Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 109/ШШ2021/0007

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2021/0007

    

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн М.Т-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: М.Т-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Учир нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст М.Т-ийн тэтгэврийг зогсоосон өдрөөс үргэлжлүүлэн олгосон болно. Мөн М.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/86 дугаар албан бичигтээ: Тус хэлтсийн дотоод хяналт шалгалтаар тэтгэврийн хувийн хэрэгт үзлэг хийгдэж байна. Хангай сумын М овогтой Т-гын ажилласан байдлыг тодруулахад Архивын тасгийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 137 дугаар лавлагаа гарсан тул 2021 оны 1,2 дугаар сарын тэтгэврийг нөхөн бүрэн олгосон бөгөөд цаашид тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлээд байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн М.Т-ээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М.Т-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.Т-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-2, 7-8/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, даалгахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Маргааны үйл баримтаас үзэхэд: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2018/00405 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д овогт М-ын Т-г Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоожээ. Улмаар иргэн М.Т нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. /х.х-н 52-53/

            Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/635 дугаар албан бичгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр малчний өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 1544 иргэний тэтгэврийг хамруулан тэтгэвэр тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл анхан шатны баримтад тулгуурлан шалгаж, нэр бүхий тэтгэвэр авагч нарын баримт бичиг нь хуурамч болох магадлалтай байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоосны дотор 2 дугаарт М.Т хөдөлмөрийн дэвтэр нь 1988 оноос бичилттэй, шүүхийн шийдвэр нь ажилласан жилийг 1984-1991 оноор гарсан гэж тэмдэглэжээ. /129-130/

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч М.Т-ийн тэтгэврийг олгохоор болсон талаар тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

            Тодруулбал, М.Т-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Учир нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст М.Т-ийн тэтгэврийг зогсоосон өдрөөс үргэлжлүүлэн олгосон болно гэжээ.

            Нэхэмжлэгч М.Т нь 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр иргэн С.П-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгож, өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ./х.х-н 6/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Т-г Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М.Т-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.Т-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэг Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.1.-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон болон хуульд заасан бусад үндэслэл байвал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу шүүгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, захирамж гаргана” гэж заасан тул нэхэмжлэгч М.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг чөлөөлж, түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7./2/, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Т нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М.Т-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.Т-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, М.Т-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч М.Т-д буцаан олгосугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА