Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/665

 

 

 

 

 

 

 

 

    2024         06            05                                       2024/ШЦТ/665

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Хулан, 

улсын яллагч: Н.Халиунаа,

шүүгдэгч ********* /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****** овогт **************** /регистрийн дугаар: *********/,

Монгол Улсын иргэн, *********-ний өдөр ********* хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын компанид мужаан ажилтай, ам бүл 7, эхнэр, 2-14 насны хүүхдүүдийн хамт ***************** тоотод оршин суудаг, урьд

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч ********* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод үйл ажиллагаа явуулдаг “*********” нэртэй дэлгүүрийн гадаа хүргэн дүү *********тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун гарын алганд хутгаар хатгасны улмаас түүний биед баруун гарын алганд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод үйл ажиллагаа явуулдаг “*********” нэртэй дэлгүүрийн гадаа хүргэн дүү *********тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун гарын алганд хутгаар хатгасны улмаас түүний биед “баруун гарын алганд хатгагдсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

-хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороонд байрлах “*********” нэртэй дэлгүүрийн гадаа хүргэн ах *********ын хамт 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад байж байсан юм. Тэгээд би юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна Бид хоёр хоорондоо маргалдаж, муудалцаад байж байхдаа ********* ах миний баруун гарын алга хэсэгт хутгаар зүсэж гэмтээсэн. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаагаас хүмүүс ирчихсэн яасан юу болсон талаар асуугаад байсан. Хүргэн ах ********* бид хоёр ажил төрөл ярьж байгаад юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. ...Миний баруун гарын алга хэсэгт хутгаар гэмтээсэн шархтай, тухайн гэмтлийг хүргэн ах ********* хутгаар хатгаж учруулсан. Өөр миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,  

-гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ******дугаар хороо, ******** тоотод байрлах “*********” хүнсний дэлгүүрээ ажиллуулаад байж байхад гадаа хүүхдээ дагуулсан охин орж ирээд “танай гадаа хүн зодолдоод байна” гэж хэлэхэд нь гараад харахад 2 эрэгтэй хүн зодолдоод хар цамцтай эрэгтэй нь цус болчихсон байсан. Үүнийг хараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа дуудчихаад тухайн хоёр хүнийг харахад газарт хар өнгийн эвхэгддэг жижиг хутга байсан. Тэгээд буцаад дэлгүүр рүүгээ орж ирээд камерын бичлэг харахад хар өнгийн хувцастай хүн нь халааснаасаа хутга гаргаж ирээд сараал өнгийн ажлын хувцастай ахын хоолойд нь тулгахад тухайн саарал өнгийн цамцтай ах нь өөрийгөө хамгаалаад тухайн хүнийг газар унагаад зодож байгаа дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч эмч ********* Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******дугаартай:

“...1. *********ийн биед баруун гарын алганд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч *********ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *******дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” нэртэй дэлгүүрийн гадаа эхнэрийн эгчийнх нь хүүхэд болох *********ийн хамт 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд бид хоёр ойр зуурын юм яриад байж байхдаа үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, муудалцаж байхад ********* халааснаасаа хутга гаргаж ирэхээр нь би өөрөөсөө хутгыг нь холдуулж газар унагаагаад хутгыг нь холдуулаад дээрээс нь хэд хэдэн удаа цохисон юм, хутгаар хатгасан зүйл байхгүй, тэгээд байж байхад цагдаагаас хүмүүс ирээд бид хоёрыг аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49-55 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ********* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч эмч ********** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4349 дугаартай дүгнэлтээр хохирогч *********ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Шүүгдэгч ********* нь хохирогч *********ийг хутгаар зүсэж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Шүүгдэгч ********* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ********* “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд мөн хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хавтаст хэргийн 90 дэх тал/-д авагдсан байна тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч *********т учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч ********* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод үйл ажиллагаа явуулдаг “*********” нэртэй дэлгүүрийн гадаа хүргэн дүү *********тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун гарын алганд хутгаар хатгасны улмаас түүний биед баруун гарын алганд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг эвхэгддэг хутгыг устгуулах, 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалуулах саналтай байна. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгэлтэй зэргийг харгалзан үзэж уг саналыг гаргаж байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлт гаргав.

 

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ********* нь гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүгдэгч *********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ажил эрхлэлт, ам бүлийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *********ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг хутга хураагдан ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** овогт *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

                                                                                                                                              

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *********ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********* цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг хутга хураагдан ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА