| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/01205/И |
| Дугаар | 130/ШШ2021/00176 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2021/00176
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 7 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, Х овогт А-н М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанйбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж 72 байр, 23 тоотод оршин суудаг, Өлгий сумын 11 дүгээр багт түр оршин суух, Т овогт Х-ны С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Х.С /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Наурызбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үнээс үлдсэн 3736000 /гурван сая долоо зуун гучин зургаан мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг нөхөр Ш.Таттимбет болон хүүхдүүдийн хамт оршин суудаг. Өлгий сумын 5 дугаар багт байршилтай барилгын материалын худалдааны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг “Жигер” дэлгүүрийн эзэн юм.Х.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт OWL SKY /Оул Скай/ зочид буудал, рестораныг барьж байгуулахад манай барилгын дэлгүүрээс зээлээр барилгын материал авдаг байсан юм. Тухайн үед барилгын материал авснаас үлдэгдэл 3736000 төгрөг үлдсэн. Хариуцагч Х.С-д зээл олгосноос хойш түүнд боломж олгож өнөөдрийн хүртэл хүлээсэн. Учир нь Х.С их хэмжээний хөрөнгө мөнгө зарж, олон давхар барилга байгууламж барьсан тул мөнгө төгрөгийн боломжгүй байх гэж бодож хүлээсэн. Харин би түүнээс одоо зээлээ шаардах гэхээр нь миний утсыг авахгүй байна. Иймд Х.С-ээс барилгын материал үнээс үлдсэн 3736000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: OWL SKY /Оул Скай/ гэсэн үйлчилгээний газар барих үед А.М, Х.С нар нь хоорондоо Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж барилгын материал бэлнээр аваад, төлбөрийг нь дараа нь төлөх журмаар нийтдээ 21,277,750 төгрөгийн барааг жагсаалтаар авч байсан. Уг үнийн дүнг хариуцагчийн тайлбар дээр зөвшөөрөөд бичиж өгсөн. Ингэж барилгын материалыг зээлээр авахдаа Х.С-ийн өөрийнх нь хүү Жанболат, мөн инженерээр ажиллаж байсан н.Мухтар гэдэг хүнээр дамжуулж авдаг байсан. Нэхэмжлэгч Х.М нь Жанболат, Мухтар гэх хүмүүсийг танихгүй. Зээлийн гэрээний тохиролцоо зөвхөн Х.М, Х.С гэдэг хүмүүсийн хооронд байгуулагдсан. Х.С нь эдгээр хүмүүст өгч байгаарай, би тооцоог нь хийнэ. Миний итгэмжлэгдсэн, манай байгууллагад ажилладаг хүмүүс юм гэсэн. Ингээд зээлийн гэрээгээр өгөөд, аваад явж байсан. Огт төлбөр төлөөгүй биш, 17,541,000 төгрөгийг дансаар болон бусад байдлаар төлсөн. А.М нь огт мөнгө төгрөг төлөөгүй гэж нэхэмжлээгүй. 3,736,000 төгрөг бол огт төлөгдөөгүй. Х.С нь төлбөр төлөөгүй шалтгаан нь НӨАТ-ын баримт шаардсан. Х.С-д барилгын материалыг захын бөөний үнээр, ямар ч хүүгүйгээр олгосон учраас НӨАТ-ын баримт өгөх боломжгүй гэдгийг нэхэмжлэгч, худалдагч тал хэлсэн. Мөн Х.С нь удаан хугацааны турш зээлийг төлөөгүй учраас НӨАТ-ын баримт өгөх боломжгүй. Худалдагч тал банкнаас өндөр хүүтэй бизнесийн зээл авсны үндсэн дээр худалдаа наймаагаа явуулдаг. Тэгсээр байтал Х.С нь барилгын материалыг ямар ч хүүгүй зээлээр аваад төлбөр төлөхгүй удаан хугацаанд чирэгдүүлээд, янз бүрийн шалтаг тоочиж зээлээ төлөхгүй байгаа явдалд нь гомдож шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчаас Мухтар гэдэг хүний авсан утас, буцаасан бараа, өөрийнх нь хувьдаа авсан гэх 1,177,000, 150,000, 600,000 төгрөгийн барааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна. н.Мухтарын бусад авсан бараануудыг зөвшөөрч байгаа мөөртлөө тус 1,177,000 төгрөгийн барилгын материалыг хувьдаа авсан юм шиг бичсэн нь ойлгомжгүй байна. А.М нь н.Мухтар гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар харилцан тохиролцож зээл олгоогүй. Зөвхөн хариуцагч Х.С-тэй харилцан тохиролцож зээл олгож байсан. Төлөгдөөгүй 3,736,000 төгрөгийн бараа нь сүүлд 2018 онд авсан бараанууд юм. 2016 оноос 2018 он хүртэл барилгын материал авсан. Ингэхдээ зээлээр аваад, төлбөрийн төлөөд явж байсан. Төлбөрийн төлж байсан учраас үргэлжлүүлэн зээлээр барилгын материал өгч байсан. Хариуцагч Х.С нь барилга барьж дууссаны дараа үлдэгдэл 3,736,000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл чирэгдүүлж байна. 3 жил болох гэж байсан учраас зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөхөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. н.Мухтар гэдэг хүний гэрчийн мэдүүлэгт дэвтэр дээр бичигдсэн бараануудыг би хувьдаа аваагүй. Х.С гэдэг хүний барилгыг барих зорилгоор, очиж ав гэсэн газраас нь авсан. Би А.М гэдэг хүнтэй ямар нэгэн холбоогүй. А.М гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлээр бараа аваагүй гэсэн мэдүүлэг өгсөн. Хариуцагч Х.С нь нийт 21,277,750 төгрөгийн бараа авсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс 18,000,000 төгрөгийг төлсөн гэсэн боловч нийт 17,541,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 3,736,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн татгалзлын нотлох баримт гаргаж өгөөгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч Х.Сээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.С би нэхэмжлэгч А.М-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг аваад танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. А.М нь надаас барилгын материалын үнийн үлдэгдэл 3.736.000 төгрөг нэхэмжилсэн байна. Би 2016-2018 оны хооронд барилга барих явцад А.Маас зээлээр барилгын материал авч байсан нь үнэн болно. Тухайн үед өөр барилгын материалын дэлгүүрүүдээс зээлээр авч болох боловч А.М өөрөөс нь бараа материал зээлээр авахыг санал болгож байсан ба зээлээр өгдөг боловч өөр дэлгүүрүүдэд байсан барилгын материалын үнээс дэндүү өндөр үнэтэй өгдөг байсныг дараа нь мэдсэн.Тухайн үед авсан бараа материалыг бичүүлээд бөөгнөрүүлж байгаад өгч байсан ба барилга барьж байсан ажилчдаас ирж бичүүлээд гарын үсэг зураад авч байсан. Нийлээн их мөнгө төлсний дараа НӨАТ-ын баримт өгөхийг шаардсан боловч дараа өгнө гэж нэг ч удаа НӨАТ-ын баримт өгөөгүй. Би өөрийн тооцоолж байснаар 20,000,000 /хорин сая /төгрөгийн бараа аваад 18,000,000 /арван найман сая/ төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг НӨАТ-ын баримт өгсөн тохиолдолд өгнө гэсээр зөндөө хугацаа өнгөрсөн.А.М нь үлдэгдэл мөнгийг нэхэж зогсоо зайгүй утасдаж би миний төлсөн үнийн дүнгээр НӨАТ-ын баримт өгөхийг шаардсаар өдий хүрлээ.Тухайн үед би барилгын материал авсан ажилчдаас падаан бичээд гарын үсэг зуруулан 1 хувийг надад олгож байна уу гэж хэлж байсан ч падаан өгөөгүй зарим ажиллаж байсан ажилчид хэн дуртай нь гарын үсэг зураад авч байсан байна.Энэ нэхэмжилсэн мөнгөн дүнд надад сантехникийн ажил хийж байсан Мухтарын хувьдаа аваад хувиараа төлж байсан барилгын материалын үнийн дүн орсон юм чиг байна.А.М нь үргэлж утасдаад шаардаад байхаар нь би 2020 оны 10 дугаар сарын 20-нд аймгийн татварын хэлтэст А.М-н нөхөр М.Таттинбекийн нэр дээр НӨАТ-ын баримтаа нөхүүлэн гаргуулах талаар гомдол гаргасан ба НӨАТ-ын олгоогүй нь нотлогдож гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.1.5д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх өнгөрсөн учир миний гомдлыг хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн. Иймд А.М нь миний авсан барилгын материалаас зарим буцааж өгсөн барилгын материалын үнэ, надаас герман улсад захиалж авхуулсан гутлын үнэ мөн Мухтарын авсан бараа материалын үнэ үүдийг тус тус хасаж үлдэгдэл мөнгийг үнэн мөнөөр нэхэмжлэх ба миний урьд төлсөн мөнгөн дүнд НӨАТ-ын баримтаа олгосны дараа би үлдэгдэл мөнгийг төлөх болно.А.Маас авч байсан барилгын материалын жагсаалтын бүгдийн нэмж шаалгасан ба нийт үнийн дүн нь 21277750 /хорин нэг сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун тавин/ төгрөг гарсан үүнээс Мухтарын авсан монгол утас 260,000 хоёр удаа давхардсан, Мухтар хувиараа авсан 1.177.000 төгрөгийн материал, өөртөө захиалгаар авсан 150,000 төгрөг, 600,000 төгрөгийг төмөр хавтанг буцааж өгч байсан. Нийт 2187300 төгрөгийг нэхэмжилсэн үнээсээ хасаад нэхэмжилнэ үү гэжээ.
Хариуцагч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт би 2016 онд барилга барьж эхэлсэн. Анхандаа би хүн танихгүй учир манай нэг найз А.М-аас аваарай гэж зааж өгснөөр очиж барилгын материал авдаг болсон. А.М-аас барилгын материал авах үед зөвхөн миний хүү н.Жанболат, н.Мухтар хоёр очиж авдаггүй байсан. Манай барилгыг засаж байсан засалчид хүртэл очиж авдаг байсан. Барилгын материал авсан тэмдэглэл үйлдсэн дэвтэрт зөндөө гарын үсэг зурагдсан. Засал хийж байсан засалчид хотоос ирсэн Монгол хүмүүс байсан. Тэр хүмүүс ч гэсэн очиж барилгын материал авч байсан. Би эхэндээ А.Мд чи надад падаан бичиж явуул гэж хэлж байсан. Энэ хүмүүс падаанд бичигдсэн барилын материалыг авч явсан гэж нэг талд нь би гарын үсэг зураад, нөгөө талд нь чи гарын үсэг зураад явуулчих гэж хэлж байсан. Гэтэл А.М нь завгүй гээд падаан үйлдэхгүйгээр явуулчихдаг байсан. Би барилга барих хугацаанд зөвхөн А.М-аас барилын материал аваагүй. Өөр олон барилгын материалын дэлгүүрээс авдаг байсан. А.М нь хүн чанар гаргаагүй. Би тэр нэхэмжилж байсан 3,736,000 төгрөгийг төлбөл төлчих л байсан. НӨАТ-ын баримт нэхсэн нь үнэн. Та нар надад НӨАТ-ын баримт өгөхгүй юм уу? бусад бүх газар НӨАТ-ын баримт өгдөг гэхэд манайх НӨАТ-ын баримт өгдөггүй гэсэн. Би сүүлд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гээд гомдол гаргахад хугацаа хэтэрсэн байна гэсэн. Би НӨАТ-ын баримт нэхээд өгөөгүй, А.М нь НӨАТ-ын баримт өгөхгүй хугацаа алдчихсан. Хоёрдугаарт н.Мухтар гэдэг хүн сантехник хийдэг хүн. Өөрөө байшин бариад, надаас А.М-аас барилгын материал зээлээр аваад дараа нь өөрийнхөө мөнгөөр төлнө би авч болох уу гэхээр нь А.М-тай яриад өөрсдөө хоорондоо тохироод ав гэж хэлсэн. Тэгээд н.Мухтар А.Маас очиж аваад гарын үсэг зурахдаа н.Мухтар би өөрөө авсан, эхнэрийнх нь группийн мөнгө буухад төлнө гэж бичсэн байна. Тус дэвтэр дээр бичсэн н.Мухтараас авсан мөнгийг надаас бас нэхээд байгаа юм. Мөн н.Мухтараас мэдүүлэг авах үед буруу асуулт асуусан байна. А.М гэдэг хүнээс Х.С-ийн зөвшөөрлийн дагуу авсан уу гэхэд тиймээ гэсэн байдлаар мэдүүлэг авсан байна. Би өчигдөр н.Мухтар гэдэг хүнтэй утсаар ярьсан. н.Мухтараас мэдүүлэг авах үед надад бас хэлэх ёстой байсан. Мэдүүлэг авах үед асуултаа буруу тавиад, н.Мухтар зөвхөн асуултад л хариулсан байна. Барилгын ажил явагдаж байх үед би зөвхөн Х.С-ийн зөвшөөрлөөр барилгын материал авч байсан гэж хэлсэн байна. Өөрийн хувийн байшинд зориулаад 1‘177’000 төгрөгийн барилгын материал аваад, буцаагаад эхнэрийнхээ групп буух үед аваачиж өгсөн байна. Гэтэл А.М нь н.Мухтарын авсан материалын мөнгийг нэмээд надаас нэхэж байгаа юм. А.М нь нэгэнт дэвтэр дээр хийгдсэн бичилтийг харж надаас нэхэмжилж байгаа учраас н.Мухтарын өгсөн мөнгийг хасаж нэхэмжлэх ёстой. Мөн барилгын материал авсан тэмдэглэл үйлдсэн дэвтэрт н.Жанболат, н.Мухтар хоёроос гадна зөндөө хүмүүсийн гарын үсэг байдаг. Хэрвээ тус дэвтрийг нотлох баримтаар авах бол бусад бүх гарын үсгийг шалгах ёстой. Нэгдүгээрт надад НӨАТ-ын баримт өгөөгүй, хоёрдугаарт миний хүүхэд н.Жанболат өөр барилгын материалын дэлгүүрээс барилгын материал авах үед, танай хүүхэд өөр дэлгүүрээс барилгын материал аваад байна, та нар манай дэлгүүрээс авах ёстой гэж байнга дарамталдаг байсан. Бараагаа өнөөдөр зээлээр өгөөд маргааш нь мөнгөө нэхдэг байсан. Ийм хүн чанаргүй зан гаргасан учир би гомдоод НӨАТ-ын баримт нэхсэн. Тэрнээс биш би хэрэгтэй бүх барилгын материалыг А.М-аас авсан. А.М нь өөрөө тийм сонин зан гаргасан учраас би ийм зан гаргасан. Мөн би 600’000 төгрөгийн төмөр хавтанг буцааж өгсөн. Тэрийг бас нэхэмжлэлээс хасаагүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Х.С-д холбогдуулан барилгын материалын үнээс үлдсэн 3.736.000 /гурван сая долоон зуун гучин зургаан мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч А.М нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Х.С нь OWL SKY зочид буудал, рестораныг барьж байгуулахад манай “Жигер” барилгын дэлгүүрээс барилгын материалыг зээлээр худалдаж авч үнээс үлдсэн 3.736.000 /гурван сая долоон зуун гучин зургаан мянган/ төгрөгийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлөхгүй утсаа авахгүй байгаа тул төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.С-ээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2016-2018 оны хооронд барилга барих явцад А.М-н “Жигер” гэсэн нэртэй барилгын дэлгүүрээс зээлээр барилгын материал авч байсан маань үнэн. Тухайн үед барилга барьж байсан ажилчдаас ирж бичүүлээд гарын үсэг зураад авч байсан. Авсан барилгын материалын үнэд нэлээд их мөнгө төлсний дараа НӨАТ-ын төлбөрийн баримт өгөхийг шаардсан боловч дараа өгнө гэж нэг ч удаа НӨАТ баримт өгөөгүй. А.М нь үлдэгдэл мөнгийг нэхэж зогсоо зайгүй утасдахад би миний төлсөн үнийн дүнгээр НӨАТ-ын баримт өгөхийг шаардаж өгөхгүй байхаар нь 2020 оны 10 дугаар сарын 20-нд аймгийн Татварын хэлтэст А.М-н нөхөр М.Таттинбекийн нэр дээр НӨАТ-ын төлбөрийн баримтаа нөхүүлэн гаргуулах талаар гомдол гаргасан. А.М-аас авч байсан барилгын материалын жагсаалтын бүгдийн нэмж шаалгасан ба нийт үнийн дүн нь 21,277,750 /хорин нэг сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун тавин/ төгрөг гарсан үүнээс С.Мухтарын авсан монгол утас 260,000 хоёр удаа давхардсан, С.Мухтар хувиараа авсан 1.177.000 төгрөгийн материалын үнэ, өөртөө захиалгаар авсан гутлын үнэ 150,000 төгрөг, 600,000 төгрөгийн төмөр хавтанг буцааж өгч байсан. Нийт 2187300 төгрөгийг нэхэмжилсэн үнээсээ хасаад нэхэмжилсэн тохиолдолд үлдсэн мөнгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлажээ.
Талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, нэхэмжлэгч А.М-н “Жигер” гэх барилгын дэлгүүрээс хариуцагч Х.С OWL SKY зочид буудал, рестораныг барьж байгуулахад 2016 оны 05 дугаар сарын 21-ээс 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдөр хүртэл хугацаанд барилгын материалыг худалдан авч байсан нь талуудын тайлбар болон А С гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр, С.Мухтарын гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Зохигчид барилгын материалыг зээлээр худалдах худалдан авах гэрээгээр авч өгөлцдөг байсан талаар тайлбарладаг боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэлүүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн “Жигер” гэх барилгын дэлгүүрээс хариуцагч Х.С нь барилгын материалыг худалдан авч, үнийг дараа нь төлж байсан нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.
Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “ хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жил” гэж заасан ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор хуульчилжээ.
Нэхэмжлэгч А.М-н “Жигер” гэх барилгын дэлгүүрээс хариуцагч Х.С нь OWL SKY зочид буудал, рестораныг барьж байгуулахад 2016 оны 05 дугаар сарын 21-ээс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаандаа барилгын материалыг худалдан авч, үнийг нь төлж байсан ба сүүлд үлдсэн барилгын үнийг төлөөгүй байсан байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдөр дуусаж байгаа мэт боловч хэрэгт хариуцагч Х.Сийн / хх-ийн 12-14/ “... А.М нь үлдэгдэл мөнгийг нэхэж зогсоо зайгүй утасдахад би миний төлсөн үнийн дүнгээр НӨАТ-ын төлбөрийн баримт өгөхийг шаардаж өгөхгүй байхаар нь 2020 оны 10 дугаар сарын 20-нд аймгийн Татварын хэлтэст А.М-н нөхөр М.Таттинбекийн нэр дээр НӨАТ-ын төлбөрийн баримтаа нөхүүлэн гаргуулах талаар гомдол гаргасан ба НӨАТ-ын төлбөрийн баримт олгоогүй нь нотлогдож гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх өнгөрсөн учир миний гомдлыг хүлээж авахаас татгалзсан...” хариу өгсөн гэх тайлбар болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээс нэхэмжлэгч өр төлбөрөө байнга нэхэж байсан, хариуцагчаас НӨАТ-ын төлбөрийн баримтаа шаардаж Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст нэхэмжлэгчийн нөхрийнхөө нэр дээр гомдол гаргаснаар нэхэмжлэгчээс эрх нь зөрчигдсөн мэдсэн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлаа нотлохоор С.Мухтар гэх хүний гэрчээр асуулгаж мөн 27 хуудас бүхий дөрвөлжин дэвтрийн гадна талд А С 99007737 гэж бичигдсэн дэвтрийг эх хувиар нь ирүүлж, уг дэвтэр нь хариуцагчийн дээрх хугацаандаа худалдаж авч байсан барилгын материалыг үнийн дүнгийн хамт бичигдсэн байгаа гэж ирүүлжээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлаа нотлохоор зөвшөөрөхгүй байгаа талаарх хоёр хуудас тайлбар болон 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тухай Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Бахытжаны “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” 15 дугаар тогтоолыг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч Х.С-ээс шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн “Жигер” гэх барилгын дэлгүүрээс барилгын материалыг барилгын ажилчид болон өөрсдөө очиж авч байснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин барилгын ажилчид С.Мухтарын хувиараа авсан барилгын үнэ 1,177,300 төгрөг, төмөр хавтанг буцааж өгсөн үнэ 600,000 төгрөг, нэхэмжлэгчийн герман улсаас захиалж авхуулсан гутлын үнэ 150,000 төгрөг, С.Мухтарын авсан монгол утас хоёр удаа бичигдсэн үнэ 260,000 төгрөгийг тус тус хасаж тооцоогүй мөн төлсөн барилгын үнэд НӨАТ-ын төлбөрийн баримт өгсөн тохиолдолд үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Гэтэл хариуцагч Х.С-ээс нэхэмжлэгч А.М-н нөхөр Ш.Таттинбетэд холбогдуулан Баян-Өлгий аймгийн татварын хэлтэст 2016-2018 оны хооронд худалдан авсан барилгын материалын үнэд НӨАТ-ын төлбөрийн баримт олгохгүй талаар гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн татварын улсын байцаагч Ч.Бахытжаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” 15 дугаар тогтоолоор ...НӨАТ-ын төлбөрийн баримт олгоогүй нь нотлогдсон боловч Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа гэсэн үндэслэлээр Х.С-ээс ирүүлсэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчээс НӨАТ-ын төлбөрийн баримт өгсөн тохиолдолд үлдсэн барилгын мөнгийг өгнө гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно.
Мөн хариуцагчаас нэхэмжлэгч А.М-н Герман улсаас захиалж авхуулсан гутлын үнэ гэх 150,000 төгрөгийг барилгын материалын үлдсэн үнээс хасаж тооцуулахыг хүссэн боловч нэхэмжлэгчээс гутал авхуулж үнийг нь барилгын үнээс хасаж тооцох талаар талууд харилцсан тохиролцсон эсэх мөн С.Мухтарын авсан монгол утас хоёр удаа бичигдсэн гэж маргаж үнэ 260,000 төгрөгийг хасаж тооцуулахыг хүссэн боловч С.Мухтар нь 2016.9.09 монгол утас 200х1300=260000, төмөр 4х4500=18000, 2016.9.13 монгол утас 200х1300=260000, 4 паз утас 69х1500=103500 гэж хоёр өөр өдөр монгол утас авч, нэмж өөр барилгын материал авсан талаар дэвтэр дээр бичигдсэн байх бөгөөд С.Мухтар нь монгол утсыг нэг л удаа авсан эсэх болон 600,000 төгрөгийн үнэтэй төмөр хавтанг буцааж өгсөн эсэхийг тус тус хариуцагч Х.С-ээс бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин хариуцагч Х.С-ээс нэхэмжлэгчийн барилгын дэлгүүрээс барилгын материалыг зээлээр худалдаж авахдаа барилгын ажилчид буюу С.Мухтар очиж авч байсан тэгэхэд С.Мухтар нь хувьдаа авсан барилгын материал үнийг нэхэмжлэгч А.М миний авсан барилгын материалын үнэ дээр нэмж надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн С.Мухтар нь “...би өөртөө зээлж аваагүй. Х.С-ийн нэрийн өмнөөс зээлээр аваад барилга дээр нь хүргэж өгөөд, тухайн авсан материалаар би өөрөө ажил гүйцэтгэсэн. Дэвтэр дээрх Мухтар гэсэн гарын үсэг минийх мөн А.М-н “Жигер” дэлгүүрээс Х.С-ийн захиасаар мөн утсаар хэлсний дараа нь би очиж авдаг. Би хувьдаа авсан зүйл байхгүй, тухайн барилгын материалыг OWL SKY зочид буудал барихад хэрэглэсэн ...” гэж мэдүүлжээ.
Гэвч С.Мухтар нь хувьдаа барилгын материал аваагүй гэж гэрчийн мэдүүлэг өгч байгаа боловч хариуцагч Х.С-ийн “Жигер” дэлгүүрээс худалдаж авсан барилгын материал болон үнийг бичсэн тэмдэглэлийн дэвтрийн 9 гэж дугаарласан хуудасны арын нүүрэнд Мухтар өөрийн гэрт авлаа 5х6000=30000, будаг 3х5000=15000, автомат 1х6000=6000, өрөм 1х6000=6000, 13 дахь талд 277800 Мухтар өөрөө авсан, 277800 авна, 12 гэж дугаарласан хуудаст Будаг 2х3000=6000, Цаас 4х3300=13200 Мухтар өөрөө авсан гэж тус тус бичигдсэн ба эдгээр Мухтарын авсан нийт 354000 ( 30000 + 15000 + 6000 + 6000 + 277800 + 6000 + 13200 ) төгрөгийн барилгын материалын үнийг хариуцагчийн худалдаж авсан барилгын материалын үнэд нэмж тооцсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3736000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин хариуцагч Х.С нь нэхэмжлэгчийн барилгын дэлгүүрээс нийт 21,277,750 (хорин нэгэн сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун тавин) төгрөгийн барилгын материал худалдаж авсан гэж тайлбарладаг боловч “А Сайргүл” гэж бичигдсэн нэхэмжлэгчийн “Жигер” дэлгүүрээс худалдаж авсан барилгын материалыг бичсэн тэмдэглэлийн дэвтэрт нийт 22.236.000 (462000 + 562900 + 315600 + 2571200 + 3253600 + 849400 + 441900 + 504300 + 888300 + 1075000 + 670500 + 409000 + 1277800 + 177600 + 521000 + 1077800 + 254800 + 330700 + 513800 + 2315100 + 779200 + 303800 + 187050 + 553500 + 817000 + 467850 + 272500 + 204000 + 178800) төгрөгийн барилгын материал авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчаас түүнийг үгүйсгэж чадаагүй болно.
Уг барилгын үнээс хариуцагч Х.С нь 18.000.000 (арван найм сая) төгрөг төлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарладаг боловч дээрх дэвтрийн 16-р хуудсанд нийт авсан барилгын материалын үнээс төлсөн үнэ гэж нэхэмжлэгчээс 18.500.000 (арван найман сая таван зуун мянган) төгрөгийг хасаж тооцож бичсэнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Иймд хариуцагч Х.Сийн нэхэмжлэгчийн “Жигер” барилгын дэлгүүрээс нийт худалдаж авсан барилгын материалын үнээс хариуцагчийн төлсөн үнэ болон С.Мухтарын хувьдаа авсан барилгын материалын үнийг хасаж тооцож үлдсэн барилгын материалын үнэ болох 3.382.000 (22.236.000-18.500.000-354000) төгрөгийг хариуцагч Х.С-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 354000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 3.382.000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 69062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х.С-ээс барилгын материалын үнээс үлдсэн 3382000 /гурван сая гурван зуун наян хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгож, илүү нэхэмжилсэн 354000 /гурван зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 69062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ