Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Шүүгчийн туслах: Н.Бат-Эрдэнэ

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Ц.Өлзийт нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Өлзийтөд холбогдох 201712000029 тоот хэргийг 2017 оны 4  сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1954 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй гэх, өндөр насны тэтгэвэрт гарсан гэх, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р баг Номгон”–д оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗД54050916/ Толийн булаг /Толь гэх/ овогт Цогбадрахын Өлзийт нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Өлзийт нь 2017 оны 2 сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвөөс баруун урагш 12 км-т оршин суух иргэн Ц.Алтангоогийн гэр лүү мотоциклоор очиж, гэрт байсан авдраас нь 2 ширхэг, хөөрөг, мөнгөн аяга, 9 ширхэг зоосны хамт хулгайлан авч, бусдад 12129000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2017 оны 2 сарын 6-ны өдөр суман дээрээс гараад Ц.Алтангоогийнд очсон. Гэрийн гаднах амбаарт нь хадаас зүүлттэй байсан. Амбаарт нь ороход гэрийн түлхүүр нь ил шахуу байсан. Түлхүүрийг аваад гэрт нь ороход баруун хойд авдар нь онгорхой байсан. Тэр авдранд байсан мөнгөн аяга, хөөрөг зэргийг нь аваад сум явсан. Суман дээр ирээд 14-ний өдөр Улаанбаатар хот руу явсан.  Эхнэртээ “Дундговь аймаг явлаа” гэж хэлсэн. Холбооны үүднээс машинд суугаад  Улаанбаатар хотод 19 цагийн үед Нарантуул зах дээр машинтай очсон.  Тэгээд мөнгөн аягыг явуулын хүнд 200000 төгрөгөөр зарсан. Орой 20 цагт охиныхоо гэрт очсон. Маргааш өглөө нь 11 цагт зах дээр очсон. 2 хөөргийг аваад явж байтал нэг цагдаа ирээд “таньтай уулзая, таныг нэгжих хэрэгтэй байна, хулгайд хөөрөг алдагдсан байна” гэсэн. Тэгээд 16-ны өдөр Дундговь аймагт ирж, тэр өдрөөсөө эхлээд байцаагдаад эхэлсэн гэжээ.
  • Хохирогч мэдүүлэгтээ: 2017.02.06-ны өглөө 10 цагт эхнэр хүүхдийн хамт хөдөө гэрээсээ сумын төв рүү банк орох санаатай явсан. Ажлаа амжуулаад орой 17 цаг өнгөрч байхад гэрлүүгээ явсан. Хөдөө гэрт 18 цаг болж байсан. Гэрийнхээ үүдний пин дотор тогоон дотор байсан цоожны түлхүүрийг аваад гэрээ онгойлгож үзтэл гэрийн хойд талд байх зэрэгцээ хоёр том эрээн хээтэй авдарны баруун талын авдарны урд хэсэгт ягаан өнгийн зурагтай ойр зуурын юм хийдэг төмөр сав ил гарчихсан, модон сандал дээр байж байсан. Тэгээд юмнуудаа бүртгэж үзэхэд авдран дотор байсан шүрэн толгойтой, оюу хавчуургатай халтар манан хөөрөг 1 ширхэг, мөн шинэ цагийн улаан гартааман, даваа толгойтой мөнгөн нуухтай хөөрөг- 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алга болсон байсан. Даалин дотор байсан 7 ширхэг гуулин зоос, 2 ширхэг хүрэл зоос байхгүй болсон гэжээ.  /хх- 32-33/
  • Гэрч Т.Ариунцэцэг /хохирогчийн эхнэр/ мэдүүлэгтээ: 2017.02.06-ны өдөр өдрийн 17 цаг өнгөрч байхад гэртээ ирээд ортол гэрийн хойд талын 4 ширхэг авдарны баруун талаасаа 2 дахь авдар дотор байдаг жижиг цүнх авдарны гадна байхаар нь жижиг цүнх байдаг авдарыг нээгээд үзтэл дотор нь дамнуурга дээр тавиатай байсан дунд гарын мөнгөн аяга алга байсан. Мөн авдар дотор байсан даалин , дотор байсан 2 ширхэг хөөрөг, 9 ширхэг зоос алга болсон байсан гэжээ” /хх-36/
  • Ц.Өлзийтөөс 2 ширхэг хөөрөг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-18-19/
  • Хохирогчоор хулгайд алдсан 2 хөөргийг таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-20-22/
  • Хохирогч Ц.Алтангоод эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “ 1. Улаан хүрэн өнгийн судалтай хөөрөг, хөөрөгний халбаганы нуух нь цагаан өнгийн металл, толгой нь өнгийн чулуу, халбага нь цагаан өнгийн металл байв. Уг хөөрөг гартаам чулуу гэх, 2. Хүрэн цоохор өнгийн чулуун хөөрөг хөөрөгний халбаганы нуух нь шаргал өнгийн металл ногоон өнгийн чулуутай толгой нь улбар шар өнгөтэй хөөрөгний хажуу тал дээр хар хүрэн өнгийн толботой. Хөөрөгний халбага нь цагаан яс салсан. Уг хөөрөг нь халтар манан хөөрөг, хугархай ясан цагаан өнгийн хөөрөгний халбага зэргийг хүлээлгэн өгөв гэжээ /хх-23-24/
  • Эд зүйлд үнэлгээ хийсэн 8 тоот актад : шүрэн толгойтой, оюу нуухтай дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг 11 сая төгрөг, гартааман  дунд гарын даваа толгойтой гуулин нуухтай хөөрөг-800000 төгрөг, 250 грамм ордог хуучин цагийн хээгүй мөнгөн аяга-300000 төгрөг гэжээ /хх-17/
  • Эд зүйл үнэлгээ хийсэн актад: хүрэн өнгийн торгон даалин-20000 төгрөг, 9 ширхэг зоос– нэг бүрийн үнэ 1000 төгрөг гэжээ /хх-44/

Дээрх баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Эдгээр баримтаар шүүгдэгч Ц.Өлзийт нь шууд санаатай, шунахайн сэдтэлтээр хохирогчийн гэрийн үүдний амбаарт байсан түлхүүрээр цоожийг онгойлгон гэрт нь нэвтэрч, авдарнаас нь эд зүйл хулгайлан, бусдад 12129000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, уг үйлдэлдээ мотоцикль хэрэглэсэн  болох нь нотлогдож байна.

            Шүүгдэгч Ц.Өлзийтийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй  байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Өлзийт нь гэр бүлийн гишүүнд нь тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас буюу “охин нь хүнд өвчтэй, Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай болж мөнгөний хэрэгцээ гарсан тул дээрх гэмт хэргийг үйлдсэн” гэсэн тайлбар гаргаж байгаа нь баримтаар нотлогдохгүй байх тул шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

            Шүүгдэгч Ц.Өлзийт нь хулгайлж авсан эд зүйлээс 2 ширхэг хөөргийг хураалган хохирогчид буцааж өгсөн, зарж борлуулсан мөнгөн аяга болон хаяж үрэгдүүлсэн гэх хөөрөгний даалин, 9 ширхэг зоосны төлбөрт 350000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь хэргийн 23-24, 78 дугаар талд байгаа баримтаар тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй болсон, хохирогч хэргийн материалтай танилцаад “хохирлоо бүрэн барагдуулсан тул надад санал гомдол байхгүй” гэсэн тайлбар /хх-74/ гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Өлзийтийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Өлзийт нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Ц.Өлзийт нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, 62  настай, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхээс Ц.Өлзийтөд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Ц.Өлзийт нь 240 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч /хх-68/ ба үхэр, хонь, ямаа нийт 500 толгой мал эзэмшдэг /хх72-73/ хирнээ  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Өлзийтийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль нь түүний хүү Ө.Мөнхдалайгийн өмчлөлийнх ба Ө.Мөнхдалай нь уг мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг мэдээгүй болох нь тээврийн хэрэгслийн 01160445 дугаартай гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхдалайгийн ”хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би өөрийн мотоциклио асахгүй болохоор нь сумын төвд аавын хашаанд 2017.02.02-ны өдөр орхиод явсан байсан. Миний мотоциклийг аав л унаж хэрэглэдэг юм” гэх мэдүүлэг /хх-35/, шүүгдэгч Ц.Өлзийтийн “манай хүү мотоцикль асахгүй байна гээд миний мотоциклийг унаад мотоциклоо хашаанд орхиод явсан байсан юм. Би свечаг нь сольж тавиад асааж үзсэн болж байхаар нь унаад Алтангоогийнх руу явсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 Иймд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-ын “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураах” тухай заалтыг  хэрэгжүүлэхдээ 4280 ДуЗ улсын дугаартай мотоциклийг өмчлөгч Ө.Мөнхдалайд буцаан олгож, уг мотоциклийн үнэ 1500000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

            Мөн 4280 ДуЗ улсын дугаартай мотоциклийг хураан авсан ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй тул энэ талаар гарсан мөрдөн байцаагчийн тогтоолыг /хх-25/ хүчингүй болгож, эд хөрөнгө хураах ял болон эд хөрөнгө хураах шийдвэрийг биелэгдэж дуустал Ц.Өлзийтийн эзэмшлийн 6-н тооны үхэр битүүмжилсэн шийдвэрийг /хх-28-30/ хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Толийн булаг /Толь/ овогт Цогбадрахын Өлзийтийг мотоцикль хэрэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ц.Өлзийтөд 1 тооны гунжин үнээ буюу 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хураах ял, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Өлзийтөд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Ц.Өлзийт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Алтангоод шүрэн толгойтой оюу болон гуулин давхар нуухтай халтар манан хөөрөг 1 ш, мөнгөн нуухтай даваа толгойтой шинэ цагийн хөөрөг 1 ширхэгийг буцааж өгсөн, бэлнээр 350000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 4280 ДуЗ улсын дугаартай мотоциклийг №01160445 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхдалайд эгүүлэн олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Ц.Өлзийтөөс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоциклийн үнэ 1500000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 4280 ДуЗ улсын дугаартай мотоцикль,  №01160445 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хураан авсан мөрдөн байцаагчийн 2017.02.21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
  8. Энэхүү тогтоолын эд хөрөнгө хураах ял болон эд хөрөнгө хураах заалтыг биелэгдэж дуустал 6 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.03.06-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй
  9. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Өлзийтөд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
  10. Ц.Өлзийтийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4280 ДуЗ улсын дугаартай мотоцикль Дундговь аймгийн Цагдаагийн газрын эд зүйл хадгалах газарт хадгалагдаж байгаа ба битүүмжилсэн 6 тооны үхрийг иргэн Ө.Мөнхдалайд хариуцуулсан болохыг тус тус дурьдсугай.
  11. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  12. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ө.Мөнхдалайд 4280 ДуЗ улсын дугаартай мотоциклийг №01160445 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хүлээлгэн өгч, баримтыг Ц.Өлзийтөд холбогдох 201712000029 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
  13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Өлзийтөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ