| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00210/И |
| Дугаар | 142/ШШ2021/00253 |
| Огноо | 2021-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2021/00253
| 2021 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2021/00253 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1998 оны 09 сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, ............... тоотод оршин суух, И овогт Б.А /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1995 оны 11 сарын 28-нд төрсөн, 26 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум .............. оршин суух, Х овогт Б.М /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадамааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.А нь Б.М 2018 оны 11 дүгээр сард танилцаж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин М.А // нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Нөхөр Б.М нь надад болон охин М.А анхаарал халамж тавьдаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, элдвээр доромжилж, охин бид хоёрыг өөрийнхөө ээжтэй нийлж, хүчирхийлдэг болсон. Нөхөр Б.М нь охин бид хоёрыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ хөөсөн бөгөөд одоо миний бие охинтойгоо хамт ээжийнхээ гэрт амьдарч байна. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд энэ асуудлаар хандсан боловч эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ЭТ2021/00082 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, эцэг Б.М охин М.А хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдиин тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2019 онд танилцсан. Танилцсан цагаасаа хойш байнга хамт байсан. М нь хурц ааштай, түргэн ууртай, хүнийг байнга хэл амаар доромжилдог. Чи ийм байсан тийм байсан гэх мэтээр байнга доромжилдог. Хамт амьдардаг болсноос хойш эцэг чинь та нарыг хаяад явсан, танай ээж чинь өөртөө хүн ойртуулахгүй болсон, би чамайг гудамжинд байхад чинь авсан гэж доромжилдог. Энэ жил зун М гэрийнхэнтэй хамт Завхан аймаг руу хамаатан садантай нь танилцахаар явсан. Тэр үед хоёр тал болоод тоглосон. Тоглож байх үед хадам ээж уурлаад намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би ха;ам ээжийн өөдөөс бас уурласан. Өөр айлд очно гэхээр нь би үлдье гэхэд ээж нь чи миний нутагт ирээд намайг доромжиллоо гээд байсан. М ах нь миний дүү битгий гээд болиулсан. Тэр өдөр ээж аав нь өөр айлд очих гээд явсан. М намайг чи буцаж очоод хайртай хүнтэйгээ зайлаарай гэсэн. Үл ойлголцох зүйл маш их байсан. 2020 оны 03 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Амина төрсөн. 2019 оны 06 дугаар сард жирэмсэн гэдгээ мэдээд хамт эход харуулсан. Эход харуулахаас хэд хоногийн өмнө наад хүүхэд чинь миний хүүхэд биш гэсэн. Тухайн үед би ч гэсэн мөн шоконд орсон байсан. Тооцоолоогүйгээр хүүхэдтэй болсон. Намайг амаржихаас өмнө буюу 2020 оны 02 дугаар сард гуйж авсан. 2020 оны 04 дүгээр сард муудалцахад намайг ална гэж М хэлж байсан. Тэгэхэд нь би чи хадгаа аваад зайл гээл хадгийг нь өгөөд явуулсан. Явуулчхаад ээжид нь хэлсэн. Гэрт эргэж орж ирээд танай хүүхэд ийм тийм танай хүүхэд надад өвчин өгсөн гээд манай ээжид уурлаад гэрээс гарч байсан. Хэдэн сарын дараа өөрөө эргэж ирээд хүүхдээ бодоод нийлье гэсэн. Манай ээж М дургүй болсон. Одоо уулзахыг ч хүсдэггүй. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр намайг ирж авсан. Тэгээд бид хоёр байр хөлсөлж хамт амьдарсан. Эхний 2 сар хэрүүл маргаангүй сайхан байсан. Сүүлдээ ээж нь байнга гэр рүүгээ дуудаад аваад явдаг. Дота байнга тоглодог. Төрийн албаны шалгалтдаа бэлдээд гайгүй байна гэж бодсон боловч байнга тоглоод сууж байдаг байсан. Хүүхдээ миний хүүхэд биш гэж байнга үгүйсгэдэг. Ээжтэйгээ нийлж байнга эвгүй зан ааш гаргадаг. Нүүх гэж байхад нь би гэрт нь очсон байсан. Тэр өдөр мөнгө нь алга болсон гэсэн. Тэр мөнгийг намайг авсан гэж хардсан. Би аав ээжтэй нь муу харилцаатай биш. Ээж аав хоёр нь маргааш нь гэрт ирсэн. Тэр үед карентинд байсан. ОО өрөө ороод эргэж орж ирээд чи манай ээж аавтай мэндэлсэнгүй гээд уурласан. Тэгээд тэр мөнгийг чи авсан. Авдарных нь цоожийг эвдэлсэн байна гэсэн. Тэгэхээр нь ээжид М намайг танай гэрээс мөнгө авсан гээд байна. Юу болоод байгаа юм бэ гэж асуухад би өөрөө авснаа мартсан байна гэж хэлсэн. Тэрийг сонсоод ээжийнх рүүгээ явмаар байсан ч охин жоохон байсан. Гадаа хүйтэн байсан. Тиймээс явж чадаагүй. Маргааш орой нь дэлгүүр орохоор явахдаа ээждээ болсон бүх зүйлээ хэлсэн. Тэгтэл ээж сонсож байгаад М ээжийнх нь дугаарыг өг гэсэн. Аав ээж нь хүнээр хүндлүүлэх хайрлуулах гэх зүйлийг М заасан мөртлөө, хайрлах хүндлэх гэх зүйлийг заагаагүй. Сүүлийн муудалцаанд ээж нь ирээд намайг зайл гэсэн. Хадам ээж миний охиныг хүрээд ир гээд байсан тэгэхээр нь би уурандаа энэ танай хүүхэд биш гээд хэлчихсэн. Тэгтэл намайг буруугаар ойлгоод загнасан. Тэр үед манай ээж цагдаа дуудсан. Цагдаа ирээд М аваад гарсан. Би М гэрээсээ хөөгөөгүй. М манай гэрийнхнийг байнга доромжилдог. Гэрлэлтээ цуцлуулж, охиндоо тэтгэмж тогтоолгож, охиноо 18 нас хүрснийх нь дараа сургалтын төлбөрийг төлүүлэх хүсэлт гаргасан гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 1 сарын 17-ны өдөр гэрээсээ Б.А хөөсөн биш хөөгдсөн. Мөн ээжтэйгээ нийлж хүчирхийлдэг болсон гэх мэт үгнүүд шууд гүтгэлэг. Урьд өдөр Б.А ээж охиноо бага дээр нь авна, охин маань гудманд уйлаад явж байна гэж ярьсан. Тэр үед Б.А нь зүгээр байж байгаад хоол идчихээд дэлгүүр орно гээд гараад явсан үедээ ээж рүүгээ ярьсан байсан. Энэ мэт худал хий хоосон зохиомол, холион бантан хутгасан, ухаан санаа нь эрүүл бус юм шиг үг үйлдлүүд ил, далд их гаргадаг. Охин А зөв өсгөж хүмүүжүүлнэ гэдэгт үнэхээр итгэл төрөхгүй байна. Хуульд нийцвэл охин А өөр дээрээ авмаар байна. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: А үнэн, болсон зүйлсийг холиод ярьж байна. Хамгийн анх 2019 онд танилцсан. Энэ хүн анх өөрөө над дээр ирж уулзсан. Тэр өдрөөс хойш байнга хамт байсан. Би өмнө нь хэнтэй ч унтаж байгаагүй. Энэ хүнтэй анх удаагаа бэлгийн харьцаанд ороод, бэлгийн замын халдварт өвчин авсан. 2020 онд охин маань төрсөн. Тухайн үед нялх биетэй байхад нь утсан дээрээс нь өөр хүнтэй чаталж байсан талаар нь мэдсэн. Хэн болох тухай асуухад огт хэлдэггүй байсан. Миний сэтгэлд А хийсэн зарим үйлдэл нь үлдсэн болохоор байнга бодогдоод байдаг юм байна лээ. Би эхнэртээ гар хүрч үзээгүй. Нэг хүнтэй харьцаад байхаар нь орных нь доор суугаад нөүтбүүкээрээ оролдож байхад тэрийг аваад өг гээд шууд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би уурлаад би чамайг ална гэж хэлээд гэрээсээ гарсан. Гэтэл ээж рүү залгаад хадгаа ав гэж хэлсэн байсан. Би эргэж очоод ээжид нь хэлсэн. Таны охинтой удаан байж чадахгүй нь ээ гэж хэлсэн. Хадам ээжтэйгээ таны охин ийм зан ааштай юм шиг байна гэж хэлэхэд аав нь ийм байсан гэж хэлж байсан. Ээж нь хадгийг аваад ширээн дээр тавихаар нь би аваад л гарсан. Бид хоёрын дунд маргаан байнга гардаг байсан. Охиноо бодоод тэвчдэг байсан. Маргалдсаныхаа дараа эргээд нийлье гэж гуйсан. Зун нутаг руугаа авч явсан. Тухайн үед манай ээжтэй маргалдсан. Тэгэхээр нь би чи хайртай хүн байдаг бол тэр хүнтэйгээ зайлаарай гэсэн. Өөр айл руу явах гэхэд А явахгүй гэсэн. Манай хамаатан садан эхнэр болон ээж хоёрын маргааныг болиулсан. Би эхнэрийгээ цоо эрүүл хүн мөн эсэхийг огт ойлгоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээж мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Авдарных нь түгжээг буруу харуулаад түгжсэн байна гэсэн. Аав аваагүй, би тэр мөнгөнд хүрээгүй байсан. Тэрийг мартаад 2 өдөр өнгөрсний дараа манай аав, ээж хоёр манай охиныг эргэх гээд орж ирсэн. Орж ирэхэд нь манай аав, ээжтэй мэндлээгүй. Би айлын том доороо ганцхан эрэгтэй дүүтэй. Ээжтэйгээ утсаар ярьж байхад нь манай ээж, аав хоёр орж ирсэн. Тэр үед бас л мэндлээгүй. Аав ээж хоёрыг гараад явахаар нь би уурласан. Тэр үед эвтэйхэн хэлэлгүйгээр хэрүүл болгосон нь үнэн. Тэгээд гэнэт санаад чи мөнгө авсан уу гэж асуухад ээж рүү залгаад асуусан байсан. Ээж над руу залгаад чи эхнэртээ яах гэж хэлж байгаа юм гээд намайг загнасан. Дэлгүүр гарчихаад орж ирээд байж байтал манай ээж над руу залгаад юу болоод байгаа юм бэ? танай хадам ээж охиноо авъя гэж байна гээд хэлсэн. Тэр үед бүх зүйл тэгээд л өнгөрсөн. Ээжтэйгээ намайг эзгүйд байнга утсаар ярьдаг. Ярихдаа болсон асуудлыг дэвэргэж хэлдэг. Би ээжийг нь доромжилдоггүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Хүүхдээ эхийнх нь асрамжид байлгаж, хүүхдийн тэтгэмж төлөхийг зөвшөөрнө гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.М холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.М нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлэн зөвшөөрч, охин М.А өөрийн асрамжид авахыг хүссэн тайлбарыг гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.А, Б.М нар нь 2018 оны 11 сард танилцаж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин М.А төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, М.А ФЭ20222086 тоот регистртэй төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн 6101000043 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.А нь ...Нөхөр Б.М нь надад болон охин М.А анхаарал халамж тавьдаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, элдвээр доромжилж, охин бид хоёрыг өөрийнхөө ээжтэй нийлж, хүчирхийлдэг болсон. Нөхөр Б.М нь охин бид хоёрыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ хөөсөн.... гэх тайлбарыг гаргаж байгаа, хариуцагч Б.М ...гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиндоо тэтгэлэг төлөхөд маргах зүйлгүй. гэх тайлбар гаргаж байх ба тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.А, Б.М нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал санаачилга гаргахгүй байгаа ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч охин М.А өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин М.А эх Б.А асрамжинд өгч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба хуульд зааснаар охин М.А эх Б.А асрамжинд үлдээж, хариуцагч Б.М сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж 2020 оны 02 дугаар сарын 20-нд төрсөн охин М.А тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2020 оны 02 дугаар сарын 20-нд төрсөн охин М.А Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ болох 206000 төгрөгийн 50 хувь буюу 103000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт сар бүр хариуцагч Б.М төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин М.А сар бүр төлөх тэтгэлэг 103000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1236000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 34214 төгрөгийг хариуцагч Б.М гаргуулан төрийн санд, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан И овогт Б.А /РД:/, Х овогт Б.М /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 02 сарын 20-нд төрсөн охин М.А-г нэхэмжлэгч /эх/ Б.А-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 20-нд төрсөн охин М.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Х овогт Б.М /РД:ИЗ95112819/-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А олгож, 34214 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ