Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Ж-

Шүүгдэгч Д.И-, А.М-, Ж.Ж-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.И-, А.М-, Ж.Ж- нарт холбогдох 201714000098 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, УУЦТТ-ийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг Орхон аймгийн ** сум ** баг *** оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Б- овгийн А-ын М-, РД:/МЭ*******/

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг Орхон аймгийн ** сум ** багийн ** тоотод оршин суух, “***” авто засварын газарт механик ажилтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Ч овогт Д-н И- РД:/МВ************/

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, белазын жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг Орхон аймгийн ** сумын ** баг ** тоотод оршин суух, “***” ХХК-ний  жолооч ажилтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх О овогт Ж-йн Ж- РД:/ФБ***********/

 

Шүүгдэгч А.М-, Д.И-, Ж.Ж- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг ** сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** бааранд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан С.Б-э, Н.З- нарыг зодож хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч А.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 25-нд ** бааранд бүжиглэж байхдаа З- гэдэг залуутай хальт муудалцаад салсан. Дараа нь үүдэнд дахин муудалцаад хальт цохисон. Би тэр үед архи уусан байсан. Хохирогч З-д 250.000 төгрөг, Б-эд 750.000 төгрөгийг бид гурав хувааж төлсөн. Миний буруу. Маргах зүйлгүй. Хохирогч нараас уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.И-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Баар хаах үед болсон. Найзыгаа салгах гэж байгаад ийм асуудал болсон. Миний хувьд Б-э, З- хоёрыг нэг удаа цохиж авсан. Дахин ийм зүйл гаргахгүй. Хохирлыг төлсөн. Гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ж.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 25-ны орой З-той муудалцаад барьцалдаж аваад 2-3 удаа цохилцсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй. Хохирол төлсөн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг баарны гадаа тамхи татаад зогсож байхад зүс танихгүй надаас 2-3 насаар дүү байрын залуу ирээд З- ахыг дотор хүмүүс зодоод байна гэж хэлсэн. Намайг ороход 2 давхарын шатан дээр И- гэдэг залуу өөрөөсөө гадна нэг залуутай /М- биш байсан/ манай найз З-г барьчихсан доош нь тонгойлгосон байдалтай зодож байсан. Тэр залуу нь З-гийн элэг рүү нь гараараа цохиж байсан. ..Би очоод найзаа авчихъя гэж тэр хоёрт хэлсэн чинь И- намайг чи хэн юм бэ, зайл гээд миний эрүү рүү гараараа 2 удаа цохисон. Хажуугаар нь очоод найз З-г авах гэж байхад И- мөн миний баруун чих рүү гараар цохиод авсан. Тухайн үед миний толгой дүүрч чих шуугиж их өвдөж байсан. Доош тонгойгоод байж байхад тэр хоёрын нэг нь намайг шат руу түлхээд унагаасан юм. Би шат руу унаад тэр чигээрээ босч гараад цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/,

 

-Хохирогч Н.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад М- гэж нэрийг нь мэдсэн залуу бүжиглэх явцдаа санаандгүй ирж мөрөлсөн. Тэгсэнээ над руу дайрч уурлан хальт 1 удаа шанаа руу цохиж авсан. Тэгээд түүнтэй маргах гэхэд найзууд нь түүнийг холдуулсан. Харин түүний найз болох урьд нь нэг байранд амьдардаг байсан Маагаа гэх залуу намайг тэднээс холдуулж баарнаас гаргасан. Тэгэхэд араас М- ирж миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж авсан. Тэгсэн чинь М-ы найзууд болох И- гэдэг залуу өөрөөсөө гадна нэг залуутай тухайн баарны үүдний хэсгийн 2 давхарын шат руу намайг татаж гаргаад цохиж зодсон. Тэр үед би И- болон түүнтэй хамт явсан залуу хоёроос нүүрээ нууж, гараараа нүүрээ дараад доош тонгойгоод хажууд байсан О-гийн биед нүүрээ наасан. И- намайг миний толгойны ар хэсэг рүү гараараа олон удаа цохисон, хөл рүү өшиглөсөн, хажууд нь байсан залуу мөн миний элэг бөөр, толгой тархи руу гараараа олон удаа цохисон. Намайг энэ хоёрт зодуулж байхад манай найз Б-э намайг салгаж авах гэж ирээд И-д чих рүүгээ цохиулаад гараад явсан гэдгээ надад дараа нь хэлж байсан. И- намайг тэр залуутай нийлж зодож байгаад шатаар буугаад цааш явсан. Би түүний араас буугаад ирэхэд М- шатны хажууд намайг нэг удаа гараараа цохисон. М- миний толгой, шанаа хэсэг рүү гараараа 3 удаа цохисон. И- хамт явсан найзтайгаа миний толгойны ар хэсэг, бие, хөл рүү олон удаа цохиж, өшиглөж зодсон гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

 

-Гэрч Э.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гарч тамхилаад баар луу орж байхад 2давхарын шатан дээр нэг залууг хүмүүс голдоо оруулчихсан зодож байсан. Хамт явж байсан хүмүүсийн нэг нь биш байгаадаа гээд харахад зодуулж байгаа нь манай найз З- байсан. Эргэж гараад гадаа байсан Б-эд дотор хүмүүс З-г зодоод байна гэж хэлсэн. Тэгээд хоёулаа эргэж ороод шатаар өгсөөд тэд нар дээр очих гэхэд өөдөөс цагаан цайвар цамцтай байсан залуу бид хоёр луу дайрч цаашаа зайл гэсэн. Б-э түүнд хандан найзаа аваад явчихъя гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу Б-ийн хацар луу гараараа нэг удаа цохиод авсан. Б-э түүнд цохиулчихаад тэр залууд хандан найзаа аваад явчихъя гэж дахин хэлсэн. Тэгсэн тэр залуу Б-ийг дахин өмнөх шигээ нүүр зүүн хацар орчимд нь нэг удаа цохиод цааш нь түлхсэн, тэгээд намайг чи ч гэсэн цаашаа зайл пизда минь гэж түлхсэн. Тэгсэн Б-э дахин очиж тэр залууд найзаа аваад явчихъя гэж хэлсэн юм. Тэр залуу мөн Б-ийг гараараа дахин нэг удаа цохисон. З- цаана нь хоёр залуутай зууралдсан байсан. Түүнийг нэг нь өвдөглөж цохиод байсан. Б-ийг 3 удаа цохиж авсан залуу анх З-г бас цохиж зодож байсан гэсэн мэдүүлэг /хх 49 ху/,

 

-Гэрч П.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бааранд сууж байхад гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн юм. Яг хэн хэлснийг нь мэдэхгүй байна. Гараад очиход баарны үүдний коридорт М- хүмүүстэй маргаад байх шиг байсан, харин үүдний шатан дээр Ж- нь, мөн миний зүс таних нэг сургуульд хамт сурч байсан, тэгэхдээ ямар нэг холбоогүй З- гэх залуутай заамдалцаад авчихсан байсан. Би тэр хоёрыг хараад салгах гэж очсон, тэр хоёр нэлээн амьсгаадчихсан хоорондоо зодолдчихсон зогсож байсан. Ямар ч байсан зүгээргүй байсан. З- нь Ж-г заамдаад хананд шахчихсан зогсож байсан. Намайг очиж байхад миний араас хэд хэдэн хүмүүс ирээд тэр хавьд нэлээн бужигнасан, тэгэхдээ миний зүгээс хэн хэн нь, хэнийгээ цохиж зодож байгааг хараагүй. Би өрөө хүртэл нэг хүнд 2-3 удаа хальт цохиулж авсан юм.Тэнд нэлээн олон таньдаг таньдаггүй халамцуу залуучууд байсан. Ингээд би тэр хавьд байсан М-, Ж- хоёрыг салгаж аваад орсон юм. И-г бол хараагүй. Ямар ч байсан З- нь Ж-тай заамдалцаад авсан байсан, тэр хоёр намайг харж байхад бие биенээ цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний албаны 134 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Б-ийн биед баруун чихний хэнгэрэгийн цооролт үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэлба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 27 ху/,

 

-Шүүх шинжилгээний албаны 141 дугаартай дүгнэлтэнд:

1. Н.З-гийн биед тархи доргилт, нүүр, баруун чихний ард, хүзүүнд цус хуралт үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 33 ху/,

 

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 20 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64-66 ху/

-А.М-, Д.И-, Ж.Ж- нарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 100-111 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.М-, Д.И-, Ж.Ж- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг ** сум Хүрэнбулаг багийн нутаг дэтсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” бааранд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж С.Б-э, Н.З- нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Б-ийн “...Би очоод найзаа авчихъя гэж тэр хоёрт хэлсэн чинь И- намайг чи хэн юм бэ, зайл гээд миний эрүү рүү гараараа 2 удаа цохьсон. Хажуугаар нь очоод найз З-г авах гэж байхад И- мөн миний баруун чих рүү гараар цохиод авсан. Тухайн үед миний толгой дүүрч чих шуугиж их өвдөж байсан. Доош тонгойгоод байж байхад тэр хоёрын нэг нь намайг шат руу түлхээд унагаасан юм” гэсэн /хх 21-22 ху/, хохирогч Н.З-гийн “...И- намайг миний толгойны ар хэсэг рүү гараараа олон удаа цохисон, хөл рүү өшиглөсөн, хажууд нь байсан залуу мөн миний элэг бөөр, толгой тархи руу гараараа олон удаа цохисон” гэсэн мэдүүлгүүд /хх 25 ху/, мөн гэрч П.О /хх 51 ху/ гэрч Э.А- /хх 48 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогч С.Б-ийн биед баруун чихний хэнгэрэгийн цооролт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 134 дугаар дүгнэлт  /хх 27 ху/, Н.З-гийн биед тархи доргилт, нүүр, баруун чихний ард, хүзүүнд цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 141 дүгээр дүгнэлт /хх 33 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.М-, Д.И-, Ж.Ж- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Хохирлын хувьд шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.З-д 250.000 төгрөгийг, С.Б-эд 700.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хохирогч нарын шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.