Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 109/ШШ2021/0008

 

 

 

 

 

 

                                              109/ШШ2021/0008

    

             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ч.Ц-гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Ч.Ц миний бие Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба дээрх захирамжийг сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна. Иймээс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Ч.Ц-гээс Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1, 6-7/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Маргааны үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Э сумын Засаг дарга 2021 оны 1 дүгээр  сарын 18-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ц-д сануулах арга хэмжээ ногдуулжээ. /х.х-н 2/

            Улмаар нэхэмжлэгч Ч.Ц Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

            Тодруулбал, Ч.Ц миний бие Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба дээрх захирамжийг сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна. Иймээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х-н 17/

            Архангай аймгийн Э сумын Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ц-д ногдуулсан сануулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна. /х.х-н 18/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Ч.Ц-г Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1., 48 дугаар зүйлийн 48.1.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц нь Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА