Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02135

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02135

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК /РД: 6346995/-д холбогдох,

 

хууль бус эзэмшлээс 40 тонн контейнер нэг ширхэг, хийн компрессор нэг ширхэг, дүүжин өргүүр нэг ширхэг эд зүйлийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, гэрч Ц.С, С.М, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.О гэх хүний хүсэлтээр 2019 оны 9 дүгээр сард “Б” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Гарден Вилла” хотхоны барилгын заслын ажлыг гүйцэтгэхэд тусалсан. Тухайн үед Г.О нь “Б” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөр тооцоо хийсэн бөгөөд миний бие тэдний хоорондын тохиролцоо, гэрээний асуудлыг огт мэдэхгүй. Түүнчлэн, Г.Оюунбилэг нь ажлын хөлсөө аваад сураггүй алга болсон бөгөөд миний бие дээрх ажлын хөлснөөс огт аваагүй хохироод үлдсэн. Гэтэл “Б” ХХК нь миний өмчлөлийн эд хөрөнгө болох гал тогооны зориулалтаар ашиглахаар дотор засал хийсэн 7 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 40 тонн-ын контейнер 1 ширхэг, 1 400 000 төгрөгөөр үнэлэгдэх хийн компрессор 1 ш, 4 500 000 төгрөгөөр үнэлэгдэх дүүжин өргүүр буюу люлка 1 ширхэг, нийт 12 900 000 төгрөгөөр үнэлэгдэх барилгын ажил гүйцэтгэхэд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг Г.Оюунбилигтэй тооцоотой гэсэн үндэслэлээр надад өгөхгүй байна.

 

Үүнтэй холбогдуулан миний бие “Б” ХХК-иас удаа дараа өөрийн өмчийн зүйлийг шаардсан боловч тус компанийн удирдлага надад “...Т.Оюунбилэгтэй учраа олж байж эд хөрөнгийг чинь өгнө” гэсэн.

 

Миний бие Г.О сайн танихгүй, түүний өмнөөс хуулиар болон гэрээгээр “Бат бөх констракшн” ХХК-ийн өмнө аливаа хариуцлага хүлээх үүрэггүй бөгөөд “Бат бөх констракшн” ХХК нь миний эд хөрөнгийг барьцаалах эрхгүй.

 

Иймд “Бат бөх констракшн” ХХК-иас миний өмчлөлийн зүйлс болох 40 тонн-ын контейнер 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, дүүжин өргүүр 1 ширхэг, нийт 3 тооны эд зүйлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхбаяртай ажил гүйцэтгэх гэрээ хийж, хамтран ажиллаж байгаагүй.

 

Нэхэмжлэлд дурдсан Г.Оюунбилэг гэх хүнтэй Д.Э нь ямар холбоотой, ямар байдлаар хамтран ажиллаж, ямар тоног төхөөрөмж авсныг мэдэхгүй бөгөөд тэдний хоорондын маргаанд манай компанийн зүгээс оролцох боломжгүй.

 

Д.Энхбаяртай гэрээ хийгээгүй учраас уг тоног төхөөрөмжүүдийг өгөх боломжгүй. Барилгын засал тоног төхөөрөмжүүд дрилл гэх мэт хэрэгтэй гэсэн зүйлээ авч яваад хэрэггүй гэсэн зүйлсээ үлдээгээд явсан. Д.Э нь манай байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, цалин хөлс авч байгаагүй. Иймд нэхэмжлэгч Д.Э нь уг тоног төхөөрөмжүүдийг нэхэх эрхгүй этгээд нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдуулан 40 тонны контейнер 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, дүүжин өргүүр 1 ширхэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь шаардлагыг үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, мөн гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэлийн зүйл болох 40 тонны контейнер 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, дүүжин өргүүр 1 ширхэг зэрэг эд зүйлс хариуцагчийн эзэмшилд байгаа нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, тухайн эд зүйлсийг нэхэмжлэгч нь хариуцагчийн барилгын ажил явуулж буй талбайд хүлээлгэн өгсөн нь гэрч Б.Д, Д.Г нарын мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухай эд зүйлсийг 2019 оны 9 дүгээр сараас хойш өөрийн эзэмшилд байлгаж буй үйл баримтыг үгүйсгээгүй.   

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана.

 

Талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр дээрх эд зүйлсийн эзэмшигч нь Д.Э болох үйл баримтыг хариуцагч нь баримтаар үгүйсгэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг эд зүйлсийг өөрийн эзэмшлийнх биш гэдгийг зөвшөөрч байх боловч бусадтай байгуулсан гэрээний үүрэгт саатуулан барих эрхтэй эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар маргааны зүйл болж буй дээрх эд зүйлсийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 40 тонны контейнер 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, дүүжин өргүүр 1 ширхэг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 40 тонны контейнер 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, дүүжин өргүүр 1 ширхгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Э олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН