Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 0015

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Г.Т

Шүүгдэгч                                                       Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Я.Э

Хохирогч                                                       Б.М

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой, Г.А-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э, хохирогч Б.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н А.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гаас 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Л-д олгож,

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.3, 63.1.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн 15 настай охин М.А, 9 настай хүү М.Г болон хөгжлийн бэрхшээлтэй нөхөр Ц.М нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Орхон аймгийн засаг даргад даалгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа ба гэм буруугийн байдалд маргадаггүй. Гэвч шүүгдэгчийн хувийн байдал /нөхөр хэвтэрийн хүнд өвчтэй, сургуулийн насны 2 хүүхэдтэй/, мөн жирэмсэн... зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй.

Хохирогч Б.М-ийн хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн хохирогч Г.Л-н хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзсангүй.

Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагддаг байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буйг мөн хохирлыг төлсөөр байгааг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байтал хорих ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн тогтоолд дурьдсанаар учирсан хохирлыг зохих хэмжээгээр төлсөн гэсэн атлаа үлдсэн хохирлыг хэрхэн төлөх нь тодорхойгүй энэ талаар үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй гэсэн нь нэг талыг баримталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж буйг нь шүүх анхаарч үзсэнгүй.

Одоогоор хохирогч Г.Л-н хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Г.Л нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, ял шийтгэлийн хувьд санал хүсэлтгүй, хөнгөн шийтгэл оногдуулахад татгалзахгүй гэсэн хохирогчийн байр суурийг харгалзан үзэж, мөн шүүгдэгч Г.А-гийн жирэмсэн болон түүний эрүүл мэндийн байдал, нөхөр нь хүнд өвчтэй, сургуулийн насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг амьдралынх нь хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж ялыг хойшлуулж тус шийтгэх тогтоод өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Г.Л хохирлын баримтандаа:

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хохирогч Г овогтой Л миний бие шүүгдэгч Г.А-гаас хохирлын мөнгө болох 6.000.000/зургаан сая төгрөг/ хүлээн авсан нь үнэн болно.

Г.А-гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирол бүрэн төлөгдсөн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Г.А-гийн хувийн байдал болон /нөхөр нь биеийн байдал хүнд, хэвтэрийн байдал/, жирэмсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Хохирогч Б.М давж заалдах гомдолдоо:

Г.А-д холбогдох хэргийн хохирогч Б.М миний бие анхан шатны шүүхээр хохирол 6.000.000 сая төгрөгийг гаргуулж авсан.

Г.А нь хүү 0%, алданги 0,5% тооцно гэж өөрийн гараар бичиж гэрээ байгуулсан. Б.М миний бие одоо 3.000.000 сая төгрөгийн алдангийг Г.А-гаар төлүүлж барагдуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

              Шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э, хохирогч Б.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зкүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

              Шүүгдэгч Г.А нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон амйгийн Баян-Өндөр суманд оршин суудаг Б.М-ээс дүү Б.Н-г нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т жолоочоор ажилд оруулж өгнө гэж хуурч 6 000 000 төгрөг

 

              2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Г.Л-г Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч 6 000 000 төгрөгийг тус тус авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Шүүгдэгч Д.А төрийн өмчит үйлдвэрийн газарт хохирогч Б.Н, Г.Л нарыг  бодит байдлыг гуйвуулан хууль бусаар эрх бүхий албан тушаалтанд нөлөөлж ажилд оруулж өгнө гэж бусдад итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар мөнгө авч хохироосон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд хаана яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.А гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа эсэх талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хэргийг зөв зүйлчилж, тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулж шийдвэрлэжээ.

 

              Шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Я.Э ... шүүгдэгчийн ар гэрийн ахуй амьдралын байдал, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж уг ялыг хойшлуулж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...жирэмсэн эмэгтэйд... хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар хуульчилсан байдаг.

 

              Харин шүүгдэгч Г.А жирэмсэн болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа боловч Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, мөн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй байна.

 

              Хохирогч Б.М шүүгдэгч Г.А-гаас 3 000 000 төгрөгийн алданги гаргуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

              Шүүгдэгч Г.А нь хохирогч Б.М-т учруулсан 6 000 000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол гарахаас өмнө төлсөн ба хохирогч Г.Л-д учруулсан 6 000 000 төгрөгийн хохирлыг хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байхад төлж барагдуулжээ.

 

              Хохирогч Б.М-т шүүгдэгч Г.А шууд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх ба энэ хохирлыг учруулсны улмаас үүссэн хор уршгийг нотолсон өөрөөр хэлбэл 3 000 000 төгрөгийн алдангийг ямар учраас нэхэмжлэх болсон тухай нотлох баримт эрүүгийн хэрэгт авагдаагүй байна.

 

              Шүүгдэгчийн залилах гэмт хэргээ халхавчлах зорилгоор байгуулсан зээлийн гэрээнд зааснаар эрүүгийн хэргийн хохирлыг гаргуулах боломжгүй тул хор уршиг учирсан гэж хохирогч үзэж байгаа бол  нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

              Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э, хохирогч Б.М нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э, хохирогч Б.М нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г.А анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулж шийдвэрлэсэн 6 000 000 төгрөгийг хохирогч Г.Л-д төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Хохирогч Б.М шүүгдэгчээс нэхэмжилсэн гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА