Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж        

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Д.Ариунжаргал

Шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ад холбогдох 201707000032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын харьяат, халх, **** оны  ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, **** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, Петровис ХХК-ийн тэргүүний ажилтан шагналтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа гэртэй, ********* регистрийн дугаартай, Ж овогт Ц-йн А гэв.

Холбогдсон хэргийн талаар: Ц.А нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулах Петровис-2 шатахуун түгээх станцын байранд иргэн Э.Т-тай маргалдсаны улмаас түүний нэхий куртикийг ир үзүүртэй зүйлээр санаатайгаар сийчиж гэмтээн 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2015 оны 11 сард анх Петровист орсон. Би ажлаа дүрэм журмын дагуу хийдэг. Хийсэн ажилдаа идэвхитэй, зүтгэлтэй ажилладаг. Би эцэг эхээсээ суурь хүмүүжилтэй, ажил төрөлтэй өссөн болохоор өдий зэрэгтээ явж байгаа. Би ажлаа сайн хийж хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимээр амьдрах сонирхолтой. Огт залхуурдаггүй. Би залхуу хүнд дургүй. Хохирогч Э.Т нь анх 2016 оны 8 сард орсон байх. Ажилд орохдоо том хүн ирсэн. Ирэх гэж байхад нь Петровисийн сургалтанд суусан мэргэшсэн хүн ирнэ гэж сураг дуулсан. Тэгэхээр нь мэдлэгтэй, чадвартай хүн ирэх нь гэж бодож байтал байдал нь эсрэгээр эргэж, ажил тасалдаг, хоцордог, мөнгөний дутагдал гаргадаг байсан. Би эхэндээ тэр хүмүүст юм огт хэлдэггүй олон нийтийн газар биеэ цэгнээд явдаг байсан. Сүүлдээ намайг хэл амаар доромжлоод илт гадуурхдаг болсон. Би ажлаа хийх маш дуртай. Ажилдаа очоод ёс журмын дагуу хийдэг. Сүүлдээ илт дээрэлхээд, юм л бол муу муухай зүйл бүхнийг надруу чихээд байсан болохоор ажлаасаа ямар ч нэр хүндгүйгээр гарсан. Сүүлд 33.000 төгрөгийн дутагдал гаргасан гэж мэдүүлэг өгсөн байна. Би тийм дутагдал гаргаагүй. Хамт олны хурал болоод намайг эрс буруутгаад халах шийдвэр гаргачихсан байсан. Хурал дээр би намайг ингэдэг тэгдэг гэж би бүгдийг нь хэлэхэд бүгд л намайг буруутгаж байсан. Тэгтэл дарга үнэхээр болохгүй бол Ц.А-г доод станцруу явуулмаар юм байна гэж ярилцсан. Би доод станцруу явахгүй, сурсан газраа ажлаа хиймээр байна гэхэд өөр арга байхгүй халагдах юм уу гэхээр нь халагдая гээд хэлчихсэн юм. Би ажлаа өгөх гээд нярав нягтлантайгаа явж байгаад бухимдсандаа машинаас нь үсрээд буучихсан. Би хэд хоног стресстэй, бухимдаж байгаад ажлаа хүлээлгээд өгчихсөн. Би түргэн ууртай гэдгээ хүлээж байна. Хойшид тийм зан гаргахгүй. Би өөртөө тангараг тавьчихсан байгаа. Хэсэг бухимдалтай байж байгаад өөрийн гэсэн зүйлээ авья, дараачийн хүнд хэрэг болох байх гээд ажил дээрээ яваад очсон чинь Э.Т гарж байсан. Би яваад орсон чинь чи муу хайчиж яваа юм зайлаач гэсэн. Тэгэхээр нь би зайлчихсан л байгаа биздээ, би хувцсаа авах гэж байна, чи намайг зайлуулчихаад бах тав чинь ханахгүй байна уу, хэлэх зүйл чинь дуусаагүй байна уу гэсэн чинь чам шиг юмыг юу ч гэж хэлсэн яадаг юм гээд янз янзын юм хэлээд байсан. Би хажуугаар нь гараад хувцсаа авах гээд хойд өрөөрүүгээ яваад орсон. Тэгтэл наадруу чинь гадны хүн ордоггүй юм гэхээр нь би мэдэж байна би өөрийнхөө юмыг авах гэж байна гээд орсон. Тэгсэн янз янзын зүй бус үгээр хэлээд үглээд байсан. Бид 2 хоёр өрөөнөөс хэрэлдэж маргалдаад би үнэхээр уурандаа ийм зүйл хийчихсэн юм. Орохдоо бол тэгэх бодол огт байгаагүй. Харилцан маргалдсаны үндсэн дээр уурандаа ийм юм хийчихсэн юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өмнө нь болсон асуудлын талаар эрхлэгч, дарга нартаа тухайн үедээ хэлж байсан. Гэхдээ шаардлагатай гэсэн зүйлсээ л хэлдэг байсан. Эрхлэгч, дарга нар огт тоодоггүй байсан. Би Э.Т-ыг нөхрөөсөө илүү хүндэлдэг байсан. Гэтэл надад бүх бурууг өгч байна гэв.  

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед ганцаараа ажлаа хийж байх үед Ц.А орж ирээд эрхлэгчийн өрөөнөөс хувцасаа авч гарахдаа намайг “чи ажлаас гаргасан, цаашид яахыг чинь харнаа” гэж хэлээд нулимаад гарсан. Би эрхлэгчийн өрөө рүү ороход миний нэхийг хайчилчихсан байсан. Маргааш ажлаас буугаад Ц.А руу ярихад “наадах чинь дөнгөж эхлэл, цаашид яахыг чи хараарай” гэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг/хх 21-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 8-рт/, хохирогч Э.Т-ы мэдүүлэг/хх 21-рт/, гэрч П.Наранпүрэвийн мэдүүлэг/хх 22-23-рт/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг/хх 29-рт/, гэрч А.Э-ийн мэдүүлэг/хх 30-31-рт/, эд зүйлийн үнэлгээ/хх 32-33-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Э.Т-ы мэдүүлэг/хх 21-рт/, гэрч П.Н-ийн мэдүүлэг/хх 22-23-рт/, гэрч Ц.О-ийн мэдүүлэг/хх 24-рт/, хөрөнгө битүүмжилсэн тогтоол/хх 11-12-рт/, ял шалгах хуудас/хх 52-рт/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт/хх 61-рт/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/хх 62-рт/, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот Ц.А-г ажлаас чөлөөлөх тухай тушаал/хх 72-рт/, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 40А тоот Ц.Аг ажилд томилох тухай тушаал/хх 74-рт/, Ц.А-гийн алдарт эхийн 2 дугаар одонгийн үнэмлэх/хх 77-рт/, Ц.А-гийн Петровис ХХК-ийн шилдэг түгээгчийн өргөмжлөл/хх 78-рт/, өргөмжлөл/хх 79-рт/, шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн орлогын баримт, 4 хүүхдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг,

 Эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн солонгос нэхий куртик 1 ширхэг, улаан өнгийн иштэй олон үйлдэлтэй тонгорог 1 ширхэг зэргийг тус тус шинжлэн судалж, үзлэг хийв.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулах Петровис-2 шатахуун түгээх станцын байранд шүүгдэгч Ц.А нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Э.Ттай маргалдсаны улмаас түүний нэхий куртикийг ир үзүүртэй зүйлээр санаатайгаар сийчиж гэмтээн 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гарчээ.

 Дээрхи гэмт хэргийг шүүгдэгч Ц.А үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Ты “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед ганцаараа ажлаа хийж байх үед Ц.А орж ирээд эрхлэгчийн өрөөнөөс хувцасаа авч гарахдаа намайг “чи ажлаас гаргасан, цаашид яахыг чинь харнаа” гэж хэлээд нулимаад гарсан. Би эрхлэгчийн өрөө рүү ороход миний нэхийг хайчихлчихсан байсан. Маргааш ажлаас буугаад Ц.А руу ярихад “наадах чинь дөнгөж эхлэл, цаашид яахыг чи хараарай...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,

гэрч П.Н-ийн “...манай эхнэр хэлэхдээ Петровис шатахуун түгээс станц дээр ажлаасаа гарсны дараа өөрийн хэрэглэж байсан хувцас хунар эд зүйлээ авахаар очиход хамт ажиллаж байсан Т нь байж таарсан гэсэн.Тэгээд хоорондоо маргалдаж байгаад манай эхнэр уурандаа Ты нэхий куртикийг нь хайчаар урж тасдсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би чи яаж гэж тэгж байгаа юм гэхэд над руу янз янзын юм яриад байхаар нь би уурандаа тийм үйлдэл хийчихсэн гэж хэлсэн юм. Тэгж л би мэдсэн...” гэх мэдүүлэг/хх 22-23-рт/,

гэрч М.М-ийн “...Хэрэг болсных нь маргааш би ажил дээрээ ирэхэд Т хэлэхдээ А өчигдөр ажил дээр орой ирээд миний нэхийг хайчлаад урчихсан байна гээд манай ажилчид болон надад уруулсан нэхий куртикээ үзүүлсэн...миний ширээн дээр би та нараас иймэрхүү байдлаар хариугаа авна гэсэн утгатай байсан...” гэх мэдүүлэг/хх 26-27-рт/,

гэрч Б.Ц-ийн “...Таас ээлж авах гээд өглөө ажилдаа ирэхэд уруулсан куртикээ Т үзүүлж байсан. А өчигдөр ажил дээр ирж байж байгаад явсан. Тэр л урсан юм шиг байна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх 28-29-рт/,

гэрч А.Э-ийн “...Агийн хувцасны шкаф өөрийнх нь хувийн эд зүйлд улаан жижиг тонгорог харагддаг байсан...” гэх мэдүүлэг/хх 30-31-рт/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 7-8-рт/,

эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 14-16-рт/,

эд зүйлийн үнэлгээ/хх 33-рт/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийн зүйлчлэл нь зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 147 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон байх тул шүүх үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол болох 260.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ад оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч Э.Т нь хохирлоо барагдуулсан тохиолдолд нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн G3 маркийн мэдрэгчтэй 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй, олон үйлдэлтэй тонгорог 1 ширхэгийг устгаж, бор өнгийн солонгос нэхий куртик 1 ширхэгийг хохирогч Э.Тд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Тд төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.А-гийн ******** регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжин ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Ц-гийн А-г бусдын эд хөрөнгийг  санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Ц.А-г 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.А-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.А-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.А-гийн засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.А нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн G3 маркийн мэдрэгчтэй 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй, олон үйлдэлтэй тонгорог 1 ширхэгийг устгаж, бор өнгийн солонгос нэхий куртик 1 ширхэгийг хохирогч Э.Т-д буцаан олгосугай.

9.  Ялтан Ц.А нь цагдан хоригдоогүй,түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ц.А-гийн ********* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА