Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0059

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 843 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Дорнын хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 843 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Дорнын хүдэр” ХХК-ийн 14178Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан.

Нэхэмжлэгч “Дорнын Хүдэр” ХХК-ийн эзэмшлийн 14178Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 2014 оны 08 дугаар сард Ашигт малтмалын газарт хандахад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан захиран зарцуулах болон шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн учир хугацаа сунгуулах өргөдөл болон төлбөрийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан н.Хэрлэнчимэг гэх хүн амаар өгсөн. Нэхэмжлэгчээс дээрх байдалтай холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, дахин Ашигт малтмалын газарт хандахад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаа хэтэрсэн гэсэн.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд Ашигт малтмалын газарт хугацаа сунгуулах өргөдөл болон холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй боловч 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлчилгээний хөлсийг төлж холбогдох материалаа хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Дээрх байдалд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааг зайлшгүй хэрэглэж, шүүх мөн адил үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй нь хууль болон бодит байдалд нийцэхгүй байна.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл байдалд дүгнэлт хийж, хуулиар тогтоосон торгууль, алдангийг тооцон хугацааг сунгах хууль зүйн боломжтой. Хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6 дахь хэсгүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны онцлог, бусад аж ахуйн нэгжүүдээс ялгагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг эрсдэлтэй байдлыг харгалзаж харьцангуй уян хатан зохицуулалсан байхад хариуцагч болон анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхгүй байгаа нь үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн байр суурь тогтворгүй, тайлбар, татгалзлаа бүрэн дэмжиж чадаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6 дахь хэсгүүдийг үндэслэж хугацаа сунгах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч байсан нотлох баримтууд, мөн нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд Ашигт малтмалын газарт хандаад хүлээн авах боломжгүй гэж амаар мэдэгдсэн тайлбарын дагуу хүлээлгэн өгч чадаагүй өргөдлийн маягт, хугацаа хэтрүүлэх болсон үндэслэл буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг анхан шатны шүүх бүх талаас нь бүрэн бодитой үнэлж дүгнэж чадаагүй.

Иймд ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.                                                

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Дорнын хүдэр” ХХК-ийн Дорнод аймгийн Булган сумын Үүрдийн жаран нэртэй газарт орших 7595 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн 14178Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болохоор байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргаж өгөх үүрэгтэй байна.

Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын 14178Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө холбогдох баримтуудын хамт 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө гаргах шаардлагатай.

Гэтэл “Дорнын хүдэр” ХХК дээрх хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлөө холбогдох баримтуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон төдийгүй нэхэмжлэгчээс ийнхүү хуулийн шаардлагад нийцсэн өргөдлийг хариуцагч байгууллагад гаргаагүй болохоо үгүйсгээгүй, харин өргөдөл гаргаагүй шалтгаанаа “тус хэлтсийн ажилтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан тусгай зөвшөөрөлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн учир өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн” гэх үйл баримттай холбон тайлбарлах боловч энэ нь хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргаагүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна мөн хугацаанд гаргаагүй өргөдлийг шийдвэрлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

 Харин нэхэмжлэгч “Дорнын хүдэр” ХХК-ийн ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн хугацаа дуусаж, улмаар уг зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 дахь удаагаа сунгуулах талаар маргаж байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-д заасан зохицуулалтыг хэрэглэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул “шүүх нэхэмжлэгчийн Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгч чадаагүй өргөдлийн маягт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                         ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                         ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

                                         ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН