Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Г.Б, Ж.У нарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Н.Д

Шүүгдэгч                                           Г.Б, Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Г, Э.Т, Д.Э, Х.О, Ж.Ж

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Б, Ж.У нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, М.Г, шүүгдэгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Э овогт Г-н Б.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ж-н У.

 

Шүүгдэгч Г.Б нь Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын геодези зураг зүйн мэргэжилтэнээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 05 сард эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өндөр сум хариуцсан газрын даамал Ж.У-ас түүний гарын үсэгтэй газар эзэмшүүлэх 4 ширхэг гэрээг хоосноор авч дээрх гэрээн дээр иргэн М.Б, Э.Э, Б.А, М.Э нарын нэрийг бичиж газар эзэмшүүлэх гэрээг хийж бусдад давуу байдал бий болгосон,

 

            шүүгдэгч Ж.У нь 2018 оны 05 сард албан тушаалын байдлаа урвуулан газар эзэмшүүлэх гэрээний маягтанд гарын үсэг, тамга тэмдэг дарж Г.Б-д өгч, иргэн М.Б, Э.Э, Б.А, М.Э нарт давуу байдал бий болгож газар эзэмшүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Э овогт Г-ын Б, Б овогт Ж-н У нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.У-г нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 5 400 нэгж буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Ж.У-д оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд сар бүр 360 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, М.Г нар давж заалдах гомдолдоо:

 

... Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Ж.У-н үйлдлийг 2018 оны 05 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар эзэмшүүлэх гэрээний маягтанд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж Г.Б-д өгч П.Э, М.Б, Э.Э, Б.А, М.Э нарт давуу байдал бий болгож, газар эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан ба 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 33.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, 34.1 дэх хэсэгт энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан ба хуулийн дээрх заалтуудын дагуу иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр орон сууцны хашаа барих зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга гаргаж улмаар сумын газрын даамал иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр иргэнд газар эзэмших эрх нь үүдэг байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас дээрх нэр бүхий иргэд Ж.У-ын өгсөн гэх баримт бичгээр газар эзэмшээгүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг /хх-224/, Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичиг /219/, зэрэг баримтаар хангалттай тогтоогдож байхад хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Авилгын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэмт хэргийн шинжгүй, бусдад болон өөртөө давуу байдал олгоогүй гэх үндэслэлд дүгнэлт хийхдээ шүүгдэгч нар нь бүлэглэн Монгол улсын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин төрийн, нийтийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хуульд заасан эрх мэдлээ, урвуулан ашиглаж хууль бусаар бусдад газар эзэмшүүлэх эрх олгосон, дээрх эрхийг үндэслэн газрыг хууль бусаар бусдад газар эзэмшүүлэх эрх олгосон гэм буруутай үйлдэл, хор уршиг тогтоогдож байна гэжээ.

Уг дүгнэлт нь Авилгын эсрэг хууль болон Эрүүгийн хуульд заасан холбогдох заалтуудтай нийцэхгүй байна. П.Э гэж иргэн эзэмших эрх аваагүй газрыг хууль бусаар бусдад зарсан гэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл хийсэнд Ж.У ямар ч буруугүй. Нэгэнт эзэмших эрх хэн нэгэн этгээдэд үүсээгүй тул уг эрхийг болон газрыг худалдан борлуулах боломж байхгүй. Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт нийтийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглохоор заасан. Дээрх хориглосон үйлдлийг хийсэн бол тус хуулийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авилгын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгохоор заажээ.

Харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг, түүнд хүлээлгэх  эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэж заасан бөгөөд тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Мөн зүйлийн эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй талаар 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан. Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор хуульчилсан. Ж.У-н үйлдлийн улмаас хэн нэгэн этгээдэд газар эзэмших эрх олгогдоогүй давуу байдал бий болоогүй тул түүний үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Авилгын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийн үзэл баримтлал болон холбогдох зохицуулалтуудыг дүгнэвэл албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх үйлдлийг тухайн үйлдлийн үр дагавараас нь хамаарч ямар төрийн хууль зүйн хариуцлага тооцох бэ гэдэг асуудлыг хууль тогтоогч зааглан хуульчилсан байна.

Тодруулбал нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө бусдад давуу байдал бий болгосон бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага тооцох, харин өөртөө болон бусдад давуу байдал бий болоогүй бол Авилгын эсрэг хуульд заасны дагуу сахилгын хариуцлага тооцохоор байна. Үүнээс үзвэл анхан шатны шүүх Авилгын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Миний хувьд надад хорих ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэж байна.

Миний бие үйлдсэн хэрэг болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Ар гэрт маань бага насны хоёр хүүхэд эхнэр маань жирэмсэн хүүхдүүдээ хараад үлдсэн, дээр нь аав ээж хоёр маань хөгшин настай харж хандах хүнгүй байгаа.

Миний үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй байгаа.

Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Г.Бийн дээрх үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, ажил албан үүргээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал би болгосон нь нотлогдоогүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах байр суурьтайгаар анхан шатны шүүхэд санал дүгнэлт гаргаж оролцсон ба одоо ч энэ байр суурийг илэрхийлэн давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ажил албан тушаалын тодорхойлолтонд Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б нь дараах ажил үүргийг эрхлэн явуулдаг байна.

1. Монгол улсын хууль тогтоомж, Засгын газрын мөрийн хөтөлбөр сайд дарга нарын тушаал шийдвэр, заавар, журам, норм стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах,

2. Нууцын зэрэглэлтэй байр зүйн зургийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах,

Том дунд жижиг маштабын байр зүйн зургийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих,

Байр зүйн зургийн жижүүрлэлт хөтлөх,

Байр зүйн зургийн өөрчлөлтийн талаар мэдээллээ ГХГЗЗГ-т жил бүр тайлан хүргүүлэх,

Байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах,

Газар зүйн нэрээр нэршүүлэх ажлыг орон нутагт нь ард иргэд оршин суугчдын дунд зохион байгуулах,

3. Тухайн орон нутагт өргөтгөж шинэчилж, шинээр хийгдэж байгаа барилга байгууламж, авто болон төмөр зам, эрчим хүч, холбоо, мэдээлэл, дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ, нисэх буудал, үер болон нефтийн байгууламж бусад инженерийн байгууламжийн газар дээрх болон доорхи шугам сүлжээний ажлын төлөвлөлт, барьж байгуулах, гүйцэтгэл, ашиглалтын хэмжилт зураглалын ажилд хяналт тавих

Инженер геодезийн хэмжилт зураглалын ажлыг солбицол, өндөр тусгалын нэгдсэн тогтолцоонд гүйцэтгүүлж, ажлыг шалган хүлээн авах,

Тухайн орон нутагт хийгдэж байгаа инженерийн байгууламж шугам сүлжээний газрыг бусад төрлийн газартай давхцуулж олгохгүй байх талаар хяналт тавих

Өмнө инженерийн байгууламж, шугам сүлжээний газрыг давхцалтай олгогдсон газрын талаар асуудал тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан тухай ГХЗЗГ-т илрүүлэх

Дээрх ажлуудын гүйцэтгэлийн зураглалаар тухайн орон нутагт байгаа Инженерийн байгууламж, газар дээрх болон доорхи шугам сүлжээний өөрчлөлтийг хийж, тайланг хүргүүлэх,

4.Геодезийн цэг, тэмдэгтэй холбоотой ажлыг төлөвлөх, төсөл зохиох ажилд оролцох,

Геодезийн цэг тэмдэгтийн нөхөн сэргээх, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, ажлыг зохион байгуулах

Цэг тэмдэгтийн өөрчлөлтийн талаар мэдээллээ жил бүр тайлагнан ирүүлэх,

5.GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах,

GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын бүрэн бүтэн байдалд хяналт тавих

Орон нутагт геодези хэмжилтийн зураглалд ашиглагдаж байгаа багаж, тоног төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах ажлыг зохион байгуулж хяналт тавих

6.зураг хийх ба хийлгэх ажлыг захиалах, үр дүнг хүлээн авах зэрэг нийт 7 чиг үүрэг зорилт бүхий 24 зүйлийн ажил гүйцэтгэдэг байна.

Г.Бийн газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан гэх хэрэг үйлдэл нь энэхүү ажил албан тушаалын тодорхойлолтонд заасан 24 зүйл үйл ажиллагааны аль заалтанд хамрагдаад байна бэ, чухам эдгээрээс аль эрх мэдэл албан үүргээ урвуулан ашиглаад байна бэ гэдэг талаас нь шалгасан, тогтоосон ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй.

Гэтэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байхыг шаардсан байхад энэ талаар шалгаагүй байж энэ зүйл ангиар буруутгах боломжгүй гэж үзэж байна.

Г.Б нь иргэн, байгууллага ямарваа этгээдтэй газар эзэмшүүлэх талаар гэрээ хэлцэл хийх эрх мэдэл албан үүрэг байхгүй гэдэг нь тодорхой. Өөрт нь олгогдоогүй эрх хэмжээний асуудлыг эрх мэдэл бүхий этгээдэд буюу газрын даамал ажилтай У-д хандсан нь зүй ёсны асуудал. Гэтэл шүүхээс түүний энэхүү хандсан асуудлыг нь эрх мэдэл албан тушаалаа ашигласан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Газрын даамал өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурж тамга дарсан албан ёсны бэлэн гэрээг нэр бичих хоосон зайнд нэрийг бичээд өгөөрэй гэж зөвшөөрч олгосон байхад Б зааварласан ёсоор нэр бичиж өгсөн нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүхээс Г.Б*ийн гэм буруутайг тооцсон үндэслэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газрын даамал У-с түүний гарын үсэгтэй газар эзэмшүүлэх 4 ширхэг гэрээг хоосноор авч дээрх гэрээн дээр 4 иргэнд нэрийг бичиж гэрээ хийж, бусдад давуу байдал бий болгосон гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-р заалтанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж зөрүүтэй бичсэн байна.

Гэтэл прокурор Б-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлтэндээ заасан байгаа. Эндээс үзэхэд шүүх Б-г эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсвэл бусдад давуу байдал тогтоосон, эсвэл хоёуланг нь хавсраад үйлдсэн аль нь болохыг ялгаж салгаж дүгнэлт өгч чадалгүй шийдвэрлэсэн.

Мөн прокурор яллах дүгнэлтэндээ Г.Б, Ж.У нарын үйлдэл оролцоог тус тусад нь ялган зааглаж бүлэглэсэн гэж үзээгүй байхад шүүх бүлэглэн хэрэг үйлдсэнээр ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэж байна.

Б-г гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа гол үндэслэл нь бол 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэсэн огноотой Газар эзэмшүүлэх гэрээ гэж үздэг. Өмгөөлөгчийн зүгээс эсрэгээр энэхүү гэрээг Б-н гэм буруугүй гэдгийг нотлож байгаа гол баримт гэж үзэж байна. Учир нь гэрээг Б биш У байгуулсан, гэрээн дээр У-н гарын үсэг байгаа болохоос Б гарын үсэг зураагүй. Б газар эзэмшүүлэх гэрээ хийх эрх мэдэл бүхий албан тушаалтан биш. Тийм учраас уг гэрээн дээр У өөрөө гарын үсэг зураад тамга дараад Б-д өгсөн. Энэ 4 иргэнтэй байгуулсан гэрээг У хийсэн болохоос Б хийгээгүй.

Энэхүү гэрээ 4 иргэнд олгогдсоноор давуу байдал үүсгэсэн гэж үзэж байгаа бол энэ давуу байдлыг У бий болгосон болохоос Б бий болгоогүй.

Б-с гэрээг авсан 4 иргэн гэрээг аваад газрын албанд хандаж газраа хууль ёсны болгох талаар хандсан, уг газруудыг нь эзэмшүүлэхээр Засаг даргаас захирамж шийдвэр гарч шийдвэрлүүлсэн асуудал огт болоогүй.

Нөгөө талаас хавтаст хэрэгт нотлох баримт болгон хавсаргагдсан шүүгдэгч нарыг буруутгаж байгаа үндэслэл болсон 2017 оны 05 дугаар сарын 15 гэсэн огноотой Газар эзэмшүүлэх гэрээ нэртэй /У-с авч Б бичиж өгсөн гэх/ баримт нь чухам ямар хүчин чадалтай эрх зүйн акт юм бэ гэдэг талаар шалгаж тогтоосон зүйл хэрэг дотор огт байхгүй.

Энэхүү гэрээ нь орон нутгийн иргэд байгууллагын дунд Цагаан хуудас гэж нэрлэгдэж ирсэн баримт бөгөөд энэ нь газар олгох эрх үүсгэсэн баримт бичиг мөн юм уу, энэ ямар хууль дүрэм журмаар зохицуулагдан гарч ирсэн баримт бичиг юм, одоо хэрэглэгдэж байгаа юм уу, Газрын тухай хуулинд Засаг даргын захирамж гарсны дараа захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулахаар хуульчилсан байтал захирамж гараагүй байхад газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаа нь ямар учиртай болох зэргийг шалгаж тогтоох байтал огт энэ ажиллагаа хийгдээгүй.

Иймд шүүгдэгч Г.Б-ийг буруутгаж байгаа хуулийн зүйл анги тохироогүй, түүний гэм буруу нотлогдоогүй байхад түүнд үндэслэлгүйгээр ял оноосон эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоос Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Ж.У нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, М.Г, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.У нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Э-ын ... Би газар худалдан авах гэж Ж.У гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй энэ гэрээг анх удаа харж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40-р талд/,

 

Гэрч М.Б-н ... Би энэ гэрээг мэдэхгүй байна. Би ийм гэрээ байгуулаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43-р талд/

 

Гэрч Э.Х-н ... Би 2018 оны 07 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна “Facebook”-ээр П.Э гэж залуутай харьцсан тэрээр 2 айлын газрыг 3.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. Ингээд би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн 4 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 1 дүгээр орцны урд талын машины зогсоол дээр П.Э-тэй уулзаад газрын үнэ хөлсний тухай ярилцаад 2 айлын газрыг нь П.Э-с 2.400.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. П.Э газрын мөнгийг өөрийнхөө дансанд биш өөр нэг хүний дансанд 1.550.000 төгрөг, бас нэг өртэй хүнийхээ гэсэн байхаа дансанд 865.000 төгрөгийг надаар шилжүүлүүлсэн. Ингээд П.Э надад хэлэхдээ энэ 2 газрыг улсаас газар аваагүй хүний нэр дээр авна шүү гэж хэлж байсан. Тэгээд би ээж М.Б, ах Э.Э нарын нэр дээр газар эзэмших гэрээг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

 

Гэрч Б.А-н ...“Би гэрээний талаар мэдэхгүй байна. 2018 онд сар өдрийг нь сайн санахгүй байна манай нөхөр М.Э надад хандаж нөгөө газар чинь бүтэхээр болчихлоо гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг авч явсан. Тэгээд энэ гэрээг хийж ирсэн байсан. Энэ газрыг хэрхэн яаж авсан талаар манай нөхөр Э мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/

Гэрч М.Э-н “... Газрын албанд ажилладаг найз Г.Б-тэй уулзаад газар авах гээд материал өгсөн чинь удаад байна үүнийг хурдлуулаад өгөх арга байна уу гэж асуусан чинь би асууж сураглаад болохоороо туслья гэж хэлсэн. Би тухайн үед Г.Б-тэй яг хэзээ уулзсанаа сайн санахгүй байна. Ингээд хэзээ гэдгийг нь мөн л сайн санахгүй байна Г.Б над руу утсаар ярьснаа очиход эхнэр Б.А болон миний нэр дээр газар эзэмших гэрээ гарчихсан байсан. Тухайн 2 айлын газар дээрээ хашаа хатгаад жижиг зуслангийн байшин барьчихсан байгаа ажил ихтэй учраас газрын гэрчилгээгээ хөөцөлдөж чадахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, М.Г нар ... Ж.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн,

шүүгдэгч Г.Б ... оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү... гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э ... Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Г.Б, Ж.У нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 сард Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын геодези зураг зүйн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баян-Өндөр сум хариуцсан газрын даамал Ж.У-с түүний гарын үсэгтэй газар эзэмшүүлэх 4 ширхэг хоосон гэрээг гуйж авч дээрх гэрээн дээр П.Э-н гуйлтаар иргэн М.Б-д Яргуйт баг Толгод Их залуу 86-32 тоот газрыг, иргэн Э.Э-д Яргуйт баг Толгод Их залуу 86-30 тоот газрыг, Б.А, М.Э нарт Яргуйт баг Их залуу Толгодод газар эзэмшүүлэхээр гэрээн дээр бичилт хийж өгч бусдад давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Ж.У нь 2018 оны 05 сард албан тушаалын байдлаа урвуулан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан газар эзэмшүүлэх гэрээний маягтыг Г.Бд өгсний улмаас, газар эзэмшиж авахаар Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газарт хүсэлт гаргаагүй П.Э, М.Б, Э.Э, Б.А, М.Э нартай шүүгдэгч Г.Б газар эзэмшүүлэх гэрээг  байгуулж тэдэнд давуу байдал бий болгосон үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн агуулгатай тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч шүүгдэгч Г.Б, Ж.У нарын дээрх үйлдэл нь өөрсдийн албан тушаалын байдлаа ашиглаж холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ шударгаар хүртэх байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, газрын тухай хуульд заасан харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон шинжээрээ албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийсний улмаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй ба энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн шинжтэй,  албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт болон бусад хувь хүнд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсныг ойлгодог.

Баян-Өндөр сумын газрын даамал ажилтай Ж.У нь газар эзэмшүүлэх хүсэлт гаргаад гэрчилгээ авах шаардлагыг хангасан иргэнтэй газар эзэмшүүлэхээр байгуулдаг гэрээний гарын үсэг тамга тэмдэгтэй 4 ширхэг бөглөөгүй маягтыг Орхон аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газарт Геодези зураг зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Б-ийн гуйлтаар түүнд өгсний улмаас Г.Б нь дээрх маягтыг ашиглан иргэн  М.Б, Э.Э, Б.А, М.Э нартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж  өөрсдийн хийх ёсгүй үйлдлийг хийжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б-ийн бусдад газар эзэмшүүлэхийг хүссэн идэвхитэй үйлдэлд шүүгдэгч Ж.У дэмжлэг үзүүлж газар эзэмшүүлэх гэрээний маягтыг түүнд өгч улмаар М.Б, Э.Э, Б.А, М.Э нарт хүссэн газрыг нь эзэмшүүлэхээр гэрээ байгуулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна.

Иймд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй  байна.

Харин шүүгдэгч Г.Б-д анхан шатны шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байгаа боловч давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдралын байдал, хохирол төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Б-д  оногдуулсан хорих ялыг торгох ял болгож хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ж.У-н өмгөөлөгч Э.Т, М.Г, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Г.Б-ийн ... 1 жилийн хугацаагаар хорих ялаар гэснийг, ... 5400 нэгжээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар ..., гэж өөрчилж,

 

3 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 62 хоногийг буюу цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 930.000 төгрөгийг хасаж, үлдэх торгох ялыг 4.470.000 төгрөгөөр  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 4 470 000 төгрөгийн торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд сар бүр 298 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Г.Б-д анхааруулсугай.

 

3. Шүүгдэгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч Ж.У-н өмгөөлөгч Э.Т, М.Г нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийг сулласугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА