Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00104

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Б.Жавхлантуяа,

Иргэдийн төлөөлөгч Ц.Ариунчимэг,

Хохирогч Ж.Ганхуяг,

Шүүгдэгч Т.Хишигдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Хишигдэлгэрт холбогдох 201714000138 тоот хэргийг хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,  ээж, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 21а-17 тоотод  оршин суух, урьд  Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Хилэнгүүд овгийн Тунгалагийн Хишигдэлгэр, /регистрийн дугаар  ФА 95042235/

           2. Холбогдсон хэргийн талаар

2.1. Шүүгдэгч Т.Хишигдэлгэр нь 2017 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд  шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 36-1 тоотод Ж.Ганхуягийг дүүгээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдан жаазны хагархай шилээр зүүн бөөр лүү нь хатгаж  бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хишигдэлгэр мэдүүлэхдээ: Тэр өдөр эхнэртэйгээ маргалдаад эмээгийндээ очоод ээжийндээ очтол Улаанбаатар хотод байдаг ээжийн том ах нь өнгөрчихлөө гэхээр нь эхнэртээ очиж ах нас барсан байна, битгий золгоорой гэж хэлээд доошоо хараад уйлаад сууж байсан чинь Ганхуяг ах гаднаас орж ирээд Дээгий чи яагаад дандаа архи уудаг юм бэ? чамайг алаад өгье гээд над руу уурлаад бид хоёр барьцалдаж аваад нь хоёулаа орон дээр унасан. Тэгтэл орны ард зүүлттэй байсан жааз орон дээр унаж хагараад уг жаазан дээр бид хоёр ноцолдсон.  Ж.Ганхуяг ахын эхнэр нь  гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл Ганхуяг ахын нуруунаас нь цус гарч байсан. Би санаатай гэмтэл учруулж, шилээр хатгаагүй. Энэ хүнийг ийм болсонд би харамсаж байна. Хохирол төлөөгүй гэв.

2. Хохирогч Ж.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батболд ахын гэрт ортол дүү Ууганцэцэг уйлчихсан сууж байсан. Би тэгээд Хишигдэлгэрээ чи яагаад архи уугаад хүүхэд уйлуулаад байдаг юм бэ? гэсэн чинь Хишигдэлгэр чамд ямар хамаатай юм бэ? чиний мөнгөөр уусан юм уу? гээд намайг заамдаж авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж цагаан төмөр орон дээр би доор нь ороод унасан. Ноцолдож байтал орны арын шилтэй жааз унаад хагарсан. Гэтэл Хишигдэлгэр нэг хагархай үзүүртэй шилийг баруун гартаа бариад миний зүүн бөөр рүү нурууны ар талаас  хатгасан. Би тэр өдөр архи уугаагүй эрүүл байсан. Би модонд явдаг байсан, зүүн бөөрөө авахуулсан, биеийн байдал хүнд байгаа тул гомдолтой байна. Одоо ажилгүй, орлогогүй болсон. Надад хохирол ер нь төлөөгүй. Эмчилгээ, хагалгаанд зориулсан 507 960 төгрөг нэхэмжилж байна, цаашид эмчилгээ хийгэх шаардлагатай учир 4 500 000 төгрөг бас нэхэмжилнэ.  Маш их гомдолтой байна гэв.

3. Гэрч Ж.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хишигдэлгэр, Ганхуяг нар ноцолдож байх үед манай гэрт Ганхуягийн эхнэр Гоёцэцэг, Батчулуун нар нь орж ирээд салгасан. Гэтэл Ганхуягийн нуруунаас цус маш их гарч байсан бөгөөд Батчулуун ах түргэн дуудсан. Энэ үед Ганхуяг, Хишгээ намайг хагархай шилээр хатгачихлаа гэж хэлж байсан. Зодоон болж байх үед Хишигдэлгэр ах дүүгээр чинь ална шүү гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /х/х-н 16-р тал/

4. Гэрч Ж.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр хоёр орон дээр ноцолдож байх үед би Хишигдэлгэрийг болиулах гээд ард нь зогсож байсан. Тэр хоёр зодолдож байгаад нэг мэдэхэд ахын зүүн бөөрөн тус газар нь шил зоогдсон байсан. Тэр зоогдсон шилийг нь би татаад авчихсан юм. Ганхуяг энэ Дээгийг аваач ээ, намайг шилээр хатгачихлаа шүү дээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /х/х-н 19-р тал/

5. Гэрч Б.Гоёцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг Батболд ахын гэрт орж ирэх үед жаазны шил хагарчихсан нөхрийн маань нуруунаас цус гараад байж байсан. Тийм болохоор манай нөхрийн нуруу руу Хишигдэлгэр хагархай шилээр яг яаж хатгасныг нь хараагүй. Харин нөхрийн маань нуруунаас цус гараад байхад тэр хоёр салахгүй зууралдаад байсан. Арай гэж салгаад доош нь харуулаад хэвтүүлж байхад нөхөр лүү маань Хишигдэлгэр ингээд гүйцээчихье, алаад хаячихая гээд ул боов авч шидээд байсан. Нөхрийн маань нуруунаас маш их цус гарч байсан, би цусыг нь тогтоох гэж оролдож байсан. Нөхөр маань эмнэлэгт байхдаа эмч нарт намайг хүргэн маань шилээр хатгасан гэж хэлсэн байсан  гэсэн мэдүүлэг. /х/х-н 23-р тал/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 249 дугаартай шинжиээчийн дүгнэлтэнд:

 1. Ж.Ганхуягийн биед бүсэлхийн зүүн талд хэвлийн арын хөндийд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдсан шарх, бүсэлхийн баруун талд зүсэгдэж хатгагдсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас зүүн бөөрийг авах хагалгаа хийжээ.

2. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шинэ гэмтэл байна.

5. Бүсэлхийн зүүн талд хэвлийн арын хөндийд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.13-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, бүсэлхийн баруун талд зүсэгдэж хатгагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 60% байна гэсэн дүгнэлт. / х/х 28-р тал/

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цамцны ар хэсэгт 6х10 мм хэмжээтэй, 5х10 мм хэмжээтэй, 5х55 мм хэмжээтэй, 5х5 мм хэмжээтэй, 2х8 мм хэмжээтэй, 5 мм хэмжээтэй,5х5 мм хэмжээтэй, 5 мм хэмжээтэй уранхайнууд байна. 

2. Шинжлэгдэж буй 6х10 мм хэмжээтэй, 5х10 мм хэмжээтэй, 5х5 мм хэмжээтэй, 2х8 мм хэмжээтэй уранхайнууд тус бүр хурц иргүй, ирмэгтэй хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинэ үүссэн урагдсан уранхай, 5х55 мм хэмжээтэй, 5 мм хэмжээтэй, 5х5 хэмжээтэй, 5 мм хэмжээтэй уранхайнууд нь тус бүр иртэй хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинэ үүссэн зүсэгдсэн уранхай байна  гэсэн дүгнэлт / хх-ийн 33-34-р тал /

 8. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Хишигдэлгэр нь 2017 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд  шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 36-1 тоотод Ж.Ганхуягийг дүүгээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдан жаазны хагархай шилээр зүүн бөөр лүү нь хатгаж  бие махбодид бүсэлхийн зүүн талд хэвлийн арын хөндийд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдсан шарх, бүсэлхийн баруун талд зүсэгдэж хатгагдсан шарх үүсч уг гэмтлийн улмаас зүүн бөөрийг авах хагалгаа хийлгэн хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ганхуягийн “...Ноцолдож байтал орны арын шилтэй жааз унаад хагарсан. Хишигдэлгэр хагарсан үзүүртэй шилээр миний бөөр рүү хатгасан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Батболдын “Хишигдэлгэр, Ганхуяг нар ноцолдож байх үед манай гэрт Ганхуягийн эхнэр Гоёцэцэг, Батчулуун нар нь орж ирээд салгасан. Энэ үед Ганхуяг, Хишгээ намайг хагархай шилээр хатгачихлаа гэж хэлж байсан. Зодоон болж байх үед Хишигдэлгэр ах дүүгээр чинь ална шүү гэж хэлж байсан” гэсэн, гэрч Ж.Ууганцэцэгийн “...Ганхуяг энэ Дээгийг аваач ээ, намайг шилээр хатгачихлаа шүү дээ гэж хэлсэн” гэсэн, гэрч Б.Гоёцэцэгийн “...Нөхөр маань эмнэлэгт байхдаа эмч нарт намайг хүргэн маань шилээр хатгасан гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлгүүд, өвчний түүх, хохирогчийн биед бүсэлхийн зүүн талд хэвлийн арын хөндийд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдсан шарх, бүсэлхийн баруун талд зүсэгдэж хатгагдсан шарх зэрэг гэмтэл үүссэний улмаас зүүн бөөрийг авах хагалгаа хийгдсэн болохыг тогтоосон шинжээчийн 249 дугаартай дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Харин шүүгдэгч Т.Хишигдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт “...би Ганхуягт санаатай гэмтэл учруулж, шилээр хатгаагүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй бөгөөд шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг нь хохирогч Ж,Ганхуяг, гэрч Ж.Батболд, Ж.Ууганцэцэг, Б.Гоёцэцэг нарын мэдүүлэгээр няцаагдаж байна.

Иймд Т.Хишигдэлгэрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэхийн зэрэгцээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ж.Ганхуяг нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул нийт 4 500 000 төгрөгийн гэм хорын нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэх бөгөөд шүүх хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн баримтыг үндэслэн 507 960 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэж,  үлдэх 3 992 040 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 Хохирогч Ж.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нь 50 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цамцыг хохирогч Ж.Ганхуягт буцаан олгож, шилний хагархайнуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хилэнгүүд овгийн Тунгалагийн Хишигдэлгэрийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрийг  5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрийн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрээс 507 960 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ганхуягт олгож, үлдэх 3 992 040 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархайнуудыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, цамцыг хохирогч  Ж.Ганхуягт буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хишигдэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

               ШҮҮГЧИД                                            Ж.БАЙГАЛМАА

                                                                             Ц.АЛТАНГАДАС