Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2021/00016

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, У овогт Ш.С, Ж овогт С.М нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар / дарга, дэд хурандаа Н.Б/-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, Б.Айнур, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ө20-18 дугаар шинжээчийн дүгнэлтийн хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг  хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.С, С.М нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нараас 18.617.231 төгрөг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гарсан билээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш бид уг төлбөр болох 18.617.231 төгрөгөөс 12.417.000 төгрөгийг С.М-ийн цалингаас суутган төлсөн бөгөөд одоо 5.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа билээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч үлдсэн төлбөрт бидний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний Өлгий сумын 08 дугаар багт байрлалтай 700м.кв өмчлөлийн газартай 7 өрөө бүхий 10х12 харьцаатай 120м.кв өвлийн сууц, 2 өрөө бүхий 5х10 харьцаатай 50м.кв бүхий өвлийн сууц, гарааш ,худаг хэд хэдэн амбаар,зууны байшинтай бидний хашаа байшинг дуудлага худалдаанд борлуулан үлдсэн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн байх ба уг шинжээчийн үнэлгээгээр бидний дээрх эд хөрөнгийг цогцоор нь 34.000.000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч бидэнд мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг 2020 оны 09-р сарын 21-ний өдөр гардуулж өгсөн. Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 60.000.000 төгрөг байх бөгөөд ийнхүү 34.000.000төгрөгөөр дордуулж үнэлснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад “үнэлгээ тогтоосныг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасны дагуу хуулийн хугацаанд багтаан ийнхүү гомдлоо гаргаж байна. Иймд зохих хууль тогтоомжийн дагуу шалган бидний эд хөрөнгө үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож,дахин үнэлгээ хийхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айнур шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өлгий сумын 8 дугаар багийн иргэн С.М, Ш.С нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна. Баян-Өлгий аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 598 дугаартай шийдвэрээр С.М, Ш.С нараас 18617231 төгрөг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгохоор тогтоож мөн Өлгий сумын 8 дугаар багт байрлах 90м.кв талбайтай Y-0213001133, 50м.кв талбайтай Y-0213001538, Г-0213001849 бүртгэлийн дугаартай 790м.кв талбайтай газрын хамт барьцаат хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалган шийдвэрлэсэн байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 20020120 дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар явуулж С.М, Ш.С нарын барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж хөрөнгийн үнэлгээнд талууд харилцан тохиролцоогүй байсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл зааснаар хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлэхээр шинжээчид эрх,үүргийг танилцуулан Вендо ХХК-ын үнэлгээчин Ц.Түвшинжаргалыг томилсон. Төлбөр төлөгч С.М, Ш.С нарын барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 34.000.000 төгрөгөөр үнэлүүлсэн ба үнэлгээг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч С.М, Ш.С нарын ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлөх зээлийн төлбөр нь 9155347 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд мэргэжлийн үнэлгээчин зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн байх тул дахин үнэлгээ тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд Хаан банкнаас 23 сая төгрөгийн зээл авсан. Үүнийг төлөөд явж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хил хаагдсанаас болж Кош-агач явж чадаагүй. Нөхөр маань Кош-агачид таксинд явдаг байсан. 4 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй тухайн үед 18900000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Олсон мөнгөө төлөөд явж байгаа одоо 7500000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шинжээчийн манай байшинг 34 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхүй байгаа. Манайх хашаандаа хоёр байшинтай нийт үнэлгээ нь 60 сая төгрөгийн үнэтэй байгаа тул Вендо ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний  өдрийн Ө20-18 тоот шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгоод дахин үнэлгээ хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албад даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Айнур шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ш.С, С.М нараас 18617000 төгрөг гаргуулахаар гарсан. Уг шийдвэрийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэрэг үүсгэх тогтоолоор надад хуваарилагдаж ирсний дагуу миний бие ажиллагааг эхэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь хэсэгт Ш.С, С.М нарын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах 7 өрөө бүхий байшинг 10 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Хоёрдугаарт мөн багт байрлах 50 метр квадрат талбайтай байшинг 2,5 сая төгрөгөөр, газрыг 5 сая төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Нийт 17,5 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Бид нар талуудад битүүмжилж хураагаад талуудад мэдэгдэхэд Ш.С, С.М нар байшин маань 60 сая төгрөгийн үнэтэй байшин гэсэн үүнийг бид нар Хаан банканд танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоож өг гэсэн хүсэлт гаргасны дагуу бид нар шинжээч томилж эрх үүрийг нь танилцуулж дүгнэлт гаргуулсан. Бид нар уг үнэлгээг талуудад танилцуулахад төлбөр төлөгч нар 34 сая төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд гомдол гаргасан байна. Шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байна.

Миний бие 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг хүлээж авсан.  Энэ хооронд анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан боловч сонирхогч хүмүүс ирээгүй. Хоёрдугаарт Ш.С, С.М нараас үйл ажиллагааг түдгэлзүүлэх талаар ямар нэгэн захирамж ирүүлээгүй байсан болохоор ерөнхийдөө ажиллагаа явагдаж байгаа.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.Төлбөр төлөгч С.М нь хугацаа хожих үүднээс ийм үйлдэл хийж байгаа гэж ойлгож байна. Хөрөнгийн үнэлгээг албан ёсоор хөндлөнгийн шинжээч томилоод үнэлсэн байхад төлбөр төлөхгүй байшингаа арай хямдхан өгчих гээд байна гэх үү ийм нэг өөрийн байр суурийн үүднээс хугацаа хожоод хэсэгчлэн төлөх зорилгоо биелүүлэхийн тулд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Шинжээч томилох, дүгнэлт гаргуулах асуудлууд хуулийн дагуу л явагдсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.С, С.М нараас хариуцагч Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Учир нь, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00598 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч  Ш.С, С.М нар нь  нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 14-15 тал/

Энэхүү шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч С.М, Ш.С нар сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 823 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж,  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны12 дугаар сарын 18-ны өдрийн №0000020020120 дугаартай  тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэхийг 9-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Айнур-д зөвшөөрсөн байжээ./хх 12-13 дугаар тал/

Улмаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Ш.С, С.М нарын  ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас анх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №201743292987 тоот зээлийн гэрээгээр 23.000.000 төгрөгийн зээл авахдаа Баян-Өлгий аймаг, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 22-28 тоотод байрлах 90 м.кв талбайтай /Ү-0213001133, ГД000457359/ 7 өрөө бүхий байшин, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 2-24 тоотод байрлах 50 м.кв талбайтай /Ү-0213001538, ГД0078121/ 2 өрөө хашаа, байшин, Өлгий сум 8 дугаар баг, Хуст арал 22-28 тоотод орших /Г-0213001849, ГД000077724/  790 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан ба уг үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 20020120/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20020120/03 дугаар тогтоолоор хураан авах ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх 20-21,23 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төлбөр төлөгч Ш.С, С.М нар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг 60.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч  ХААН банкны Баян-Өлгий амаг дахь салбар нь үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20020120/04 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Тус шинжээчээр томилогдсон Вендо ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ө20-18 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан ба шинжээчээр томилогдсон  Вендо ХХК  нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлж буй барилга байгууламжийн шинж чанарын байдал мөн хөрөнгийн үнэлгээний өртгийг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, зардлын хандлагын, зах зээлийн харьцуулалтын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон” нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Тухайн хувийн сууцны үнэлгээг Үнэлгээний олон Улсын Стандартын (ҮОУС) дагуу хөрөнгийн үнэлгээний зардлын хандлагыг ашиглан өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж мөн барилгын шинж байдал хэмжээний талаар бодит тоо баримт, мэдээ материалд нарийвчилсан судалгаа хийж харьцуулан  мөн  мөн газар нь нормативын аргаар тооцсоныг тус тус 100 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 34,000,000 төгрөгөөр тогтоосон талаар үнэлгээний  тайланд тодорхой тусгасан байна.

Нэхэмжлэгч нараас маргаан бүхий  үл хөдлөх хөрөнгө  өнөөгийн зах зээлийн үнэ 60.000.000 (жаран сая) төгрөгөөр үнэлэгдэх ёстой гэж маргаж байгаа боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага гэж маргаж байгаа үндэслэлийн талаарх бичгийн баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчсөн байна гэж дүгнэх боломжгүй болно.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Вендо ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ө20-18 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, төлбөр авагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт болон төлбөр төлөгч Ш.С, С.М нарт тус тус баталгаат шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж, мэдэгдэх хуудаст анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах санаал шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болох талаар мөн  төлбөр төлөгч С.М-д 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Хөрөнгийн үнэлгээ танилцуулж, мэдэгдэх хуудсыг гардуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг зэргээр тогтоогдож байгаа тул хариуцагч  байгууллага нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна шүүхээс үзэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ. 

Харин төлбөр төлөгч Ш.С, С.М нар нь дээрх Вендо ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ө20-18 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч шүүхэд 2020 оны  09 дүгээр сарын 21-ний өдөр гомдлоо гаргасан ба тус шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр 130/ШЗ2020/02811 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлээ дахин тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргасан байн гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь::

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч  С.М, Ш.С нарын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ө20-18 дугаар шинжээчийн дүгнэлтийн хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.ЖАРХЫНГҮЛ