Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: А.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001510291 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Харчин овогт Алагийн Алтанхуяг, регистрийн дугаар:ВР89071414

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч А.Алтанхуяг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Алтанхуяг нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө Тоёота виросса маркийн маркийн 02-84 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “А.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” , мөн дүрмийн 18.1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. А.Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 14-90 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн жолоодож явсан 02-84 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ч.Гомбодоржийн биед зүүн талд 2,3 дугаар хавиргануудын хугарал, шуу, богтос ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн орой, тархины эдэд цус харвалт, тархины няцрал, тархины баруун дэлбэнгийн духанд аалзан хальсан доорж цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзүүлэлтүүд /хх-ийн 6-10, 11-13/, хохирогч Ч.Гомбодоржийн мэдүүлэг /хх-ийн 17/, иргэний нэхэмжлэгч Г.Отгонзаяагийн мэдүүлэг / хх-ийн 20-21, 25-26/ иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мэдүүлэг / хх-ийн 32-33/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-53/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/, согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 124-125/, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 28-гы өдрийн 23/05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-94/,  Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 316 дугаартай дүгнэлт /хх-ийн 107-110/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.Алтанхуяг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Алтанхуяг нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Гомбодоржид  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Отгонзаяад 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ч.Гомбодоржид нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1.892.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба шүүгдэгч А.Алтанхуягаас 1.892.000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтанхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Алтанхуягт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх төрлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

 Иймд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч А.Алтанхуяг нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

 Иймд шүүгдэгч А.Алтанхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч А.Алтанхуягт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Алтанхуяг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч А.Алтанхуягт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж,

Шүүгдэгч А.Алтанхуягт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацгаагаар тэссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Алтанхуягийн № 488659 дугаартай жолооны үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч А.Алтанхуягт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч А.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн № 10 дугаар магадлалд шүүгдэгч А.Алтанхуягт холбогдох хэргийг анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн мөртлөө шүүгчийн захирамжид шүүгдэгч, яллагдагч гэх зэргээр бичсэн дурдах нь зүйтэй гэж дүгнэж бичжээ.

 Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №13 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч А.Алтанхуягийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд прокуророос хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах хуулийн зохицуулалт байхгүй ба яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэрээ хуульчилсан юм.

Прокуророос яллагдагч А.Алтанхуягт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т заасан ...энэ зүйлийн 4 дэх хэсэгт нөхцөл байдлын аль нэг  хангагдаагүй.. гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Алтанхуягт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба яллагдагч А.Алтанхуягийг шүүхэд шилжүүлснээр шүүгдэгч гэсэн хуулийн нэр томъёоны тодорхойлолтоор шүүх хуралдаанд оролцох бөгөөд шүүгчээс хэргийн оролцогчийн буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолтод бичигдсэнээр шүүгдэгчээр гэж  бичсэн болно.   

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Харчин овогт Алагийн Алтанхуягийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Алтанхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч  А.Алтанхуягт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.Алтанхуяг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч А.Алтанхуягт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Алтанхуягт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацгаагаар тэссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч А.Алтанхуягт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Алтанхуягийн 488659 дугаартай жолооны үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч А.Алтанхуягаас 1.892.000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

10.Шүүгдэгч А.Алтанхуяг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай

11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтанхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА