Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/438

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2405000000418 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн ******* , ******* байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6-р ны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдаан төвийн зогсоолд байрлуулсан байсан иргэн эзэмшлийн УНЯ улсын дугаартай ”Nissan note” загварын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд крыло, багажийн хаалга, зүүн урд крыло, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн хойд кырло, капод зэргийг “Е-4 зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах гэж байхад тээврийн хэрэгслээ байршуулсан байна” гэх шалтгаанаар дээрх эд ангийг зурж гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 1.255.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Хохирол төлбөрөө нэхэмжилж байна. Хохирол төлсөн тохиолдолд гомдол, саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...нэг үл таних приус тээврийн хэрэгслийн эмэгтэй жолооч хүрч ирээд Е-4 зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах гэж байхад тээврийн хэрэгслээ байршуулах гэж байсан яагаад чи байршуулчив гэж хэлсэн. Үүний дараа тухайн хүнтэй маргалдаж хэсэг хугацааны дараа тухайн эмэгтэй явсан бөгөөд би 2 хүүхдээ аваад И-март худалдааны төвийн 3 давхарт байрлах тоглоомын төв рүү орж тоглуулсан. Тэгээд 20 цагийн орчимд тухайн тоглоомын төвөөс би 2 хүүхдээ авч В-1 давхарт байрлуулсан тээврийн хэрэгсэл дээрээ иртэл 2 толийг нь дэлгэсэн, хаалганы будаг халцартал зурсан байсан. Би надтай маргалдсан 37-68 УБТ улсын дугаартай тоёота приус-20 загварын бор шаргал өнгөтэй тээврийн хэрэгслийн эзэмшигчийг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Гэрч :

“...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй, би эзэмшигч нь гэж байгаа боловч би 37-68 УБТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг одоо ашиглахаа больж өөр хүнд зарсан байгаа. Тухайн хүн надаас тээврийн хэрэгслээ бол шилжүүлж аваагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-22, 29-33 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 23-28 дахь тал/,

“Дамно” Хөрөнгө үнэлгээний газрын БГ2-24-542 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35-42 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6-р ны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдаан төвийн зогсоолд байрлуулсан байсан иргэн эзэмшлийн УНЯ улсын дугаартай ”Nissan note” загварын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд крыло, багажийн хаалга, зүүн урд крыло, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн хойд кырло, капод зэргийг “Е-4 зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах гэж байхад тээврийн хэрэгслээ байршуулсан байна” гэх шалтгаанаар дээрх эд ангийг зурж гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 1.255.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээсэн болох нь хохирогч *******, гэрч Ж.Саруултуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, “Дамно” Хөрөнгө үнэлгээний газрын БГ2-24-542 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн гар утсыг гэмтээж 1.255.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д 1.255.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1.255.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь “хохирол төлбөр төлөх завсарлага авах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлуулсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч ******* нь хохирогч *******д 1.255.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000000418 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ