Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00091

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04210 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00374 дүгээр магадлалтай,

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэг болон хохиролд 191,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн төлөөлөгч А.Эж нарын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ц.А нь “Б” ХК-д холбогдуулан Даатгалын гэрээний үүрэг болон хохиролд 191,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04210 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХК-аас 35,910,000 төгрөг гаргуулж, Ц.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 155,510,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар “Б ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 337,500 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00374 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХК-аас 107,730,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,690,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 696,600 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 935,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчид 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон нь “ЭКын дүрэм”-ийн 4.4 дэх хэсгийн 4.4.1.“бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан” заалтад хамаарч байхаас гадна хөдөлмөрийн чадвараа 70 хувиар бүрэн алдсан гэдгийг Б хэлтсийн 2022.12.12-ны өдрийн 1609 тоот хариу албан бичгээр нотлогддог тул даатгалын гэрээний 6.2.2.“хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд тухайн шүүгчийн сүүлийн 3 жилийн цалингийн үнэлгээний 100 хувиар” нөхөн олговрыг олгохоор заасан зохицуулалтад хамаарна. Учир нь дээрх гэрээний уг заалт нь даатгуулагч хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар “бүрэн” алдсан нөхцөлд хамаарах зохицуулалт гэж үзнэ. Түүнчлэн, Даатгалын гэрээний дээрх заалтад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд 70 хувийг аль хэсэгт оруулж өгсөн нь ойлгомжгүй бөгөөд тус стандарт нөхцөл бүхий гэрээг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар гэрээний уг заалтыг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар хуульчилсан. Иймд Даатгалын гэрээний 6.2.2-т зааснаар “хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд тухайн шүүгчийн сүүлийн 3 жилийн цалингийн үнэлгээний 70 хувиар” гэсэн үндэслэлээр тооцож нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

...Даатгалын гэрээний 5.2-т заасан хэмжээ нь уг гэрээний 6.2.2-т зааснаар Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70-89 хувиар 2021.09.07-ны өдрөөс хойш удаан хугацаагаар алдсан тул гэрээний 5.2, 6.2.2-т зааснаар сүүлийн 3 жилийн цалингийн 100%-тай тэнцэх 102,600,000 төгрөгийн нөхөн олговрыг, гэрээний 5.3-т заасан үнэлгээ нь уг гэрээний 6.2.1-д хөдөлмөрийн чадвараа 2021.03.12-ны өдрөөс 221.09.07-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтсэн, амбулатори, гэрээр эмчилгээ хийлгэсний улмаас түр алдсан тул гэрээний 5.3, 6.2.1-д зааснаар сүүлийн 1 жилийн цалингийн 40%-тай тэнцэх 13,680,000 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус шаардах эрхтэй юм. Давж заалдах шатны шүүхийн нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн алдааг засаж, “ШДын гэрээ”-ний 5.2, 6.2.2-т зааснаар 102,600,000 төгрөгийн нөхөн олговор, гэрээний 5.3, 6.2.1-д зааснаар 13,680,000 төгрөгийн нөхөн төлбөр нийт 116,280,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлт оруулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь “Б” ХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан 2021.10.01-ний өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл 782 хоногийн хугацаанд “ШД”-ын гэрээний 9.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 116,280,000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар алдангийг тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан 50 хувийн хэмжээнд нийцүүлэн 58,140,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу 58,140,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлт оруулж өгнө үү.

...нэхэмжлэгч хуулиар өөрт олгосон эрхээ эдлэхэд хүргэсэн хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас хохирол учирсан нь бодит байдлаар тогтоогдсон байхад үүнийг шүүхээс “гэрээний улмаас учирсан хохиролд тооцогдохгүй” гэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. ...Хэрэв хариуцагч “Б” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгалын нөхөн төлбөрийг олгосон бол нэхэмжлэгч Ц.А-ийн хувьд өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийн нэмэлт зардлыг гаргаж хохирохгүй байсан. Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчээс хууль зүйн үйлчилгээний хөлс төлж, нэмэлт зардал гарган хохирсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас 17,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулж өгнө үү. ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч “Б” ХК-аас даатгалын нөхөн олговорт 102,600,000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрт 13,680,000 төгрөг, алдангид 58,140,000 төгрөг, хохиролд 17,000,000 төгрөгийг буюу нийт 191,420,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-т олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.1.Хариуцагчийн төлөөлөгч А.Эж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Даатгалын гэрээний 2.10-т “Гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг ойлгоно” гэж тохиролцсон тодорхойлсон байдаг. Мөн даатгалын гэрээний 4.19-д гэнэтийн өвчлөлийн хэлбэрүүдийг жагсаан бичсэн болно. ...Дээрх тохиолдолд шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т заасныг харгалзсаны үндсэн дээр мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” мөн 198.2-т “гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус заасныг баримтлан гэрээг тайлбарлах ёстой байтал уг хуулийн заалтуудыг үл харгалзсан ба гэрээний гол нөхцөлийн утга агуулга нь хуульд заасан шаардлагыг хангасан тодорхой, ойлгомжтой байгаа нь илт байхад шүүх “2023 онд уг өвчний улмаас элэг ээнэгшлээ алдаж элэг шилжүүлэн суулгасан нь урьд хийгдэж байсан эмчилгээг үргэлжлүүлж хийгээгүй, харин гэнэтийн буюу 1 удаагийн шинжтэй өвчлөл байна” гэж дүгнэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй байна.

...Э-ын 2014.05.17-ны өдрийн 177-р тушаалаар батлагдсан “Элэг шилжүүлэн суулгах тухай заавар”-т элгийг гэнэтийн өвчний улмаас солих боломжгүй бөгөөд элгийг архаг өвчин хүндэрснээр солих тухай тодорхой тусгасан бөгөөд уг зааврын өмнөх үг хэсэгт “Элэгний эмгэг эцсийн шатандаа орсон үйлчлүүлэгчийн эмчилгээ, амьдралын чанарыг сайжруулах цорын ганц арга нь элэг шилжүүлэн суулгах арга юм” гэж  тодорхойлсноос гадна А1 дэх хэсэгт элэг шилжүүлсэн суулгах зайлшгүй шаардлагатай заалтад “цөсний цоргын анхдагч сорвижилт, цөсний шалтгааны анхдагч хатуурал” буюу даатгуулагчийн өвчний оношоор элэг шилжүүлэн суулгах шаардлагатай”, мөн тус зааврын А.3.2 “элэгний архаг эмгэг, хатуурлын улмаас элэг шилжүүлэн суулгах шалгуур Чайльд-Пью оноо 9-өөс их, MELD оноо 20-оос их эсвэл элэгний архаг дутагдал ээнэгшил алдарсан үед элэг шилжүүлэн суулгах”-аар тус тус заасан байхад шүүх дүгнэхдээ “уг зааварт элгийг гэнэтийн өвчний улмаас солих боломжгүй бөгөөд элгийг архаг өвчин хүндэрснээр солих талаар заасан бөгөөд маргааныг шийдвэрлэхэд элэг шилжүүлэн суулгаж буй нь архаг өвчнөөс үүдэлтэй боловч ийнхүү мэс засалд орох шаардлага үүссэн нь гэнэтийн шинжтэй талаарх дүгнэлтийг дээр өгсөн болно” гэж мушгин гуйвуулж, мэргэжлийн бус, буруу тайлбарлан дүгнэлт гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “үнэн зөв, эргэлзээгүй” байх шаардлагыг хангасан байхад шүүх элэг солиулах хагалгаа нь гэнэт үүссэн өвчин мэт нотлох баримтуудыг үнэлээгүйгээс шийдвэр, магадлал утга, агуулгын илэрхий алдаатай болж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Дурдвал, Т эмнэлгийн дотрын 2-р тасгийн эмч, өвчтөний эмчлэгч эмч байсан Б.Б-ын “...элэгний хатуурал гэдэг нь эмийн эмчилгээнд эдгэрэх боломжгүй даамжрах боломжтой архаг, хүнд өвчин”, “Элэг шилжүүлэн суулгахаас өөр сонголт байхгүй”, “...архаг өвчин, архаг даамжрах явцтай” гэх анхан шатны шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч нь 2019 оноос хойш буюу даатгалын гэрээ байгуулахаас өмнө Т эмнэлэгт 4 удаа хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхүүдэд “2019.11.18-ны өдөр “Анхдагч цөсөн хатуурал ЧП-В”, 2020.04.22-ны өдөр “Анхдагч цөсөн хатуурал, цирроз, элэгний анхдагч цөсөн хатуурал Чайльд Пью А”, 2020.11.18-ны өдөр “Элэгний склерозтой хавсарсан элэгний фиброз анхдагч билиарный цирроз Чайльд Пью В”, “2020.12.04-ний өдөр “Цөсний шалтгаант элэгний хатуурал өвчин, ээнэгшилгүй үе элэгний архаг дутагдал 1-2 зэрэг” гэх мэт (3хх 153-222), шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.11.09-ний өдрийн 913-р дүгнэлтэд “...уг өвчний үед элгэн дэх цөсний цорго гэмтсэнээр цөсний зогсонгишил үүсэж, цөс нь элэгний эсийг гэмтээснээр элэгний эдэд сорвижилт, хатуурал үүсгэдэг аажим явцтай, архаг өвчин юм. Уг өвчин эмгэг жамын дагуу хүндэрч ээнэгшил алдагдсан учраас элэг шилжүүлэх мэс засал хийгдсэн” (1хх 190-193)

...2023.01.12-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 05 тоот “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарлах тухай” тогтоол болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т тус тус заасны дагуу шүүгч нар өөрсдөө татгалзан гарах үүрэгтэй байсан болно. Нэхэмжлэгч Ц.А нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2022.07.01-ний өдрөөс эхлэн хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар болох М.Б, Д.Д, Т.Б нартай хамт ажиллаж (веб сайт:www.appealcourt.mn) байгаа бөгөөд энэхүү шүүгч нар нь 2021 онд байгуулагдсан “ШД-ын гэрээ”-ээр даатгуулсан даатгуулагч нар болно. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хэрэг хянан шийдвэрлэх зарчимд нийцээгүй, хууль болон дүрэм, журам, заавар, гэрээний гол нөхцөлийн утга агуулгыг гуйвуулан буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг бий болгож байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн төлөөлөгч А.Эж нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.18-ны өдрийн 001/ШХТ2024/00440 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

7.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч “Б” ХК-д холбогдуулан “ШД-ын гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасны дагуу нөхөн төлбөр 102,600,000 төгрөг, гэрээний 5.3, 6.2.1-д заасан нөхөн төлбөр 13,680,000 төгрөг, алданги 58,140,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөг, нийт 191,420,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, элэг солиулсан нь гэнэтийн өвчин бус, архаг өвчин бөгөөд даатгалын тохиолдол бий болоогүй тул нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримтлан “Б” ХК-аас 35,910,000 төгрөг гаргуулж Ц.А-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 155,510,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 107,730,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь 2013 оноос элэгний хатуурал өвчин туссан боловч 2021 оноос анхдагч цөсөн элэгний хатуурал ээнэгшлээ алдсан өвчний онош нь хүлээгдэж байгаагүй гэнэтийн шинжийг агуулсан, Т эмнэлэгт удаа дараалан эмчилгээ хийлгэж байсан боловч 2023 онд уг өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлага бий болсон нь гэнэтийн өвчлөлд тооцогдоно, элгийг шилжүүлэн суулгасан нь урьд хийгдэж байсан эмчилгээний үргэлжлэл бус, харин гэнэтийн буюу нэг удаагийн шинжтэй өвчлөлд хамаарна, даатгалын гэрээний 4.1.9-д гэнэтийн өвчлөлүүдийг нэрлэн зааснаас гадна “бусад гэнэтийн өвчлөлүүд” хамаарахыг тусгасан, хэдийгээр элэгний хатуурал өвчин нь архаг, удаан хугацаанд үргэлжлэх өвчин боловч элэг солиулах мэс засал нь гэрээний хугацаанд хийгдсэн, гэрээнд заасан “бусад гэнэтийн өвчлөл”-д хамаарсан, энэ нь даатгалын тохиолдол тул нөхөн олговрыг шаардах эрхтэй гэсэн хууль зүйн ижил дүгнэлтийг хийсэн.

Анхан шатны шүүх шүүгчийн 3 жилийн цалингийн хэмжээ 102,600,000 төгрөгөөс даатгалын гэрээний 6.2.1-д заасан 30 хувиар тооцож 30,780,000 төгрөг, гэрээний 9.2-т зааснаар нөхөн төлбөр олгох хүсэлтийг “Б” ХК шийдвэрлээгүй 33 хоног хэтрүүлсэн гэж үзэж, алданги 5,130,000 төгрөг, нийт 35,910,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Харин давж заалдах шатны шүүх Б хэлтсийн дэргэдэх ЭК-ын 2021.09.07-ны өдрийн 0449865 дугаар актаар ердийн өвчний 7-29 дэх заалтаар Z94 буюу эд эрхтэн шилжүүлэн суулгасны улмаас Ц.А-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 6 сарын хугацаатайгаар тогтоосон /1хх 23/, нэхэмжлэгч элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан байх тул даатгалын гэрээний 5.2, 6.2.2-т зааснаар тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн цалин болох 102,600,000 төгрөгийн 70 хувиар тооцож нөхөн төлбөрт 71,820,000 төгрөг гаргуулах, гэрээний 9.2-т алданги тохирсон тул даатгалын тохиолдол бий болсноос шүүхэд нэхэмжлэл гарах хүртэлх хугацаанд 35,910,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж даатгалын нөхөн төлбөр болон алдангийн хэмжээг анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөрөөр дүгнэсэн ба үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг болон даатгуулагч эмчлүүлэх үеийн нөхөн төлбөр 13,680,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа нөхөн төлбөрийн хэмжээг яагаад шүүгчийн сүүлийн 3 жилийн цалингийн 30 хувиар тогтоосон үндэслэл нь тодорхой бус, давж заалдах шатны шүүх даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг анхаарсан нь зөв боловч хариуцагчаас алданги гаргуулсан нь үндэслэлгүй болсон байх ба шүүхийн зөрүүтэй шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр зохигчийн гомдлын дагуу хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.Даатгуулагч Ц.А нь “Б” ХК-д хандан нөхөн төлбөр олгох хүсэлтийг гаргасан ба гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоогүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар С-д 2021.11.11-ний өдөр гомдол гаргасан боловч нөхөн төлбөр олгох асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх агуулгатай хариу өгчээ. /1-р хавтас 20-22/

11.ШЗ болон хариуцагч “Б” ХК-ийн хооронд 2020.12.22-2021.12.21-ний хооронд үйлчлэх, HIA01 C20160007 дугаартай “ШД-ын гэрээ” байгуулагдсан, гэрээний зүйл нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн амь нас, эрүүл мэнд байх ба нэхэмжлэгч Ц.А нь уг гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ./1-р хавтас 19, 53-57/

Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нийт үнэлгээ 124,516,748,216 төгрөг байх ба даатгалын нийт хураамжид 372,400,000 төгрөг төлөгдсөн байна.

11.1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-д зааснаар бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд эдэлнэ. Мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Талууд гэрээг бичгээр байгуулж, гэрээнд гол нөхцөлөө тусгасан, даатгалын хураамж төлөгдсөн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний 4.1.1-д даатгалын эрсдэлд байгалийн, ахуйн, мал амьтдын нөлөөгөөр үүсэх, техниктэй харьцах үеийн, ажил үүрэг гүйцэтгэж байх үеийн буюу шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй, гуравдагч этгээдээс учруулах, бусдад хорлогдох, зодуулах, буу, хутга мэс зэрэг зэвсэгт болон гадны дайралтад өртөх зэрэг, цацраг идэвхт болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн, гэнэтийн өвчлөл зэрэг 9 нөхцөлийг хамааруулсан байна.

Харин гэрээний 4.1.9-д “гэнэтийн өвчлөл” гэдгийг “мухар олгойн хурц түгжрэл болон түүний архаг өрөвслийн сэдрэлт, гэдэсний хурц түгжрэл, хоол боловсруулах эрхтний цооролт, түлэгдэлт, цус харвалт, ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочмог шигдээс, тархины цусан хангамж багасах, тархины судасны хатуурал, тархины хаван үүсэх, үе мөчний бүх төрлийн өвчин, гэнэтийн ухаан алдалт, татаж унах, хордолт, бүх төрлийн хордлого, хордлогын халдвар, хүн, малын гоц халдварт болон халдварт өвчин, бусад гэнэтийн өвчлөлүүд” гэж, 6.2.2-т даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 61-70 хүртэл хувиар алдсан нь тогтоогдвол тухайн шүүгчийн сүүлийн 3 жилийн цалингийн үнэлгээний 70 хувиар нөхөн олговор олгоно гэж тус тус заажээ.

11.2.Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байхдаа, даатгалын гэрээний хугацаанд 2021.03.12-2021.03.31 хүртэл Т эмнэлэгт К74 буюу элэгний хатуурал оноштойгоор, Х-д 2021.04.06-аас мөн оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 4 удаа хэвтэн эмчлүүлж, улмаар 2021.06.10-ны өдөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон, мөн оны 07 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд ходоодны ар хананаас цус алдсан хүндрэлийн улмаас клип тавьж цус алдалтыг зогсоох ажиллагаа хийгдсэн, Б хэлтсийн дэргэдэх ЭК-ын 2021.09.07-ны өдрийн 0449865 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 6 сарын хугацаагаар тогтоосон үйл баримтыг даатгалын гэрээнд заасан “гэнэтийн өвчин”-ий улмаас “хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу бүрэн алдсан” даатгалын тохиолдол гэж үзсэн байна. /1хх 23-33/ Эдгээр үйл баримт нь даатгалын гэрээний хугацаанд тохиолджээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, Ц.А-ийн эрүүл мэндэд 2013 онд “элэгний хатуурал” өвчин, 2016 онд БНСУ-д “цөсний сувгийн үрэвсэл өвчин” онош тогтоогдож эмчилгээ хийлгэж байсан, улмаар элэгний хатуурал өвчин хүндэрсэн нь элэг солиулах шалтгаан болсон нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.11.09-ний өдрийн 913 дугаар дүгнэлтээр /1-р хавтас 190-193/ “уг өвчний үед элгэн дэх цөсний цорго гэмтсэнээр цөсний зогсонгишил үүсэж, цөс нь элэгний эсийг гэмтээснээр элэгний эдэд сорвижилт, хатуурал үүсгэдэг аажим явцтай архаг өвчин, энэ өвчин нь эмгэг жамын дагуу хүндэрч ээнэгшил алдагдсан учраас элэг шилжүүлэх мэс засал хийгдсэн” гэж тогтоосон, мөн гэрч Б.Б-ын мэдүүлэг, өвчтөний түүх зэрэг баримтуудаар нотлогджээ.

Түүнд тогтоосон дээрх оношийг даатгалын гэрээний 4.1.9, 6.2.2-т заасан “гэнэтийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан” тохиолдолд хамааруулж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Э-ын 2014.05.17-ны өдрийн 177 дугаар тушаалаар батлагдсан “Элэг шилжүүлэн суулгах тухай заавар”-т элгийг гэнэтийн өвчний улмаас солих боломжгүй болохыг дурдсан байх ба нэхэмжлэгчийн элгийг шилжүүлэн суулгаж буй нь архаг өвчнөөс үүдэлтэй боловч ийнхүү мэс засалд орох шаардлага үүссэн нь гэнэтийн шинжтэй гэж хоёр шатны шүүх үзсэн.

11.3.Талуудын байгуулсан даатгалын гэрээний 2.1.10-т “гэнэтийн өвчлөл” гэдэгт хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг ойлгохоор тодорхойлсон, 4 дүгээр зүйлийн 4.1.9-д гэнэтийн өвчлөлүүдийг нэрлэн зааснаас гадна “бусад гэнэтийн өвчлөлүүд” хамаарна гэж тодорхой заажээ.

Гэрээнд заасан гэнэтийн өвчлөл нь хүний эрүүл мэндэд гэнэтийн байдлаар тохиолдохоос гадна суурь өвчнөөс хамааралтай байж болно. “Гэнэтийн өвчлөл”-ийг урьд өмнө огт өвдөж байгаагүй, архаг өвчингүй хүн гэнэт өвчлөхийг хэлнэ гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд даатгалын гэрээгээр зөвхөн эрүүл хүн даатгуулна гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан “гэнэтийн өвчлөл” гэснийг даатгуулагчийн биед учрах гэнэтийн өвчнөөс гадна даатгуулагчид архаг өвчний улмаас гэнэтээр илрэх шинж тэмдэг хамаарч болно гэх утгаар ойлгоно.

Харин архаг өвчнөөс үүсэх гэнэтийн өвчлөлийг харьцангуй бодитой авч үзэж, даатгалын тохиолдол мөн эсэхийг тухайн нөхцөл байдалд тулгуурлан үндэслэлтэй тогтоох шаардлага байна. Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч Ц.А нь “элэгний хатуурал” өвчин, “цөсний сувгийн үрэвсэл өвчин” оноштойгоор эмчлүүлж байсан, энэ өвчин нь эмгэг жамын дагуу хүндэрч ээнэгшил алдагдсан учир элэг шилжүүлэх шаардлага бий болсон үйл баримт тогтоогдож байх боловч элэгний хатуурлын хүндрэх явц нь 10-19 жил үргэлжилдэг (гэрч Б.Б-ын мэдүүлэг), үүнээс гадна эмчилгээг оновчтой тогтмол хийснээр элэг шилжүүлэх үр дагавар тохиолдохгүй, эсвэл урт хугацааны дараа солиулах шаардлага байж болохыг үгүйсгэхгүй учир “гэнэтийн өвчлөл” гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Хоёр шатны шүүх гэрээний 4.1.9-т заасан “гэнэтийн өвчлөл” гэдгийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарч, түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Даатгалын гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь “элэгний хатуурал” архаг өвчинтэй байсан, уг өвчин даамжирвал “элэг солиулах” үр дагавар гарахыг мэдэж байсан нь тогтоогдож байх боловч энэ үр дагавар хэдийд учрах нь тодорхойгүй, нөгөө талаар учрахгүй ч байх боломжтой учир даатгалын тохиолдол бий болох энэ нөхцөл байдлыг даатгагчид мэдэгдээгүй, энэ нь даатгалын тохиолдол биш гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. Гэрээний 7-д даатгагчийн зүгээс даатгалын нөхөх төлбөр олгохгүй байх 12 тохиолдлыг заасан байх ба хариуцагчийн зүгээс гэрээний 7.1.3-т заасан “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” нөхцөл үүссэн гэх хариуцагч “Б” ХК-ийн татгалзал үндэслэлгүй байна.

11.4.Тухайн үед мөрдөгдөж байсан Э, ХХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 дугаар баталсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 7-29 дэх заалтад эрхтэн шилжүүлэн суулгасан хагалгааны дараах үеийн өвчин нь 2 жилийн хяналтын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-79% алдагдуулах болохыг заажээ.

Нэхэмжлэгч элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан, Б хэлтсийн дэргэдэх ЭК-ын 2021.09.07-ны өдрийн 0449865 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 6 сарын хугацаагаар тогтоосон байх тул даатгалын гэрээний 5.2, 6.2.2-т заасан “хөдөлмөрийн чадвараа 61-70 хүртэл хувиар алдсан гэж үзэж, тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн цалин болох 102,600,000 төгрөгийн 70 хувиар тооцож 71,820,000 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас алданги 35,910,000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй болжээ. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд заасан анзыг төлөх үүрэгтэй бөгөөд талууд гэрээнд алданги төлөхөөр тохирсон байх боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй нь даатгуулагч өвчний онош, үр дагавраа мэдэж байсан тул даатгалын тохиолдол бий болоогүй гэж маргасан, даатгалын тохиолдол бий болохоос өмнө нэхэмжлэгч нь архаг өвчний улмаас эмчлүүлж байсан үйл баримт тогтоогдсон боловч эрхтэн шилжүүлэх мэс засал нь гэнэтийн байсан хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг гаргуулах нь оновчгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

11.5.Даатгалын гэрээний 6.2.2-т заасан “даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 61-70 хүртэл хувиар алдсан бол шүүгчийн сүүлийн 3 жилийн цалингийн 70 хүртэл хувийг, даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан бол шүүгчийн сүүлийн 3 жилийн цалингийн 100 хувиар нөхөн төлбөр олгоно” гэх заалтыг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлажээ. Уг заалтад “...70 хүртэл” гэх томьёолол нь “70” гэсэн тоогоо багтаасан, харин “70-аас дээш” гэсэн нь 70 орохгүйгээр түүнээс дээш хувь хэмжээ тоологдоно гэсэн агуулгатай байна.

Иймд даатгалын нөхөн төлбөрийг цалингийн сүүлийн 3 жилээр буюу 100 хувь цалингийн хэмжээгээр тооцох байсан гэх, гэрээний 7.1.9-д “Даатгуулагч нь гэрээний хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас гэмтэж нөхөн төлбөр авсан тохиолдолд уг гэмтлийг дахин эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлөхгүй” гэж зааснаар эмчилгээний үеийн нөхөн төлбөр 13,680,000 төгрөг, үүнээс гадна өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, “нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00374 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/04210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Б” ХК-аас 71,820,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 119,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “337,500” гэснийг “517,050” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар үйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.А-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.05-ны өдөр төлсөн 576,400 төгрөг, хариуцагч “Б” ХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.28-ны өдөр төлсөн 696,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН