Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/01988

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/01988

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.У-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Д-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.У, хариуцагч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Ч.Д гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.А, 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүү Д.О нар төрсөн. 2014 онд гэр бүлээ цуцлуулж шүүхийн шийдвэрээр том хүү Д.А аавынхаа асран халамжид, бага хүү Д.О өөрийн асрамжид минь үлдсэн. Үүнээс хойш том хүү ихэнх хугацаанд аавынхаа ээж, аав хоёр  дээр өссөн. Хоёр хүүгээ хүссэн цагт нь уулзуулж, хоёр талдаа ээлжлэн 3-7 хоногоор авдаг байсан. Сүүлийн жилүүдэд Д.А хүү ээж дээрээ ирсэн үедээ аав архи уухаараа намайг загнаж муухай харьцаж, уурлахаараа зодох үе байдаг гэж ярьдаг байсан. Ээж дээрээ хүрээд ир гэхэд эмээ, өвөө хоёр маань туслах хүнгүй хэцүүдэх байх гээд байдаг байлаа. Гэтэл 2021 оны 5 дугаар сард Д.А ээж дүү дээрээ ирээд 7 хоног хоноод буцаж очиход эмээгийнх нь данснаас 2 000 000 төгрөг алга болсон байна чи хүнтэй хуйвалдаж авсан, үнэнээ хэл гэж зодож бүр цагдаагийн байгууллагаар шалгуулсан байсан. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Азбаяр хүү маань над руу залгаад “аав намайг согтуу зодлоо, архинд явуулсан одоо цээжээр өвдөөд байна” гэж уйлж ярьсан. Би тэр дор нь хүүгээ гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн шаардлагатай шинжилгээнүүд хийлгэсэн. Хүнд гэмтэл бол байгаагүй. Гэвч маргааш нь аав нь Д.А луу залгаж хүрээд ир, ирэхээр чинь чамайг алчхаад өөрийнхөө амийг хорлоно гэх зэргээр айлгасан байсан. Согтуу байсан болохоор нь Д.А өөрөө цагдаа дуудаж, аав нь эрүүлжүүлэхэд хоносон байсан. Дараа өдөр нь эмээ, өвөө нь хүүг дуудаад, аавыг нь эрүүлжүүлэхээс гаргая гэж ярихад хүү ааваасаа айгаад байна гэхээр эмээ өвөөгийндөө л байж бай гээд аваад явсан. Одоо хүү маань “ээжээ та намайг албан ёсоор өөр дээрээ аваач” гэх болсон. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн, өнөөдрийн байдлаар судлагдаад явж байгаа. Ч.Д нь хүүхэд асран халамжлах үүргээ биелүүлж чадахгүй, хүүхдийн эрхийг удаа дараа зөрчиж хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд гаргаад байгаа тул би том хүү Д.А өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.У миний бие гэр бүл болж, 2 хүүтэй болон амьдарч байгаад 2014 оны шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Улмаар би том хүү Д.А А.У нь бага хүү Д.О тус тус асрамжид авахаар болсон. Уг хугацаанд хүү Д.А бид хоёр аав, ээжийн хамтаар амьдарч байсан нь үнэн. Гэр бүл цуцалснаас хойш А.У нь хүүтэйгээр уулзах нь ховорхон болсон. 2021 оны 5 дугаар сард эмээгийн нь данснаас мөнгө алга болж дутсан, цагдаагийн байгууллагаар шалгуулсан зүйлгүй. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би хүүгээ зодож архинд явуулаагүй. Харин урьд орой нь хүү минь ээжийнд очоод тоосго зөөгөөд шороо буулгаад хавиргаар өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм уулгаад унтуулсан. Маргааш нь надад эрүүлжүүлэхэд хоносон, эмээ өвөө нар нь Д.А дуудаж эрүүлжүүлэхээс гаргаж авъя гэж хэлээгүй. Ч.Д миний бие хүү Д.А дотоод сэтгэлийг сайн ойлгож байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Хүү минь ээжээсээ 4 настай хоцорсон, хүүгийн минь хүсэл ээжтэйгээ байх сайхныг мэдрэх маш их хүсэл байсныг үгүйсгэхгүй, би эцэг хүний сэтгэлээр хүү Д.А сонголтыг хүндэтгэнэ гэжээ.    

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Ч.Д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1002/3013Б шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.У, Ч.Д нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү Д.А эцэг Ч.Дамдинсүрэнгийн, 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүү Д.Одбаярыг эх А.Уранчимэгийн асрамжид тус тус үлдээж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27 дугаар байрны зүүн талд байрлах автомашины граж, автомашиныг Ч.Д үлдээж, Ч.Д 5 967 950 төгрөгийг гаргуулж А.У олгож, Хас банкин дахь хадгаламжаас оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Д, А.У нар нь хэн алиныг хүү Д.О, Д.А нартай уулзуулах нөхцөлөөр хангаж, саад хийхгүй байхыг даалгаж, гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүү Д.А эцэг Ч.Д , хүү Д.Одбаярыг эх А.У асрамжид тус тус үлдээж шийдвэрлэсэн хэдий ч нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл, хүүхдийн эрх ашиг, хариуцагчийн хүүхдийг эхийн асрамжид байлгахаар өөрчлөх тайлбар зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Д. эхийн асрамжид үлдээж өөрчлөх нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хүү Д.Азбаярыг эх А.Уранчимэгийн асрамжид үлдээж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.А эх А.У асрамжид үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН