| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2021/01575/И |
| Дугаар | 184/ШШ2021/01593 |
| Огноо | 2021-07-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2021/01593
2021 07 06 184/ШШ2021/01593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, Т, Х байр хаягт байрлах М-О У т з /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 00 дугаар хороо, 0 хороолол, 0 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух Д овогт Д Х /РД:0000000/-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,116,580 төгрөг тухай иргэний хэргийг 2021 оны 5р сарын 25ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Д.М, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
******* ХНН нь иргэн Д.Х 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай талбайг түрээслэх түрээсийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* ХНН нь хүнсний дэлгүүрийн зориулалттай байр талбайг тухайн зориулалтаар түрээслүүлэх, харин иргэн Д.Х нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал болох 2,116,580 төгрөгийг тухайн сарын 05-ны дотор төлөх харилцааг зохицуулсан. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д түрээслэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор эхний сарын түрээсийн төлбөрийг барьцаа төлбөрийн хамт төлөх ба цаашид түрээсийн төлбөрийг тухайн сарын 05-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн дансанд шилжүүлсэн байна, мөн 10 дугаар зүйлийн 10.1.5-д түрээсийн төлбөрийг 30 хоногоор хугацаа хожимдуулж төлсөн тохиолдолд гэрээг шууд цуцалж болно гэж заасан. Д.Хишигжаргал нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээ цуцлах хүсэлт өгсөн бөгөөд түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацааны дагуу бүрэн төлөөгүй. Иймд иргэн Д.Х түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал болох 2,116,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Би нэхэмжлэлийн үнийн дүнг 50 хувиар төлөх санал гаргасан нь тухайн түрээсийн талбайд өөрийн хөрөнгөөр засвар хийсэн юм. Миний үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа хойш доголдож явж, сүүлдээ бүр хүнд байдалд орсон учраас нэхэмжлэгч байгууллагад төлбөрөөс хөнгөлөх талаар хүсэлтээ хүргүүлсэн. Анх гэрээ байгуулах гээд ирэхэд нь түрээсэлж буй талбайд засвар хийсэн талаар хэлээд, төлбөрөөс хөнгөлөх хүсэлтийг аман болон бичгээр илэрхийлж байсан боловч шийдэж өгч байгаагүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХНН нь Д.Х холбогдуулан, эд хөрөнгө хөлслөа гэрээний үүрэгт 2,116,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Х ... Би нэхэмжлэлийн үнийн дүнг 50 хувиар төлөх санал гаргасан, өөрийн хөрөнгөөр засвар хийсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Зохигч буюу нэхэмжлэгч ******* ХНН, хариуцагч Д.Х нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ...гэрээ-гээр ...түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, түрээсийн төлбөр төлөх нөхцлөөр байгуулагдсан, гэрээ эд хөрөнгө хөлслөх гэрээний төрөлд хамаарах бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-17-19/,
Хэрэгт авагдсан баримтаар ******* ХНН нь иргэн Д.Х 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай талбайг хөлслөх гэрээг 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар байгуулсан,Энэхүү гэрээгээр ******* ХНН нь хүнсний дэлгүүрийн зориулалттай байр талбайг тухайн зориулалтаар сарын 1,650,000 төгрөгөөр хөлслөх, хариуцагч Д.Х нь хөлс болон цэвэр, бохир ус, хог хаягдал, цэвэрлэгээ зэрэг ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Харин цахилгааны төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ..
Иргэний хуулийн 298 дүгээр зүйлийн 289.1.2-д зааснаар хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөхүүрэгтэй.
Гэрээний 8.1.3-д түрээслэгчийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хөлс төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулахаар шаардлага тавьж хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж,
Мөн 4.5-д ...цэвэр, бохир ус, хог хаягдал, цэвэрлэгээ зэрэг ашиглалтын зардлыг төлнө гэж тус тус заасны дагуу эдгээрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ-ний дагуу ******* ХНН нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хөлслөгч Д.Х нь гэрээгээр тохирсон хугацаанд талбайн хөлс, зардлыг төлөх үүрэг хүлээсэн, энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар ...Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно. Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно.
Энэ хуулийн 72.1, 72.7-д ...Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно. ...Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
Гэрээг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай байгуулсан хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор хөлс төлөх үүргийг гэрээгээр хариуцагч хүлээжээ. Түүнчлэн нэхэмжлэгч тал гэрээг цуцлаагүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй, өөр гэрээ хийгээгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй. /17-20, 22/
Хариуцагч талаас ...тухайн түрээсийн талбайд өөрийн хөрөнгөөр засвар хийсэн юм. Миний үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа хойш доголдож явж, сүүлдээ бүр хүнд байдалд орсон учраас нэхэмжлэгч байгууллагад төлбөрөөс хөнгөлөх талаар хүсэлтээ хүргүүлсэн. Анх гэрээ байгуулах гээд ирэхэд нь түрээсэлж буй талбайд засвар хийсэн талаар хэлээд, төлбөрөөс хөнгөлөх хүсэлтийг аман болон бичгээр илэрхийлж байсан боловч шийдэж өгч байгаагүй гэх тайлбараа,
нэхэмжлэгч талаас ...цахилгааны төлбөр ашиглалтын зардалд тооцогдоно гэж тайлбараа тус тус нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд тэрээр уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар хариуцагч нь маргааны зүйл түрээсийн төлбөрийн тал хувийг өгөх эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.
Гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгаа, ашиглалтын зардлын тооцоо зэрэг баримтуудаас үзэхэд хөлсөлсөн эд хөрөнгийн төлбөрийг төлөх хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд энэ өдрөөс хойш шаардах эрх үүссэн, гэрээний хэсэгчилсэн хугацаа дууссан байна. Хариуцагч гэрээ ёсоор хөлс, ашиглалтын зардалд нийт 1,768,280төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Харин нэхэмжлэгч тал 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ашиглалтын зардал, цахилгааны төлбөрт 398,300 шаардсан нь гэрээнд нийцэхгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээрх хэрэгт авагдсан баримт, Иргэний хууль, гэрээнд заасныг үндэслэн хариуцагч Д.Х 1,768,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 298 дүгээр зүйлийн 289.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Х 1,768,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХНН олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 398,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,815 төгрөгийг улс орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х 43,242 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХНН-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН