| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 181/2017/03909/и |
| Дугаар | 2113 |
| Огноо | 2018-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2113
Ц.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01698 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.М-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “М С Э П” ХХК-д холбогдох,
Үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлсөн төлбөр 307 500 000 төгрөгийг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 130 000 000 төгрөгийн хамт буюу нийт 437 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Г.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М- нь “М С Э П” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 дугаар бүхий үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээний дагуу 307 500 000 төгрөг төлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол 1/9 байр, 1-1-2 тоот хаягт байршилтай 123 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.
Тус гэрээгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтын дагуу захиалагч нь хөлсийг бүрэн төлж, үйлчилгээний талбайн дотоод засал чимэглэл тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж, “Э е” нэртэй тоглоомын газар иж бүрнээр нь тохижуулан үйл ажиллагаа явуултал 2015 оны зун наадмын үеэр 00-ын бохир хальж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тухайн үед орон сууцны контор, СӨХ, “М С Э П” ХХК-аас ирсэн хүмүүс “Цэвдэгтэй газар барьсан барилгын шугам нь хөлдөх, халах үеэр шугамд өөрчлөлт орж, дээд айлын бохир шууд доошоо орж байна, доод 00 тоот давхар бариагүйгээс танайд орохоос өөр аргагүй” гээд бөглөөсийг гаргаад дахин бохир халихгүй гэсэн. Түүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад 2017 оны хавар 5 сард, 8 сард удаа дараа бохир хальснаас бохирын үнэр салахааргүй болж, цаашид ямар ч хэлбэрээр хэвийн ашиглах боломжгүй болсон. Улмаар халуун зун нян бактери ихээр үржиж, бохирын үнэр шингэсэн нь хүүхдийн цэцэрлэгийн зориулалт бүхий үйлчилгээний байрны эрүүл ахуйд нийцэхгүй юм.
“М С Э П” ХХК-ийг дахин бохир халихгүй болгох талаар удаа дараа шаардахад манайд хамааралгүй, одоо СӨХ, орон сууцны контор хариуцна гэдэг. СӨХ, орон сууцны контор нь анхнаасаа буруу зохион байгуулалттай баригдсан, бид яаж ч чадахгүй гэдэг. Ингээд бүгд хариуцлагаас зугтаад байгаа тул хэвийн байдалд нь оруулж өгтөл СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэдэг шаардлага тавьж өнөөдрийг хүрсэн ч хэн ч засварлаж чадаагүй, хэвийн байдалд нь оруулж өгөөгүй. Иймд тус үйлчилгээний талбайг зориулалтын дагуу дахин ашиглах, засварлах ямар ч боломжгүй барилга гэдэг нь үнэн болсон юм. Ажил гүйцэтгэгч тал нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой барилга барьсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах SG-CO-11/66 тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, “М С Э П” ХХК-аас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу төлсөн 307 500 000 төгрөг, барилгын дотоод засвар тохижилтонд зарцуулсан 130 000 000 төгрөгийн зардал, нийт 437 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: SG-CO-11/66 тоот гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг гүйцэтгэгч буюу хариуцагч тал бүрэн гүйцэт барьж, захиалагч буюу нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ба захиалагч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэгчид төлж, гэрээний үүргийг зохигч талууд биелүүлснээр гэрээ дуусгавар болсон. Түүнчлэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг аль нэг талын санаачлагаар цуцлах бол гэрээний үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байхыг шаарддаг. Зохигч талуудын хооронд байгуулсан SG-CO-11/66 тоот гэрээний нөхцөлийг шалгаж үзвэл, гэрээний 3.5 дахь заалт “Үйлчилгээний талбайн доторх сантехникийн тоног төхөөрөмж, угаалтуур, цэвэр, бохирын шугам, хаалга, цонх, ханын цаас, ханын доторх өнгөн хэсэг болон ашиглалтын элэгдэлд өртөх бусад эд хөрөнгөнд 3.4-т заасан баталгаат хугацаа хамаарахгүй бөгөөд гэрээний 3.4-т заасан 1 сарын хугацаанд гомдол гаргаагүй бол ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч хариуцна” гэж тодорхойлсон. Мөн Ц.М- нь нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. 2015 оны зун буюу наадмын үеэр 00-ын бохир хальж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж дурдсан. Уг үйл явдлын цаг хугацааны дарааллын хувьд SG-CO-11/66 тоот гэрээний захиалагч нь шугам сүлжээний баталгаат хугацаанд буюу үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор аливаа гомдлын шаардлага гаргаагүй байх тул түүний ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч тал хариуцах үүрэгтэй. Ингэхдээ зохигч талууд SG-CO-11/66 тоот гэрээний үүргийг биелүүлснээр тус гэрээ дуусгавар болсон ч, гэрээгээр талууд эрсдлийг хуваарилсаны дагуу талууд эрсдлийг хариуцах тул хариуцагч тал болох “М С Э П” ХХК нь Ц.М-гийн нэхэмжлэлд дурдсан эрсдэлд аливаа хариуцлага хүлээхээргүй байна. Үйлчилгээний талбайн 00-ийн бохир хальсан явдал нь гүйцэтгэгчийн буруугаас бус харин ашиглалтын явцад гарсан гэмтэл тул хариуцагч үүнд буруугүй. Иймд Ц.М-гийн гэрээг цуцлах шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрч байна.
Гэрээний төлбөр болон түүнд зарцуулагдсан зардлын хамт нэхэмжилж буй тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээ нь цуцлагдсан байхыг шаардах бөгөөд ингэхдээ гэрээний аль нэг тал нь ноцтой зөрчил бий болгосон байхыг шаарддаг. Гэтэл Ц.М-гийн талуудын хооронд байгуулсан SG-CO-11/66 тоот гэрээг цуцлах шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байх тул гэрээний үнэ болон түүнд гарсан зардлын хамт хариуцагчаас гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан “М С Э П” ХХК-аас 424 168 700 төгрөгийг гаргуулж Ц.М-д олгож, Ц.М-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 331 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 345 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 278 793.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь зардлын баримтаа ирүүлээгүй тул хуваарилах зардалгүй гэж үзэн, нэхэмжлэгч Ц.М-гаас 45 309.6 төгрөг, хариуцагч “М С Э П” ХХК-аас 1 465 010.4 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч Ц.Алтансүхэд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01698 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул дээрх шийдвэрийн 5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа хөндлөнгийн шинжээчийг томилсон. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01684 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагчийг шинжээчээр томилсон ба 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн МИ-09-788/03 тоот дүгнэлтийн Б хэсэгт “Инженерийн шугам сүлжээний гэмтэлтэй холбоотой шугамын усны алдагдал, бохрын усны алдагдал зэрэг нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч, ашиглагч иргэн Ц.М-гийн буруутай үйлдэл байгаагүй, харин шугамын усны, бохир усны алдагдлуудаас үүссэн зөрчил нь захиалагч болон гүйцэтгэгч байгууллагуудтай холбоотой нь тус компанийн үйлдлээс болон тухай үеийн фото зураг, шинжээчид гаргаж өгсөн баримт материал, үзлэг шалгалтын үеийн фото зураг, улсын байцаагчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна” гэж дурдсан. Дээр дурдсан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд заасан нөхцөл байдлыг болон бусад орхигдуулсан, тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулах зорилгоор тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/05980 дугаар захирамжаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг хөндлөнгийн шинжээчээр томилсон бөгөөд тус байгууллагын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/851 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...дотор инженерийн шугам сүлжээний угсралтын гүйцэтгэлийн ажлын зураг, гэрээ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй гүйцэтгэсэнд холбогдох этгээд буруутай гэж үзэх нь зүйтэй” гэж дүгнэсэн.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс харахад дотоод заслын ажил хийж гүйцэтгэсэн этгээд нь энэхүү үүсээд буй нөхцөл байдалд буруутай гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 тоот ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр “Ий Энд Ий” ХХК-аар дотоод заслын ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх гэрээг хэрэгт нотлох баримтаар өөрсдөө гаргасан. Тус дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхдээ тухайн маргаан бүхий үйлчилгээний талбайд гаргасан инженерийн үндсэн шугам сүлжээний оролт, гаралтын байршлыг өөрчилж, 1 давхар талбайг 2 давхар болгож, 2 ариун цэврийн өрөөг гаргасан байдаг. Эдгээр ажлыг хариуцагч тал хийж гүйцэтгээгүй болохыг шүүх хурлын явцад илэрхийлж, холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Гэвч эдгээр нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй бөгөөд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нь хийж гүйцэтгээгүй ажилдаа буюу өөр гуравдагч этгээдийн гүйцэтгэсэн ажилд хариуцагч талыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт хоорондоо зөрүүтэй хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн, мөн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг буруу тайлбарлан шүүхийн шийдвэр гаргасан.
2. Гэрч хэрэгт холбогдолтой эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Г.Ган-Эрдэнэ нь нэхэмжлэгч Ц.М-тай Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр тухай маргаан бүхий үйлчилгээний талбайд зохион байгуулагчаар ажиллаж байсан гэдэг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэрч нь үнэхээр маргаан бүхий талбайд ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй буюу холбогдох гэрээ эсхүл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг зохион байгуулагчаар ажиллаж байсныг нотлох ямар ч баримт байхгүй байхад юунд үндэслэн Г.Ган-Эрдэнийг гэрч гэж үзэж, мэдүүлэг авсан нь тодорхойгүй байдаг. Иймд гэрч нь хэрэгт холбогдолтой эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй, гэрчээс мэдүүлэг авах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа огт хийхгүйгээр хэрэгт ямар ч холбогдолгүй этгээдээс гэрчийн мэдүүлэг авч, тус мэдүүлэгт үндэслэн шүүхийн шийдвэрийг гаргасан.
3. Засварын ажил хэзээ эхэлж хэзээ дууссан болох нь тодорхойгүй, бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийн хоёр дахь хэсэгт “Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдана” гэж тайлбарласан. Энэхүү гомдлын 2 дахь хэсэгт дурдсан гэрч биш этгээдээс гэрчийн мэдүүлэг авсан ба мэдүүлэгт “... засварын ажил нь хэзээ эхэлснийг мэдэхгүй байна. Гэхдээ 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан” гэж дурдсан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт болон Аж ахуйн нэгжүүдийн холбооноос шүүхэд ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч талын хэлээд буй засварын ажил хийгдсэн эсэх, мөн хэрхэн хэзээ хийсэн зэргийг тодорхойлсон нотлох баримтыг огт байхгүй буюу ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймээ, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны шинжгүй байхад шүүгч тус мэдүүлэгт үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Өөрөө хэлбэл, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхойлоогүй буюу нотолгооны шинжгүй гэрчийн мэдүүлэгт үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй. Г.Ган-Эрдэнийн мэдүүлэгт дурдагдсан үйл явдал бүгд цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүтэй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа ба энэ байдлыг хэргийн үйл баримтын талаар худлаа хэлж байна гэж үзэх бүрэн боломжтой байхад шүүх гэрчийн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, хууль зүйн хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудад үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан.
Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан “...М-Си-Эс Проперти ХХК-аас 424 168 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгох...” гэж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч хэрэгт холбогдох эсэх ажиллагаа огт хийгдээгүй, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд үүсээд буй үйл баримтыг үнэн зөвөөр тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг буруу тайлбарлаж, шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.М- хариуцагч “М С Э П” ХХК-д холбогдуулан үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлсөн төлбөр 307 500 000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 130 000 000 төгрөг, нийт 437 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон, барилгын инженерийн шугам, сүлжээнд гарсан гэмтэл нь угсралтын ажлын буруугаас бус харин ашиглалтын явцад үүссэн дотоод шугам сүлжээтэй холбоотой” гэж маргажээ.
Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 тоот Үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/9 байр, 1-1-2 тоотод байрлах 123 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг инженерийн шугам сүлжээ, гадна зам талбайн тохижилтын хамт батлагдсан зураг төсвийн дагуу, стандарт-техникийн нөхцөлд нийцүүлэн, чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь барилгын ажлын төлбөрт 307 500 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба улмаар барилгын ажлын төлбөрийг бүрэн төлсөн талаар талууд маргаагүй байна. /хэргийн 1 дэх хавтас 6-10 дугаар тал/
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон 307 500 000 төгрөгийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 11 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагчийн гэрээний зүйл болох үйлчилгээний талбайн инженерийн шугам сүлжээний гүйцэтгэл нь чанартай хийж гүйцэтгэсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч Ц.Алтансүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр МИ-09-788/03 тоот шинжээчийн дүгнэлт ирүүлжээ. /хэргийн 1 дэх хавтас 48, 69-72 дугаар тал/
Хариуцагч тал шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хангалттай хийгдээгүй, шинжээч Ц.Алтансүхийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг шинжээчээр томилсон ба тус газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/851 тоот Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 198-199, 2 дахь хавтас 2-3, 11 дүгээр тал/
Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч талын дахин шинжээч томилуулах хүсэлтэд тусгасан ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дахин шинжээч томилуулах хүсэлтэд тавигдсан болон шүүгчийн захирамжид тусгагдсан асуултад бүрэн хариулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзнэ.
Түүнчлэн, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/166 тоот тушаалаар шинжээчээр Л.Магыза, Э.Пүрэвдулам нарыг томилж, шүүхээс тэдгээр хүмүүст эрх, үүргийг тайлбарлан өгсөн байхад шинжээчийн дүгнэлт гэж тухайн байгууллагын даргын гарын үсэгтэй албан бичгийг ирүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч Л.Магыза, Э.Пүрэвдулам нарт эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан хэдий ч уг шинжээчийн дүгнэлтэд тус байгууллагын дарга гарын үсэг зурсан тул томилогдсон шинжээч нар дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна. /хэргийн 2 дахь хавтас 7-11, 12 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна.” гэснийг зөрчжээ.
Талууд гэрээний зүйлийн чанар байдлын талаар маргаж буй тохиолдолд хариуцагч ямар хэмжээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Тодруулбал, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дотоод засал сантехиникийн шугамын ажлыг хийж гүйцэтгээгүй талбай хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа тохиолдолд гэрээний дагуу нэхэмжлэгч хүлээн авсан талбайн дотоод сантехникийн шугамын ажлыг хэн хийж гүйцэтгэсэн нь чухал бөгөөд тухайн шугамын доголдол нь Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 1/9 дүгээр байрны үндсэн шугамаас шалтгаалж үүссэн эсэх, эсхүл тухайн 1-1-2 тоот 123 м.кв талбайн дотоод шугамтай холбоотой эсэх нь ач холбогдолтой.
Хэргийн 1 дэх хавтас 213-246 дугаар талд авагдсан “Э е төв”-ийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө ажлын хөтөлбөрийн 2.2-т Засварын зардлын төсөв хэсэгт “..нийт сантехникийн холболт угсралт, цахилгааны иж бүрэн монтаж хамгийн багадаа 6 орчим сая төгрөгөөр тооцогдоно. Үүнийг мөн гүйцэтгэгч компанитай шууд холбогдуулан ердөө 2 250 000 төгрөгөөр хийлгэх хүсэлт гаргаж зөшөөрүүлсэн” гэж, нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр дотоод засвар, заслын ажлыг “Ий энд ий” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна. Мөн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.5 дахь хэсэгт үйлчилгээний доторх сантехникийн тоног төхөөрөмж, угаалтуур, цэвэр, бохирын шугам зэрэг дотоод заслын эд хөрөнгөд баталгаат хугацаа хамаараахгүй, ашиглалт засвар үйлчилгээг захиалагч хариуцахаар тусгажээ. Эдгээр байдлаас үзэхэд талбайн доторх сантехикийн ажлыг хэн хийж гүйцэтгэсэн болон доголдол нь хэний буруугаас болж гарсан эсэх нь талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр шилжүүлэн өгсөн талбай нь хүүхдийн тоглоомын зориулалтаар буюу үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой эсэх үйл баримтад хамааралтай байж болох нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа дутуу хийгдсэн байна. Уг үйл баримт тодорхой болсон нөхцөлд талуудын гэрээнээс татгалзах эрх болон үүний улмаас үүсэх хохирол шаардах эрхтэй эсэх зэрэг асуудлууд тодорхой болох юм. Үүний тулд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох шаардлагатай.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн зураг гаргаж өгсөн зураг төсөл загварын дагуу барилгын талбайг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байхад барилгыг барьж дуусахаас өмнө гэрээ байгуулж талбай худалдан авахаар тохиролцсонтой нь холбогдуулан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу байна.
Хэрэгт цугларсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 278 793.50 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХТӨР