Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар    109/ШШ2021/0002

 

 

 

 

 

 

                                                                                 109/ШШ2021/0002

    

                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдох “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Э сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Нэхэмжлэгч Б.Б би тус шүүхэд Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Э сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нь намайг Э сумын Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйчийн албан тушаалд томилсон тул миний бие шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Б.Б-гээс Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Э сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Маргаан бүхий захиргааны актын тухайд, Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3., Авилгатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/2896 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал буюу ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа гэж үзэн Э сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчаар түр ажиллаж байгаа Б-гийн Б-г 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргажээ. Тодруулбал, хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нь Э сумын Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйчийн албан тушаалд томилсон тул миний бие шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Э сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохоо бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Э сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Б.Б-гийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                        

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА