Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2021/00526

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2021/00526

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо, сөүлийн гудамж, Богд-Ар 10-1а тоотод байрлах А ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ............. тоотод оршин суух, А овогт С.Н РД:/-т холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 800,000 төгрөг, хүү 704,000 төгрөг, алданги 400,000 төгрөг нийт 1,904,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр С.Н нь А ХХК-тай 11900222 дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 1,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нyundai Sonata 6 маркийн 54-80 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 800,000 төгрөг, хүү 704,000 төгрөг, алданги 400,000 төгрөг нийт 1,904,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч С.Н үүрэг гүйцэтгэх хугацааг 660 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх-ийг ойлгох ба зээлдэгч 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гзрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч С.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд С.Н 2019 оны 03 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 800,000 төгрөг, хүү 704,000 төгрөг, алданги 400,000 төгрөг нийт 1,904,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 сарын 04-ний өдөр хариуцагч нь 5480 ОРО дугаартай автомашиныг барьцаалаад 1,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан. 2019 оноос хойш 2 удаагийн төлөлт хийгээд түүнээс хойш нэг ч төлөлт хийгдээгүй. Сарын төлөлт нь 140,000 төгрөгөөс эхлээд багасаад явдаг байсан. 2019 оны хүү алданги бодогдоод явсан. 2019 оны 12 сард өөртэй нь уулзаж тээврийн хэрэгсэл байгаа талаар асуухад задлаад зарсан гэж хэлсэн. Үлдэгдэл төлбөрөө барагдуулна гэсэн тайлбараа бичиж өгсөн. Ямар нэгэн байдлаар зээлдээ санаа зовохгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Үндсэн зээл 800,000 төгрөг хийсэн байгаа. Үлдэгдэл 1,100, 000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Н нь А ХХК-с 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 / нэг сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог товлосон хугацаанд нь төлөлт хийгдээгүйгээс болж А ХХК Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд хэдийгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь үнэн боловч яг үнэндээ төлбөр хийх боломжгүй байсан. Ажилгүй сул зогсолт, бас бие өвдөөд гэх мэт шалтгаанаар төлбөрөө хийж амжаагүй болно. Манай ам бүл 4 -лээ түрээсийн хашаа байшинд амьдардаг ганцаараа ажил хийдэг, сарын орлого 800,000 /найман зуун мянга/ төгрөг байдаг. Би Худалдаа хөгжлийн банкинд өөрийн болон нөхрийнхөө цалингийн зээлийг давхар төлдөг учир Hyundai Sonata 6 маркийн 54-80 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэрсэн тул аргагүй эрхэнд авто задаргаанд өгсөн. Миний бие нь үндсэн зээл болон зээлийн хүүг төлж барагдуулах болно. Харин алданги болох 400,000 / дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөх боломжгүй тул миний амьдралын бололцоо байгаа байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С.Н зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 800,000 төгрөг, хүү 704,000 төгрөг, алданги 400,000 төгрөг нийт 1,904,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрт 800000 төгрөгийг хариуцагчид төлж, 220000 төгрөгийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хүү, алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

 

Зээлдэгч С.Н нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А ХХК-тай 11900222 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.

 

Мөн талууд 2019 оны 03 сарын 04-нд үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан ба гэрээгээр 5480 ОРО улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн автомашиныг барьцаалсан байна.

 

Хариуцагч С.Н нь 2019 оны 4, 5 сард зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөд түүнээс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 29-нд дуусгавар болсон.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С.Н зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан гэх тайлбар гаргасан боловч зээл төлөх мэдэгдэл өгсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно. гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж зааснаар зээлийг төлүүлэх арга хэмжээ авахгүйгээр зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 19-нд дууссанаас хойш удаан хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж хүү 704000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байх тул гэрээнд заасан хүү 220000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх нэхэмжилсэн хүү 484000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н нь үндсэн зээлийн төлбөр 800000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, энэ талаар талууд маргахгүй байгаа ба гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги гаргуулаар тохиролцсон тул алданги 400000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч С.Н 620,000 төгрөг гаргуулж А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,284,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70610 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг баримтлан хариуцагч С.Н 620000 /зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1284000 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70610 /далан мянга зургаан зуун арав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Н 19250 /арван есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ