Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 152

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч Д.Ганчимэг,

            Шүүгдэгч Б.Төмөр, түүний өмгөөлөгч А.Сандагдулам нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, ээж, эгч, ах, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян-Уулын 05-08 тоотод амьдардаг,

            - урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 26 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 –ийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 146 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 00 жил 06 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Батчулууны Төмөр РД:УМ89100932,

 

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Төмөр нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн Б.Батбаярыг “дэлгүүр хаасан архи зарахгүй гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь эрүү ясны далд хугарал, зүүн доод 4, 5 дугаар шүдний сулрал бүхий “хүндэвтэр” зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:            

 

           Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

- хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн Б.Батбаярыг зодсон гэсэн сэжигтэн Б.Төмөрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/,

- хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө найз Гантөртэй уулзах гээд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” нэртэй хүнсний дэлгүүрийн урд 00 цаг өнгөрч байхад гадаа нь зогсож байсан чинь Төмөрөө гэх залуу согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байдалтай дэлгүүрийн гадна ирсэн. Би тэр залууг зүс л танина, тухайн үед тэр залуу цэнхэр өнгийн гутал, хар жинсэн өмд, хар өнгийн куртиктэй явж байсан. Манай найзын хүнсний дэлгүүрийн хаалгыг нүдээд “ганц шил архи өгөөч” гэж орилоод өшиглөөд байсан, тэгэхээр нь би тэр залууд хандаж наад дэлгүүр чинь хаачихсан, одоо онгойхгүй гэж хэлсэн чинь, чи ер нь хэн юм бэ гээд надтай маргалдах гээд байсан. Маргалдах гээд байхаар нь би холдох гээд хойшоо алхах гэтэл хөөе гэж дуудсанаа миний эрүүний хэсэг рүү маш хүчтэй гараараа цохиод газар унагаасан...би газар унаад босч ирээд Төмөрөө гэх залууд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд хэлээд зогсож байхад “Хулан” дэлгүүрээс найз Гантөр, Мөнх-Эрдэнэ, Лхагвадорж нар гарч ирсэн. Манай найзууд намайг яасан бэ гэхээр нь би найзуудаа Төмөр гэгчийг нүүрэн тус газраа цохиж унагаасан гэдгийг хэлээд харахад нөгөө залуу замын нөгөө талд гараад 99-76 УНЗ гэсэн микрод суугаад зүүг тийшээ яваад өгсөн, манай найз Гантөр тэр микрын жолоочийг хар Төмөрөө гэх хочтой хүн гэж байсан...хэрэг болох үед Төмөрөө гэх хүн бид 2 л байсан, тэр Төмөрөө гэх хүн миний нүүрэнд нэг удаа л маш хүчтэй цохиод, эрүү хугарч шүд суларсан, гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна, эмчилгээний зардалд 1.120.980 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-14-16, 38-39/,

- гэрч Г.Гантөрийн мөрдөн бйацаалтын шатанд өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг. 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нл шилжих шөнө манай багын найз Батбаяр манай дэлгүүрийн гадаа 00 цагийн үед ирчихсэн намайг хүлээгээд, би найз Галбадрах, Мөнх-Эрдэнэ нарын хамт дэлгүүр дотроо дотроосоо хаалгаа түгжээд тооллого хийж байтал, дэлгүүрийн хаалгыг хэн нэгэн хүн өшиглөөд архи авъя гэж орилоод гадаа хүмүүс маргалдаад байх шиг байсан. Дэлгүүрээ хаагаад Галбадрах, Мөнх-Эрдэнэ нартай гараад ирсэн чинь манай найз Батбаяр, Төмөрөө гэх залуутай зогсож байсан, би Батбаяр дээр очоод юу болсон гээд юм яриад зогсож байсан чинь Төмөрөө гэх залуу зам хөндлөн гараад микро автобусанд суугаад яваад өгсөн, Батбаяр надад тэр микротой залууг цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-18-19/,

- гэрч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :...2016 оны 12 дугаар сарын 16-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд “Хулан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хааж байхад замын цаана нэг микро автобус зогсоод Төмөр гэх хүн бууж ирээд дэлгүүрийн хаалга гараараа нүдээд байсан...намайг дэлгүүр хаачихсан гэж хэлсэн чинь Төмөрөө гэх залуу ямар сүртэй юм гээд хаалга өшиглөөд байсан, хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь Гантөр, Лхагвадорж бид нар гадагшаа гарсан чинь Батбаяр Төмөр гэдэг хүнтэй маргалдаад зогсож байсан, тэр Төмөр гэдэг залуу нь шууд засмал зам гараад микронд суугаад явчихаар нь яасан гэж Батбаяраас асуухад миний нүүрэнд цохичихсон гээд эрүү нь зуураад эвгүй болохоор нь гэмтэл согог судлалын үндэсний төв руу аваад явсан...гэх мэдүүлэг /хх-20/,

- гэрч Г.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” нэртэй хүнсний дэлгүүр дотор Гантөр, Мөнх-Эрдэнэ нартай байж байсан чинь Төмөр /цагдаагийн байгууллагад ирээд нэрийг нь мэдсэн гэх/ хүнсний дэлгүүрийн хаалгыг өшиглөөд архи авъя гэж хэлээд байсан. Бид нар хүнсний дэлгүүр дотроосоо архи зарахгүй манай дэлгүүр хаасан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гадна талд хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь Гантөр, Мөнх-Эрдэнэ бид 3 гараал харсан чинь бид нарыг гадаа хүлээж байсан Батбаяр гэх найз Төмөр гэх залуутай маргалдаад зогсож байсан. Бид нар Батбаярын хажууд очоод юу болсон талаар асуусан чинь “Төмөр гэх залуу намайг нүүрэнд гараараа цохичихлоо” гэж надад хэлсэн....гэх мэдүүлэг /хх-22/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №826 дугаартай шинжээчийн:...Б.Батбаярын биед эрүү ясны далд хугарал, зүүн доод 4.5-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-26/,

- ял шалгах хуудас /хх-66/,

- шийтгэх тогтоолууд /хх-67-75/, 

- ял өршөөн хасах тухай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамж /хх-76-77/,

- шүүгдэгч Б.Төмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян-Уулын 05-08 тоотод байрлах гэрээсээ найзуудтайгаа биллъяард тоглох гээд 17 цаг өнгөрч байхад цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн куртиктэй гараад Саппора орж тоглосон. Биллъяардын газраас 23 цаг өнгөрч байхад гараад гэртээ харихаар микро автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр тойргийн автобусны буудлын дэргэд ирсэн. Микро автобусны кондуктор нь хүмүүсээ буулгаж байх хооронд нь замын эсрэг талд байрлах “Хулан” дэдгүүр онгойж байхаар нь микроны жолоочийг гуйгаад эсрэг талын дэлгүүр онгорхой байна тамхи авчихаад ирье жаахан хүлээж байгаач гэж гуйгаад замын эсрэг талын “Хулан” дэлгүүрт очиход хаалгаа хаачихсан, дотроо гэрэлтэй байхаар нь пиво, тамхи авъя гээд хаалгыг гүдсэн чинь “Хулан” дэлгүүрийн хажууд байсан Батбаяр /цагдаагийн газарт ирээд нэрийг нь мэдсэн/ хөөе наад дэлгүүр чинь хаачихсан пизда минь гэхээр нь чамд хамаатай юм бэ би мэдэж байна гэхэд тэр залуу миний хажууд хүрээд ирээд хэл амаар доромжлохоор нь би тэр залуугийн нүүр буюу шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиход тэр залуу газар унасан...гэх мэдүүлэг /хх-33-36/,  

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Саппород 2 найзтайгаа биллъярд тоглочихоод микро автобусанд суугаад 24 цагийн үед гэр рүүгээ харьж явсан. Микро автобусны жолооч хүнээ буулгаад буух гэж байсан. Түр хүлээж байгаараа дэлгүүрээс тамхи аваад ирье гээд микро автобусыг түр хүлээлгээд “Хулан” нэртэй дэлгүүрийн хаалга нь хаалттай, гэрэл нь асаалттай байхаар нь хаалгыг нь тогшиж байхад хохирогч Батбаяр “хөөе пизда минь наад дэлгүүр чинь хаалттай” гээд байгаа юм биш үү гэж хэлэхээр нь “чамд хамаагүй, чи цаашаа яв” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Хохирогч намайг заамдаад авахаар нь би шанаан тус газар нь нэг цохисон. Хохирогч босч ирээд зодолдое гэхээр нь би хүлээлгэсэн автобусандаа суугаад явсан...би 18-20 цагийн хооронд 0.5 граммын 2 пиво уусан...Тухайн үед дэлгүүрийн гадна Батбаяраас гадна 3, 4 хүн байсан...Архи авах гээд зогсож байсан хүмүүс байсан...Микро автобуснаас хүмүүс буусан гэхдээ дэлгүүр орох гэсэн үгүй мэдээгүй...Хохирогчтой маргаж байсан хүн байгаагүй...Микро автобусны жолооч бууж явсан болохоор хурдлаач гэж хэлж байсан гэх мэдүүлэг зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Төмөр нь 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн Б.Батбаярыг “дэлгүүр хаасан архи зарахгүй гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Батбаярын:...би 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө найз Гантөртэй уулзах гээд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” нэртэй хүнсний дэлгүүрийн урд 00 цаг өнгөрч байхад гадаа нь зогсож байсан чинь Төмөрөө гэх залуу согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байдалтай...манай найзын хүнсний дэлгүүрийн хаалгыг нүдээд “ганц шил архи өгөөч” гэж орилоод өшиглөөд байхлаар нь тэр залууд хандаж “наад дэлгүүр чинь хаачихсан, одоо онгойхгүй гэж хэлсэн чинь, чи ер нь хэн юм бэ” гээд надтай маргалдах гээд байсан. Маргалдах гээд байхаар нь би холдох гээд хойшоо алхах гэтэл хөөе гэж дуудсанаа миний эрүүний хэсэг рүү маш хүчтэй гараараа цохиод газар унагаасан...би газар унаад босч ирээд Төмөрөө гэх залууд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд хэлээд зогсож байхад “Хулан” дэлгүүрээс найз Гантөр, Мөнх-Эрдэнэ, Лхагвадорж нар гарч ирсэн...нөгөө залуу замын нөгөө талд гараад 99-76 УНЗ гэсэн микрод суугаад яваад өгсөн, манай найз Гантөр тэр микрын жолоочийг хар Төмөрөө гэх хочтой хүн гэж байсан...хэрэг болох үед Төмөрөө гэх хүн бид 2 л байсан гэх мэдүүлэг /хх-14-16, 38-39/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:...Б.Батбаярын биед эрүү ясны далд хугарал, зүүн доод 4.5-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-26/,

- гэрч Г.Гантөрийн:...Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг. 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө манай багын найз Батбаяр манай дэлгүүрийн гадаа 00 цагийн үед ирчихсэн намайг хүлээгээд, би найз Галбадрах, Мөнх-Эрдэнэ нарын хамт дэлгүүр дотроо дотроосоо хаалгаа түгжээд тооллого хийж байтал, дэлгүүрийн хаалгыг хэн нэгэн хүн өшиглөөд архи авъя гэж орилоод гадаа хүмүүс маргалдаад байх шиг байсан...Галбадрах, Мөнх-Эрдэнэ нартай гараад ирсэн чинь манай найз Батбаяр, Төмөрөө гэх залуутай зогсож байсан...Төмөрөө гэх залуу зам хөндлөн гараад микро автобусанд суугаад яваад өгсөн, Батбаяр нь тэр микротой залууг цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-18-19/,

- гэрч Э.Мөнх-Эрдэнийн :...2016 оны 12 дугаар сарын 16-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд “Хулан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хааж байхад замын цаана нэг микро автобус зогсоод Төмөр гэх хүн бууж ирээд дэлгүүрийн хаалга гараараа нүдээд байсан...намайг дэлгүүр хаачихсан гэж хэлсэн чинь Төмөрөө гэх залуу ямар сүртэй юм гээд хаалга өшиглөөд байсан, хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь Гантөр, Лхагвадорж бид нар гадагшаа гарсан чинь...Батбаяр нь миний нүүрэнд цохичихсон гээд эрүү нь зуураад эвгүй болохоор нь гэмтэл согог судлалын үндэсний төв руу аваад явсан...гэх мэдүүлэг /хх-20/,

- гэрч Г.Лхагвадоржийн:...2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” нэртэй хүнсний дэлгүүр дотор Гантөр, Мөнх-Эрдэнэ нартай байж байсан чинь Төмөр /цагдаагийн байгууллагад ирээд нэрийг нь мэдсэн гэх/ хүнсний дэлгүүрийн хаалгыг өшиглөөд архи авъя гэж хэлээд байсан. Бид нар хүнсний дэлгүүр дотроосоо архи зарахгүй манай дэлгүүр хаасан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гадна талд хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь Гантөр, Мөнх-Эрдэнэ бид 3 гараал харсан чинь бид нарыг гадаа хүлээж байсан Батбаяр гэх найз Төмөр гэх залуутай маргалдаад зогсож байсан. Бид нар Батбаярын хажууд очоод юу болсон талаар асуусан чинь “Төмөр гэх залуу намайг нүүрэнд гараараа цохичихлоо” гэж надад хэлсэн....гэх мэдүүлэг /хх-22/,

- шүүгдэгч Б.Төмөрийн:...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян-Уулын 05-08 тоотод байрлах гэрээсээ найзуудтайгаа биллъярд тоглох гээд 17 цаг өнгөрч байхад гарч, Саппора орж тоглосон. Биллъярдын газраас 23 цаг өнгөрч байхад гараад гэртээ харихаар микро автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр тойргийн автобусны буудлын дэргэд ирсэн. Микро автобусны кондуктор нь хүмүүсээ буулгаж байх хооронд нь замын эсрэг талд байрлах “Хулан” дэлгүүр онгойж байхаар нь микроны жолоочийг гуйгаад эсрэг талын дэлгүүр онгорхой байна тамхи авчихаад ирье жаахан хүлээж байгаач гэж гуйгаад замын эсрэг талын “Хулан” дэлгүүрт очиход хаалгаа хаачихсан, дотроо гэрэлтэй байхаар нь пиво, тамхи авъя гээд хаалгыг гүдсэн чинь “Хулан” дэлгүүрийн хажууд байсан Батбаяр /цагдаагийн газарт ирээд нэрийг нь мэдсэн/ хөөе наад дэлгүүр чинь хаачихсан пизда минь гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ, би мэдэж байна” гэхэд тэр залуу миний хажууд хүрээд ирээд хэл амаар доромжлохоор нь би тэр залуугийн нүүр буюу шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиход тэр залуу газар унасан...гэх мэдүүлэг /хх-33-36/,   

- хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн Б.Батбаярыг зодсон гэсэн сэжигтэн Б.Төмөрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ онцлох шалтгаангүйгээр  илтэд ичгүүргүй, догшин авирласан буюу өөрийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга болон гэмт үйлдэл хэрэгжсэн орон цаг, арга, нөхцөл байдал зэрэг гэмт хэргийн субъектив болон объектив шинжүүдийн хувьд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн мэдүүлэг түүний өргөдөл, тайлбар /х-4, 5/-аас зөрүүтэй гэх боловч шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд тухайн микро автобуснаас шүүгдэгчээс гадна өөр бусад хүмүүс буусан буюу дэлгүүрийн гадна архи авах гэсэн хүмүүс байсан болох нь үгүйсгэгдээгүй, тухайн хүмүүсийн хэн нэг нь хохирогчтой маргалдсан эсэхийг шүүгдэгч нь мэдээгүй байх ба хохирогч нь тухайн микро автобуснаас буусан хүмүүсийг шүүгдэгчтэй хамт явж байгаа хүмүүс гэж андуурсан байж болохыг үгүйсгэх боломжгүй байхаас гадна хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд хохирогч нь тухайн шөнийн цагт буюу үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд өөр бусдад биш гагцхүү шүүгдэгчид зодуулсан, хохирогч биедээ гэмтэл авсан буюу сэтгэл санааны хувьд хямарсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх тул хохирогчийг санаатайгаар худал мэдээлсэн, мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.      

Иймд шүүгдэгч Б.Төмөрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.   

Хохирогч Б.Батбаяр хохирлын мөнгөө авсан /хх-130/, хохирогч нь ямар нэгэн гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

Шүүгдэгч Б.Төмөр нь 2013 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн /хх-70-75/, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “… гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна …” гэж заасны дагуу түүний эдлээгүй үлдсэн 06 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан /х-77/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4, 78.4 дэх хэсгүүдэд зааснаар түүний ялтай байдал дуусаагүй буюу ялтайд тооцогдох хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Шүүгдэгч Б.Төмөр нь согтуурсан болон ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав.  

Шүүгдэгч Б.Төмөр нь “урьд хорих ял эдэлж байсан” буюу тухайн хэргийнх нь ялтай байдал дуусаагүй байх тул ял эдлүүлэх дэглэмийн хувьд “чанга” ангилалд хамаарч байгаа боловч шүүгдэгчийн ар гэрийн амьдрал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.    

Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.       

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч Б.Төмөрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрийг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрийн эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.         

4. Шүүгдэгч Б.Төмөрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.             

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Төмөрт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР