Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 109/ШШ2021/0001

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2021/0001

    

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.А, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Б.Э-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 19 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-гийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Б.Э миний бие аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 19 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-гийн нэр дэвшин өрсөлдсөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учраас татгалзлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Гэхдээ татгалзаж буй үндэслэлд дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Б.Э-с Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 19 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-гийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-2, 9-10/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон байна.

            Улмаар Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Аймгийн сонгуулийн хороо байгуулах тухай” 35 дугаар тогтоолоор аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталжээ. /х.х.-н 33-34/

            Архангай аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит бус хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг батлах тухай” 14 дүгээр тогтоолоор Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсны 39 дүгээрт Б овогтой Э-г Архангай аймгийн Э сумын 25 дугаар тойрогт нэр дэвшүүлжээ. /х.х-н 76-77/

            Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит зургадугаар хурлын “Монгол Ардын намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолоор 2020 оны Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг авсан санал, хувиар эрэмбэлэн хавсралтаар баталсны 39 дүгээрт Б овогтой Б-г Архангай аймгийн Э сумын 25 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн байна. /х.х-н 94-95/

            Мөн нэр дэвшигч Б.Э, Б.Б нар нь сонгуульд нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж, аймгийн сонгуулийн хороонд хүргүүлжээ. /х.х.-н 76-109/

            Улмаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль явагдаж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б 417 санал буюу 48.60 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Э 402 санал буюу 46.85 хувийн санал авсан байна. /х.х-н 110-112/

            Ийнхүү Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 19 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд хамгийн олон санал авсан хавсралтад дурдагдсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсоны 39 дүгээрт Б-ын Б 25 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч 417 хүний саналаар хамгийн олон санал авч Төлөөлөгчөөр сонгогджээ. /х.х-н 7-8/

            Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... нэр дэвшигч Б.Б нь Архангай аймгийн Э сумын сонгогчдын саналыг татах зорилгоор нэр бүхий иргэнд архи өгсөн, архи тараасан, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 7 дугаар багийн нэр бүхий иргэдэд биднийг багаар нь дэмжээрэй хэмээн мөнгө тараасан ...” гэж дурдаад нэр дэвшигч нь сонгуулийн үеэр хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэн шүүхэд маргаан үүсгэжээ.

            Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг. Иймд шүүх маргаан бүхий 19 дүгээр тогтоол, түүний үндэслэлийг хянан шийдвэрлэх зохицуулалттай байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэр дэвшигч Б.Б нь Архангай аймгийн Э сумын сонгогчдын саналыг татах зорилгоор нэр бүхий иргэнд архи, мөнгө тараасан гэх асуудлыг харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгаж, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, хошууч Л.Б 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргажээ. /х.х.-н 196/

            Улмаар Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай”  263 дугаар тогтоолоор Архангай аймгийн Ардчилсан намын дарга Д.З-с гаргасан “Архангай аймгийн 2020 оын аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Монгол Ардын намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Б.Б, ... бэлэн мөнгө тараасан гэх” 303 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлт нээхээс татгалзсугай гэжээ. /х.х.-н 197/

            Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.Э-г Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 19 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б-гийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1., 81 дүгээр зүйлийн 81.3. дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э нь Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 19 дугаартай тогтоолын хавсралтын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Бгийн нэр дэвшиж өрсөлдсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Б.Э-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА