| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/02104/И |
| Дугаар | 001/ХТ2024/00084 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2024/00084
Б.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00243 дугаар магадлалтай,
Б.С-ын нэхэмжлэлтэй
Н-д холбогдох
Н-ийн ерөнхий захирлын 2023.01.30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Ж.Н, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.С нь Н-д холбогдуулан Н-ийн ерөнхий захирлын 2023.01.30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Н-д холбогдох, тус төвийн ерөнхий захирлын 2023.01.30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00243 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ыг Н-ийн О-ны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Н-с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...дурдсугай” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-с улсын тэмдэгтийн хураамжид 234,945 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Б.С “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал” хашиж байсан нийтийн албан тушаалтан” болохын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар “Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг”, 7.2-т “Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авах үүрэгтэй”, 7.2.6-д “энэ хууль болон З.Г-аас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх” үүргээ Н биелүүлж хууль хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангаж Н-ийн захирлын 2023.01.30-ны өдрийн Б/18 тоот тушаал гаргах нөхцөлийг бий болгосон.
...Б.С 2022.09.12-2022.10.04 хүртэл ээлжийн амралттай, 2022.10.04-2022.10.1 хүртэл өвчний улмаас ХЧТА тэтгэмжтэй, хүсэлт гаргаж захирлын 2022.10.27-ны өдрийн Б/142 тоот тушаалаар 2023.10.18-ны өдрөөс 3 сарын цалингүй чөлөө тус тус авсан бөгөөд (хх 168, 169, 170) Б.С-ын ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байх 4 сар гаруй хугацаанд төвийн захирлын 2022.10.27-ны өдрийн Б/142 тоот тушаалд зааснаар ажил олгогч хариуцсан үндсэн ажил үүргийг О-ны бусад ажилтнуудад хуваарилан зохицуулж, ачааллан ажиллуулж байсан гэдгийг гэрч давхар нотолсон. (хх 15)
Ажил олгогчоос ажилтанд олгосон 3 сарын чөлөөний хугацаа 2023.01.18-ны өдрөөр дуусгавар болох байсан бөгөөд нэхэмжлэгч нь 01 дүгээр сарын 17-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөний хугацаагаа 7 хоногоор сунгах тухай хүсэлтийг ирүүлсэн гэх боловч тус өдөр буюу 2023.01.17-ны өдөр БНСУ-д байсан нь түүний гадаад паспортын хуулгаар тогтоогдсон (хх 98, 18). Өөрөөр хэлбэл тус хүсэлт нь өөрийнх нь хүсэл зориг мөн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь дээрх хүсэлт болон түүнийг нотолсон баримтаа ажил олгогчид гаргаж өгсөн талаар шүүхэд нотлоогүй.
...Хөдөлмөрийн дотоод журмын төслийг “Н хамт олон Т” пэйж хуудсанд 14 хоног байршуулж бүх ажилтнуудаас санал авсан бөгөөд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын албан ёсны вэб сайт болон байгууллагын албан ёсны мэдээллийг түгээдэг “Н хамт олон Т” пэйж хуудсанд нээлттэй байршуулж нийт ажилчдад танилцуулж мөрдүүлсэн.
...Нэхэмжлэгч Б.С нь Н-тэй 2016.04.20-ны өдөр О-ны даргын албан тушаалд хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил үүрэг гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд Э-ын “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” 2022 оны Б/22 тушаалаар 2022.04.14-ний өдрөөс Н-ийн ерөнхий захирал томилогдох хүртэл албан үүргийг нь тус төвийн О-ны дарга Б.С-аар 2022.09.01-ний өдөр хүртэл 4 сар гаруй хугацаанд хавсран гүйцэтгүүлсэн байдаг. Ийнхүү О-ны даргын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.11-ний өдрийн 001/ШХТ2024/00434 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н-ийн ерөнхий захирлын 2023.01.30-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Б.С нь ажил тасалснаас гадна өөр ажилд томилогдсон учраас тус төвийн ажлын ачааллыг харгалзан түүнийг О-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус албанд нь ХШ ажилтнаар түр томилсон. Гэвч Б.С ажилдаа ирээгүй гэж маргажээ.
Хариуцагч НХ нь 2017.01.25-ны өдөр оноосон нэрээ Н болгон өөрчилсөн байна. /1хх 241-242/
8.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан ба шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийг 172.2.1-т зааснаар гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Б.С нь Н-д 2001 оноос эхлэн ажилласан, 2019.11.18-ны өдөр О-ны даргын албан тушаалд томилогдсон, 2022 оны 09.12-10.04 хүртэл хугацаанд ээлжийн амралтаа авсан, 10.04-10.17-ний өдрийг хүртэл өвчний улмаас эмнэлгийн магадалгаатай байсан, ар гэрийн шалтгааны улмаас 2022 оны 10.18-01.18 хүртэл хугацаанд 3 сарын цалингүй чөлөө авсан талаар талууд маргаагүй байна.
Харин чөлөөний хугацаа дуусах үед нэхэмжлэгч нь 2022.01.17-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөний хугацааг 7 хоногоор сунгах тухай хүсэлтийг гаргасан ба хариуцагч уг хүсэлтийг хүлээн авсан талаар маргаагүй, гагцхүү Хөдөлмөрийн дотоод журмын 6.4-т “чөлөө авах ажилтан чөлөөний хуудсыг бөглөн холбогдох баримтын хамт хүний нөөцийн мэргэжилтэнд өгнө” гэж заасан, нэхэмжлэгч Монгол Улсад байгаагүйг үндэслэн хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримтаа авч ирэхийг хүлээсэн, үүнээс гадна нэхэмжлэгч нь Э-д хэрэгжиж буй “Ц МОН-9218” төслийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн байсан, нийтийн албан тушаалтан хоёр газар өдрийн 8 цаг, долоо хоногийн 40 цагаар нэгэн зэрэг ажиллах боломжгүй, энэ талаар байгууллагын удирдлагад мэдэгдээгүй, зохих зөвшөөрлийг аваагүй учир ажлаас чөлөөлсөн гэж маргасан.
10.Үүнээс үзвэл, ажил олгогч Н-ийн ерөнхий захирлын 2023.01.30-ны өдрийн Б/18 дугаар тушаал хууль зөрчсөн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.
Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 58 дугаар зүйлийн 58.1.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, З.Г-ын 2018 оны 382 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт, 2022 оны 10 дугаар тогтоолын тавдугаар хавсралт, Н-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 6.1, 6.5, 8.7.2, 8.8, 10.17.2 дахь хэсгийг баримтлан Б.С-ыг О-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус албанд нь ХШ ажилтнаар түр томилсон байна. /1хх 6, 222-240)
11.Анхан шатны шүүх “НХ-ийн дотоод журмын 2.4.17-д “Ажил олгогчийн үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхэлдэг өөр байгууллагад зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажил олгогчоос зөвшөөрөл авах” гэж зааснаар нэхэмжлэгч нь давхар ажил эрхлэх талаар холбогдох хууль, журамд заасны дагуу удирдлагадаа мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ ажилтны энэ үйлдэл нь хөдөлмөрлөх эрхийн харилцааг цуцлах үндэслэл мөн эсэхийг дүгнэж чадаагүй.
Давж заалдах шатны шүүх “...хариуцагч нь Б.С-ыг О-ны даргын албан тушаалаас чөлөөлөхдөө ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус, нэхэмжлэгч нь чөлөөний хугацааг 7 хоногоор сунгах хүсэлтийг ажил олгогчид бичгээр гаргаснаас үзвэл, ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй, хариуцагч хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж байх хугацаанд нэхэмжлэгч нь ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байсан, ажил олгогч Б.С-д Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн, талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буюу ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тохиролцоогүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.С-ыг ноцтой зөрчил гаргасан эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзэхгүй, нэхэмжлэгч Б.С нь төслийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн боловч энэ нөхцөл байдал нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болоогүй, давхар ажил эрхэлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, иймд ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тушаал хууль зүйн үндэслэлгүй тул уг тушаалыг хүчингүй болгож, Б.С-ыг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
12.Ажил олгогчийн тушаал дараах байдлаар хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас “... ажилд эгүүлэн тогтоосон” давж заалдах шатны шүүхийн шийдлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалаа 1.ажилтан нь ажил тасалсан, 2.ажилтан нь үндсэн ажлын зэрэгцээ давхар ажил хийх гэж байгаа талаар мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй гэсэн 2 үндэслэлээр хамгаалж, хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа.
12.1.Нэхэмжлэгч нь 2022.01.18-нд дуусах чөлөөний хугацааг 7 хоногоор сунгах хүсэлтээ байгууллагад бичгээр хүргүүлсэн, энэ үедээ ээжийгээ асарч БНСУ-д байсан, ажил олгогч нь чөлөө олгохгүй талаар хариу мэдэгдээгүй. Гэвч чөлөө олгосон гэж үзвэл нэхэмжлэгч нь 2022.01.25-ны өдөр ажилдаа ирэх үүрэгтэй байсан, гэтэл 2022.01.28-ны өдөр ажилдаа ирсэн нь ажлын 3 хоног ирээгүй үйл баримт тогтоогдож байгаа боловч ажил олгогч нь 2019.11.18-ны өдөр Б.С-ыг О-ны даргын албан тушаалд томилсон атлаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй (2016 оны хөдөлмөрийн гэрээг баримтлах учиргүй), уг зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар гэрээгээр тохироогүйгээс гадна ажил олгогч тушаалдаа энэ зөрчлийг заагаагүй учир хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан энэ үндэслэлийг тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
12.2.Б.С нь үндсэн ажлаас гадна Э-ны Т-ын 2023.01.30-ны өдрийн Б/54 тушаалаар “Ц МОН-9218” төсөлд Байгаль орчны мэргэжилтнээр томилогдсон, 2023.02.01-ний өдөр Э-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч нь энэ ажлыг үндсэн ажлын зэрэгцээ хийх боломжтой, өмнө нь ийм төсөлд ажиллаж байсан гэсэн бол хариуцагч нь энэ талаар нэхэмжлэгч нь мэдэгдээгүй, уг ажлыг давхар хийх боломжгүй, хөдөлмөрийн дотоод журам болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар ажил олгогчоос зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр маргасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй”, 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасан танилцуулга хүлээн авсан албан тушаалтан ажлын байрны шаардлагыг харгалзан 30 хоногийн дотор давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүргээс чөлөөлөгдөх, гэрээ болон эрхийг цуцлах эсэх тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.С-ын хувьд үндсэн ажлын зэрэгцээ дээр дурдсан төслийн ажлыг эрхлэх тохиолдолд хувийн ашиг сонирхол болон нийтийн албаны чиг үүргийн хүрээнд зөрчил үүссэн, төслийн ажил нь ердийн 8 цагаар ажилладаг тул зэрэгцэн ажил хийх боломжгүй гэх татгалзлаа хариуцагч нотлоогүй болно.
Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч Б.С нь төслийн сонгон шалгаруулалтад оролцсон, улмаар тэнцсэн тухайгаа хариуцагч байгууллагад мэдэгдсэн болохоо нотлоогүй боловч үүний улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан талаар тушаалд тусгагдаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос дараах тохиолдолд зөвшөөрөл авна:
57.2.1.ажилтан үндсэн ажил олгогчтой энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан;
57.2.2.үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол;
57.2.3.ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол ажил олгогчоос зөвшөөрөл авна гэж заасан бөгөөд эдгээр үндэслэлийн аль нэг байсан талаар хариуцагч илэрхийлээгүй, үүнээс гадна төслийн ажлыг давхар хийхийг зөвшөөрсөн эсвэл зөвшөөрөөгүй талаар талуудын хооронд тохирсон баримт хэрэгт байхгүй ч хуулийн 57.2-т заасан үндэслэл байхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 57.3-т зааснаар зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээтэй ажилтны нийт ажлын цаг долоо хоногийн ердийн ажлын 40 цагаас илүүгүй, ажлын цагийн дээд хязгаарт багтах ёстой бөгөөд үүнд ажилтан, үндсэн болон зэрэгцсэн ажил олгогч тус тус хяналт тавьдаг байна. Хариуцагч Н нь ажилтан төслийн ажлыг зэрэгцэн хийх боломжгүй байсныг нотлоогүй, дээд байгууллага болох Э-тай байнгын холбоотой атлаа зэрэгцэн ажиллах үндэслэлгүй байсан гэдгийг баримтаар нотлоогүй байв.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд ажил олгогчийн тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзнэ.
12.2.Харин нэхэмжлэлийн шаардлагаас “ажилгүй байсан хугацааны олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөөгүй хэдий ч өөр ажилд томилсноор уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан, үүнд ажилтнаас шалтгаалсан байдал тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах боломжгүй гэж үзэв. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00243 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ыг Н-ийн О-ны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс “ажилгүй байсан хугацааны олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Н-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.20-ны өдөр төлсөн 234,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД