| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 101/2021/02091/и |
| Дугаар | 142/ШШ2021/00748 |
| Огноо | 2021-08-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2021/00748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д овогт, Т М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А овогт, Ц Н-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.М, хариуцагч Ц.Н нар /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.М миний бие нь 2009 онд танилцаж 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Энгүүн, 2017 оны 05 дугаар сарын 22-нд охин Н.Нандин-Эрдэнэ нар төрсөн. 2019 оноос хойш нөхөр болох Н нь гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон ба одоо цаашид хамт амьдрах боломжгүй болж 2019 оноос хойш хүү, охин 2 миний асрамжинд өсч торнисон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү Энгүүн охин Нандин-Эрдэнэ нарыг миний асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Надад одоогоор гаргах тайлбар байхгүй байна. Т.Мын гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг дэмжиж байгаа. Хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр бид хоёр тохиролцоод эд хөрөнгийн маргаан хийхгүйгээр хоёр хүүхдэдээ эд хөрөнгөө үлдээе гэсэн байгаа. Би хоёр хүүхдээ цаашид харж хандаад явна. Одоо ч харж хандсаар яваа. Сар гаруйн өмнө охиноо аваад хөдөөгөөр явж байгаад ирсэн. 2, 3 хоногийн өмнө ээжид нь хүргэж өгсөн. Цаашид эвлэрэх боломж байхгүй. Тиймээс гэрлэлтээ цуцлуулах саналтай байна” гэжээ.
Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:”Ц.Н тус шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тайлбар гаргахдаа 8х8 харьцаатай байшин, хашаа, приус 20 маркын автомашин, 5 ханатай бүрэн тавилгатай цоохор гэр, нийт 58 500 000 төгрөгийн хөрөнгийг гаргуулна гэж тайлбар гаргасан боловч бид нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохирч дээрхи хөрөнгийг Ц.Н 2 хүүхэддээ өгч, Т.М хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр зөвхөн гэрлэтээ цуцлуулж, хүүхдүүдийнхээ асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М хариуцагч Ц.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Э, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Н нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж, сурч байгаа нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн мэдээллийн баримт, хүүхдүүдийн Г-1395, Г-4233 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, 88 дугаар сургуулийн тодорхойлолт, хорооны засаг даргын 904 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, 2 жил тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүү Н.Э, охин Н.Н нарыг өөрийн асрамжинд үлдээнэ гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, хүүхдүүд одоо эхийн асрамжид байж, Улаанбаатар хотод суралцаж байгаа нөхцөл байдал, хүүхдүүдийн саналыг харгалзан үзэж Н.Э, Н.Н нарыг эх Т.Мын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Э, Н.Н нарт эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Н Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Булгачины 05-85 тоотод байрлах 8х8 харьцаатай байшин, хашаа, приус 20 маркын автомашин, 5 ханатай бүрэн тавилгатай цоохор гэр зэрэг эд хөрөнгийг хүү Н.Э, охин Н.Н нарын өмчлөлд үлдээж, дээрхи тохиролцооноос хамаарч нэхэмжлэгч хүүхдүүддээ эцгээс нь тэтэгэлэг гаргуулах шаардлагаас татгалзаж, зохигчид эвлэрсэн болно.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.М, хариуцагч Ц.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Э, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Н нарыг эх Т.Мын асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М хариуцагч Ц.Наас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч Ц.Н Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Булгачины 05-85 тоотод байрлах 8х8 харьцаатай байшин, хашаа, приус 20 маркын автомашин, 5 ханатай бүрэн тавилгатай цоохор гэр зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Т.М болон хүү Н.Э, охин Н.Н нарын өмчлөлд үлдээхээр зохигчид эвлэрснийг баталж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Булгачины 05-85 тоотод байрлах 8х8 харьцаатай байшин, хашаа, приус 20 маркын автомашины өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Т.М болон хүү Н.Э, охин Н.Н нарын нэр дээр гаргаж өгөхийг холбогдох Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.О даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА