрын дээд хэсэг, дух, хөмсөг орчмоос цус гарчихсан цусаа дуслуулаад миний өрөөнд нэг танихгүй залуугийн хамт ороод ирсэн. Тэгэхээр нь би хүлээн авахын өрөөнд оруулаад нүүрэн дээрх алчуурыг нь аваад юу болсон талаар асуухад архи ууж сууж байгаад архины шилээр Дамдинпүрэв гэдэг хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Ганзоригийн зовиур нь толгой өвдөж байна гэж хэлж байсан. Шархнаас нь их цус гарсан байсан. Биеийн ерөнхий байдал дунд, хамрын дээд хэсгээс зүүн хөмсөгний дээд хэсэг хүртэл 5 см орчим зүсэгдсэн шархтай, зүрхний авиа тод жигд, артерын даралт 160/100 мм муб. Пульс 1 минутанд 92 удаа, хүчилтөрөгчийн хангамж 97%, зүүн нүд цус хуралттай, нүдний гадна талаар хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 дугаар хуудас/

 

2.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 тоот дүгнэлтэд

1. Г.Ганзоригийн биед тархи доргилт, хамрын нурууны зүүн дээд хэсэг, зүүн хөмсөгний 2/3 хэсэг хамарсан няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, дух, зүүн завьж, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун зүүн нүдний салстын цус хуралт, зүүн нүдний дотор дээд хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, баруун зүүн хацрын цус хуралт, хамрын таславчийн баруун тийш мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

2.7. Шинжээч Ж.Жаргалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 

Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ганзоригийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийж холбогдох бичиг баримттай нь танилцаж 49 тоот дүгнэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Үзлэгээр Ганзоригийн биед тархи доргилт хамтын нурууны зүүн дээд хэсэг, зүүн хөмсөгний 2/3-ны хэсэг няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи хамар дух зүүн дүдний завьж зүүн хацрын зөөлөн эдийн няцрал баруун зүүн нүдний салстын цус хуралт зүүн нүдний дотор дээд хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, баруун зүүн хацрын цус хуралт зүүн нүдний доод дээд хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, баруун зүүн хацрын цус хуралт, хамрын таславчийн баруун зүүн мурийлт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг 28 хүртэлх хоногоор сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дэх хэсэгт заасан гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

Хамраас цус гарах нь гэмтэл болон цусны бүлэгнүүлэх үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг. Ийм учраас 11 хоносон байхад хамарнаас цус гоожоод байгааг үлдэц хор уршиг гэж үзэх боломжгүй.

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өвчтөн илгээх хуудсанд: Үндсэн онош тархи доргилт, хамрын ясны далд хугарал гэж бичигдсэн байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн КТГ-ийн шинжилгээний хариунд хамрын ясны зүүн хажуу хананд хуучин хугаралттай гэж бичигдсэн байсан. Иймээс дүгнэлтэнд хуучин хугаралыг тусгаагүй болно гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүллэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэрч Д.Сэлэнгээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 

Манай аав Дамдинпүрэв нь 1962 онд төрсөн. Эхээс 11-үүлээ айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Бүрэн бус дунд боловсролтой. Бор-Өндөрийн уурхайд ажиллаж байгаад 1999 онд уурхайн аваарт орж группд орсон. Түүнээс хойш одоог хүртэл группд байдаг. Одоо хөдөө айлын мал маллаж амьдардаг. Тодорхой оршин суух хаяг, гэр орон байдаггүй  гэсэн /мэдүүлэг х.х-ийн 20 дугаар хуудас/

 

3.2. Гэрч М.Анхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 

Манай хадам аав эхнэр Сэлэнгээг бага байхад ээжээс нь салаад тусдаа амьдардаг байсан гэсэн. Би эдний хүргэн болоод 10 жил болж байна. Энэ хугацаанд хадам аавтайгаа хамт амьдарч байгаагүй. Аав манайхаар хааяа орж гарч байдаг. Одоо хөдөө айлын мал маллаж амьдардаг гэсэн мэдүүлэг х.х-ийн 21 дүгээр хуудас/

 

 3.3. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

 3.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49-50 дугаар хуудас/

 

 3.5. Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт / хх-ийн 67 дугаар хуудас/

 

 Шүүгдэгч П.Дамдинпүрэв нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 2-12 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Г.Ганзоригийн нүүр рүү шидэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан болох нь

хохирогч Г.Ганзоригийн ...Би түүнийг аваад аягалах нь дээ гэж бодоод сууж байтал над руу шилтэй архийг шууд шидсэн. Миний зүүн нүдний дээд хэсэг хөмсөг орчимд оносон бөгөөд тэр хэсгээс цус гоожсон... гэх мэдүүлэг /хх 12-15-р хуудас/,

гэрч М.Мөнхүүгийн ...Тэгснээ нөгөө архитай шилээ Ганзоригийн өөдөөс Дамдинпүрэв шидсэн бөгөөд Ганзориг тонгойгоод нүүрээ дараад өмнөө унасан байсан шилтэй архийг ширээн дээр авч тавихад л түүний нүүрнээс цус гоожсон... гэх мэдүүлэг /хх 16-17-р хуудас/,

 гэрч Л.Мөнхбат ...Тэгээд Дамдинпүрэв хойд орны урдаас босч ирээд ширээн дээр Ганзоригийн аягалж байсан архийг аваад буцаад суухаар нь аягалах гэж байгаа юм байх гэж бодтол Ганзоригийн өөдөөс нь ямар нэг юм хэлэлгүй шидээд нүүрэнд нь оночихсон... гэх мэдүүлэг /хх 18-19-р хуудас/,

гэрч Х.Баясгаланбаатарийн ...Гэнэт л Дамдинпүрэв Ганзориг руу юм шидэх шиг болсон. Юу шидсэнийг нь харахад ууж байсан архитай шил шидсэн байсан бөгөөд түүний нүүрэн хэсгээс цус гоожоод байсан. Яагаад архины шил шидсэнийг нь би мэдээгүй. Манайд ямар нэг хэрүүл маргаан болоогүй... гэх мэдүүлэг /хх 22-р хуудас/,

гэрч Д.Бүрэнцэцэгийн ...байрандаа суугаад архи аягалах гэж байна уу даа гэтэл Дамдинпүрэв нөгөө шилтэй архийг шууд Ганзориг руу шидээд нүүрэнд нь оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

гэрч Р.Энхтүвшингийн “...манай сумын Ганзориг гэдэг хүн согтуу архи үнэртүүлчихсэн, алчуураар нүүрээ дарчихсан, хамрын дээд хэсэг, дух, хөмсөг орчмоос цус гарчихсан цусаа дуслуулаад миний өрөөнд нэг танихгүй залуугийн хамт ороод ирсэн. Тэгэхээр нь би хүлээн авахын өрөөнд оруулаад нүүрэн дээрх алчуурыг нь аваад юу болсон талаар асуухад архи ууж сууж байгаад архины шилээр Дамдинпүрэв гэдэг хүнд цохиулчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /х.х-ийн 25 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дамдинпүрэвийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай, эргэлзээтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан буюу гэм буруугүй сэдэлтийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Мөн хуулийн 80.1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг бүрэн тодруулж тогтоогоогүй, энэ гэмт хэргийг догшин авирлаж танхайрсан гэж үзэхээсээ илүү хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг журамлаад шүүгдэгчид ашигтайгаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү... гэсэн тайлбар гаргаж байгаа ч энэ нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон дээр бичигдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

 

Харин шүүгдэгч П.Дамдинпүрэв нь хохирогч Г.Ганзоригт хандан чи мянгат малчин юм байж ганц юм өгч чадахгүй гэж түүний толгой руу архины шил шидэж хөнгөн гэмтэл учруулсан нь өөрөөр хэлбэл хохирогч Г.Ганзоригийн зүй бус ажиллагаа буюу шүүгдэгчийг доромжилсон, түүнтэй маргалдсан, зодолдсон зэрэг хувийн таарамжгүй харьцаа үүсгээгүй, өш хонзон, эр эмийн хардлага зэрэг тодорхой хувийн сэдэлт байхгүй, харин ч үл ялих зүйлийг шалтаг шалтгаан болгож архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч П.Дамдинпүрэв нь хохирогч Г.Ганзоригт 500,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохиролыг нөхөн төлсөн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүйгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Дамдинпүрэвийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

 

1. Шүүгдэгч Их монгол овогт Батнасангийн Дамдинпүрэвийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батнасангийн Дамдинпүрэвийг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дамдинпүрэвт оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Шүүгдэгч Б.Дамдинпүрэв нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дамдинпүрэвийн хорих ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дамдинпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

           ДАРГАЛАГЧ                              Т.ЭНХМАНДАХ

                    ШҮҮГЧИД                              Ш.ГАНДАНСҮРЭН  

                                                          Б.БАТТУЛГА