Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/414

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Энхтөр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Мөнхсүлдэд холбогдох эрүүгийн 2405000000338 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говь-******* аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг *******, ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Мөнхсүлд /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” нэртэй буудалд иргэн 925.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 11 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Эрдэнэсолонгод 925.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...Би 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр найзуудтайгаа хорооллын “Кровн” болон “Файр” нэртэй бааранд орсон. Тэгээд би тухайн бааранд байхдаа 2 лаазтай пиво уусан. Тэгээд 2 цагийн үед баарнаас гараад найзуудаасаа салаад явсан тэгээд би АТМ дотор өөрийн Урангоо гэх найзтайгаа найз залууг нь хүлээгээд зогсож байсан. Тэгтэл гаднаас нэг үл таних залуу орж ирээд хүргээд өгөх үү гэж хэлэхээр би эхэндээ яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд Урангоогийн найз залуу ирээд аваад явсан би ганцаараа үлдсэн болохоор тухайн залуугаар хүргүүлэх гээд машинд орж суусан ба тэр залуу хоёулаа явж байсан. Тэгээд хүүхдийн 100-д ажилладаг Даваасүрэн гэх найз дээрээ очиж уулзсан. Тэгээд найзыгаа аваад замаараа 8 лааз пиво, Сөжү болон идэх зүйл аваад буудал орж суухаар болсон. Тэгээд Өргөөгийн ард байрлах “Дөлгөөхөн” нэртэй буудлын 201 тоот өрөөнд 5 цагийн үед орсон. Тэгээд өрөөнд ороондоо хөзөр тоглоод сууж байгаад би хамгийн түрүүнд унтаад өгсөн. Нөгөө хэд тоглоод үлдсэн. Би буудалд байхдаа 1 пиво болон Сөжүнээс нэг аягыг уугаад унтсан. Тухайн үед би гар утсаа ширээн дээр гаргаад тавьсан. Тэгээд нэг сэрэхэд Анхбаяр миний хажууд унтаж байсан. Тэгээд Даваасүрэн хичээлдээ явах гээд гарахдаа намайг сэрээсэн, би ширээн дээр байсан гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Манай найз Даваасүрэн хэлэхдээ ширээн дээр гар утас болон гинж хоёр байхаар нь цүнхэнд гинжийг авч хийгээд гар утсыг ширээн дээр үлдээсэн гэж хэлсэн. Намайг өглөө сэрэхэд миний гар утас ширээн дээр байсан. Хичээлд явах цаг болоогүй байсан болохоор би буцаад унтаад өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Хохирогч :

“...Би цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд буцаад гар утсаа алдсан гэх буудал дээр Мөнхсүлд, Давка, Анхбаяр нарын хамтаар хяналтын камер шүүх зорилгоор очсон. Тэгээд бид 4 буудал дээр очоод хяналтын камер шүүх гэхэд Мөнхсүлд надад хандаад намайг уучлаарай би чамайг уйлахыг чинь хараад үнэнээ хэлэхээр боллоо гээд надад үнэнээ хэлсэн. Тэгээд миний гар утсыг унтаж байхад гаднаас нэг найзыгаа дуудаад өгсөн одоо надад байгаа чи харин цагдаад хэлээрэй гэж хэлсэн. Би чиний гар утсыг өгнө гэж хэлсэн. Тэгээд би нөгөө Мөнхсүлд гэх залуутай цагдаад худлаа хэлнэ гэж хэлээд манай найз Урангоо өглөө ирээд ширээн дээр байхаар нь аваад явчихсан байна гэж хэлэхээр болоод ирсэн. Харин би цагдаад худлаа хэлж чадахгүй юм байна. Мөнхсүлд гэх хүн өөрөө эхнэр хүүхэдтэй удахгүй гадаад явна чи надад нэг тусалчих гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Гэрч :

“...Би 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүүхдийн 100-д байрлах өөрийн ажил дээрээ байж байхад 4 цагийн үед найз Солонго чатаар залгаад намайг “уулзах уу” гэж асуусан. Тэгээд би манай ажил 05 цагт тарна гэж хэлэхэд найз нь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд намайг ажлаа тараад гартал үл таних хоёр залуугийн хамтаар манай ажлын гадаа ирсэн байсан. Тэгээд нөгөө хоёр залуутай танилцаад хамт суухаар болоод буудал орохоор болсон. Тэгээд өргөөгийн хойно байрлах “Дөлгөөхөн” нэртэй буудалд 210 тоот өрөөнд орсон. Тухайн үед цаг 06 цаг болж байсан. Буудалд орохдоо 8 лааз пиво, 1 шил Сөжү болон идэх юм аваад орсон. Би буудалд ороод нэг лааз пиво уугаад бид хэд хөзөр тоглоод юм яриад сууж байтал манай найз Солонго унтлаа гэж хэлээд унтсан. Тухайн үед Солонгын гар утас ширээн дээр байсан. Тэгээд удалгүй Анхбаяр Солонго найзын хажууд унтаад би Сүлдээ гэх залуутай хамт юм яриад сууж байсан цаг 09 цаг болоход хичээлдээ явах гээд гарах гээд Солонго найзыг сэрээгээд гарсан. Надтай цуг Сүлдээ гэх залуу гараад намайг автобусны буудал дөхүүлж өгсөн. Тэгээд Сүлдээ буцаад орсон. Тэгээд намайг талбай орох гээд явж байхад Солонго залгаад гар утас алга болчихсон байна хүрээд ир гэж хэлсэн. Намайг өрөөнөөс гарахад Анхбаяр гэх залуу сэрж байсан. Тэгээд намайг гарахаас өмнө Сүлдээ түрүүлээд гарсан араас нь гарахаасаа өмнө Солонго руу харахад гар утас нь байж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Гэрч :

“...Би 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад гэртээ байж байхад Солонго гэх танил дүү залгаад ярих юм байна гараад ир гэж хэлсэн. Тэгээд гараад очтол манай дүүгийн гар утсыг танилцсан залуу болох Сүлдээ гэх хүн хулгайлж авчхаад гаргаж өгсөн байсан. Тэгээд надад хэлэхдээ цагдаад Солонгын гар утсыг Урангоо гэх эгч нь өглөө буудалд ирээд ширээн дээр ил байхаар нь алга болчих байх гээд авчихсан юм, сая цэнэглээд холбоо барьсан гэж хэлсэн байгаа. Чи цагдаа дээр очоод тэгж хэлээд өг би 4 дүгээр сард виз мэдүүлнэ гадагшаа явна надад нэг удаа тусалчих гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа цагдаа дээр очихдоо үгээ нийлүүлээд, чамайг цагдаа дээр тэгээд хэлчих юм бол цагдаа итгээд зүгээр явуулчихна гэж хэлсэн. Тэгээд надад тийм асуудал байхгүй болохоор би Солонго гэх дүүдээ уулзаад цагдаа дээр очоод үнэнээ хэлж тэгж хэлж болохгүй гэж хэлсэн. Солонгыг би буудалд хоносон гэдгийг би өдөр надад хэлэхэд нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч :

“...Би 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад манай танил Мөнхсүлд гэх хүн гар утсаараа залгаад зүгээр байхаар шөнө хотоор таксинд явъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 орой 23 цагийн үед уулзаад хотоор таксинд явсан. Тэгээд Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хs баарны гадаа шөнийн 03 цагийн үед ирээд зогссон. Тэгээд баарны гадаа байрлах АТМ дотор 2 охин зогсож байсан. Тэгээд тэр хоёр охиныг такси авах гээд хүлээж байна гэж бодоод такси авах уу гэж би асуусан. Тэгтэл нөгөө хоёр охины нэг нь найзыгаа хүлээж байна гэж хэлсэн, харин нөгөө охин такси барьж гэртээ харина гэж хэлсэн. Тэгээд нөгөө охинтой танилцаад өөрийгөө Солонго гэж хэлсэн. Тэгээд Солонготой хамт байсан охины найз залуу нь ирээд аваад явсан Солонго ганцаараа үлдээд бид хоёртой явахаар болсон. Тэгээд хүүхдийн 100-н тэнд нэг найз нь ажил дээрээ байгаа очиж авна гээд бид хоёроор хүргүүлсэн. Тэгээд найзынх нь ажил дээр ирээд тэндээсээ 5 цагийн үед хөдлөөд бид 4 танилцаад буудалд юм ярьж суухаар болоод Өргөөгийн хойно байрлах нэг буудал руу 4-үүлээ орсон. Тэгээд Мөнхсүлд ах дэлгүүрээс хэдэн пиво бас идэж уух юм аваад буудал руу орсон. Би дөрөв буудал руу ороод хөзөр тоглоод цаг нэлээн орой болсон бараг үүр цайж байсан болохоор Солонго бид 2 ядраад нэг орон дээр унтаад өгсөн. Мөнхсүлд Солонгын найзтай юм яриад үлдсэн. Тэгээд намайг өглөө унтаж байхад Мөнхсүлд ах сэрээгээд миний гар утсыг машинд оруулаад хийчих гээд өөрийнхөө гар утсыг өгөхөөр нь би нойрондоо аваад машинд хийсэн. Би гар утсыг нь машинд оруулаад голын арааны хэсгийн доор байрлах тавиур дээр тавьсан. Тэгээд би буцаад буудал руугаа орсон. Тэгээд надтай цуг унтаж байсан Солонго гэх охин сэрээд миний гар утас алга болчихсон байна гээд хайгаад байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг унтаж байхад сэрээгээд нэг гар утас өгсөн би тухайн үед их нойрмог байсан. Мөнхсүлд надад өглөө цагдаад дуудлага өгөх үед хэлээгүй, харин цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд буцаж “Дөлгөөхөн” нэртэй буудал дээрээ очиход хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БГ2- 24-481 дугаартай “...Айфоне 11 про маркийн гар утсыг 925.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-42 дахь тал/,

Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-50 дахь тал/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч П.Эрдэнэсолонгод 925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” нэртэй буудалд иргэн 925.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 11 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Эрдэнэсолонгод 925.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Эрдэнэсолонго, гэрч С.Даваасүрэн, Ц.Урангоо, Б.Анхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БГ2- 24-481 дугаартай дүгнэлт, дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Эрдэнэсолонгод 925.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид “Айфоне 11 про” загварын гар утсыг биет байдлаар буцааж өгсөн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000000338 тоот дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Мөнхсүлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ