Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар  109/ШШ2021/0005

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2021/0005

    

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Н.Б-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Архангай аймгийн Э сумын 3 дугаар баг 44 дүгээр байрны 13 тоотод оршин суух Д овогтой Н.-ийн Б миний бие Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/79 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргаар Г.А-г томилсон Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/80 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Н.Б-с Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/79, Б/80 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-2, 10-11/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Маргааны үйл баримтаас үзэхэд: Иргэн Н.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/106 дугаар захирамжаар Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар түр, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/44 дүгээр захирамжаар Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогдон ажиллаж байжээ. /х.х-н 7, 9/

            Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Н.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/79 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Н.Б-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэгт ажлаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна. /х.х-н 6/

            Улмаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар Г.А-г Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /х.х-н 8/

            Ийнхүү нэхэмжлэгч Н.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/79, Б/80 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

            Тодруулбал, нэхэмжлэгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Б-г Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/79, Б/80 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.5, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/79, Б/80 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Н.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА