Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаярын нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Ц.М

Шүүгдэгч                                                          Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Т.Э

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолтой, Н.А-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Н-н А.

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-18-80 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Н-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э нар давж заалдах гомдолдоо:

... Миний ээж С-н Ж нь хөдөө малтай мал малладаг. Би мал маллахад нь тусалж, ирж очин байдаг. Ээж С.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээс ханиалгаад амьсгаа авч чадахгүй болсон. Эмнэлэгт үзүүлэн эмчилгээ, эм тариа хийлгээд зүгээр болохгүй.

Улаанбаатар хот руу 2 удаа явж уушигнаасаа ус авахуулсан. Орхон аймагт Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвд үзүүлэхэд 13А өгөөд Улаанбаатар хотын Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэ гэсэн. Шинжилгээ хийлгэхэд уушигны хорт хавдартай хими эмчилгээ хийлгэ гэсэн. Манай эгч, ах, дүү нар нар бүгд улсын байгууллагад ажилладаг. Тэр болгон чөлөө аваад ээжийг харж хандаж чаддаггүй. Би хэдэн малаа харна. Ээжийгээ хот руу эмчилгээнд авч явна гээд ар гэрийн бүх асуудлыг зохицуулдаг. Ээж минь намайг байхаар сэтгэл амар. Бас надтай олон жил байж байгаа болохоор очихгүй удахаар асуугаад сэтгэл санаа нь тавгүйтээд байдаг.

Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний болон ар гэрийн байдлыг харгалзан үзээд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ы давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Н.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18-80 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

             Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.А-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Л.Б-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаарх хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

             Шүүгдэгч Н.А-д холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулж, мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч Т.Э нар нь ... оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж өгнө үүү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

             Өөрөөр хэлбэл Н.А нь энэ төрлийн гэмт хэргийг урьд нь үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР