Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар  109/ШШ2021/0004

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2021/0004

    

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нарыг оролцуулан

Иргэн Т.С-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зөвшөөрлийг баталчих боломжтой байх гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэхээр хэрэгт Р.Э-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох хэрэг дээр эвлэрсэн захирамж байгаа. Тэгэхээр Р.Э-ийн эрх ашиг хөндөгдөхгүй байх гэж үзэж байна. Яагаад гэвэл тэр захирамжинд аль нэг иргэн, хуулийн этгээдтэй давхцуулахгүй газар олгоно гээд хэлчихсэн. Нэгэнт хариуцагч байгууллага энэ давхцалыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Р.Э-ийн өмнөх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эвлэрсэн захирамж хүчин төгөлдөр хэвээрээ үлдэнэ. Тэгэхээр Р.Э-ийн эрх ашиг хөндөгдөхгүй байх гэж үзэж байна. Мэдээж хариуцагч байгууллагаас Р.Э-д өөр ямар нэгэн иргэн, хуулийн этгээдтэй давхцуулахгүй, өөр байршилд газар олгох эрх нь нээлттэй хэвээр үлдэнэ. Тийм учраас хариуцагчийн зөвшөөрлийг батлуулах саналтай байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний  өдрийн 01/33 дугаар албан бичигтээ: Тус сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх захирамжийг хүчингүй болгож, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамжийн “аль нэг иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулахгүй олгох” гэсэн заалтыг хангаж ажиллана гэжээ.

Гуравдагч этгээд Р.Э шүүхэд /цахим/ гаргасан хүсэлтэндээ: “ Сайн байна уу. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт: 1.Ар гэрийн асуудал гарсан, 2. Өмгөөлөгчийн биеийн байдал муу учир эмнэлэгт хэвтэж байгаа. Ийм асуудлууд тулгарсан учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Т.С-с Архангай аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-3, 28-29/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Маргааны үйл баримтаас дүгнэхэд: иргэн Т.С-д Архангай аймгийн Ц сумын Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/58 дугаар захирамжаар Г овогт Т-гийн С-д тус сумын Алтан Овоо багийн З гэх газарт өвөлжөөний зориулалттай 700м 2 газрыг олгожээ. /х.х-н 8-9/

            Нэхэмжлэгч Т.С нь 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, газрын төлбөрийг тухай бүр төлсөн байна. /х.х-н 12-16, 165-166, 179/

            Улмаар өөрийн эзэмшиж буй өвөлжөөний зориулалттай газар нь иргэн Р.Э-ийн эзэмшиж буй аялал жуулчлалын зориулалттай газартай давхцаж байна гэж шүүхэд маргаан үүсгэжээ. Шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 109/ШЗ2020/0195 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Р.Э-ийг тус хэрэгт гуравдагч этгээдээр татсан болно.

            Иргэн Р.Э-ийн тухайд, 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.С-тай газар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан, Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Р.Э-д тус сумын А багийн Х гэх газарт 50*40 хэмжээтэй, аялал жуулчлалын зориулалттай газар эзэмших эрх олгожээ. /х.х-н 60-62/

            2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ц сумын Засаг дарга А/90 дүгээр захирамжаар тус суманд аялал жуулчлал үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй, цэг тэмдэг суулгаагүй газар хашаа барьсан зэрэг зөрчилтэй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор иргэн Р.Э-ийн эзэмшиж байсан аялал жуулчлалын зориулалттай газар багтжээ. /х.х-н 69-70/

            Иргэн Р.Э дээрх захирамжийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхээс уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нар эвлэрлийн гэрээ байгуулан, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамжаар “иргэн Р.Э-д Архангай аймгийн Ц сумын нутаг дэвсгэр “Хс” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуй нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгнө” гэх нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-н 72-82/

            Улмаар дээрх захирамжийн биелэлтийг хангуулан Архангай аймгийн Ц сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/127 дугаар захирамжаар иргэн Р.Э-ийн газар эзэмших эрхийг сэргээж, газрын хил заагийг тогтоон тэмдэглэж, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгохыг сумын газрын даамалд үүрэг болгосон байна. /х.х-н 41/

            Шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг тодруулахаар шинжээч томилсон бөгөөд, шинжээчээр томилогдсон Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн мэргэжилтэн Б.О-гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтэд “иргэн Т.С-ын өвөлжөөний зориулалттай 700м2 газрын кадастрын зургийн UTM координатуудыг иргэн Р.Э-ийн аялал жуулчлалын зориулалттай 2000м2 газрын кадастрын зургийн UTM координатуудыг Autocad программ дээр давхцуулан үзэхэд иргэн Т.С-ын өвөлжөөний зориулалттай 700м2 газраас 535.8м2 газар Р.Э-ийн аялал жуулчлалын зориулалттай газартай давхцаж байна” гэжээ.

            Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан бөгөөд шүүхээс хийсэн газрын үзлэгийн явцад шинжээчийн дүгнэлтэд дурдсан мөн нөхцөл тогтоогдсон болно.

Дээрх баримтаас үзвэл: иргэн Р.Э-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Архангай аймгийн Цсумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамж нь тус шүүхийн хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний нөхцөлийг хангаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Т.С-ын өвөлжөөний газар нь гуравдагч этгээд Р.Э-ийн газартай давхцалтай байгаа нь Архангай аймгийн Ц сумын Засаг дарга болон иргэн Р.Э нарын хооронд 2017 онд байгуулсан эвлэрлийн гэрээний нөхцөл хангагдаагүй байна.

            Шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө Архангай аймгийн Ц сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаж, мөн уг хэргийн гуравдагч этгээд Р.Э-д аялал жуулчлалын зориулалттай газар олгох эвлэрлийн гэрээг хэрэгжүүлж, аль нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай давхцуулахгүй газар эзэмших эрх олгох асуудлыг хангаж ажиллах талаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/33 албан бичиг ирүүлсэн байна. /х.х.-н 177/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Иймд хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг дарга иргэн Т.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас гуравдагч этгээд Р.Э-ийн газар эзэмших эрхийг хөндөхөөргүй /Архангай аймгийн Ц сумын Засаг дарга тус сумын Алтан Овоо багийн Халуун Ус гэх газарт иргэн Р.Э-д аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэг иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцуулалгүй эзэмшүүлэх захирамж гаргах эвлэрлийн гэрээ хүчинтөгөлдөр, Р.Э шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой/ байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн гуравдагч этгээд Р.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах талаар хүсэлт болон гэрээ ирүүлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэндээ холбогдох баримтаа хавсаргаж ирүүлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь нотлогдохгүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2  дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Т.С-ын “Архангай аймгийн Цсумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Т.С-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймгийн Цсумын  Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгосугай. 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА