Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Н

                      Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н-гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Б.

 

Шүүгдэгч Б.Б нь иргэн Т.Э-н 2018 оны 11 сарын 23-ны өдөр “ЭТББС” ХХК-н дансанд тендэрийн барьцааны мөнгө болгон байршуулсан 6.250.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд сард 225.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо:

... Иргэн Х.Э-н сайн дураар Б.Б-ын "ЭТББС" ХХК-ийн дансанд байршуулсан 6.250.000 төгрөгийг авч компанийхаа хэрэгцээнд зарцуулсан үйлдэл, хууль зүйн фактын хувьд маргах зүйлгүй. Харин энэ мөнгө ямар зорилгоор, ямар нөхцөл болзолтойгоор, хэн хэн гэгч этгээдийн хооронд ямар тохиролцоогоор байршсан болох, Б.Б-ын авч хэрэглэсэн үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэх нь эргэлзээтэй дараах нөхцөл байдал байж энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах, цагаатгах талын мэтгэлцээн шүүх хуралдаанд өрнөсөн байхад шүүгдэгч, хохирогч, гэрч Ч.Э-н нэг удаагийн мэдүүлгийг үндэслэн, мэтгэлцээнийг үл харгалзан яллах дүгнэлтэд заасан зүйл ангиар гэм буруутайд тооцсон нь яллах талыг дэмжсэн, үндэслэл муутай гэж үзэж байна.

1.Хохирогч Т.Э мөнгө байршуулсан талаар юу гэж мэдүүүлдэг,

энэхүү мөнгө байршуулснаа юу гэж тайлбарладаг вэ.

а. 2019 оны 05 дугаар сарын 27-нд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа "...Найз нөхдийн хамт Эрдэнэт үйлдвэрийн тендерт оролцохоор баталгааны мөнгө 6.250.000 төгрөгийг гаргасан", "2019 оны 3 дугаар сарын 14-нд уулзаж 2019 оны 04 сарын 05-ны дотор мөнгийг буцааж өгөх талаар баталгаа бичиж өгсөн боловч одоо хүртэл өгөөгүй" гэжээ.

б. 2019 оны 06 сарын 07-нд хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө " Ч.Э найзынхаа компаниар тендерт оролцох гэж байгаа, Б гэж хүний компанийн нэр дээр мөнгө байршуулах хэрэгтэй байна гэхээр мөнгийг байршуулж өгсөн. Б-тай 2018 оны 11 дүгээр сард Э-р дамжуулж танилцсан, Э, Б, Г гурав нийлж энэ тендерт оролцсон юм, би Э-д 6.250.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж ойлгож болно, гэтэл Б өөрийнхөө давуу байдлыг ашиглаж тэр мөнгийг авсан байна лээ" гэж мэдүүлжээ.

в. 2019 оны 05 дугаар сарын 27-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээр дурдсан 2019 оны 06 дугаар сарын 07-нд өгсөн мэдүүлэгтэйгээ яг адил агуулгатай мэдүүлэг өгсөн байна.

г. 2019 оны 10 дугаар сарын 28-нд хохирогчоор 2 дахь удаагаа мэдүүлэхдээ "Э-г мөнгө зээлээч гэхээр нь Э, Б хоёрт зээлдүүлээд Б-н компанийн дансанд би өөрөө байршуулсан. Тендер бүтэх юм бол ашгаасаа хуваана гэж Э амаараа ярьж байсан, Б мөнгийг авч зарцуулах талаар ярьсан зүйл байхгүй" гэсэн агуулгатай мэдүүлэг өгчээ.

2.Гэрч Ч.Э-с 2019 оны 10 дугаар сарын 28-нд нэг л удаа мэдүүлэг авсан байх бөгөөд тэрээр "... Э-с 6.250.000 төгрөгийг зээлж Б-н нэр дээр бүртгэлтэй "ЭТСББ" ХХК-ийн Хас банкин дахь дансанд байршуулсан, Э-д би энэ ажлаа авчих юм бол шаардлагатай үед тус болсон юм чинь чамд Тоёото Приус-30 маркын машин авч өгнө, 6.250.000 төгрөгийг чинь буцааж өгөхгүй шүү гэж хэлж байсан, тендерт шалгараагүй ба Э мөнгөө авна гэхээр Б-с ав гэж хэлсэн" гэсэн агуулгатай мэдүүлэг өгчээ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т зааснаар Б.Б-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг түүнийг яллах шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй.

4.Гэмт хэргийн шинж ийнхүү эргэлзээтэй байсан учраас би мөрдөгчид Б-н үйлдэл гэмт хэрэг болж чадахгүй, Иргэний эрх зүйн тодорхой төрлийн харилцаа болох талаар тайлбарлаж бичгээр хүсэлт өгсөн. Прокурорт танилцуулж шийднэ гэж хариулсан ба прокурор гэмт хэрэг мөн гэсэн хариу өгсөн гэсэн тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт 2019 оны 12 дугаар сарын 13-нд 19/50 тоотоор хүсэлт гаргасан. Нэмэлт ажиллагаагаар:

а. Т.Э, Б.Б нарын хооронд төлбөр тооцооны талаар үйлдсэн бичгийг /иргэний хуулийн тодорхой төрлийн гэрээний шинж байгаа эсэх/ хохирогчоос гаргуулах.

б. Мөн "ЭТСББ, Ивээл ноёд" ХХК-ийн Эрдэнэт үйлдвэрийн тендерт өгсөн материалын хуулбарыг гаргуулж хэрэгт нотлох баримтаар авах хүсэлтийг гаргасан. "Ивээл ноёд" ХХК бол Дэжидийн Г-н компани болохыг би өмгөөллийн практикаасаа мэддэг бөгөөд энэ нь Т.Э-ын мэдүүлэгт Г-ын нэр гарч байгаагаар батлагддаг. Энэ материалыг авснаар дээрх түншлэлд Г, Б нарын компани ямар үүрэг хүлээж түншлэлийн гэрээ байгуулсан болох, Э ямар үүрэгтэй болохыг тодруулснаар хэрэгт бүрэн хэмжээгээр дүгнэлт өгөх боломжтой болох байсан. Гэтэл прокурор 2019 оны 12 дугаар сарын 20-нд 5/219 тоотоор дурдсан ажиллагааг хийлгэх шаардлагагүй /Яагаад гэдэг нь тодорхойгүй Р.Н/ хүсэлтийг хүлээн авч хангахаас татгалзсан хариу ирүүлсэн.

Дээр дурдсан ажиллагааг прокурор шаардлагагүй гэж үзсэн учраас шүүх яллагч талын хангалттай гэж оруулж ирсэн хэргийн одоо байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

5.Цагдаагийн байгууллага Б.Б-ыг сэжигтнээр тооцоогүй, гэрчээр ч мэдүүлэг аваагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байхдаа 2019 оны 6 дугаар сарын 18-нд Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах мэдээллийн санд "Оргодол эрэн сурвалжлах" гэсэн нэрээр оруулж улс даяар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 250 дугаар зүйлд заасан "Оргосон хоригдол" гэх статусыг бий болгож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан"... хуульд заасан үндэслэл журмаас гадуур... мөрдөн мөшгих...ийг хориглоно" гэснийг зөрчсөн байна. Энэ асуудал анхан шатны шүүхийн мэтгэлцээнд яригдсан ба прокурор ямар ч тайлбар, няцаалт хийгээгүй болно.

 

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийж үзвэл:

а. Хохирол гэж үзээд байгаа 6.250.000 төгрөг бол Э, Э нарын хооронд хамтран ашиг хуваах зорилготой, тендерт ялбал өөр болзолтойгоор зээлсэн, зээлдүүлсэн мөнгө болохыг энэ мөнгөний талаар анх нэгэндээ хүсэлт гаргасан, зөвшөөрсөн, хэрэгжүүлсэн хүмүүс хоёрдмол утгагүй мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн байна.

б. Мөнгийг Б-н дансанд байршуулах сэдэл нь тендерт оролцсон "ЭТСББ, Ивээл ноёд" ХХК-ийн түншлэлд тендерийн үйл ажиллагааны шаардлага буюу банкны баталгаа гаргахтай холбоотой бөгөөд "ЭТСББ" ХХК, түүний эзэмшигч Б-т итгэмжлэн өгсөн мөнгө биш юм. Энэ мөнгөний талаар Э Б нар харилцан тохиролцсон зүйл байхгүй.

в. Харин Б өөрийн дансанд мөнгө байршсаныг мэдэж авч компанийхаа хэрэгцээнд зарцуулсан явдал нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр /Э-д мөнгө зээлэх үүргээ гэж ойлгоно Р.н/ хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй" , 492.1.1-д заасан "Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон" гэсэн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтад хамаарч байна.

Эдгээр байдлаас дүгнэлт хийхэд Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруу нотлогдож тогтоогдоогүй бөгөөд бүр ядахдаа түүний гэм бурууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Б-ыг цагаатгана уу? гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

              Шүүгдэгч  Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нгийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд  зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б-ыг иргэн Т.Э-н 2018 оны 11 сарын 23-ны өдөр “ЭТББС” ХХК-н дансанд тендерийн барьцааны мөнгө болгон байршуулсан 6.250.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг бусдын иргэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Т.Эын...2008 оны 11 дүгээр сард миний найз хувиараа хөдөлмөр эрхэлдэг залуу Э надтай уулзаад Эрдэнэт үйлдвэр ХХК-иас зарлаж байгаа краны засварын тендер шалгаруулалтанд найз Б-ын компанийн нэр дээрээс би өөрөө орох гэсэн юм. Тендерт ороход баталгаа болох 6 250 000 төгрөгийг Б гэж хүний нэр дээр бүртгэлтэй “ЭТСББ-ХХК-ийн Хас банкны дансанд байршуулах шаардлагатай байна. Чамд мөнгө байвал энэ компанийн дансанд байршуулаад өгөөч, тендерийн ажил бүтэхэд мөнгийг чинь гаргаад өгнө гэсэн. Би Э-той найз нөхдийн харилцаатай болохоор бас тус болох санаатай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “ЭТСББ” ХХК-ийн Хас банкны дансанд 6 250 000 төгрөгийг байршуулж өгсөн. Э захирал Б-ын хамт байхдаа надад тендерийн хариу гарахаар мөнгийг чинь аваад өгнө. Санаа зовох юм байхгүй гэсэн. ... гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ч.Э-н ... Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарлагдсан Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн гүүрэн краны засварын ажил гүйцэтгэх тендерийн ажилд Б.Б-ын компанитай хамтарч оролцох болсон. Тендерт оролцох болсон чинь баталгааны мөнгөгүй болоод өөрийн танил Э-с 6 250 000 төгрөгийг зээлж Б-н нэр дээр бүртгэлтэй “ЭТСББ” ХХК-ий Хас банкин дахь дансанд байршуулсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас бид нарын оролцсон тендер шалгаруулалтын талаар ямар нэгэн хариу ирээгүй байхаар нь тус үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудтай холбогдсон чинь тендерт материал ирүүлсэн хуулийн этгээдүүд нь шаардлага хангаагүй учир манай байгууллагаас тендерээ татгалзсан гэсэн хариуг ирүүлсэн байсан.Үүний дараа Э тендерийн баталгаанд тавьсан мөнгөө нэхэхээр нь би чиний мөнгийг аваагүй. Бид нар хамт байж байгаад Б-н дансанд хийсэн шүү дээ. Б-с ав гэсэн хариуг өгсөн... гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Б.Бын...  Э гэж миний хуурай ах манай компанийн бичиг баримтаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан тендерийн үйл ажиллагаанд оролцох гээд барьцаа мөнгө байршуулсан. Дансанд байршуулсан мөнгийг нь Улаанбаатар хотод сургуулийн барилга барьж байгаа үйл ажиллагаандаа зарцуулсан. Мөнгийг авсан талаараа Э ахад хэлсэн... гэсэн мэдүүлэг, Хас банкинд дээрх мөнгийг Б.Б-ын компанийн дансанд хохирогч Т.Э-н хийсэн баримт, данснаас мөнгийг зарлагдсан тухай дансны мэдээлэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Т.Э-н Б.Б-н “ЭТББС” компанийн дансанд байршуулсан 6 250 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б дур мэдэн авч зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримттай нийцэхгүй байна.

 

Тухайлбал: Шүүгдэгч Б.Б-ын компанийн дансанд байршуулсан 6 250 000 төгрөгийг тендерт оролцохын тулд Т.Э, Ч.Энхболд нар банкны баталгаа болгож  байршуулсан мөнгө болохоос Т.Э Б.Б нарын хооронд уг мөнгийг зарж үрэгдүүлэхгүй байх үүргийг Б.Бт хүлээлгэж итгэмжлэн хариуцуулсан мөнгө гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл: Хөрөнгө завших гэдэг нь  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлдэг.

 

Харин шүүгдэгч Б.Б өөрийн компанийн дансанд тендерийн баталгаа болгож Ч.Э, Т.Э нарын байршуулсан мөнгийг тэдэнд мэдэгдэлгүйгээр авсан, уг мөнгийг хохирогчид дараа нь буцаан өгсөн, хохирогч одоо гомдол саналгүй гэж байгаа зэрэг байдлуудаас дүгнэж үзэхэд компанийнх нь дансанд байршуулсан баталгааны мөнгийг Б.Б итгэмжлэн хариуцсан этгээд биш ч гэсэн өөрийн давуу эрхээрээ тэдний зөвшөөрөлгүйгээр данснаасаа авч захиран зарцуулсан үйлдлийг тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүрэг байна гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нгийн    ...  шүүгдэгч Б.Бын хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү... гэсэн агуулгатай  давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА