Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 49

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******баатарт холбогдох эрүүгийн 201711000015 дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1976 оны 08 сарын 09-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Жаргалант” гэх газар оршин суух, хувиараа мал малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 07 сарын 14-ний өдрийн 103 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 сарын 22-ны өдрийн 68 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан хэргийг Монгол Улсын 2009 оны 7 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******баатар.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан цэргийн хоолой” гэх газраас хохирогч *******гийн 780 ширхэг өвсийг УНУ улсын дугаартай Хүйндай маркийн, УНЕ улсын дугаартай Хүйндай маркийн автомашинуудыг ашиглан хулгайлж, 4290000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ******* гэх хүнээс адууны авлагатай байсан юм. Тэгээд адуугаа өгөхгүй болохоор нь түүний хадсан өвснөөс нь авсан юм. Өвсийг нь авсан хойноо хэлнэ дээ гэж бодож байсан. Гэтэл өөр хүний хадсан өвс авсан байсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “… 19 дүгээр талбайгаас Дорнод аймаг ордог зам руу мөр нь ороод алга болчихсон учраас Улаанбаатар хотод байдаг ах ******* манай өвс ачсан хоёр машин явж магадгүй зам дээр хараад байж бай гэж хэлсэн чинь Налайх дүүрэг дээр нэг машинтай таарсан юм байна лээ. Жолоочоос нь манай өвс байна хаанаас ачсан юм бэ гэхэд та өвсөө таньж байгаа бол мөн байлгүй дээ, ******* гэдэг хүн бид нарыг хөлсөлж ачуулсан, араас 1 машинтай өвс ирж байгаа гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 32-34/

            Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Налайх дүүргийн замын постын камерыг шүүлгээд зогсож байсан чинь өвс ачсан машин ирсэн. Тэгээд араас нь дагаж яваад цагдаагийн пост дээр зогсоож шалгуулсан чинь манай алдсан өвснүүд байсан бөгөөд цэнхэр өнгийн уяатай байсан болохоор таньсан. …Тэр жолооч надад ярихдаа хүний тээвэрт явсан *******э гэдэг хүн ачуулсан юм гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 36-37/

            Д.*******- мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…Дорнод аймагт 12 сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд орж ирээд *******баатар ахтай гар утсаар ярьсан чинь “гэрээс одоо гарч байна. Колонкийн хажуу талд байж бай” гэж хэлсэн юм. Тэгээд *******баатар ахтай уулзаж дүү нь хашаанд хоёр машинаа тавиад захын баруун талд байдаг Баян гэдэг нэг давхар буудалд орсон юм. Ингээд 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 10-11 цагийн орчимд Дорнод аймгийн төвөөс өвс байгаа газар руу *******баатар, нарын хамтаар өөрсдийнхөө машинтай явсан юм. *******баатар ах миний машинд сууж зам зааж явсан бөгөөд өвс авах газраа 15-16 цагийн орчимд очсон. Тэнд нуруулдсан өндөр өвс байсан учраас машинаа зэрэгцүүлж тавьж байгаад ачаан дээр нь ачсан юм. Нийт 700 гаруй боодол өвс ачаад Дорнод аймаг руу явсан… намайг Хэнтий аймагт явж байхад миний гар утас руу залгаад “Энэ өвс чинь хулгайн өвс гэж байна. Нэг хүн ирчихээд манай энэ өвсийг зардаггүй. Мяндас нь ногоон өнгийн мяндастай” гэж хэлээд байсан учраас *******баатар ахыг гэдэг хүнтэй учрыг нь гаргаж яриулсан боловч цагдаад өгсөн байсан” гэжээ. /хх-ийн 59-60/

            Б. мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 12 сарын 12-ны өдрийн орчимд *******- миний гар утас руу залгаад “Манай хуурай ах Дорнод аймгаас өвс татаад өгчих гэсэн юм. Хоёулаа хамт яваад ирье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр өөр өөрсдийн машинтай 2016 оны 12 сарын 10-ны орчим Дорнод аймаг руу гарсан. Дорнод аймагт ирээд *******баатар гэдэг ахтай уулзаад нэрийг нь мэдэхгүй буудалд *******баатар, *******-ын хамтаар 1 хоносон юм. Тэгээд өглөө нь өвс авах газар руугаа явж нар жаргахын өмнө нуруулдсан өвсний хажуу талд машинаа зогсоогоод ачсан юм. Нийт 700 өвсийг бид хоёрын машинд ачаад Дорнод аймаг руу явсан… Дорнод аймагт ирээд *******баатар ахыг буулгаад шууд Улаанбаатар хот руу явсан. …Налайх дүүргийн постон дээр зогсож байхад гэдэг ах “Чиний ачиж яваа өвс манай өвс байна” гэж хэлээд цагдаа руу дагуулаад явсан. Би *******-той гар утсаар “Ачиж явсан өвсийг чинь хулгайн өвс гэж хэлээд саатуулагдчихлаа” гэхэд “Би *******баатар ах руу яръя” гэж хэлээд гар утас нь холбогдохгүй болсон. Маргааш өглөө нь *******- ирсэн” гэжээ. /хх-ийн 62-63/

- Хохирогч *******гийн өргөдөл, тайлбар /хх-ийн 2, 5/

- *******аас авсан тайлбар /хх-ийн 7-8/

  - Б.аас авсан тайлбар /хх-ийн 9/

   - Д.*******-оос авсан тайлбар /хх-ийн 10/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35/

- Хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26-30/

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31/

- Хохирогч *******г байцаасан тэмдэглэл /хх-ийн 33-34/

- Гэрч *******г байцаасан тэмдэглэл /хх-ийн 36-37/

   - *******ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 56-57/

- Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 44-45/

- Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 46-47/ болон тухайн  хэрэгт  хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь  2016 оны 12 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан цэргийн хоолой” гэх газраас хохирогч *******гийн 780 ширхэг боодолтой өвсийг УНУ улсын дугаартай Хүйндай маркийн, УНЕ улсын дугаартай Хүйндай маркийн автомашинуудыг ашиглан хулгайлж, бусдад 4290000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эдгээрийг давхар нотолсон гэрч *******гийн мэдүүлэг, Б., Д.*******- нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан болон буцааж өгсөн тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийг   Прокурорын   газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

     Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал үгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “…Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хулгайлсан эд зүйлээ өмчлөлийн Д.*******-ын жолоодож явсан Хүйндэй Трак маркийн УБЕ улсын дугаартай, Б.Энхзулын өмчлөлийн Б.ы жолоодож явсан Хүйндэй 8Тон  маркийн УБУ улсын дугаартай машинуудаар зөөж тээвэрлэсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Д.*******-, Б. нарыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иймд Д.*******-ын жолоодож явсан 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр үнэлэгдсэн Hyundai УБЕ маркийн, Б.ы жолоодож явсан 6000000 /зургаан сая/ төгрөгөөр үнэлэгдсэн Hyundai УНУ маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэ болох нийт 10000000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн эзэмшлээс их гарын цагаан шүрэн хөөрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээвэл зохино.

Прокурорын шатанд сэжигтэн Д.*******-, Б. нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо дээрх машинуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******баатарыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгийг хураахгүйгээр,  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай

5.Ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, баримт бичгээр ирүүлсэн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан *******аас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машинуудын үнийн дүнтэй тэнцэх буюу 10000000 /арван сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

8.Ялтан *******ын эзэмшлээс их гарын цагаан шүрэн хөөрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2017 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ж.ДОЛГОРМАА