Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2076

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны  07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/02482  дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 49 624 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Хариуцагч Д.Б-,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь И.А-, И.О- нараас 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хятад Улсаас их хэмжээний долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, Монголд яаралтай данс нээж мөнгө байршуулах хэрэгтэй байна, мөнгө байвал зээлээч, 74 сая төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Нотариат дээр очиж гэрээ хийгээд бэлнээр авах гэтэл банк хаасан байна гээд 5063274927 тоот данс руу хийчих гэсэн тул И.О-ийн данснаас 6 000 000 төгрөгөөс илүү гарах боломжгүй байсан. Тохирсон хугацаа өнгөрч мөнгөө шаардтал мөнгө бүтэхээ болилоо, газар өгье гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамж 238 тоотод байрлах газрыг үзүүлсэн ба Д.Б- нь уг газрын өмчлөгч нараас итгэмжлэл авч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний татварт 1 800 000 төгрөгийг төлсөн. Д.Б- үнэ цэнэтэй газар бүтээж өглөө, та нар надад дахин 2 000 000 төгрөг өг гэхэд нь И.Тэгшээсүрэнгийн данснаас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 800 000 төгрөгөөр хоёр удаа, 100 000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн, бэлнээр 300 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг өгсөн. Ингээд гэрээгээ аваад Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт газраа шилжүүлж авах хүсэлт өгтөл н.Ганбаатар гэдэг хүн энэ газарт зээлийн үүрэг оногдуулсан байна гэсэн. Ингээд Д.Б- газрыг чөлөөлж өгнө гэж явсаар өдий хүрлээ. Иймд Д.Б-аас дансаар өгсөн 26 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу үндсэн зээлийн 26 000 000 төгрөгөөс алданги тооцон 13 000 000 төгрөг, нөхөр н.Б 3 жилийн хугацаатай 15 000 000 төгрөг, эхнэр И.А- 3 жилийн хугацаатай 12 жилийн цалингийн зээл тус тус авч И.О-ийг хохиролгүй болгосон. Эдгээр зээлийн хүү 5 554 000 төгрөг, мөн энэ асуудлыг хөөцөлдөж Улаанбаатар хотод 3 удаа ирэх зардалд 3 000 000 төгрөг, газар бүтээж өгсөний урамшуулал гэж авсан 2 000 000 төгрөг, цагдаагаар эрэн сурвалжлуулсны хөлс 70 200 төгрөг, нийт 49 624 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.О- гэх хүнийг огт танихгүй бөгөөд нэхэмжлэлд надтай гэрээ хэлцэл хийсэн мэтээр бичсэнийг ойлгохгүй байна. И.А-тэй тодорхой хэмжээний мөнгө төгрөгний яриа хийгдэж байсан гэдгийг би мэднэ, энд би зуучлагч хэлбэрээр оролцож байсан. Нэхэмжлэлд дурдсанаар би энэ нэхэмжлэлд огт хамааралгүй буюу харин гэрч болж чадах юм. Нэхэмжлэлд бичсэн 5063274927 гэсэн данс надад хэзээ ч байгаагүй бөгөөд одоо ч надад байхгүй. Аливаа гэрээ хэлцэл хоёр талын тохиролцоо хүсэл сонирхол дээр явагддаг бөгөөд тухайн үед миний мөнгө зуучилж авч өгсөн буюу 26 000 000 төгрөг авсан н.Догмид, н.Нарангэрэлээс авах авлагадаа газар авах болсон учир саналыг хэлэхэд нэхэмжлэгч зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдсэнээр миний ажил дууссан. Цаашид эдгээр нь н.Нарангэрэлтэй харьцах болсон. Гэрээний татварт 1 800 000 төгрөг хуулийн дагуу авах нь надтай ямар ч холбоогүй. Буруу татвар авсан бол надаас биш татварын газраас мөнгөө нэхэмжлэх байх. Мөн И.Тэгшээсүрэнгийн данснаас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 800 000 төгрөгөөр хоёр удаа, 100 000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн гэх мөнгө хэнд шилжүүлсэн нь тодорхой бус, надад ийм мөнгө хэзээ ч шилжүүлж байгаагүй буюу 300 000 төгрөг бэлнээр надад өгөөгүй, би аваагүй. Дансаар өгсөн 26 000 000 төгрөг зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу алданги 13 000 000 төгрөг гэж бичсэн байна. Нэхэмжлэгчтэй би хэзээ ч 26 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд ямар гэрээний алданги гэх мэт зүйл бичээд байгааг ойлгохгүй байна. И.А-, нөхөр н.Б нарын авсан цалингийн зээл надад огт хамаагүй. Улаанбаатар хотод ирэх 3 удаагийн зардалд 3 000 000 төгрөг гаргасан гэх нь бодит байдалтай үл нийцэх, үндэслэлгүй дүн юм. Цагдаагаар эрэн сурвалжлуулсны хөлс 70 200 төгрөг нэхэмжилсэн байх ба би оргон зайлж зугтаасан зүйл байхгүй. Нэхэмжлээд байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй дүн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл, нотолгоо байхгүй нэхэмжлэл гаргаж байгаа тул хариуцагч талаас тайлбар гаргахаас өөр нэхэмжлэлийг няцаасан нотлох баримт гаргаж өгөх боломжгүй, байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 29 293 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 331 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 304 415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.А-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх заалтыг зөрчсөн. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Б- нь И.А-ээс 26 000 000 төгрөг аваагүй бөгөөд зохигчийн гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар мөнгө шилжүүлсэн 5063274927 тоот данс нь н.Пагма гэсэн хүний данс байна. Д.Б- нь зөвхөн үйл баримтын гэрч бөгөөд хариуцагчийг зөв тодорхойлоогүй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зохигч нарын хооронд ямар ч 26 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 42, 43 дугаар зүйлүүдэд хэлцлийн хэлбэр, хэлцэл хийсэн гэж үзэх, 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар зохигч нарын байгуулсан 74 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээг байгуулсанд тооцохдоо 196.1.1-д гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр буюу гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 74 000 000 төгрөг шилжсэнээр гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэж шаардах эрх үүсэж байна гэж ойлгож байна.

Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтыг тайлбарласан атлаа зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д зааснаар алданги 130 000 төгрөг тооцох үндэстэй гэж үзсэн нь ямар гэрээний алданги тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн нөхөр О.Б, И.О- нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь дээрх хүмүүсийн хооронд үүссэн бие даасан, хариуцагчид ямар ч холбогдолгүй харилцаа бөгөөд хуулийн ямар заалт үндэслэж О.Бын зээлийн хүүд төлсөн 3 089 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрч н.Нарангэрэлтэй 67.4 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад дахин төлөвлөлтөнд орсон байр хэзээ ашиглалтанд орох, байраа хурдан авч зараад мөнгөө өг гээд одоо хүртэл нэхэж, шаардаад явж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 101/ШШ2018/02482 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч И.А- хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74 070 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 49 624 200 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 74 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “74 000 000 төгрөг зээлээгүй, харин зээлийн гэрээний дагуу бодитой шилжүүлсэн 26 000 000 төгрөгийг хохирлын хамт шаардаж байна.” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэлд дурдсан 26 000 000 төгрөгийг бусдад зээлдүүлэхэд зуучилсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд И.О-ийн Хаан банкин дахь 5024254678 тоот данснаас 5063274927 тоот дансанд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 6 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 30 дугаар тал/

 

Хариуцагч Д.Б- мөнгө хүлээн авсан 5063274927 тоот дансыг минийх биш гэж маргаж байх боловч уг дансны дугаарыг хариуцагч Д.Б- нэхэмжлэгчид өгсөн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон И.О-, И.Шагдарсүрэн нар нь мэдүүлсэн ба тэрээр гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна. /хэргийн 46-47, 84 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид 74 000 000 төгрөг бус 26 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт газар өгөхөөр тохирч нэхэмжлэгч нь Б.Нарангэрэлтэй газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учир одоо надаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан баримтаар талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон нь тогтоогдоогүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний төлбөрт тооцон газар өмчлөх эрхийг бодитоор шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь дүү И.О-ээс авч, хариуцагчид зээлүүлсэн 26 000 000 төгрөгийг буцаан төлөхийн тулд өөрийн нөхөр О.Баар цалингийн зээл авахуулж, түүний хүүд төлсөн 3 089 000 төгрөгийг төлсөн болон уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Ховд аймгийн Булган сумаас Улаанбаатар хотод ирсэн зардалд 74 000 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулга, нийтийн тээврийн зорчих тасалбараар тус тус тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцож хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь дээрх зээл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй цаг хугацаа зэрэгтэй тохирч байна. Хохиролд шаардсан бусад зардал нь баримтаар нотлогдоогүй тул хариуцагчаас гаргах үндэслэлгүй гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүх зохигчид алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нэг удаа тооцохоор гэрээгээр тохиролцсон гэж дүгнэж хариуцагчаас алданги 130 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Талуудын байгуулсан гэрээний 2.7-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/02482  дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “29 293 000” гэснийг “29 163 000” гэж, “20 331 200” гэснийг “20 461 200” гэж,

2 дахь заалтын “304 415” гэснийг “303 765” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмөөлөгч Н.Ганбатын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 304 415 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                 ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                             С.ЭНХТӨР