Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2024/00070

 

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02924 дүгээр шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00246 дугаар магадлалтай,

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

С.Э-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн 30,822,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 55,822,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , хариуцагч С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С

Хариуцагч С.Э, түүний өмгөөлөгч А.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч С.Э-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн 30,822,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 55,822,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02924 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э-ээс ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд өгсөн 30,822,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 55,822,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00246 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 183/ШШ2023/02924 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э-ээс 6,230,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цамбад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,592,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 437,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С  хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 183/ШШ2023/02924 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.31-ний өдрийн 210/МА2024/00246 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасны дагуу хуулийг зөрүүтэй хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Б.Ц нь магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,592,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим үндэслэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлага хангаагүй.

Магадлалын хянах хэсгийн 3.1-д шүүхээс нэхэмжлэгч Б.Ц болон С.Э нарын үүссэн харилцаа нь “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн. Энэхүү эрх зүйн дүгнэлтийн 3.2-д улмаар “Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй учир нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талууд гэрээнээс татгалзсан” болохыг тогтоосон. Улмаар энэхүү эрх зүйн дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний урьдчилгаанд 17,000,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа 7,592,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 49,592,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг хангахгүй байна. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагчийн тайлбар (хх-46-48), 2023.06.09-ний өдрийн шүүх хуралдааны 137/ТМ2023/00110 дугаар тэмдэглэл нотлох баримт бөгөөд эдгээр баримтад дурдагдсаны дагуу ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн үйл баримтыг бодитоор үнэлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр гэрээний дагуу урьдчилгаа төлбөр мөн эсэх талаар нотлох баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний үр дагавар нэхэмжлэгчээс шаардаж буй гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 17,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн.

Түүнчлэн, магадлалын 3.3-д гэрээ байгуулагдсанаас хойш нийт 6,230,000 төгрөгийн гүйлгээ Б.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн гэж тооцож, мөн 3.3-д “Гэрээ байгуулсны дараа 7,592,000 төгрөгийг шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэж, эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн. Гэтэл шүүхээс “Гэрээ байгуулагдсанаас хойших” хийгдсэн мөнгөн гүйлгээг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэж үнэлсэн боловч зарим мөнгөн гүйлгээг гэрээ байгуулагдсанаас хойш хийгдсэн боловч хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн төлбөрийн гүйлгээ нь дараах байдлаар тогтоогдож байна. Гүйлгээний утга ижил төрлийн байх бөгөөд хугацааны хувьд бүгд гэрээ байгуулагдсанаас хойш хийгдсэн байхад шүүх ялгамжтай байдлаар үнэлсэн тайлбараа тусгаагүй. С.Э-ын дансанд 2022.12.19-ний өдөр 500,000 төгрөг, 2022.12.30-ны өдөр 5,700,000 төгрөг, 2023.02.08-ны өдөр 400,000 төгрөг, 2023.02.02-ны өдөр 100,000 төгрөг, 2022.12.18-ны өдөр 12,000 төгрөг, нийт 14,162,000 төгрөг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу тухайн харилцааг зохицуулсан хүчин төгөлдөр хуулийг хэрэглэхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн талуудын хоорондын гэрээний эрх зүйн харилцаа, тохиролцсон нөхцөлийг мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар гэрээний зохицуулалтыг тайлбарлана. Энэ хүрээнд Иргэний хуулийн эдгээр зохицуулалтын дагуу хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т “Хөлс төлөх хугацаа, урьдчилгаа 17,000,000 төгрөг төлсөн”, 3.6-т “Урьдчилгаа 17,000,000 төгрөгийг 2022.07.01-ний өдөр дансаар төлсөн” гэж талууд урьдчилгаа төлбөр төлсөн болохыг гэрээнд тусгаж, баталгаажуулсан. Улмаар гэрээг нотариатаар баталгаажуулахаар заагаагүй ч талуудын хүсэл зоригийн дагуу тухайн ажил гүйцэтгэх гэрээ, түүгээр тохиролцсон бүхий л зүйл, заалтыг үнэн зөв болох, талууд үл маргах буюу заавал биелүүлэх шинжтэй болохыг хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2-т “Үйлчлүүлэгч хүсвэл нотариатаар гэрчлүүлэх хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх” гэж заасны дагуу баталгаажуулсан. Гэтэл шүүх нотариатын үйлдлийг үнэлээгүй нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.2.2-т заасныг зөрчсөн. Гэтэл энэхүү үйл баримт болоод нотариатын үйлдлийг шүүхээс үнэлээгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.31-ний өдрийн 210/МА2024/00246 дугаар магадлалын зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,592,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.31-ний өдрийн магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад тус баримтаас 450,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 6,230,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь дээрх мөнгөн хөрөнгө нь гэрээний дагуу хийгдсэн төлбөр биш бөгөөд “Ойн харз амралт”-ын газрын захирал н.Ганзоригийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Б.Ц дамжуулан гүйлгээ хийсэн. Тус ажлын хөлсөнд автомашин өгсөн боловч буцаан авч зарсан. Дээрх мөнгөн хөрөнгүүд нь ажлын гэрээний төлбөр мэтээр төлөх ёстой гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С, хариуцагч С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.28-ны өдрийн 001/ШХТ2024/00384 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийж зохигчийн тайлбарын үндэслэл, шалтгаан, тэдгээрийн агуулгыг зөв тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, зарим үйл баримтын талаар мэтгэлцүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

8. Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч С.Э-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр, алданги, нийт 55,822,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... С.Э-тэй 2022.09.09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжин болдог гэх газарт  4 ширхэг 6 диаметртэй, карказан гэрийг 2022.10.10-ны өдөр барьж дуусгах, 1 ширхэг гэрийн хөлсийг 12,500,000 төгрөгөөр тооцож, нийт 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулахаас өмнө 17,000,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа С.Эрдэнэбатын дансанд 13,822,000 төгрөг шилжүүлж, нийт 30,822,000 төгрөг ажлын хөлсөнд төлсөн. Мөн С.Э гэрээ байгуулснаас хойш нэг ч гэр хийж өгөөгүй. Иймд алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 25,000,000 төгрөг, нийт 55,822,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан,

Хариуцагч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Б.Ц нь Б.Н-д гэр хийж өгнө гэж хөлсөнд нь мөнгө, утасны дугаар авсан боловч гэрийг нь хийж өгөөгүй,... уг асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдсан.... Б.Ц-ын Б.Н-аас авсан мөнгөнөөс би ямар ч мөнгө аваагүй. ... хамтарч ажиллая гэсэн боловч ажил хийгээгүй, сарын цалин хөлс тохироогүй, харин надаас мөнгө авч байсан нь дансны хуулгаас харагдана... Иймд Б.Ц-ын нэхэмжилсэн гэрээний биелэлт, алданги нь ямар ч ор үндэслэлгүй болно....” гэж маргасан.  

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон Б.Цамба, С.Э нарын дансны хуулгаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, түүнчлэн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна, ... нэхэмжлэгч нийт 13,822,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт ирүүлсэн байх боловч тус мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүйгээс гадна энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “... Б.Ц болон С.Э нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ... хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан....гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгч өөрийн нэрээр нийт 6,230,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний урьдчилгаанд 17,000,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа 7,592,000 төгрөг тус тус өгснөө нотлоогүй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул алданги шаардах эрхгүй.” гэж үзжээ.

 

11. Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэл зэргээс үзэхэд зохигчийн хооронд 2022.09.09-ний өдөр бичгээр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд С.Э нь Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжинболдогт, карказан гэр 4 ширхгийг барьж угсрах ажлыг 2022.10.10-ны өдөр хийж гүйцэтгэх, Б.Ц нь ажлын хөлс 50,000,000, төгрөг төлөх зэрэг нөхцөл тусгагдсан ба нэхэмжлэгч уг гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон бол хариуцагч нь “.. Б.Ц нь Б.Н-д гэр хийж өгнө гэж ажлын хөлс авсан боловч гэрийг нь хийж өгөөгүй, уг асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан ...  Б.Н надтай гэрээ хийж, уг гэрээг аваад явсан ... гэж марган, Б.Н-тай 2023.03.29-ний өдөр байгуулсан Төв аймаг, Эрдэнэ сум, Харзтай багт карказан гэр 4 ширхгийг барьж угсрах ажлыг хийж гүйцэтгэх гэрээг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2023.06.02-ны өдрийн 2201 тоот “...тус хэлтсийн шалгах ажиллагаа явуулж буй хэрэгт Б.Ц шалгагдаж байгаа... ” гэсэн албан бичгийг тус тус татгалзлын үндэслэл болгожээ.

 

12. Талууд дээрх 2 гэрээнд тусгагдсан 4 ширхэг карказан гэр нь Б.Н-ын захиалсан гэх ажлын үр дүн мөн эсэх талаар маргасан байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр “...гэрээний харилцааны үндсэн дээр нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй...” гэж дүгнэхдээ эдгээр гэрээний зүйл нь хоорондоо хамааралтай эсэхийг буюу маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн “...энэ хэрэг шийдвэрлэгдэх юм бол би энэ 4 ширхэг гэрийг 8 ширхэг гэр болгож өгөхөөр болоод байна....” гэсэн татгалзлын үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн нь буруу болсноос гадна зохигчийн хооронд дансаар шилжүүлсэн олон гүйлгээнүүдээс түүвэрлэн нийт 6,230,000 төгрөгийн гүйлгээг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд төлсөн гэж тооцохдоо мөн хугацаанд хамаарч байгаа бусад гүйлгээг зохигчийн хооронд үүссэн ямар эрх зүйн харилцаанд хамааруулж байгаа үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэнгүй.

 

13. Нэхэмжлэгч Б.Ц нь 2023.06.09-ний өдрийн шүүх хуралдаанд “ ...эрүүгийн хэргийг цагдаагийн газар хаасны дараа Б.Н гэдэг хүн иргэний журмаар нэхэмжлэл гаргасан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байгаа ...” гэж тайлбар гаргасан байхад хоёр шатны шүүхээс зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

14. Мөн хариуцагч С.Э нь 2023.06.09-ний өдрийн шүүх хуралдаанд “...Б.Н гэдэг хүнийг дуудаж оролцуулмаар байна...“ гэсэн тайлбар гаргаснаас гадна татгалзлаа нотлох зорилгоор гэрчээр н.Азжаргалыг оролцуулах хүсэлт гаргаж, гэрчийн хаяг, утасны дугаарыг өгсөн байхад анхан шатны шүүх “... гэрчийн мэдээллийг өгөөгүй...” гэсэн үндэслэлээр уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй татгалзсан байна. Энэ нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримт бүрдүүлэх талаарх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй атлаа хариуцагч тайлбар, татгалзлаа нотлоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болно.

 

15. Дээрх байдлаас үзэхэд шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, эрх зүйн уг асуудал тодорхой бус нөхцөлд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй,  хууль хэрэглэх үндэслэл бүрдээгүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00246 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Ц нь 2024.03.06-ны өдөр 405,910 төгрөг, хариуцагч С.Э нь 2024.03.12-ны өдөр 114,630 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

           ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ                       

                      Н.БАЯРМАА

                      Х.ЭРДЭНЭСУВД