Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.Идэрхангай, А.Мэндсайхан, Ж.Жавхланзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Идэрхангай, А.Мэндсайхан, Ж.Жавхланзаяа нарт холбогдох 201714000098 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 01 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, УУЦТТ-ийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-3-4 оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Боржигон овгийн Александрын Мэндсайхан, РД:/МЭ90012512/

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 4-12 тоотод оршин суух, “Хүч” авто засварын газарт механик ажилтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Чонос овогт Даш-Ёндонгийн Идэрхангай РД:/МВ88101310/

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, белазын жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-23-109 тоотод оршин суух, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний АТБ-ын белазын жолооч ажилтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Олхонууд овогт Жигмэдийн Жавхланзаяа РД:/ФБ89033011/

 

Шүүгдэгч А.Мэндсайхан, Д.Идэрхангай, Ж.Жавхланзаяа нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лофт бааранд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан С.Бат-Эрдэнэ, Н.Золбоо нарыг зодож хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч А.Мэндсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 25-нд Лофт бааранд бүжиглэж байхдаа Золбоо гэдэг залуутай хальт муудалцаад салсан. Дараа нь үүдэнд дахин муудалцаад хальт цохисон. Би тэр үед архи уусан байсан. Хохирогч Золбоод 250.000 төгрөг, Бат-Эрдэнэд 750.000 төгрөгийг бид гурав хувааж төлсөн. Миний буруу. Маргах зүйлгүй. Хохирогч нараас уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.Идэрхангайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Баар хаах үед болсон. Найзыгаа салгах гэж байгаад ийм асуудал болсон. Миний хувьд Бат-Эрдэнэ, Золбоо хоёрыг нэг удаа цохиж авсан. Дахин ийм зүйл гаргахгүй. Хохирлыг төлсөн. Гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ж.Жавхланзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 25-ны орой Золбоотой муудалцаад барьцалдаж аваад 2-3 удаа цохилцсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй. Хохирол төлсөн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг баарны гадаа тамхи татаад зогсож байхад зүс танихгүй надаас 2-3 насаар дүү байрын залуу ирээд Золбоо ахыг дотор хүмүүс зодоод байна гэж хэлсэн. Намайг ороход 2 давхарын шатан дээр Идэрхангай гэдэг залуу өөрөөсөө гадна нэг залуутай /Мэндсайхан биш байсан/ манай найз Золбоог барьчихсан доош нь тонгойлгосон байдалтай зодож байсан. Тэр залуу нь Золбоогийн элэг рүү нь гараараа цохиж байсан. ..Би очоод найзаа авчихъя гэж тэр хоёрт хэлсэн чинь Идэрхангай намайг чи хэн юм бэ, зайл гээд миний эрүү рүү гараараа 2 удаа цохисон. Хажуугаар нь очоод найз Золбоог авах гэж байхад Идэрхангай мөн миний баруун чих рүү гараар цохиод авсан. Тухайн үед миний толгой дүүрч чих шуугиж их өвдөж байсан. Доош тонгойгоод байж байхад тэр хоёрын нэг нь намайг шат руу түлхээд унагаасан юм. Би шат руу унаад тэр чигээрээ босч гараад цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/,

 

-Хохирогч Н.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Мэндсайхан гэж нэрийг нь мэдсэн залуу бүжиглэх явцдаа санаандгүй ирж мөрөлсөн. Тэгсэнээ над руу дайрч уурлан хальт 1 удаа шанаа руу цохиж авсан. Тэгээд түүнтэй маргах гэхэд найзууд нь түүнийг холдуулсан. Харин түүний найз болох урьд нь нэг байранд амьдардаг байсан Маагаа гэх залуу намайг тэднээс холдуулж баарнаас гаргасан. Тэгэхэд араас Мэндсайхан ирж миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж авсан. Тэгсэн чинь Мэндсайханы найзууд болох Идэрхангай гэдэг залуу өөрөөсөө гадна нэг залуутай тухайн баарны үүдний хэсгийн 2 давхарын шат руу намайг татаж гаргаад цохиж зодсон. Тэр үед би Идэрхангай болон түүнтэй хамт явсан залуу хоёроос нүүрээ нууж, гараараа нүүрээ дараад доош тонгойгоод хажууд байсан Олзвойгийн биед нүүрээ наасан. Идэрхангай намайг миний толгойны ар хэсэг рүү гараараа олон удаа цохисон, хөл рүү өшиглөсөн, хажууд нь байсан залуу мөн миний элэг бөөр, толгой тархи руу гараараа олон удаа цохисон. Намайг энэ хоёрт зодуулж байхад манай найз Бат-Эрдэнэ намайг салгаж авах гэж ирээд Идэрхангайд чих рүүгээ цохиулаад гараад явсан гэдгээ надад дараа нь хэлж байсан. Идэрхангай намайг тэр залуутай нийлж зодож байгаад шатаар буугаад цааш явсан. Би түүний араас буугаад ирэхэд Мэндсайхан шатны хажууд намайг нэг удаа гараараа цохисон. Мэндсайхан миний толгой, шанаа хэсэг рүү гараараа 3 удаа цохисон. Идэрхангай хамт явсан найзтайгаа миний толгойны ар хэсэг, бие, хөл рүү олон удаа цохиж, өшиглөж зодсон гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

 

-Гэрч Э.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гарч тамхилаад баар луу орж байхад 2давхарын шатан дээр нэг залууг хүмүүс голдоо оруулчихсан зодож байсан. Хамт явж байсан хүмүүсийн нэг нь биш байгаадаа гээд харахад зодуулж байгаа нь манай найз Золбоо байсан. Эргэж гараад гадаа байсан Бат-Эрдэнэд дотор хүмүүс Золбоог зодоод байна гэж хэлсэн. Тэгээд хоёулаа эргэж ороод шатаар өгсөөд тэд нар дээр очих гэхэд өөдөөс цагаан цайвар цамцтай байсан залуу бид хоёр луу дайрч цаашаа зайл гэсэн. Бат-Эрдэнэ түүнд хандан найзаа аваад явчихъя гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу Бат-Эрдэнийн хацар луу гараараа нэг удаа цохиод авсан. Бат-Эрдэнэ түүнд цохиулчихаад тэр залууд хандан найзаа аваад явчихъя гэж дахин хэлсэн. Тэгсэн тэр залуу Бат-Эрдэнийг дахин өмнөх шигээ нүүр зүүн хацар орчимд нь нэг удаа цохиод цааш нь түлхсэн, тэгээд намайг чи ч гэсэн цаашаа зайл пизда минь гэж түлхсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ дахин очиж тэр залууд найзаа аваад явчихъя гэж хэлсэн юм. Тэр залуу мөн Бат-Эрдэнийг гараараа дахин нэг удаа цохисон. Золбоо цаана нь хоёр залуутай зууралдсан байсан. Түүнийг нэг нь өвдөглөж цохиод байсан. Бат-Эрдэнийг 3 удаа цохиж авсан залуу анх Золбоог бас цохиж зодож байсан гэсэн мэдүүлэг /хх 49 ху/,

 

-Гэрч П.Олзбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бааранд сууж байхад гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн юм. Яг хэн хэлснийг нь мэдэхгүй байна. Гараад очиход баарны үүдний коридорт Мэндсайхан хүмүүстэй маргаад байх шиг байсан, харин үүдний шатан дээр Жавхланзаяа нь, мөн миний зүс таних нэг сургуульд хамт сурч байсан, тэгэхдээ ямар нэг холбоогүй Золбоо гэх залуутай заамдалцаад авчихсан байсан. Би тэр хоёрыг хараад салгах гэж очсон, тэр хоёр нэлээн амьсгаадчихсан хоорондоо зодолдчихсон зогсож байсан. Ямар ч байсан зүгээргүй байсан. Золбоо нь Жавхланзаяаг заамдаад хананд шахчихсан зогсож байсан. Намайг очиж байхад миний араас хэд хэдэн хүмүүс ирээд тэр хавьд нэлээн бужигнасан, тэгэхдээ миний зүгээс хэн хэн нь, хэнийгээ цохиж зодож байгааг хараагүй. Би өрөө хүртэл нэг хүнд 2-3 удаа хальт цохиулж авсан юм.Тэнд нэлээн олон таньдаг таньдаггүй халамцуу залуучууд байсан. Ингээд би тэр хавьд байсан Мэндсайхан, Жавхланзаяа хоёрыг салгаж аваад орсон юм. Идэрхангайг бол хараагүй. Ямар ч байсан Золбоо нь Жавхланзаяатай заамдалцаад авсан байсан, тэр хоёр намайг харж байхад бие биенээ цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний албаны 134 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Бат-Эрдэнийн биед баруун чихний хэнгэрэгийн цооролт үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэлба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 27 ху/,

 

-Шүүх шинжилгээний албаны 141 дугаартай дүгнэлтэнд:

1. Н.Золбоогийн биед тархи доргилт, нүүр, баруун чихний ард, хүзүүнд цус хуралт үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 33 ху/,

 

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 20 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64-66 ху/

-А.Мэндсайхан, Д.Идэрхангай, Ж.Жавхланзаяа нарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 100-111 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Мэндсайхан, Д.Идэрхангай, Ж.Жавхланзаяа нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэтсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” бааранд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж С.Бат-Эрдэнэ, Н.Золбоо нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Бат-Эрдэнийн “...Би очоод найзаа авчихъя гэж тэр хоёрт хэлсэн чинь Идэрхангай намайг чи хэн юм бэ, зайл гээд миний эрүү рүү гараараа 2 удаа цохьсон. Хажуугаар нь очоод найз Золбоог авах гэж байхад Идэрхангай мөн миний баруун чих рүү гараар цохиод авсан. Тухайн үед миний толгой дүүрч чих шуугиж их өвдөж байсан. Доош тонгойгоод байж байхад тэр хоёрын нэг нь намайг шат руу түлхээд унагаасан юм” гэсэн /хх 21-22 ху/, хохирогч Н.Золбоогийн “...Идэрхангай намайг миний толгойны ар хэсэг рүү гараараа олон удаа цохисон, хөл рүү өшиглөсөн, хажууд нь байсан залуу мөн миний элэг бөөр, толгой тархи руу гараараа олон удаа цохисон” гэсэн мэдүүлгүүд /хх 25 ху/, мөн гэрч П.Олзбаяр /хх 51 ху/ гэрч Э.Амартүвшин /хх 48 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогч С.Бат-Эрдэнийн биед баруун чихний хэнгэрэгийн цооролт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 134 дугаар дүгнэлт  /хх 27 ху/, Н.Золбоогийн биед тархи доргилт, нүүр, баруун чихний ард, хүзүүнд цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 141 дүгээр дүгнэлт /хх 33 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Мэндсайхан, Д.Идэрхангай, Ж.Жавхланзаяа нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Хохирлын хувьд шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Золбоод 250.000 төгрөгийг, С.Бат-Эрдэнэд 700.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хохирогч нарын шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.