Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2021/00432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Д ХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Ч 

Хариуцагч: Н.Н холбогдох,

Гэм хорын хохирол 861,210 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С /онлайн/, хариуцагч С.Ч, иргэдийн төлөөлөгч Б.Ц /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай эд хөрөнгийн даатгалын №240050098321 тоот гэрээт даатгуулагч Д.М Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-р хороолол, 13-р байр, 28 тоот байранд 2020.09.16-ны өдөр дээд давхрын 34 тоот С.Чын өмчлөлийн байрны угаалгын өрөөний халуун усны уян шланк задарч их хэмжээний ус алдсаны улмаас нийт 1,023,900.00 төгрөгийн хохирол учирсан байна. Ослын улмаас Д.М эд хөрөнгөнд учирсан 861,210.0 төгрөгийн хохирлыг М.Д даатгал ХК-иас барагдуулж, Монгол улсын Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7-т Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..., Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг М.Д даатгал ХК нь Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээнний дагуу шилжүүлж авсан.

 

Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1-д тус тус зааснаар Д.М эд хөрөнгөд учирсан хохирол 861,210.00/найман зуун жаран нэгэн мянга хоёр зуун арав/ төгрөгийг С.Ч гаргуулж М.Д даатгал ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Оюут багийн 2-13-34 тоот байрыг С.С.Ч миний бие хөлсөж амьдардаг бөгөөд уг байранд ороод 7 хонож байсан .2020 оны 09 сарын 16 ны өдөр гэрт эзэнгүй байхад ванны өрөөны халуун усны шугамны шар гайх хагарч задарснаас ус алдсан байсан.Тухайн үед доод айлын хүмүүс дуудлага өгөн халуун усны шугамыг хаасан байсан. Байрны эзэн утсаар залган ус алдаад байна гэж хэл хүргэн утсаар ярьсан даруй очсон ванны өрөөнөөс ус холигчны ард талд байх майга шар ба шар гайх задран ус алдсан байсан тэр дор нь доод 3-н давхарын айлд орж үзэн хэр ус алдаж доош орсныг үзэн зураг дарсан мөн 2-р давхрын айлд орж үзсэн ус орооггүй байсан .Тэр өдрөө Эрдэнэт ус дуудлага өгөн уг задарсан шар гайхыг солиулж янзлуулсан.2020 оны 09 сарын 18-ны өдөр Эрдэнэт Усаас С.Ч миний бие өөрийн биеэр очин тодорхойлолт гаргуулан авсан. Гэтэл 2-13-28 тоот оршин суух иргэн Мөнхцэцэг нь 2020 оны 09 сарын 22-нд шал өөр тодорхойлолт гаргуулан авсан байсан, 28-тоот доод айлруу ус орсон байгаагүй уг айл нь угаасаа засвар хийчихсэн айл байсан тухайн ус алдсанаас хойш уг 28 тоот айл огт засвар хийгдааггүй ээ. Харин уг 28 тоот айл нь гэрэл масалж асаад байна засвар үйлчилгээний мөнгө 64,000 төгрөг даатгалаас гаргуулж авах гэсэн юм аа гэж надаас иргэний үнэмлэхний хуулбараа өгөөч гэж гуйн авсан . Харин гэтэл М.Д даатгалаас бүр сарын дараа гэнэт утсаар ярин танайх ус алдсаны улмаас 2-13-28 тоот айл даатгалаас байрны засвар үйлчилгээ хийсэн гэж сая гаруй төгрөг гаргуулан авсан одоо тэр мөнгийг таниас гаргуулан авна гэж ярьсан . М.Д даатгалын газар нь урьдчилж надаас юу ч асууж лавлахгүйгээр иргэн Мөнхцэцэгт мөнгө гаргаж өгсөнөөс хойш утсаар ярьж хэлсэн энэ бол танил талаа ашиглсан .2020 оны 10 сарын 22-нд дахин Эрдэнэт Усаас дахин шал өөр тодорхойлолт гаргуулан авсан байсан. Мөн миний бие уг нэхэмжилж буй мөнгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Н нь 2-13-34 тоот 2 өрөө байрыг 1 жилийн хугацаатай С.Ч түрээслэсэн. 2020 онд ус алдсан далд гэмтэлээ усыг даралтаас үүссэн гээд акт тогтоолоо гээд акт бичүүлж авсан. Мөн доод айл болон 2 давхрын айлд орж үзсэн гэсэн. Өөрсдөө асуудлаа сайн шийдээрэй гэсэн. Манай байрны паркет /шинээр шахсан/ хэвийн байна гэсэн. Труба дагаж далд гэмтэл нь усыг даралтаас доошоо ус алдсан гэж ойлгосон. Одоо сүүлд нь нэхэмжлэл гаргсныг хүлээн зөвшөөрөхгүй болохыг мэдэгдье гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтуудыг үндэслээд шийдвэрийг гаргана уу гэж хэлмээр байна байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч М.Д Даатгал ХК нь хариуцагч С.Ч, Н.Н нараас даатгалын нөхөн төлбөр 861,210 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч С.Ч манайх эзэнгүй байсан, шланк ерөөсөө задраагүй, хананд байсан шланк задарсан. Би өөрөө очиж тодорхойлолт гаргуулсан. Уян шланк ерөөсөө задраагүй. Би дуудлагаар гэртээ очиж мөн 3 давхрын айл руу орж үзсэн. Ус нэвтэрч ороогүй, засвар хийсэн байр байсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Н.Н мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2-13-34 тоот 2 өрөө байрыг 1 жилийн хугацаатай С.Ч түрээсэлсэн 2020 онд ус алдсан, тухайн үед далд гэмтэл буюу усны даралтаас үүссэн гэж акт тогтоолоо гэж байсан. Мөн доод айл болон 2 давхарын айлд орж үзсэн гэсэн. Өөрсдөө асуудлаа сайн шийдээрэй гэсэн. Манай байрны паркет /шинээр шахсан/ хэвийн байна гэсэн. Труба дагасан усны даралтны далд гэмтлээс болж доошоо ус алдсан гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Эрдэнэт-Ус ОНӨХК-ийн диспетчерийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн тодорхойлолтонд: 2-р хороололын 13-р байрны 31, 28 тоот айлууд нь 2020 оны 09-р сарын 16-ны өдөр 15 минутанд 99364434, 99353825 дугаарын утсаар дээд айл болох 02-13-34 тоотоос ус алдаж байна гэж дуудлага өгсөн. Үүний дагуу засварчин Б.Жаргалсайхан очиж шалгахад тус 34 тоотын айл нь эзэнгүй байсан тул подвальд ванн нойлын халуун хүйтэн усыг харалдаагаар хааж арга хэмжээ авсан.

Мөн 2020 оны 09-р сарын 18-ны өдрийн тодорхойлолтонд: 2-р хороололын 13-р байрны 31 тоот айл нь 2020 оны 09-р сарын 16-ны өдөр 15 цаг 25 минутанд 99353825 дугаарын утсаар ус алдаж байна гэж дуудлага өгсөн.Үүний дагуу засварчин Б.Жаргалсайхан очиж шалгахад 2-13-34 тоот айлын ванны өрөөний холигчийн халуун усны шугамны шар гайк хагарч задарснаас ус алдсан байсан. Тухайн үед 2-13-34 тоот айл эзэнгүй байсан учир подвальд харалдаа халуун усны шугамны хаалтыг хааж арга хэмжээ авсан Хянасан ахлах диспетчер Б.Энхбаяр,тодорхойлолт гаргасан диспетчер П.Гантөмөр, сантехникийн засварчин Б.Жаргалсайхан гэжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2 дугаар хороолол 13 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгч нь хариуцагч Н.Нарантуяа болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй байна. Н.Нарантуяа нь С.С.Чтай 2020 оны 09 сарын 10-ны өдөр орон сууц хөлслүүлэх гэрээг бичгээр байгуулан 2-13-34 тоот орон сууцаа түүнд нэг жилийн хугацаатай хөлслүүлсэн байх хугацаанд 2020 оны 09 сарын 16-ны өдөр 2-13-28 тоотод оршин суух Д.Мөнхцэцгийнх рүү ус алдсан байна.

Н.Нарантуяагийн өмчлөлийн 2-13-34 тоот орон сууцны ванны өрөөний холигчийн халуун усны шугамны шар гайк хагарч задарснаас ус алдсан болох нь диспетчерийн тодорхойлолтоор батлагдаж байх тул хариуцагч Н.Нарантуяагаас хохиролыг гаргуулах үндэстэй байна. Хариуцагч Н.Нарантуяа нь Иргэний хулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслөгч С.С.Чт хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй, түүнчлэн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна гэж заасны дагуу С.С.Чт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гэм хорын хохирол учирсан Д.М нь эд хөрөнгийн даатгалын гэрээний дагуу хохирлын үнэлгээг тогтоолгож нийт 1,023,900 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч М.Д даатгал ХК-наас нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэгч 861 210 төгрөгийн нөхөн төлбөр олгосон болох нь тогтоогдож байна. Ийнхүү нэхэмжлэгч М.Д даатгал ХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасны дагуу Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д зааснаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний дагуу шилжүүлж авсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролыг шаардах эрхтэй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн нотлох баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэнэ үү гэсэн саналыг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд 25,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1,Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-д заасныг баримтлан хариуцагч Н.Нарантуяагаас 861.210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д даатгал ХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь хариуцагч С.Ч холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,220 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Н.Н 25,220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д даатгал ХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БЯМБАСҮРЭН