| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00239/И |
| Дугаар | 142/ШШ2021/00291 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2021/00291
| 2021 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2021/00291 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум,............ тоотод оршин суух, Х овогт Б.Э /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймаг, ******* сум, ............... А ХХК /регистрийн дугаар:......../-д холбогдох,
2.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие 2005 оноос 2020 оны 10 дугаар сарыг хүртэл нийт 16 жилийн хугацаанд Е.Э худалдааны төвийн Б-8 дугаартай хэсгийг түрээслэн ажиллуулсан болно. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэн ажилласан болно. Одоо 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагааг зогсоож лангуугаа албан ёсоор хүлээлгэн өгсөн. Иймд Е.Э худалдааны төвөөс
-барьцааны мөнгө болох 150.000 төгрөг,
-Под станц байрлуулахаар түр хураан авсан 1.000.000 нэг сая төгрөг
-2020 оны 06-р сард түрээс нэмнэ гэж түрээсийн гэрээ зөрчиж нэмэгдлээр 340.000 төгрөгийг илүү төлөлт болгон нийт 5 сарын хугацаанд 1.700.000 төгрөг хураан авсан нь 4 иргэнээс авч байсан ба бусад түрээслэгчдээс аваагүй байна. Ингээд нийт 2.850.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай А ХХК нь 2000 онд ******* аймгийн Засаг захиргааны шийдвэрийн дагуу зарласан Хүнсний бөөний худалдааны төв зах байгуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, одоогийн энэхүү Е-Э худалдааны төвөө өөрийн 100 хувийн хөрөнгө, хүчээр барьж байгуулсан билээ. Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлдээ маш олон зүйлийг буруу, худал бичжээ. Энэ хүн 2005 онд биш 2007 онд анх Б заалны 8-р павилонд орсон ба тухайн үед барьцааны мөнгө гэх 150.000 төгрөг огт өгөөгүй. Б заал нь 2005 оны өвөл ашиглалтанд орсон бөгөөд шинэ павилионы түлхүүр өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Б.Э-гийн нэр байхгүй. Анх Б заалны 8-р павилионд Сүү ХХК-ний бүтээгдэхүүн борлуулна гэж ******* аймгийн ХАҮТ-ын дарга М ирж гэрээ байгуулан, ажиллуулсан билээ. 20 тоннын хөлдөөгчтэй контейнер тавьсан. Түүнээс нь түрээсийн мөнгө авахгүй байлгаж байсан. Цахилгааны резерв нөөц эх үүсвэртэй болох зорилгоор 250 кВА-гийн трансформаторын иж бүрэн подстанц, цахилгаан дамжуулах 6000 вольтын агаарын шугам, 380 вольтын газар доорх далд шугам кабель тус тус худалдан авч угсралт монтажийн ажлыг бид 2016 оны 8, 9-р саруудад хийсэн. Е-Э худалдааны төвийн цахилгаан нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх ТП-254-өөс хангагддаг байсан. Сүүлийн үед энэ под станцын ойролцоо олон байгууллага аж ахуйн нэгж барилга барьж, цахилгаан авч манай болон бусдын газар доорх кабель шугамыг тасалж гэмтээх явдал ихээр гарч, олон цаг, хоногоор цахилгаангүй байдаг байв. Түрээслэгчид цахилгааны нэмэлт эх үүсвэртэй болох хүсэлтээ удаа дараа илэрхийлж, хандив мөнгө өгье гэх болсон. Бид хөөцөлдөж, захын урд талд байдаг 6000 вольтын шугамаас тэжээл авах зөвшөөрөл авсны дагуу шинэ ТП-250 кВА, дамжуулах шугамын хамт угсарсан болно. Тухайн үед нэхэмжлэлд дурдсан шиг түр мөнгө хураан авсан зүйл байхгүй бөгөөд зарим түрээслэгчдээс хандивын мөнгө өгсөн ба энэ нь нийт зардлын 20 хувь орчим болсон. Түрээслэгчдийн хандивт Б.Э нь 1.000.000 төгрөгний хандив өгсөн гэдэг нь тодорхой бус мөн дээр нь 2016 оноос эхлэн гэрээг цуцлах хүртэл 4 жил тухайн подстанцын ашиг шимийг нь хүртэж аж амьдралаа залгуулж байсан мөртлөө одоо буцааж авна гэдэг нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Б.Э-гийн өгсөн гэж тайлбарлаж буй нэг сая төгрөг нь хандивын мөнгө буюу өөрийн болон хамт олны төлөө сайн дураараа өгсөн буян бөгөөд би хувьдаа авч, ашиглаагүй, түүний үр шимийг хандив өгсөн бүх түрээслэгчид хүртсэн байхад 5 жилийн дараа энэхүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2020 оны 06 сард түрээс нэмэх талаар огт дурдаагүй бөгөөд тухайн хугацаанаас хойш 5 сарын хугацаанд 1.700.000 төгрөг авсан нь үндэслэлгүй болох нь миний харилцах дансны хуулгаас тодорхой харагдана. /хавсралтаар хавсаргав/ Иймд Б.Э-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 2.850.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А ХХК-ийн хооронд байгуулсан ******* аймгийн бөөний худалдааны Е-Э төвд худалдаа, үйлчилгээ эрхлэх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч А ХХК-ийн Е-Э худалдааны төвийн Б танхимын 8 дугаарын павилионыг нэг сарын 914.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацааг 2019 оны 10 сарын 19-нд сунгасан байна. /хэргийн 11-р хуудас/
Нэхэмжлэгч Б.Э нь ...би эхлээд 1 павилоныг сарын 660000 төгрөгөөр, 2 контейнерийг 154000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байхад надаас 2018 оны 6 сараас эхлэн түрээсийн төлбөрт 340000 төгрөгөөр илүү буюу 5 сарын хугацаанд 1700000 төгрөгийг илүү төлүүлсэн... гэж тайлбарлаж байх ба хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар Б.Э нь 2007 оноос эхлэн Е-Э худалдааны төвийн Б танхимын 8 дугаарын павилионыг сарын 914000 төгрөгөөр, мөн 2 ширхэг контейнерийг /1 ширхэг контейнер түрээс 77000 төгрөг/ 154000 төгрөгөөр нийтдээ 1068000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч Б.Э нь А ХХК-д түрээсийн төлбөрт 2018 оны 05 сарын 31-нд 1.154.000 төгрөг буюу илүү 86.000 төгрөг, 2018 оны 07 сарын 1-нд 1.154.000 төгрөг буюу илүү 86.000 төгрөг, 2018 оны 08 сарын 1-нд 1.154.000 төгрөг буюу илүү 86.000 төгрөг, 2018 оны 09 сарын 1-нд 1.077.000 төгрөг буюу илүү 9000 төгрөг, 2018 оны 09 сарын 28-нд 1.077.000 төгрөг буюу илүү 9.000 төгрөг нийт 276.000 төгрөгийг илүү төлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 6-10 тал/
Нэхэмжлэгч Б.Э мөн барьцааны мөнгө болох 150000 төгрөг, под станц байрлуулахаар түр хураан авсан 1000000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч ...Б.Э-гаас анх барьцааны мөнгө аваагүй, түр мөнгө хураан авсан зүйл байхгүй, цахилгааны нөөц эх үүсвэртэй болох зорилгоор 250 кВА-гийн трансформаторын иж бүрэн подстанц, цахилгаан дамжуулах 6000 вольтын агаарын шугам, 380 вольтын газар доорх далд шугам кабель тус тус худалдан авч угсралт монтажийн ажлыг бид 2016 оны 8, 9-р саруудад хийсэн, түрээслэгчдээс хандивын мөнгө өгсөн, хандивт Б.Э нь 1.000.000 төгрөгний хандив өгсөн гэдэг нь тодорхой бус, хандивын мөнгө сайн дураараа өгсөн, түүний үр шимийг хандив өгсөн бүх түрээслэгчид хүртсэн байхад 5 жилийн дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна... гэж маргаж, барьцаа аваагүй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Б.Э нь барьцааны мөнгөнд төлсөн 150000 төгрөг, под станц байрлуулахаар түр хураан авсан гэх 1000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд А ХХК-аас түрээсийн төлбөрт илүү төлүүлсэн 276.000 / хоёр зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.574.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 /тавин есөн мянга долоон зуун тавь / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 8.930 /найман мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э олгохоор шийдвэрлэв..
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 276.000 / хоёр зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.574.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 /тавин есөн мянга долоон зуун тавь / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 8.930 /найман мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ