| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/00311/И |
| Дугаар | 184/ШШ2021/02097 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2021/02097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Туул гол байр, тоотод байрлах, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Зүүн баян уул тоотод оршин суух, У овогт С.Б/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,647,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, гэрч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Б нь Н ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №20031 дугаартай, “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 8,500,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн сард төлөх нийт дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн барьцаанд өөрийн нэр дээр байсан, 2001 онд Япон улсад үйлдвэрлэсэн, Lexus LX470 маркийн УНҮ улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгч Н ХХК-д шилжүүлэх, С.Б нь өөрөө тус автомашиныг унаж ашиглахаар тохирч зээл авсан өдрөө буюу 01 дүгээр сарын 16-ны өдөр тус автомашины эзэмшигчийн нэрийг Н ХХК-ийн нэрээр бүртгүүлж машинаа өөрөө унаж явсан байдаг. С.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй өнөөдрийг хүрч байна. С.Б нь “Барьцаат зээлийн гэрээ”-ний 1.8-д “зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, сар бүр төлөх төлбөрөө төлөөгүй бол төлбөрийн хугацаа хэтэрснээс хойш 14 хоногийн дараа зээлдэгчийн эзэмшилээс тээврийн хэрэгсэлийг хураан авч, зогсоолд байрлуулна, 5.1-д дараах үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно, 5.1.2-д зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, 5.1.4-д барьцааны хөрөнгийг үрэгдүүлсэн... гэсэн заалтыг зөрчсөн зээлийн төлбөрийг төлж, барагдуулах талаар тодорхой үйлдэл, идэвхи санаачлага гаргахгүй явсаар өнөөдрийг хүрч байна.
Иймд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №20031 дугаартай, “Барьцаат зээлийн гэрээ”-г үндэслэж үндсэн зээл 8,500,000 төгрөг, хүү 1,530,000 төгрөг, алданги 1,617,763 төгрөг нийт 11,647,763 төгрөгийг С.Бгаас гаргуулж Н ХХК-д олгуулж өгнө үү.
Хариуцагч С.Б уг зээлийг Мөнгөнзул гэж хүнд авч өгсөн гэдэг боловч энэ хүнтэй манайх зээлийн өөр гэрээ хийсэн байгаа. Уг төлбөрөө төлөөгүй, эрэн сурвалжилж байгаа. С.Бтай байгуулсан гэрээний дагуу түүнээс зээлийн төлбөр 11,647,763 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. С.Б машин авах гэж байгаа гэж манайхаас өөрөө зээл хүссэн байдаг. Бид түүний хүсэлтийг үндэслэн судлаад зээл олгосон. Зээлийн эргэн төлөлтөө хийх талаар өөрөө ямар нэгэн санаачлага гаргаагүй. Хэрэв тэр Мөнгөнзул гэж хүнд өгсөн бол манайд энэ талаараа мэдэгдээд, санаачлага гаргаад шүүх цагдаад хандаад явах боломж байсан. Энэ хүмүүс өөрсдөө хоорондоо найз нөхдийн холбоотой гэж ярьж байсан боловч энэ хүнийг олох талаар ажиллагааг өөрөө хийгээгүй, манай байгууллагын хүсэлтээр эрэн сурвалжлуулж байгаа. Анх С.Б зээл авахдаа ресторанд ажил хийдэг гэж байсан. Хэрэв ковид цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогссон, цалин орлогогүй болсон гээд манай байгууллагад хүсэлтээ гаргавал бид хүүг зогсоох, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах ажиллагаа хийгдэж байсан. Энэ хүн хүсэлтээ гаргаагүй тул нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н ХХК-тай харилцан тохиролцоод барьцаат зээлийн гэрээг байгуулах хүсэл сонирхол анхнаасаа надад байгаагүй. Уг гэрээг миний бие байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг бодитойгоор ашиглаагүй. 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлдүүлэгч компаниас миний дансанд мөнгө орж ирэхэд нь би шууд иргэн Базаррагчаагийн Мөнгөнзул гэдэг хүний данс руу шилжүүлсэн юм. Иргэн Б.М гэдэг хүн анх над дээр ирж уулзаад “Би Нар саны технологи ХХК-иас өмнө нь зээл авчихсан, чи өөрийнхөө нэрээр надад зээл аваад өгчих” гэж гуйсан юм. Тиймээс миний бие энэхүү хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөөд Б.Мын хэлсэн бүхнийг хийж гүйцэтгэсэн. Зээлийн гэрээний үүргийн барьцаанд тавьсан 2001 оны Lexus LX470 маркийн 77-55 УНҮ улсын дугаартай автомашин нь миний өмчлөлийн машин биш юм. Б.М нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Д.Д гэдэг хүнтэй хамт дээрх автомашиныг унаж ирээд надтай хамт нотариат орж тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж миний нэр дээр болгож харагдуулаад банкны барьцаанд тавьсан байдаг. Улмаар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр надтай хамт зээлдүүлэгч Н ХХК дээр очиж зээлдүүлэгч компанийн нэр дээр уг автомашиныг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш Б.М уг автомашиныг эзэмшиж, ашиглаад явсан юм. Би тэр автомашиныг одоо хаана хэний өмчлөлд байгааг мэдэх боломжгүй байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Б.М нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийх байсан боловч огт төлөөгүй юм. Мөн надтай холбоо барихаараа уг зээлийг бүрэн төлнө гэж хэлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй явснаас болж Н ХХК-ийн зүгээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийг Б.М гэх хүн бодитойгоор ашигласан учраас түүнийг төлөх ёстой гэж үзэж байна.
Зээлийн гэрээ байгуулагдсан, төлөлт хийгдээгүй байгаа талаар маргах зүйл алга байна. Харин дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын улмаас С.Бгийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа зогсссон. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү алдангийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч НХХК нь ББСБ биш, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш, тусгай зөвшөөрөл санхүүгийн зохицуулах хорооноос аваагүй, байхгүй. С.Б нь дүүгийнхээ ресторанд зохион байгуулагч хийдэг, баар, ресторан ковид өвчний улмааас өнөөг хүртэл бүрэн ажиллахгүй байгаа нь нийтэд илэрхий баримт учир энэ хугацааны алдангиас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч С.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,647,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч НХХК нь Гадаад худалдаа, зуучлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны Улсын бүртгэлд бүртгүүлэн 000153847 дугаартай гэрчилгээ авчээ. /хх-ийн 5/
Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20031 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8,500,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн барьцаанд, 2001 онд Япон улсад үйлдвэрлэсэн, Lexus LX470 маркийн 77-55 УНҮ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгч Н ХХК-ийн нэр дээр шилжүүлж, зээлдэгчийн эзэмшил ашиглалтад байлгахаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Н ХХК нь зээлийн гэрээний дагуу 8,500,000 төгрөгийг зээлдэгч С.Бгийн 5005098958 тоот дансанд шилжүүлэх, зээлдэгч С.Б нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд сар бүрийн 16-ны өдөр төлбөрийг тэнцүү хэмжээгээр буюу 977,500 төгрөгөөр төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “ энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгөн буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж, 286 дугаар зүйлийн 286.5-д барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Уг гэрээ байгуулагдсан эсэх талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэн аль нь гаргадаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, хариуцагч С.Бгийн дансанд хийсэн тул хариуцагч С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ үндсэн зээл 8,500,000 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү нийт 1,530,000 төгрөг, алданги 1,617,763 төгрөг, бүгд 11,647,763 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Талууд зээлийн барьцааны зүйл болох Lexus LX470 маркийн 77-55 УНҮ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр “Нар сарны технологи” бүртгэлтэй, хариуцагч С.Бгийн эзэмшилд үлдээхээр тохирсон талаар маргадаггүй бөгөөд уг барьцааны хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээнд заагдсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 10 сарын хүүнд нийт 1,275,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч С.Б нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,500,000 төгрөг, зээлийн хүүнд 1,275,000 төгрөг нийт 9,775,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч С.Б зээлийн гэрээний үүргээ эс биелүүлж 9,775,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг мөнгийг өөрөө аваагүй, Мөнгөнзул гэх хүнд авч өгсөн гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, улмаар нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н ХХК-д түүний гаргаж байсан зээл хүссэн өргөдөл, өргөдлийн анкет, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтаар зээлдэгч С.Б нь уг зээлийг авсан, Мөнгөнзул гэх этгээдэд хамааралгүй болох талаарх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна.
Нэхэмжлэгч тал зээлдэгч С.Б нь гэрээнд заагдсан зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцон нийт 331 хоногийн алдангид нийт 1,617,763 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Талууд зээлийн гэрээний 4.1-д алдангийг 0,5 хувиар тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй байна. Хариуцагч гэрээний алданги тооцохоор тохирсон энэхүү нөхцлийн талаар маргадаггүй боловч зээлийн хүү, алдангиас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж, уг хүсэлтийн үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтад эрхэлж байсан баар, рестораны үйл ажиллагааг хязгаарласан энэ хугацаанд хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ажил эрхлэж орлого олох боломжгүй байсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь зээл авах үед “...1,500,000 төгрөгийн тогтмол цалинтай, дүүгийнхээ ресторанд ажилладаг...” гэж өргөдөлдөө бичсэн байх хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар нь гэрч О.Нгийн шүүх хуралдаанд гаргасан “...зээлдэгчийн цалин орлогыг судалж зээл олгсон, тухайн үед дүүгийнхээ Алтангадас ресторанд зохион байгуулагч хийдэг, 1,500,000 төгрөгийн цалинтай гэж байсан...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан байна.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг үндэслэн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ажил эрхлэж орлого олох боломжгүй байсан нь хариуцагчийн тайлбар, хүсэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 1,617,763 төгрөгийг 50 хувиар тооцон бууруулж, хариуцагчаас алдангид 808,881 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Бгаас үндсэн зээлийн төлбөрт 8,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,275,000 төгрөг, алдангид 808,881 төгрөг нийт 10,583,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 2 сарын хугацааны хүү 255,000 төгрөгийг, алдангиас 808,881 төгрөгийг бууруулан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 1,063,882 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бгаас 10,583,881 /арван сая, таван зуун наян гурван мянга, найман зуун наян нэг/ төгрөг гаргуулан Н ХХК-д олгож, үлдэх 1,063,882 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас 184,292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН