Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 164

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Х.Анхцэцэг,  

          Шүүгдэгч Б.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Батсуурийн Баяржаргалд холбогдох эрүүгийн 2017 2601 0345 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:      

          Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3 дугаар гудамж, 34 тоот хаягийн бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхон 303 байр, 60 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсуурийн Баяржаргал РД:ЖГ81070271,  

      

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Б.Баяржаргал нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29-504Б тоотод оршин суух иргэн М.Санжсүрэнгийн байшингийн цонхоор нэвтрэн 48 инчийн Самсунг маркийн зурагт, 2 ширхэг куртик зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 1.540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

            Шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29-504Б тоотод оршин суух иргэн М.Санжсүрэнгийн байшингийн цонхоор нэвтрэн 48 инчийн Самсунг маркийн зурагт, 2 ширхэг куртик зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 1.540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/,

            - хохирогч М.Санжсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн орчимд эхнэр бид 2 ажилдаа явсан, хүүхдүүд хичээлдээ явсан учраас гэрт хүн байхгүй эзэнгүй байсан. 16 цаг 30 минутын орчимд манай хойд талын айлын залуу Базаррагчаа утсаар манай эхнэр лүү залгаад танай гэрээс хүн зурагт аваад явлаа гэж хэлэхээр нь манайхаас хүн зурагт авч явах учиргүй, хулгайч байна араас нь яваарай гэж хэлээд манай эхнэр яваад очсон чинь гудамжинд хулгайчийг барьсан байсан гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан, тухайн үед алдагдсан зурагт, куртикийг хүлээж авсан, манай зурагт 3 хэсэг газраа хагарсан байсан. Б.Баяржаргал зурагт засварын мөнгө гэж бэлэн 1.000.000 төгрөг өгсөн, манай зурагт засвар авах боломжгүй дэлгэцээр нь зураас гарсан ба би мөнгө нэмж гэртээ шинэ зурагт авсан, надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-23-24, 25/,     

          - гэрч Х.Шагдарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...гэр лүүгээ харих гээд 62-38 маркийн шар өнгийн машинтайгаа явж байсан, надтай тухайн үед Улаан гэдэг зүс таних залуу хамт явсан, тэгсэн манай гудамжинд нэг залуу хар өнгийн зурагт барьсан явж байхад би зогсоод наад зурагтаа яах гэж байгаа юм гэсэн чинь “тэр залуу зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн зурагт байна гэж бодоод би зурагтыг чинь үзье гээд тэр залууг зогсоогоод байж байсан чинь Базараа гэдэг залуу хүрч ирээд наад залуу чинь хулгай хийсэн байна гээд хүрээд ирсэн чинь, тэр залуу зурагтыг машины хажууд налуулж тавьчихаад хашаа даваад зугтаасан. Базараа, Улаанаа бид 3 араас нь хөөж барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Намайг харж байхад зурагт болон куртикээ унагаагаагүй, өмнө нь унагаасан байж магадгүй барьж явсан зурагт куртик нь шороо болсон байсан. Өөрөө ч архи хэрэглэсэн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-29-30/,

          - гэрч Д.Базаррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай урд талын хашаан дотор цагаан ороолттой хар куртиктэй хүн явж байсан, би хүн ирсэн юм байх гэж бодоод тухайн үедээ сайн анзаараагүй. Би гэртээ орчихоод нүүрс авах гээд гарсан чинь цагаан ороолттой нэг залуу сугандаа зурагт хавчуулчихсан, нөгөө сугандаа куртик хавчуулчихсан явж байсан. Тэгэхээр нь би хашааны эзэн болох Алтанцэцэг рүү залгаад танайх эзэнтэй байгаа юм уу, хүн зурагт аваад гараад явчихлаа гэж хэлсэн чинь “эзэнгүй байгаа, хулгайч байна араас нь яваач” гэж хэлсэн. Би араас нь машинаа асаагаад дагаад явж байсан, Булгантамир дэлгүүрийн доод талд шар верна машинтай зүс таних Шагдар нэг хүнтэй хамт цагаан ороолттой залууг зогсоосон байхаар нь наад хүн чинь манай хөрш айлаас хулгай хийсэн байна, би гэр лүү нь ярьсан гэж хэлсэн чинь цагаан ороолттой залуу хашаа даваад зугтаахаар нь араас нь хөөж барьж авсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-31-32/,  

          - эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /хх-37/,  

          - эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэлүүд /хх-16-17/,

          - ял шалгах хуудас /хх-49/,   

          - шүүгдэгч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2017 оны  01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Толгойтын хуучин эцсийн буудал дээр байдаг ломбард орж өөрийнхөө бөгжийг тавьсан байснаа сунгаад хоол хүнсний мөнгөгүй болчихоод 50.000 төгрөг нэмж аваад Толгойтын хуучин эцсийн дэлгүүрээс архи худалдаж аваад гарсан чинь 2 танихгүй хүн байхаар нь би ганц юм уухуу гэж асуусан чинь ууя гэж хэлсэн .Тэгээд би Толгойтын хуучин эцэс дээр танихгүй 2 залуутай хамт 1 шил архиа хувааж уучихаад дахиж дэлгүүр орж пиво авч уугаад явсан. Тэгээд би согтоод хэсэг юу ч санахгүй байгаа. Нэг мэдсэн би өгсүүр гудамжаар алхаад явж байсан. Тэгсэн над руу нэг нохой хуцахаар нь би хөөе гээд орилсон чинь хүн дуугарахгүй байхаар нь би хашаа руу нь орсон. Тэгээд байшингийн хаалганы түгжээ шиг юм байхаар нь онгойлгоод байшин руу орсон чинь зурагт байхаар нь аваад үүдэнд нь байсан өлгүүрнээс 2 куртик байсныг аваад гараад гудамжаар тэврээд явж байсан чинь машин явж байхаар нь зогсоосон. Тэр машины хүн чи хаана байдаг хүн бэ, энэ хавьд байдаг хүн мөн үү гэхээр нь би энд байдаг хүн гэтэл машины жолооч нь чи энэ хавьд байдаг хүн биш гэж хэлээд машинаас буугаад намайг барьж аваад уяагаар хүлээд явуулаагүй.Тэгээд цагдаад намайг барьж өгсөн...гэх мэдүүлэг /хх-44-47/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

           

             Иймд шүүгдэгч Б.Баяржаргалыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.     

Хулгайлагдсан эд зүйлийг хохирогч талд хүлээлгэн өгсөн /х-16-17/, мөн хохиролд 1.000.000 төгрөг /хх-77/ авсан, хохирогч  нэхэмжлэх зүйлгүй /х-78/ болохоо илэрхийлжээ.     

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. 

            Шүүгдэгч Б.Баяржаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. 

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Баяржаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяржаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баяржаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР