Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2021/00275

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2021/00275

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын .........  Т.Х /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................ байрлах Э.Х ХК /РД:......../-д холбогдох

 

Татварын өр, төлбөр 414,265,509.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, прокурор Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Х ХК нь Т.Х-т  2030756 тоот регистрийн дугаартайгаар 1996 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн ба тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Э.Х ХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж Т.Х тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна.

1. Э.Х ХК-иас Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолборыг, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг улсад төлөх татварын өрөнд тооцож авахыг хүссэн хүсэлт, татварын өрөнд авах үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох комиссын саналыг харгалзан татварын өр авлагыг барагдуулах зорилгоор Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай Монгол улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар Э.Х ХК-ийн улсын төсөвт төлөх 613,597,300.00 төгрөгийн татварын өрөнд эдгээр үйлчилгээний цогцолборуудыг тус тус төрийн өмчид бүртгэн авсан байна. Харин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр Орхон аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай цогцолборыг төрийн өмчид бүртгэж авсан нь хууль бус хэмээн үзэж Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн 399 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт ...эрх бүхий байгууллага Э.Х ХК-ийн татварын өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй гэж заасны дагуу Т.Е.Г-с Э.Х ХК-ийн 2004 оны 321,097,300.00 төгрөгийн татварын өрийг сэргээх тухай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 дугаар албан бичгийг явуулсан бөгөөд Т.Х татвар төлөгчийн төлөгдөөгүй байсан өрийг сэргээн онцгой албан татварын өр үүссэн байна. Онцгой албан татварын тухай хуулийн 8.2-д заасны дагуу онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө, мөн хуулийн 8.3-д онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 05-ны өдрийн дотор татварын албанд тушаана гэж заасан байдаг. Э.Х ХК-д холбогдуулан сэргээгдэх 321,097,300.00 төгрөгийн өрнөөс 39,712,400.00 төгрөгийн өр Ж.Ү ХК-д холбогдох өр байсан бөгөөд 39,712,400.00 төгрөгийн өрийг сэргээн барагдуулах шаардлага тавьсан нь үндэслэлтэй байна гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Э.Х ХК-д холбогдуулан 281,384,900.00 төгрөгийн өрийг 2013 онд сэргээн татварын өрөнд оруулсан. Тус компани 2009 оноос хойш онцгой албан татварын тайлан гаргаагүй бөгөөд мөн оны үлдэгдэл 16,404,816.60 төгрөгийн онцгой албан татварын өр дээр сэргээгдсэн 281,384,900.00 төгрөгийн өр, нийт 297,789,716.60 төгрөгийн хугацаандаа төлөгдөөгүй албан татварын өр байна.

2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4 албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн тооцоо хийнэ гэж заасны дагуу 2018 оны 2 дугаар улирлын тайлангаар тодорхойлсон татварын үлдэгдэл 1.881,868.90 төгрөг төлөхөөр тайлагнасан боловч өнөөг хүртэл төлөөгүй байна.

3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасан бөгөөд татвар төлөгч нь 2017 оны жилийн эцсийн тайлангаар тодорхойлсон төлбөл зохих 43,437,316.40 төгрөгийн татвараа төлөөгүй байна.

4.2018 оны 8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвараар 8,259,746.40 төгрөг төлөхөөр татварын тайлан гаргаж ногдол хийсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын өр хуулийн хугацаандаа төлөгдөөгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1-д Албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасан байдаг.

5.Татварын улсын байцаагч 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 20/0007628 тоот актаар 55,290,045.50 төгрөгийн төлбөрийг хариуцуулсан байна. Татвар төлөгч дээрх төлбөрийг зөвшөөрч хуульд заасны дагуу гардан авсан боловч төлөөгүй байна. Татварын Ерөнхий хуулийн 57.1.2-д Хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногт багтаан төлбөрийг төлөхөөр хуульчилсан байдаг.

6. 2009 онд ногдуулсан 7,563,800.00 төгрөг өнөөг хүртэл төлөгдөөгүй.

7. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 2010 оны үлдэгдэл 43,016.00 төгрөгийн өртэй байна. Монгол улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч Э.Х ХК нь тухай бүрт нь холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын Ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын Ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэж ажилласан. Э.Х ХК нь тус хэлтэст аж ахуйн нэгжээр бүртгэлтэй боловч тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, хуулиар хүлээсэн албан татвар төлөх үүргээ сүүлийн жилүүдэд биелүүлэлгүй албан татварын ихээхэн хэмжээний өртэй, Т.Х-тэй харьцдаггүй зэрэг хүндрэлтэй байдлууд үүссэн болно. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй Э.Х ХК-ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байдаг. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн Э.Х ХК-иас 414,265,509.80 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Татварын хэлтсээс тус хэлтэст бүртгэлтэй Э.Х ХК нь татварын өрийг хуульд заасан хугацаандаа төлж барагдуулахгүй байна гэсэн үндэслэлээр шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Э.Х ХК-иас 414,265,509.80 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байдаг. Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн ба тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Э.Х ХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж Т.Х-т тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. Э.Х ХК-иас Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолборыг, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг улсад төлөх татварын өрөнд тооцож авахыг хүссэн хүсэлт, татварын өрөнд авах үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох комиссын саналыг харгалзан татварын өр авлагыг барагдуулах зорилгоор Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай Монгол улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар Э.Х ХК-ийн улсын төсөвт төлөх 613,597,300 төгрөгийн татварын өрөнд эдгээр үйлчилгээний цогцолборуудыг тус тус төрийн өмчид бүртгэн авсан байна. Харин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр Орхон аймгийн Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай цогцолборыг төрийн өмчид бүртгэж авсан нь хууль бус хэмээн үзэж Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн 399 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт эрх бүхий байгууллага Э.ХХК-ийн татварын өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй гэж заасны дагуу Т.Е.Г-с Э.Х ХК-ийн 2004 оны 321,097,300 төгрөгийн татварын өрийг сэргээх албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу Т.Х хуульд заасны дагуу татварын өрийг сэргээн татвар төлөгчид өр төлөхийг үүрэг болгосон. Энэ өр нь нийтдээ 297,789,716.60 төгрөг болсон. Энэ нь тухайн компанийн татварын тайлангаар гарсан онцгой албан татварын өр. Мөн ААН-ийн орлогын албан татварын тодорхойлсон өр болох татварын үлдэгдэл 1,881,868.90 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн 2017 оны жилийн эцсийн тайлангаар тодорхойлсон төлбөл зохих 43,437,316.40 төгрөгийн татвараа төлөөгүй байна. 2018 оны 8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвараар 8,259,746.40 төгрөг, Татварын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 20/0007628 тоот актаар 55,290,045.50 төгрөгийн төлбөр, 2009 онд ногдуулсан 7,563,800 төгрөгийн торгууль, мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 2010 оны үлдэгдэл 43,716.00 төгрөгийн өртэй байна. Дээрх өрнүүд нь нийтдээ 414,265,509.80 төгрөг болж байгаа. Татварын Ерөнхий хуульд заасан өр барагдуулах процесс ажиллагааг тухайн үедээ хийж гүйцэтгэсэн гэж үздэг. Татварын улсын байцаагчийн хуулиар олгосон мэдэгдэх, шаардах, албан шаардлага хүргүүлэх, тухайн хуулийн этгээдийн харилцах данс тооцоог битүүмжлэх мөн тухайн хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх зэрэг хуульд заасан ажиллагааг шат дараалж гүйцэтгэсэн байдаг. Эдгээр ажиллагаануудын дараа татварын өрийг төлж барагдуулаагүй учир тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 414,265,509.80 төгрөгийн татварын өрийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Х ХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндэсний үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд 2002 онд Монгол улсын Санхүү, эдийн засгийн яам болон Татварын Ерөнхий газрын удирдлагууд татварын оронд татварын өр төлбөрийг барагдуулах зорилгоор аж ахуй нэгж, байгууллагуудаас үл хөдлөх хөрөнгө авах тухай гаргасан хамтарсан тушаалыг үндэслэл болгон Э.Х ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус компанийн 613,597,300.00 төгрөгийн татварын өрөнд Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа, үйлчилгээний цогцолборыг 321.097.300,00 төгрөг, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолборыг 292,500,000 төгрөгийн татварын өрөнд өгөхөөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Т.Х-т хандан гаргасан хүсэлтийг Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлийн 2003 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05 тоот хуралдаанаар хэлэлцээд авахаар шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаар тушаал гарсан болно. Мөн тушаалын 5-р зүйлд заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолоор дээрхи үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бүртгэлд авахыг Төрийн өмчийн бүртгэл, хяналтын газарт даалгасан болно. Гэтэл Орхон аймгийн .Т.Х-с 2018 оны 12 дугаар сард ирүүлсэн мэдэгдэлд Э.Х ХК нь 414,265,509.80 төгрөгийн татварын өртэй гэсэн тооцоолол хийсэн байсан тул уг асуудлыг тодруулахаар холбогдох хүмүүст хандахад Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа, үйлчилгээний цогцолборыг 321.097.300 төгрөгийн өрөнд өгсөн. Татварын өр хэзээ, хаана, хэний шийдвэрээр хэрхэн сэргээгдсэн талаар ямарч мэдээллийг манай компани болон компанийн удирдлагад албан ёсоор мэдэгдээгүй болно. Иймд манай компани нь сэргээгдсэн гэгдэх 281,384,900 төгрөгийн татварын өрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2. Капитал банкны нэхэмжлэлтэй Э.Х ХК-д холбогдох 810.091.205,00 төгрөг гаргуулах иргэний хэргийг 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 646 дугаар шийдвэрийг гаргасан байдаг юм. Уг шийдвэрийн тогтоох хэсэгт Э.Х ХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрладаг улсын бүртгэлийн 2101007331, 2101007332, 2101007330, 2101007329, 2101007328, 2101007322, 2101007324, 2101007326 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар тогтоосон байдаг. Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангах зорилгоор дээрхи үл хөдлөх хөрөнгийг Орхон аймаг дахь ШШГАлбаны шийдвэр гүйцэтгэгчийн 013064 дугаар актаар битүүмжилсэн байсан. Улмаар ШШГА нь дуудлага худалдааг зохион байгуулж дээрхи үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч тал болох Капитал банкны өмчлөлд шилжүүлсэн тул 43.437.316,40 төгрөгийн татварын өрийг Э.Х ХК нь дангаар хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Татварын улсын байцаагчид 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20/0007628 тоот актаар 55,290,045 төгрөгийн төлбөрийг хариуцуулсан гэж нэхэмжлэлд дурьдсан нь ойлгомжгүй байна. Учир нь энэ талаар компанид өмнө мэдэгдэж байгаагүй бөгөөд татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлээс олж мэдлээ.

4.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар үлдэгдэл 43.016 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулсан болно. Иймд Э.Х хувьцаат компани нь татварын хэлтсийн нэхэмжилж байгаа 414.265.509,80 төгрөгийн албан татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 49,658,962 төгрөгийг зөвшөөрч байгаа. 364,606,547 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь сая нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 16,404,816 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь тайлангаар мөн улсын байцаагчийн актаар тогтоогдсон өр төлбөр биш. Гэнэт л нэхэмжлэл дээр 2009 оноос хойш онцгой албан татварын тайлан гаргаагүй бөгөөд мөн оны үлдэгдэл 16,404,816 төгрөгийн өр байгаа юм гэж нэхэмжлэл дээр бичигдсэн. Энэ бол тайлангаар болон улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар тогтоогдсон өр төлбөр бол биш. Тийм учраас энэ 16,404,816 төгрөгийг компани хариуцахгүй юм байна гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 281,384,900 төгрөгийн татварыг өрийг гаргуулна гэсэн байгаа. Энэ өрөнд Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолбор мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл үйлчилгээний цогцолборуудыг 613,597,000 төгрөгийн өрөнд 2004 онд өгч байсан. Үүнээс Жаргалант суманд байрлах худалдаа үйлчилгээний төвийг шүүхийн асуудал гараад өрөнд авсан байсныг буцаагаад өр сэргээх гэсэн асуудал яригдсан. Ингээд 613,597,000 төгрөгийн өрнөөс сэргээгдсэн гэж яриад байгаа 281,384,900 төгрөгийн асуудлыг нэхэмжлэлдээ Т.Х бичсэн байдаг. Энэ өрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2008 оны 02 сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар татварын өршөөлд хамаарагдаж хөнгөлөлт чөлөөлтөд орох ёстой байсан гэж компанийн зүгээс үздэг. Учир нь 2008 оны үед энэ өр байсан. Энэ өрнөөс тодорхой хэмжээний хувь болох 300,000,000 гаруй төгрөгийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний цогцолбороор авсан учраас Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамрагдах нөхцөлийн хангасан гэж үздэг. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үздэг. Үүнийг Т.Х өршөөлд хамруулах ажлыг зохион байгуулж байх үед өршөөлд хамруулахгүйгээр одоо нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Э.Х ХК Татварын Ерөнхий хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлтөнд огт хамаарагдаж байгаагүй. Одоо нэхэж байгаа энэ өрийг өршөөлд хамруулах байдлаар чөлөөлөх боломжтой байна гэж үзсэн. 1,881,868 төгрөгийн татварын өрийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад хүлээн зөвшөөрч байгаа бэ гэвэл энэ нь хуульд зааснаар төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт нотлох баримтууд нь авагдсан учраас хүлээн зөвшөөр байна. 43,437,316.40 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг албан татварыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.Х ХК, Капитал банкинд тодорхой үл хөдлөх хөрөнгөнүүдээ шилжүүлсэн. Капитал банкны нэр дээр байгаа хөрөнгөнүүдээс үл хөдлөх хөрөнгийн татвар төлөө гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. 8,259,746 төгрөгийн НӨАТ-ийг төлөх ёстой гэж нэхэмжилдэг. Энэ татварын өрийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бол тайлангаар төлөх ёстой үүрэгтэй өр төлбөр байгаа. Улсын байцаагчийн актаар тогтоосон 55,290,045 төгрөгөөс 15,772,698 төгрөгийн торгууль алданги гэж актад тусгасан байгаа. Энэ торгууль алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь мөн Өршөөлийн хуульд хамрагдаж торгууль алданги хэрэгсэхгүй болгох ёстой. Үлдсэн 39,517,347 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. 2009 онд ногдуулсан 7,563,800 төгрөгийг бас нэхэмжлэлд дурдсан байдаг. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь гэвэл үүнийг тайлангаар эсхүл улсын байцаагчийн актаар тогтоосон эсэх нь ойлгомжгүй. Нэхэмжлэлд Т.Х нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан материал дотор энэ 7,563,800 төгрөгийг хаанаас ямар тооцооллоор хэрхэн бодож гаргаж ирсэн мөн ямар татвар авах нь ойлгомжгүй нэхэмжлэл гаргасан байдаг учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн 43,016 төгрөг гэж нэхэмжлэгддэг. Үүнийг мөн төлчихсөн юм гэж хэлсэн. Ингээд хариуцагчийн хувьд нийтдээ 49,658,962 төгрөгийг зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь тайлангаар болон улсын байцаагчийн актаар тогтоогдсон өр төлбөр учраас үүнийг төлнө. Харин дээрх дурдсан үндэслэлүүдээр 364,606,547 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зарим нэхэмжлэлийн дүнгүүд нь нэхэмжлэлийн үндэслэл болох хэмжээний баримт хавсаргаагүй мөн улсын байцаагчийн хяналт шалгалтаар илрээгүй, татварын тайлангаар тогтоосон өр төлбөр биш байна. Үл хөдлөх хөрөнгийн 43,437,316 төгрөг нэхэмжлэлийн шаардлага дээр давхцаад байгаа. Яагаад давхцаж байна бэ гэвэл 2014 оны 04 сарын 08-ны өдрийн улсын байцаагчийн 7628 дугаартай актан дотор одоо нэхээд байгаа 55,000,000 төгрөг дотор 32,625,279 үл хөдлөх татвар гээд орсон байгаа. Гэтэл нэхэмжлэл дээрээ хоёр удаа нэхэмжилдэг. 43,000,000 төгрөг гэж нэхээд 55,000,000 төгрөгийн актан дотор бас оруулаад нэхээд байгаа. Энэ бол хар дээр цагаанаас давхцан байна гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч ямар нэхэмжлэл гаргаж байгаагаа ялгаж өгдөггүй. Мөн тэрнийхээ үндэслэлийг ийм баримтууд байгаа юм гэж зааж тайлбарлахгүй байна. 32,325,279 төгрөгийн улсын байцаагчийн акт дотор үл хөдлөх хөрөнгийн татвар гэж тавигдаад 55,000,000 төгрөг гэж байгаа нэхэмжлэлийн үнийн дүнд орчхоод байгаа 32,000,000 төгрөгийг дурдах нь зүйтэй байна. Яагаад гэвэл тусад нь давхардуулж нэхээд байгаа юм. 2014 оны 04 сарын 08-ны өдрийн 7628 дугаартай улсын байцаагчийн актаар тавигдсан нэхэмжлэгчийн шаардлага дотор байгаа 55,290,045 төгрөгөөс 15,772,698 төгрөгийн торгууль алдангийг өршөөлд хамрагдана. Өршөөлд хамрагдахдаа 2015 оны 08 сарын 11-ний өдөр батлагдсан анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухайн хуулийн 3 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт тодорхой заасан. Хуульд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэтрүүлнэ гэж заасан. Тухайн үед акт тавигдаж байх үед захиргааны хариуцлагын тухай хууль хэрэгжиж байсан. Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар хууль тогтоомж зөрчөөд захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд мөн энэ хууль үйлчилж байсан. Энэ хууль одоо ч гэсэн үйлчилж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр энэ хуулийг хэрэглэж 15,772,968 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно. Үлдэгдэл 39,517,347 төгрөгийг төлнө. Энэ дотор 43,000,000 төгрөгийн нэхэмжлээд байгаа үл хөдлөх хөрөнгийн татварын нэхэмжлэл орсон байгаа учраас 43,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа юм. 281,384,900 төгрөг өршөөлд хамрагдах ёстой гэж манай талаас маргаад байгаа энэ үндэслэл нь татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. Энэ бол бүүр эртний 2001, 2002 оны үед үүссэн өр төлбөр. Дунд нь төллөө, төлөхөө болилоо, буцаагаад сэргэлээ гэсэн асуудлууд яригдаад явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Энэ өр үүссэн цаг хугацааг нь харах юм бол 2001-2002 оны үед үүссэн өр болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагддаг. 2008 оны 02 сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Уг хуулийн 6 дугаар зүйлд өршөөлд хамааруулах албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрүүдийг тодорхой зааж өгсөн. 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт 2006 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан татварын өрнөөс 2008 оны 01 сарын 01-ний өдөр барагдаагүй үндсэн албан татварын хүү торгуулийг 100 хувь, 2007 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс барагдаагүй үлдсэн өр, алдангийг 100 хувь гээд тусгасан. 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь, 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэг 2006 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрнөөс 2008 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 сарын 01-ний өдөр төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг гэж байгаа. Тэгэхээр татварыг тодорхой мөнгөн дүнгээр болон эд хөрөнгөөр хааж байсан. 2004 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг өгснөөрөө 10 байтугай бүүр 60-70 хувийн төлчихсөн. 613,597,300 төгрөгөөс 281,000,000 төгрөг үлдээд бусдын бол хөрөнгөөрөө төлчихсөн. Тэгэхээр сая дурдсан хуулийн заалтуудаар өршөөлд хамрагдах нөхцөлд хамаарч байгаа учраас 281,384,900 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа юм. Бусад зөвшөөрөхгүй байгаа татварын улсын байцаагчийн акт, татварын тайлангаа бий болсон гэж манайхаас яриад байгаа үндэслэл нь юу бэ гэхээр А гэж хүн баахан тооцоолол гээд гарын үсэг зураад хэрэгт хийчихсэн байсан. Тэр тооцооллууд нь Э.Х ХК-д ирээгүй. Манай компани зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан мөн төлье гэж ярьсан асуудал байхгүй. Яагаад гэвэл Э.Х ХК-ийн гүйцэтгэх удирдлагад энэ талаар мэдэгддэггүй. Гэнэт л нэхэмжлэл дээр ийм тоо гарч ирээд хэрэгтэй танилцсан чинь баахан юм нэхэмжилсэн тооцоолол гэсэн баримтууд ирсэн. Тооцоолол гэдэг бол хэн нэгэн этгээдийг өрөнд оруулдаг эрх зүйн акт бол биш гэж ойлгож байгаа. Татварын ерөнхий хуульд зааснаар яг ямар тохиолдолд өр бий болдог юм бэ. Өрийг бий болгож байгаа татварын улсын байцаагчийн эрх зүйн баримт бичгүүд нь ямар байх бэ гэдийг тодорхой хэлбэрээр заасан. Тэгэхээр тооцоолол гэдэг нь худлаа шүү. Тооны зөрүүтэй тооцоолол нь өөрөө алдаатай болохыг бид нар нотлох талаас нь үзнэ. Мөн татварын тайлан, хяналт шалгалтаар илрээгүй зөвхөн тооцооллоор өрөнд ордог юм гэдэг асуудлыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх тодорхой этгээдээс өр төлбөр гаргуулахын тулд хуульд заасан эрх зүйн хэлбэрээ гарсан хөдөлшгүй нотлох баримтуудыг үнэлэх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас Татварын ерөнхий хууль гараад хуулийн дагуу болон холбогдох хуулиудын дагуу татварын улсын байцаагч нар томилогдоод ажилладаг байх. Бид нарын хувьд энэ татварыг бүхэлд нь төлөхгүй гэж маргаагүй. Тодорхой хуульд заасан үүрэг учраас хөдөлшгүй тогтоогдож байгаа татварыг төлье. Хаанаас яаж тооцсон нь тодорхойгүй ийм тоонуудыг зөвшөөрөхгүй гэсэн байр сууринаас оролцож байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Х ХК-ийг өмгөөлж хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг. Хариуцагч ч гэсэн ийм байр суурьтай байдаг учраас үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн хүрээнд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд дараах дүгнэлт, хууль зүйн саналыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл бол Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан Э.Х ХК-ийн үүргийн тухайн асуудал байна гэж тайлбарлаж байгаа. Энэ хэрэглэх хуулийн тухайд үүссэн маргаан нь 2001 оноос үүссэн нэхэмжлэлийн маргаантай асуудлууд байна. Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт дурдаж байгаа 613,597,300 төгрөгийн өрнөөс буцаж сэргэсэн өр болох 281,384,900 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Энэ 281,384,900 төгрөгийн асуудал шүүхийн шийдвэр дээр үндэслээд шинээр бий болоод шинэ төрлийн татвар болон нуусан байсан өр ч гэж гарч ирээгүй. Сангийн яам шүүх дээр ялагдсан учраас энэ татварт өгсөн хөрөнгө буцсан нөхцөл байдал харагдаж байгаа юм. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэх мөн шүүхээс хангаж шийдэх хууль зүйн боломжгүй байна. Яагаад гэвэл 2004 оны 08 сарын 23-ны өдрийн 190 дугаартай тушаалаар Санхүү, эдийн засгийн сайд татварын өрөнд авчхаад байж байсан. Ингэж авсан өр нь хэзээ үүссэн бэ гэдгийг Татварын Ерөнхий газар мөн хариуцагчийн төлөөлөгчийн ярьж байгаагаар 2001 оноос өмнө үүссэн бүр 1990 хэдэн оноос үүссэн байхыг үгүйсгэхгүй, баримтгүй байгаа юм. Тэгэхээр энэ өрний тухай асуудал 2004 онд яригдаад шийдэгдээд болсон гэж ойлгохоор нөхцөл байдалтай харагддаг. Гэтэл үүнээс хойш 9 жилийн дараа 2013 онд Ж.Х ХК-ийн хүмүүс гарч ирээд нэхэмжлэл гаргаад явсан байгаа. Тухайн хэрэгт нь Э.Х ХК оролцоогүй юм байна лээ. Э.Х ХК болон Ж.Х ХК-ийн хооронд байгуулсан гэрээг Орхоны шүүх хүчин төгөлдөр бусад тооцож байх үедээ Э.Х ХК-ийг оролцуулахгүйгээр шийдсэн юм уу гэж харсан. Э.Х ХК-ийн татварын өрөнд өгсөн хөрөнгийг Сангийн яам, Санхүү эдийн засгийн сайдыг захиргааны шүүх дээр татаж байх үед нь бас л Э.Х ХК-ийг гуравдагч этгээдээр татаж оруулахгүй шийдсэн байсан. Энэ өр бол юугаар үүссэн өр юм бэ гэхээр 2001 онд онцгой албан татварын тайлангаар үүссэн өр гэдэг нь маргаангүй боллоо. Баримтгүй учраас бид нар хайгаад ч нэмэргүй юм байна. Ийм өр байсан болоод Э.Х ХК үл хөдлөх хөрөнгө өгсөн. Тэгэхээр байсан өрний тухайн асуудал яригдаж байгаа учраас энд тухайн хугацааны асуудал мөн л яригдана. 2001 онд үүссэн байсан өрийг хэрхэн төлөх вэ гэдэг асуудал яригдана. 2001 онд үүссэн өрийг төлөхгүй гэдэг маргаантай асуудал яригдаж байгаа учраас төлөхтэй холбоотой хоёр хуулийг хэрэглэх ярих шаардлагатай боллоо. 2008 оны 02 сарын 06-ны өдөр Улсын их хурлаас баталсан Татварын өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Энэ хуулийн үйлчлэх хугацаа нь 2007 оны 12 сарын 31-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гарсан татвартай холбоотой эрүүгийн хэрэг болоод захиргааны хариуцлагын асуудалд хамааруулж үзнэ гэж заасан. Тухайн үед татвараас зугтах, татвар нуух юм бол эрүүгийн хэрэг болдог байсан байна. Эрүүгийн хэрэг болоод захиргааны зөрчил гэсэн хоёр ойлголтыг хамтад нь оруулсан байгаа юм. Мөн хуулийн 6 дугаар зүйлд өршөөлд хамруулах албан татвар түүний хүү, торгуулиас гадна нийгмийн даатгалын өрийг өршөөж байсан хууль байсан. Энэ хууль одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийг дараах байдлаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт 2006 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан татварын өрнөөс 2008 оны 01 сарын 01-ний өдөр барагдаагүй үлдсэн албан татварын хүү торгуулийг 100 хувь өршөөнө гэсэн байгаа. Тэгэхээр хүү, торгуулийн асуудал дээрх хуулийн зүйл заалтаар яригдаж байна. Нэхэмжлэгч ярихдаа үүнд хүү, торгууль байхгүй гэж яриад байгаа. Байхгүй гэж байгаа бол энэ юу бэ? Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Татварын Ерөнхий хуулийн 13.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын өрийг 100 хувь өршөөнө гэж заасан байна. Тухайн үед Татварын ерөнхий хууль мөрдөгдөж байсан. Татварын Ерөнхий хууль нь 1992 оны 11 сарын 23-ны өдөр баталсан Монгол улсын татварын Ерөнхий хууль гэсэн нэртэй хууль байсан байна. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт татварын хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа бол 5 жил байна гэж заасан байна. Үүнд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтуудаар 2001 оны тайлангаар үүссэн өр гэж үзвэл үүнээс хойш 5 жилийн хугацаа бол дууссан байна. Захиргааны хэргийн шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж яриад байгаа нь Э.Х ХК татварын өрийг төлөөрэй гэдэг үүргийг бий болгоогүй. Энэ угаасаа л татвар хураах ажиллагаа юм байна гэдгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2020 оны 09 сарын 23-ны өдрийн шийдвэрээр тогтоосон. Э.Х ХК-ийн зүгээс тухайн асуудлыг юу гэж үзсэн юм бэ гэхээр Орхон аймгийн Т.Х дарга бол татвар бий болгосон юм байна гээд маргасан. Гэтэл татвар бий болгоогүй энэ бол 20 жилийн өмнө бий болсон татварыг хураах ажиллагаа гэж үзсэн. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар 100 хувь өршөөлөөр хамрагдана. Хэрвээ энэ өр нь бүтнээрээ ийм өр байсан юм байна гэж үзэх юм бол үүний 10 хувийг төлөх юм бол үлдсэнийг нь өршөөлд хамааруулахаар 6.1.3 дахь хэсэгт заасан байгаа. Гэтэл Э.Х ХК-ийн хувьд Орхон аймгийн Т.Х гаргасан нэхэмжлэлийн эхний нүүр хэсгийн 1 дэх хэсэгт бичсэнээр 613,597,300 төгрөгийн өрнөөс төлөгдөөгүй үлдсэн 281,384,900 төгрөг гэж тодорхойлсон байна. Хувилаад үзэх юм бол 60 орчин хувийг нь төлсөн байна. 60 орчим хувийг нь төлчихсөн учраас энэ компанийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэдэг утгаараа 6 дугаар зүйлийн 6.1.2 дэх хэсэгт зааснаар 281,384,900 төгрөгийн нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болгох юм байна. 2009 оноос хойш онцгой албан татварын тайлан гаргаагүй бөгөөд мөн оны үлдэгдлээр 16,404,816.60 төгрөгийн татварыг нэхэмжилж байна гэсэн. Татварын байгууллага бол 2 янзаар татварыг төлүүлдэг. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байсан татвар ногдолт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль байсан. Энэ хууль одоо Татварын Ерөнхий хуультай нэгдсэн байгаа. Энэ хуулиар тухайн үед татвар хураах ажиллагааг хоёр янзаар хураадаг байсан, тайлангаараа шууд өрийг бий болгож болох юм байна. Тайлангаараа өрийг бий болгосон тохиолдолд акт зэргийг гаргах шаардлагагүй юм байна. Харин 16,404,816 төгрөгийн тайлан гаргаагүй гэсэн мөртлөө ямар ч акт үйлдэж батлуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдлээд 26, 38 дугаар зүйлүүдэд заасан үүргийг хэн аль нь хүлээх ёстой. Түүнээс Т.Х төр учраас давуу эрхтэй гэсэн хууль байхгүй. Тиймээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэг хүлээх ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй байна. 16,404,819 төгрөгийн онцгой албан татварын өрийг 2009 оноос хойш яг ийм юмаар бий болгосон юм гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй байна. Татварын улсын байцаагчийн гаргадаг хэд хэдэн эрх зүйн актын хэлбэрүүд байна. Мэдэгдэл, шаардлага, акт, шийтгэвэр, дүгнэлт зэргийг гаргадаг. Тэгсэн энэ дотор тооцоолол гэсэн баримт байхгүй. Тооцоо нийлсэн баримт байх юм бол тооцооны үлдэгдлийн баталгаа эсхүл тооцоо нийлсэн акт байвал хариуцагч зөвшөөрсөн гээд өр үүсэх юм байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн 16,000,000 төгрөг байж таараа гэж тааварласнаар хариуцагч татвар төлөх үүрэг бий болохгүй. Ийм учраас нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт заагаад байгаа 281,384,900 төгрөг дээр нэмэх нь 16,404,816.60 төгрөгийн онцгой албан татвар бол үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгох юм байна. Мөн ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Үүнийг бол төлөх үүрэгтэй гэж үзээд зөвшөөрч байгаа. Гэхдээ үүний 1,000,000 төгрөгийг нь төлсөн. Төлчихсөн баримтаа эх хувиар нь өгсөн. Тэгэхээр 12 сарын 05-ны өдрөөс Э.Х ХК-ийн төлчихсөн байгаа энэ төлбөрийг өмнөх оных юм гэж нэхээгүй. Нэхээгүй учраас 1,881,000 төгрөгөөс хасах ёстой юм. Дараа оныхыг нь хуулийнхаа дагуу авах боломж Т.Х-т нээлттэй байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татвар гэж нэхээд байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татвар гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө гэж юуг хэлдэг, яагаад татвар төлөх ёстой юм бэ гэдгийг хуульчилсан байна. Монгол улсын Үндсэн хуульд иргэн бүр татвар төлөх үүрэгтэйг ойлгож байгаа. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 оны 11 сарын 17-ны өдөр батлагдсан. Энэ хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх хөрөнгөнд албан татвар ногдуулах, төсөвт төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэсэн байгаа. Энэ хуулийн 3 дахь хэсэгт татварт ногдуулах үл хөдлөх хөрөнгө гэж юу юм бэ гэдгийг заасан байна. Монгол улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна гэж заасан байна. Монгол улсын иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан энэ заалт нь бусдын өмчлөлд биш өөрийнх нь өмчлөлд байгаа хөрөнгөнд л татвар ногдуулна гэсэн хууль байгаа юм. Э.Х ХК-ийн гуравхан үл хөдлөх хөрөнгө байгаа. Капитал банкны 10 орчим улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө байгаа. Тэгэхээр энэ хөрөнгийг Капитал банк өмчилдөг. Э.Х ХК татварыг нь төлдөг байж болохгүй. Татварын улсын байцаагчийн маш том эрх хэмжээ байгаа. Бүхий л байгууллагаас холбогдох мэдээллийг шууд шаардаж авах эрхтэй шүүх шиг байгууллага. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэхгүй ингэж явчхаад бусдын үл хөдлөх хөрөнгийн татварыг Э.Х ХК-аас нэхэж байгаа нь буруу юм. Энэ үл хөдлөх хөрөнгийн татварыг энэ шүүхийн шийдвэрээр хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байгаагийн бас нэг жишээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд маш тодорхой заасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ гэж тодорхой заасан. Энэ хувь хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1 хувиар тооцож татвар ногдуулна гэж заасан. Орхон аймагт хэдэн хувиар хэний шийдвэрийг үндэслээд татварынг тооцож авдаг нь энэ нэхэмжлэлд хавсаргасан баримтаар тодорхойлогдохооргүй байна. Иргэний хэргийн шүүх диспозитив буюу талуудын өөрсдийн гаргасан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотолж байгаа байдал, татгалзаж байгаа байдал, түүний үндэслэлд дүгнэлт хийх замаар шийдвэрлэнэ. Шүүх өөрөө санаачилгаараа нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч нэгэнт нотлоогүй зүйлийг бид нар бас нотлох үүрэг хүлээхгүй. Ийм учраас энэ үл хөдлөх эд хөрөнгийн татварын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Угаасаа өөр этгээдээс нэхэх ёстой үл хөдлөх эд хөрөнгийн татварыг Э.Х ХК-аас нэхсэн нь буруу байна. Э.Х ХК манайх тийм хөрөнгөтэй байгаа, хөрөнгөгүй байгаа гэдгээ тайлагнах үүргийг хуулиар хүлээгээгүй байна. Хэрвээ хүлээлгэсэн байх юм бол хөрөнгийн тайлангаа гаргаад өгөх ёстой гэсэн хуульд заасан үүрэг бий болсон байх ёстой. Ийм учраас энэ бол боломжгүй юм байна. Хавтас хэрэгт авагдсан НӨАТ-ын тайлан гаргасан 8,259,746.40 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч байгаа. 2014 оны 04 сарын 08-ны өдрийн улсын байцаагчийн акт гэж байгаа. Энэ байцаагчийн акт нь өөрөө үндсэн төлбөр болоод татвар гэсэн хоёр юмнаас бүрдэж байгаа. Үндсэн төлбөр, алданги хоёрыг хуваагаад үзэхээр хүү алдангид нь 15,772,698 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн акт байгаа юм. Энэ актанд Захиргааны хэргийн шүүхэд маргахад шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна гэж хүлээж аваагүй болохоос биш энэ татварыг төлөх ёстой юм байна гэсэн ийм шийдвэр гараагүй. Энэ актыг хянасан шийдвэр байхгүй. Өршөөл үзүүлэх тухайд анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Энэ хуулийн хамрагдах хүрээ эрүүгийн хэрэгт ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөхөөр заасан. Энэ хуулийн хугацаа нь 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хэрэг, зөрчил үйлдсэн хүнд хамаарна гэж заасан байгаа. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль тогтоомж зөрчиж, захиргааны хариуцлагын зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчилсан. Тэгш байдал гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр Э.Х ХК яг бусад аж ахуйн нэгжтэй адилхан өршөөлд хамрагдах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй. Энэ эрхийг нь энэ хуулиар бий болгосон байна. Энэ хуульд зааснаар татварын үндсэн өрийг нь бол өршөөгөөгүй. Харин хариуцлагаас чөлөөлсөн. Хариуцлагаас нь чөлөөлнө гэдэг нь улсын байцаагчийн актаар оногдуулсан 55,290,045 төгрөгөөс 15,772,698 төгрөгийн торгууль алдангийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хассанаар 39,517,347.5 төгрөг гарч байгаа юм. Энэ мөнгийг хариуцагч байгууллага зөвшөөрөөд төлөх нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Үүнийг зөвшөөрч байгаа учраас энэ хэмжээнд бууруулж шийдвэрлэх ёстой юм байна гэж үзэж байна. 2009 онд ногдуулсан 7,568,800 төгрөгийн өрийг төлөөгүй гэж байгаа. Энэ нь юуны татвар гэдэг нь тодорхойгүй. Энэ мөнгөн дүнтэй холбоотой улсын байцаагчийн акт, тайлан байхгүй байна. Татварын байгууллага архивын журмаа дагадаг юм гээд бүх тайлангаа устгачхаад байх юм бол хэнээс татвар авч шүүхийн өмнө үүнийгээ яаж нотлох юм бэ. Э.Х ХК-ийн хувьд өмнөх 2004 оноос хойшхи өрнүүд нь яригдаад байгаа. Татварын баримтаа устгачхаар энэ нэхэмжлэл нотлогдохгүй. Зүгээр л устгачихсан юм гээд ямар ч хамаагүй тоот гаргаад нэхээд байж болох юм уу. Татварын системд нь энэ өр нь тайлангаар, актаар бий болсон гэвэл 2001 оны асуудал дээр тодорхой болсон. Тэр нь энэ хэрэгт байдаггүй. Тэгэхээр энэ нь нотлогдохгүй үндэслэлгүй байна. Дараагийнх нь авто тээврийн хэрэгслийн татвар 2010 оны үлдэгдэл 43,016 төгрөг гэсэн. Хэрвээ энэ өр байсан юм бол дараа онд гарч л таараа гээд түрүүлж нэхсэн юм уу, энэ их ойлгомжгүй байгаа юм. Төлчихсөн өрийг зөвшөөрнө гэдэг байж боломгүй. Мэдээллийн систем, данстайгаа сайн ажилладаггүй юм уу, үүнээс нь болоод давхар татвар ногдуулж байгаа асуудал яригдаж магадгүй. Давхар төлөхгүй нэг удаа төлөх үүрэг нь бол байгаа. Эдгээрийг дүгнэхэд Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 2008 оны Өршөөлийн хууль, 2015 оны анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль хоёрыг болон бусад хуулиудыг хэрэглээд үзэх юм бол нэхэмжлэлийн үнийн дүн 414,265,509.80 төгрөгөөс 364,606,547 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 49,658,962.80 төгрөгийг төлөх үүрэг байна. Ингэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

Прокурор Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Х ХК нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай Татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай тушаалын дагуу улсын төсөвт төлөх 613.597.300 төгрөгийн татварын өрөнд Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор газрыг тус тус өгсөн боловч Жаргалант суманд байрлах үйлчилгээний зориулалттай цогцолбор газар нь эрхийн зөрчилтэй, тус газрыг төрийн өмчид бүртгэж авсан нь хууль бус гэж Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай шийдвэр гарч, Сайдын тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгож, Э.Х ХК-ийн татварын өр төлбөрийг нөхөн барагдуулахаар нэхэмжлэх эрхийг дурдаж шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийг үндэслэн 321.097.300 төгрөгийн татварын өрийг Татварын Ерөнхий газрын дэд даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 дугаартай өр барагдуулах тухай албан бичиг, Татварын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн татварын өр сэргээх тухай 2014 оны 05 дүгээр сарын 24-ний өдрийн 26/1140 дугаартай албан бичгийн дагуу хуримтлагдсан татварын өрөнд 281.384.900 төгрөг, 2009 оноос хойших онцгой албан татварт 16.404.816 төгрөг нийт 397.789.716 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар дээрх 281 сая төгрөгийн өр нь хэзээ үүссэн, юуны өр болохыг Т.Х нотолж чадаагүй, хэрэгт энэ талаарх баримт байхгүй, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамрагдах боломжтой гэж мэтгэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь татвар төлөгч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.6, 97.1.8 дахь хэсэгт зааснаар компани нь санхүүгийн болон татварын тайлан, анхан шатны баримтуудыг хадгалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч татварын өргүй гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй болохоос татварын хэлтсийг буруутгах, өртэй болохыг баримтаар нотлохыг шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн Э.Х ХК-ийн захирал Б.С нь улсын төсөвт төлөх 613.597.300 төгрөгийн татварын өрийг хүлээн зөвшөөрч Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор газрыг татварын өрөнд өгөх хүсэлтээ илэрхийлж байсан болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 340 дугаартай тогтоолд тус тус тэмдэглэгдсэн байдаг төдийгүй татварын албаны албан шаардлага, акттай захирал Б.С нь танилцсан байдаг ба шүүхийн шатанд миний гарын үсэг биш гэж гомдол гаргасан тул шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Б.С гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байдаг. Хариуцагч талаас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс хэрхэн тоолох вэ гэдэг асуудал байна. Э.Х ХК нь 2004 онд дээр дурдсан татварын өрийг бэлэн бус хэлбэрээр өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр 2013 он хүртэл буюу Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай шийдвэр гарах хүртэл хугацаанд татварын өргүйд тооцогдож байсан ба 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Татварын өр сэргээх тухай албан бичиг, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаал гарсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж үзэж байх ба 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Энэхүү татварын өр нь шинэ төрлийн татварын өр үүсгэсэн асуудал бус хуулийн дагуу өмнө нь тогтоогдож төлөгдөх байсан татварын өрийг бэлэн бусаар барагдуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон ба төлөгдөж барагдаагүй, үлдсэн өрийг сэргээсэн байдаг. Бусад татварын өр буюу 16.475.793 төгрөгийг татварын тайлан болон татварын мэдээллийн санг үндэслэн нэхэмжилсэн байдаг. Иймд Э.Х ХК-аас татвар ногдох зүйл, албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж, Т.Х-т тайлагнасан татварын өр 414.265.509 төгрөгийг гаргуулан Т.Х-т олгох нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Т.Х нь хариуцагч Э.Х ХК-д холбогдуулан онцгой албан татварын өмнөх оны үлдэгдэл өр 16,404,816.60 төгрөг, сэргээгдсэн өр 281,384,900 төгрөг, нийт 297,789,716.60 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,881,868.90 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 43,437,316.40 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 8,259,746.40 төгрөг, татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон албан татварын өр 55,290,045.50 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 43,016 төгрөг, 2009 онд ногдуулсан 7,563,800 төгрөгийн татварын өр, нийт 414,265,509.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Э.Х ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,881,868.90 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 8,259,746.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч, улсын байцаагчийн актаар тогтоогдсон 55,290,045.50 төгрөгийн албан татварын өр төлбөрөөс торгууль, алданги болох 15,772,698 төгрөгийг зөвшөөрөхгүй, үлдэх 39,517,347 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд

 

1. Э.Х ХК нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай Татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай тушаалын дагуу улсын төсөвт төлөх 613,597,300 төгрөгийн татварын өрөнд Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг татварын өрөнд тооцуулан өгсөн байна. /хэргийн 1-р хавтас 135-р хуудас/

 

Дээрх Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай тушаалын холбогдох заалтыг Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 1-р хавтас 158-168-р хуудас/

 

Дээрх шийдвэрийг үндэслэн Татварын Ерөнхий газрын дэд даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 дугаартай өр барагдуулах тухай албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/1140 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар Э.Х ХК-ийн улсын төсөвт төлөх 613,597,300 төгрөгийн татварын өрнөөс 281,384,900 төгрөгийн онцгой албан татварын өрийг сэргээсэн байна./хэргийн 1-р хавтас 26-30-р хуудас/

 

Татварын өр сэргээсэн Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хариуцагч Э.Х ХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 340 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 2-р хавтас 167-173-р хуудас/

 

Иймд дээрх баримтуудаар хариуцагч Э.Х ХК нь онцгой албан татварын сэргээгдсэн өр төлбөр 281,384,900 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь сэргээгдсэн албан татварын өр 281,384,900 төгрөгийг төлөхгүй гэсэн татгалзлын үндэслэлээ ... уг өр хэзээ үүссэн, юуны өр болохыг Т.Х нотолж чадаагүй, хэрэгт энэ талаарх баримт байхгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан..., Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамрагдах боломжтой ... гэж тайлбарласан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Татварын мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан татварын тооцооллын жагсаалт, Татварын Ерөнхий газрын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 06/529 дугаартай албан бичигт зааснаар 281,384,900 төгрөгийн татварын өр нь 2001 оны татварын тайлангийн ногдлоор гарсан өр бөгөөд уг өрөнд торгууль алданги ороогүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 2-т Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Энэ нь Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацааг зохих журмын дагуу татвар тодорхойлж, түүнийг төлөх хуульд заасан хугацаа дууссан үеэс эхэлж тооцно гэж заасан ба уг 281,384,900 төгрөгийн өр нь 2001 онд үүссэн өр боловч Орхон аймгийн Т.Х-н даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалаар сэргээгдсэн байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, сэргээгдсэн цаг хугацаанаас хойш хуулийн хугацаанд буюу 2018 оны 12 сарын 11-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд 2008 оны 02 сарын 06-нд батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь... гэсэнд, 6.1.2-т Татварын Ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь, 6.1.3-т 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг гэсэн заалтад 281,384,900 төгрөгийн татварын өр хамаарахгүй байна.

 

2. Татварын Ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн тусгах ба энэхүү бүртгэл буюу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан татварын тооцооллын жагсаалт гэх баримтаар хариуцагч Э.Х ХК нь 2010 оны байдлаар өмнөх оны үлдэгдэл онцгой албан татварын 16,404,816 төгрөгийн өр төлбөртэй байсан, уг өрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

3. Татварын улсын байцаагчийн 2014 оны 04 сарын 08-ны өдрийн 20/0007628 тоот актаар аж ахуйн нэгжийн орлогын 1,353,818 төгрөгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн 5,538,249.90 төгрөгийн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн 32,625,279,60 төгрөгийн албан татвар, торгууль алдангийн 15,772,698 төгрөгийн буюу нийт 55,290,045.50 төгрөгийн акт тогтоогдсон байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар нь уг актаар тогтоогдсон торгууль, алданги 15,772,698 төгрөгийг 2015 оны 8 сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ. гэх заалтад хамрагдаж чөлөөлөгдөх ёстой гэж мэтгэлцэж байх боловч Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон татварын өр, төлбөр нь 1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны шийтгэлийн төрөл, хэлбэрт хамаарагдахгүй учир дээрх тайлбар үндэслэлгүй юм.

 

4. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 43,437,316.40 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч тал... дээрх улсын байцаагчийн актаар тогтоогдсон өр төлбөр дотор давхар орсон, давхардуулан нэхэмжилсэн, манай татвар ногдуулсан үл хөдлөх эд хөрөнгө Капитал банкны өмчлөлд шилжсэн... гэх тайлбар гаргаж холбогдох баримтыг гаргаж ирүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно., 6 дугаар зүйлийн 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

5. 2009 онд ногдуулсан 7,563,800 төгрөгийн татварын өр төлбөр нь хэзээ үүссэн, ямар татварын өр төлбөр болохыг нэхэмжлэлд тодорхой тусгаагүй байх ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй, уг нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

6. Хариуцагч Э.Х ХК нь ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1881868,90 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж 1,000,000 төгрөгийг төлсөн баримт гарган өгч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрсөн, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 43,016 төгрөгийн өрийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч Э.Х ХК нь нэхэмжлэгч Орхон аймгийн Т.Х-ийн нэхэмжилсэн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 8,259,746.40 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын Ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ гээд 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 55 дугаар зүйлийн 55.1-д хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги торгуулийг татварын өрөнд хамааруулна гэж заасан ба Орхон аймгийн Т.Х нь хариуцагч Э.Х ХК-ийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах талаар Татварын Ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажиллагааг дарааллаар явуулсны дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Э.Х ХК-иас хугацаандаа төлөгдөөгүй татварын өр, төлбөрт 353.961.629 /281384900+16404816+55290045.50+881868/ төгрөг гаргуулан Орхон аймгийн Т.Х-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 52.044.132 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Т.Х-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Э.Х ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,969,057 / нэг сая есөн зуун жаран есөн мянга, тавин долоо/ төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын Ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Х ХК-иас 353.961.629 /гурван зуун тавин гурван сая есөн зуун жаран нэг мянга зургаан зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Т.Х-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 52.044.134 /тавин хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Х ХК 8.259.746 /найман сая хоёр зуун тавин есөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, .41.1.4-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Х ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,969,057 / нэг сая есөн зуун жаран есөн мянга, тавин долоо/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ