Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01866

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01866

                              Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Н-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь надаас 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, мөн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай тус тус зээлж авсан.

 

2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээний тухайд хүүгийн төлбөрт хариуцагчаас 700 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр авсан. Үүнээс хойш хариуцагч нь уг төлбөртэй холбоотой төлөлт хийгээгүй.

 

2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний тухайд уг гэрээг сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нотариат дээр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг бичгээр нөхөн үйлдсэн. Уг гэрээнд заасан 5 000 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг миний бие хариуцагчид 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр өгч, амаар зээлүүлсэн бөгөөд тухайн үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Харин үлдэх 3 000 000 төгрөгийн хувьд хариуцагч нь уг мөнгийг манай хүүгээс зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний төлбөрт хариуцагч нь нэг ч төгрөг төлөөгүй байгаа.

 

Иймд хариуцагчаас 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 5 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнд заасан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5 000 000 төгрөг, дээрх 2 гэрээнд заасан алданги нийт 5 000 000 төгрөг, бүгд 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Гэрээний үүрэгт 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 5 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 6 дугаар сарын 13-ны өдөр 300 000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг буцаан төлсөн.

 

2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Н хүүгээс 3 000 000 төгрөгийг зээлж авсан.

 

Харин 2 000 000 төгрөгийн хувьд өмнөх зээлийн гэрээний үүргийг үлдэгдэл байсан бөгөөд уг мөнгийг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Н бэлнээр аваагүй. Дараа нь дээрх 3 000 000 төгрөг болон 2 000 000 төгрөгийг нийлээд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нотариат дээр гэрээ байгуулсан.

 

 Б.Н хүүгээс авсан 3 000 000 төгрөгийн тухайд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөгийг, 7 дугаар сарын 03-ны өдөр 250 000 төгрөгийг, 8 дугаар сарын 04-ний өдөр 250 000 төгрөгийг, 8 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөгийг, нийт 900 000 төгрөгийг буцаан төлсөн.

 

Иймд нийт зээл 10 000 000 төгрөгөөс 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1 900 000 төгрөгийг, хүүгээс нь зээлсэн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 600 000 төгрөгийг, 2012-2013 оны зээлийн гэрээний үлдэгдэл 2 000 000 төгрөгийг тус тус хасаад, үлдэх 5 500 000 төгрөг болон түүний алданги 2 750 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөгийг төлөх боломжтой. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 5 000 000 төгрөг, ...2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлүүлсэн 2 000 000 төгрөг, ...миний хүүгээс зээлсэн үндсэн зээл 3 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрт, үүний алданги 5 000 000 төгрөг, бүгд 15 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь дээрх үндэслэлийг “...2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг төлсөн, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөг аваагүй, ...Б.Нэрэнжаргалын хүүгээс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөгийг зээлж авсан, үүнээс 600 000 төгрөгийг буцаан төлсөн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

 

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл буюу 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэх, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байхаас гадна хариуцагч нь дээрх үйл баримт болон зээлийн гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

Дээрх гэрээний зүйл, шинж, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээс гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авч, 1 сарын дараа буцаан төлөх үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь гэрээний зүйл 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Гэрээний 1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүгийн хэмжээг сарын 10 хувь байхаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, мөн зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэнтэй нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд зааснаар үндсэн зээлийн төлбөрт сарын 500 000 төгрөгийн хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй.

 

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байх бөгөөд үүнээс хойш зээлийн гэрээг талууд сунгасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас нэг сарын хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагчид гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, нэг сарын хүүгийн төлбөрт 500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан Голомт банкны төлбөрийн баримтаар хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 400 000 төгрөгийг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөгийг, нийт 1 900 000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн нь тогтоогдож байна. /хх 39-42 дугаар тал/ Үүнээс үзвэл хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөг төлөхөөс 1 900 000 төгрөгийн үүргийг биелүүлж, үлдэх 3 600 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Харин 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Голомт банкны төлбөрийн баримтад “...н.Нармандахаас ажлын хөлсөнд” гэх агуулгатай 500 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна. /хх 38 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 3 600 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд гэрээний 3-т алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 3 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчаас гэрээний үүргийн хариуцлага буюу алданги шаардах эрхтэй. Түүнчлэн, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар мөн зүйлд зохицуулсан. Хариуцагч үүргээ гүйцэтгэх ёстой 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаа дахь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3 600 000 төгрөгийн алдангийн хэмжээ мөн зүйлд зааснаар дээрх үүргийн 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас гэрээний хариуцлагад буюу алдангид 1 800 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

2. 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

 

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд гэрээний 2.1-д зааснаар талууд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5 000 000 төгрөгийн төлбөрийн асуудлыг баримтжуулж, гэрээний 3.2-т зааснаар хариуцагч нь уг 5 000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр заажээ. /хх-4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан 5 000 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид зээлүүлсэн гэх бөгөөд хариуцагч нь уг мөнгийг аваагүй гэж үгүйсгэсэн.

 

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзвэл тэрээр 2 000 000 төгрөг болон хариуцагчид бусдын зээлүүлсэн 3 000 000 төгрөгийг нэгтгэн, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ” гэх баримт үйлдсэн байна. Түүнчлэн, хариуцагч нь дээрх баримтад заасан 5 000 000 төгрөгийг зээлсэн талаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталгаа гаргасан байна. /хх 7 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, дээрх баримтаар нэхэмжлэгчийн “...2 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид зээлүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна. Харин хариуцагч нь уг 2 000 000 төгрөгийг “...өмнөх зээлийн гэрээний үүрэг, ...тухайн үед 2 000 000 төгрөг бэлнээ аваагүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд амаар байгуулагдаж, нэхэмжлэгч нь уг гэрээний зүйл болох 2 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь уг 2 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас 2 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөгийн алданги шаардах эрхгүй.

 

3. 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлээгүй, мөн нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчид зээлүүлээгүй нь тогтоогдож байна. Иймд талуудын тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх 3 000 000 төгрөгийг өөрийн хүүхдээс зээлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүхдээс зээлж авсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд тухайн зээлүүлсэн гэх гуравдагч этгээд нь хариуцагчид зээлүүлсэн гэх 3 000 000 төгрөгийг шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тухайн шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-д тусгасан 5 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөг нь тухайн гуравдагч этгээдээс хариуцагчид зээлүүлсэн мөнгөн төлбөр гэх боловч тухайн этгээд нь зээлийг шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотлохгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үндсэн зээл 3 000 000 төгрөгийг алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 7 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Н 7 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН