Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2021/00431

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2021/00431

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг тоотод оршин суух,  У.Ш-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг овооотын  тоотод оршин суух, Б.Э-т холбогдох,

 

176.048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Ш, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э Яргуйт баг Овоотын 16-62 тоот хашаа байшинг худалдан авсан боловч уг байшин нь дээвэр дулаалгагүй, ус ордог, вакум цонх битүүмж байхгүй, хөлөрдөг, гэрэлнүүд нь асдаггүй дулаанаа маш хурдан алддаг, өвөл амьдрах боломжгүй. 2018 оны 08 сараас 2019 оны 07 сарыг дуустал цахилгааны төлбөр хийгдээгүйн улмаас нэхэгдэж байгаа тул уг төлбөр 166.048 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, 5 удаагийн унааны мөнгө 10.000 төгрөг нийт 176.048 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны зун Яргуйт баг овоотын 12-62 тоот хашаа байшингаа Б гэдэг хүнд зарсан. Бид хоорондоо төлбөр мөнгөө тохиролцоод үлдэгдэл мөнгөө авах байсан тул шилжүүлэг хийгдээгүй, тооцоогоо дуусгаад шилжүүлнэ гэсэн тохиролцоо хийсэн. Тэр үедээ би сүүлийн энэ сарын тогны мөнгө бичилт хийгдээгүй байгаа, одоо бичилт хийх байх гээд бэлнээр 30.000 төгрөг өгсөн. Иргэн Б ярьсан тохирсон хугацаа болсон тул утсаар ярьж үлдэгдэл мөнгөө нэхтэл мөнгө бүтэхгүй байна, хүнээс авах ёстой мөнгө байгаа, өгөхгүй байна гэсэн тайлбар тавьсан. Хэсэг хугацааны дараа дахин ярьж мөнгөө нэхтэл түүний эхнэр Ба нь харин мөнгө бүтэхгүй байна, болохгүй бол бид 2 хашаа байшингаа зар тавьж зараад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Нилээн хэсэг хугацааны дараа тэд хашаа байшингаа зарахаар болж Б, Ба, Ш нар надтай ирж уулзаад Ш гуай хашаа байшинг зээлээр авах гээд банктай уулзлаа, өөрийн чинь данс руу мөнгө орох юм байна. Банктай очиж гэрээ хийгээд чи үлдэгдлээ авч үлдсэн мөнгийг над руу шилжүүлнэ гэж тохиролцсон. Мөнгө төгрөгөө авч өгч хашаа байшингийн гэрчилгээг шууд Ш гуайд шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Ш гуай надруу ярьж цахилгааны төлбөр тооцоо байна гэхээр нь Б эхнэр Б дугаарыг өгсөн. Ш гуай дараа дахин залгаж энэ хүн чинь ярина энэ тэр гэчихээд ярихгүй байна, утсаа авахгүй байна гэхээр нь би эхнэр Ба рүү залгаж хэлэхэд харин тиймээ, манайх тогны мөнгө төлөөгүй байж байгаад бөөнд нь төлсөн юм гэж ярьсан. Уул нь Ш гуайд ярьж хэлсэн, болохгүй бол төлбөр мөнгөө шилжүүлээд баримтаа үзүүлнэ гэж ярьсан юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Ш нь хариуцагч Б.Э холбогдуулан 176.048 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ЭУД ТС ХК-ийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн хэрэглэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй гэх баримтаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Овоотын 16-62 тоот хэрэглэгчийн 2018 оны 08 сараас 2019 оны 07 сар хүртэл хугацааны төлбөрийн үлдэгдэл 166049.2 төгрөг байгаа болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч У.Ш нь хариуцагч Б.Э 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Овоотын 16-62 тоот 94 м.кв талбайтай хувийн сууцийг 23.000.000 төгрөгөөр худалдан авсан байх ба худалдан авахаас өмнөх хугацааны цахилгаан, хогны төлбөр, алдангид 166049,2 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 3, 5-р тал/

 

Харин нэхэмжлэгч У.Ш нь хариуцагчаас шүүхэд ирж буцсан 5 удаагийн унааны мөнгө 10.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсний төлөө гарсан зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Э Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Овоотын 16-62 тоотын цахилгаан, хогны төлбөр, алданги 166.048 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Ш олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5930 /таван мянга есөн зуун гуч/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Э 5631 /таван мянга зургаан зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Шүрхүүд олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн ......................заасныг баримтлан хариуцагч Б.Э 166.048 /нэг зуун жаран зургаан мянга дөчин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Ш олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5930 /таван мянга есөн зуун гуч/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Э 5631 /таван мянга зургаан зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Ш олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ